Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

2021         01             11                                2021/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго, Улсын яллагч Д.Ариунжаргал, Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 7 дугаар хороо ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хун болох эхнэр Ж.Ц-Г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ”Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би өөрийн нөхөр Б.Б-тэй ханилаад 20 жил болж байна. Бид хоёр 4 охинтой. Хүүхдүүд бүгд ааваараа овоглодог. Том охин М 20 настай, Дунд охин Н 17 настай, дунд охин Д 10 настай, бага охин Д 7 настай. Бид гэрлэлтийн баталгаатай. Сууснаас хойш нөхрийн ааш авир муутай харддаг, архи их уудаг байсан. Улмаар 2010 оноос хойш надад гар хүрч миний толгойг хагалж, хамар хугалж байсан. Тухайн уед орон нутагт байсан болохоор цагдаад мэдэгдэж байгаагүй. Одоо бол харсан хун болгонтой намайг хардаж өөрийнхөө бодлыг тулгаж намайг зоддог болсон. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад шөнө 02-03 цагийн үед би ажлаа хийж байгаад тараад ганц нэг пиво уугаад ажлынхаа хунийг хүргэж өгөөд гэрийн үүдэнд буусан. Гэр лүү ороход манай нөхөр байхгүй байсан. Тэгээд шөнө 02-03 цагийн үед орж ирсэн. Тэгээд орж ирээд хэрүүл хийгээд над руу нэг зүйл авч шидсэн юу шийдсэнийг мэдэхгүй байна. Чамайг ална алаад цонхоор шиднэ гэж хэлдэг би орой цагдаа дуудаж чадаагүй би цагдаа дуудлаа гэж хэлэхэд чи дууд тэгээд баривчлуулаач гээд намайг улам зодсон. Тэгээд би цагдаа дуудаж чадаагүй. Миний элэг руу олон удаа гараараа цохисон. Миний нуур луу юм авч шидсэн. Үсдэж байгаад 2- 3 удаа хана мөргүүлсэн. Уруулын дотор язарсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Өмнө нь манайх Завхан аймагт амьдардаг байсан. Тэгээд 2019 онд Улаанбаатар хотод орж ирсэн. Завханд байхад манай ээж өөр хүнтэй явалдаж эхэлсэн. Түүнийг нь би утсаар ярьж байхыг сонсож байсан. Улаанбаатар хотод орж ирснээс хойш дахиж ийм явдал байхгүй байх гэж бодож байсан. Тэгтэл нэг өдөр гэрт аав, ээж хоёр ийм асуудлаас болоод маргалдаж байсан. Би тэр үед ээжийнхээ талд орж байсан. Би тэгээд энэ бүхнийг мэдэхийн тулд ээжийг унтаж байхад нь гар утсыг нь аваад шалгахад хуурамч хаягтай байсан. Тэгээд би гар утас руу нь орж үзэхэд нөгөө хүнтэйгээ харилцаж байгаад мессежнүүд нь байсан. Би харилцаж байгаа мессежнүүдийг нь өөрийн хаягруу явуулаад устгасан. Манай аав Б.Б надаас ээжийнхээ гар утсыг шалгасан уу, ямар нэгэн юм байна уу гэж надаас асуусан. Би аавд юу ч байхгүй байна гэж хэлсэн. Тэр үед тэгээд л чимээгүй болсон. Дараа нь манай хоёр миний амьдардаг гэрээс өөрсдийн гэр рүү явсан. Тэр үед ээж ирж авсан. Тэр үед манай хоёр дүү алхаад манай ээж хойноос нь нөгөө хүнтэй машинд суугаад явж байсан гэж манай дүү хэлсэн. Би дүүгээсээ сонсоод ээжийг дахиад өөр хүнтэй яваад байгааг мэдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын сарын 15-ны өдрийн 11791 дугаартай “Ж.Ц-н биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, зуун зулайд сорви, баруун зовхи, хэвлий зуун гуянд цус хуралт, зуун хөмсөг, зуун дээд зовхинд зулгаралт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, зуун зулайд сорви гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой Баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчийн мурийлт, зуун зулайд сорви гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тэр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. баруун зовхи, хэвлий зуун гуянд цус хуралт, зуун хөмсөг, зуун дээд зовхинд зулгаралт, дээд уруулд шарх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 100 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Ц-Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь баруун зовхи, хэвлий зуун гуянд цус хуралт, зуун хөмсөг, зуун дээд зовхинд зулгаралт, дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнд: Шүүгдэгч Б.Б-н “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Ц-н “Би өөрийн нөхөр Б.Б-тэй ханилаад 20 жил болж байна. Бид хоёр 4 охинтой, гэрлэлтийн баталгаатай. 2010 оноос хойш надад гар хүрч миний толгойг хагалж, хамар хугалж байсан. Тухайн үед орон нутагт байсан болохоор цагдаад мэдэгдэж байгаагүй. Одоо бол харсан хүн болгонтой намайг хардаж өөрийнхөө бодлыг тулгаж намайг зоддог болсон. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байхад шөнө 02-03 цагийн үед би ажлаа хийж байгаад тараад ганц нэг пиво уугаад ажлынхаа хүнийг хүргэж өгөөд гэрийн үүдэнд буусан. Гэрлүү ороход манай нөхөр байхгүй байсан. Тэгээд шөнө 02-03 цагийн үед орж ирээд хэрүүл хийгээд над руу нэг зүйл авч шидсэн, юу шийдсэнийг мэдэхгүй байна. Чамайг ална, алаад цонхоор шиднэ гэж хэлдэг би цагдаа дуудлаа гэж хэлэхэд чи дууд тэгээд баривчлуулаач гээд намайг улам зодсон. Тэгээд би цагдаа дуудаж чадаагүй. Миний элэг рүү олон удаа гараараа цохисон. Миний нүүр руу юм авч шидсэн. Үсдэж байгаад 2-3 удаа хана мөргүүлсэн. Уруулын дотор язарсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

гэрч Б.М-ын “... Завханд байхад манай ээж өөр хүнтэй явалдаж эхэлсэн. Түүнийг нь би утсаар ярьж байхыг сонсож байсан. Улаанбаатар хотод орж ирснээс хойш ... ээжийг унтаж байхад гар утсыг нь аваад шалгахад хуурамч хаягтай байсан. Тэгээд би гар утасруу нь орж үзэхэд нөгөө хүнтэйгээ харилцаж байгаад мессежнүүд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын сарын 15-ны өдрийн 11791 дугаартай “Ж.Ц-н биед ... баруун зовхи, хэвлий зуун гуянд цус хуралт, зуун хөмсөг, зуун дээд зовхинд зулгаралт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

яллагдагч Б.Б-н “... 2020 оны 10 дугаар сарын 11-ний орой би ганцаараа гэрийн гадаа машиндаа 0.75л экс архи уугаад, ууж дуусаад гэртээ ороход манай эхнэр болох ц байсан. Тэгээд би энхэртээ хандаж чи энэ амьдралаа бодохгүй юм уу, үр хүүхдүүдээ бодохгүй юм уу, мөнгөө яасан юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд манай эхнэр миний өөдөөс би чам шиг мөнгө олдоггүй, чи мөнгө олдгоороо намайг дарамталлаа, би чамаас сална гэж хэлсэн. Би тэр үед согтуу байсан болохоор нэг удаа алгадсан. Тэгээд гараад яваад өгсөн. Манай эхнэр 2-3 жилийн өмнө нэг залуутай танилцсан юм шиг байсан. Тэгээд тэр залуутайгаа одоо болтол уулзаад хамт яваад байдаг болсон ... Ийм учраас би тэсэхгүй эхнэртэй гар хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/, хохирогчоос шүүхэд гомдолгүй болохоо илэрхийлэн шүүхэд гаргаж өгсөн хүсэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг хуулийн үйлчлэлд хамаарахаар тодорхойлсон. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгохоор хуульчилсан.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ. Дээрх харилцааны явцад хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон” гэмт хэргээр зүйлчилнэ.

Шүүгдэгч Б.Бгийн хувьд хохирогч Ж.ц-тай эхнэр, нөхрийн харилцаатай болох нь хэрэгт авагдсан тэдний өөрсдийн мэдүүлэг болон охин Б.МөнхУчралын мэдүүлгээр тогтоогдсон ба гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Б.Б-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг агуулж байна.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд эхнэр, нөхрийн хоорондох гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх хувийн таарамжгүй байдал, тодруулбал хохирогчийн зүй бус үйлдэл дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлжээ. Хохирогч Ж.ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гарах гэм хор, хор уршигтай холбоотой хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул Б.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч Б.Бгийн зүгээс гэм буруу дээр маргаагүй, торгуулийн хэмжээг багасгах хүсэлт гаргасныг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Б.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүхээс Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол цалин орлоготой байдал, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарах нөлөөлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуун нэгжтэй/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-н цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.ХАТАНЦЭЦЭГ