Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

 2021          01          13                                  2021/ШЦТ/71

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

Улсын яллагч Э.Ариунболд,

Хохирогч С.О, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт * тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

С.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас С.О-тэй маргалдан хавсарч газар унагаан толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..2020 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гэртээ 2.5 литрийн пиво нэгийг авсан. Араас нь 500 граммтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд гарч яваад хохирогчтой маргалдаад хавирч унагаасан. Миний буруу” гэх мэдүүлэг,

Хохирогч С.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ахмадын хороололд найзтайгаа очиж уулзана гээд алхаж байхад энэ хүн гал байна уу ахаа гэсэн. Байхгүй гээд ширүүхэн хэлээд явсан чинь чи ямар том дуутай юм бэ гээд хойноос татаад унагаасан. Толгой түрүүгүй өшиглөөд байсан. Хөл хугарчихлаа гэсэн чинь ашгүй аль хөл чинь юм гээд ингээгээд дэвсээд байсан. Тэгээд би хөл хугарчихлаа гээд найз руугаа залгасан чинь энэ хүн зугтаад явчихсан. Араас нь хөөсөн чинь машин дотор сууж байсан. Тэгээд барьж авсан” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** ойролцоо алхаж байсан. Тэгтэл нэг машин дотроос улаан куртиктэй бор залуу пизда минь гал байна уу гэж орилсон. Тэгэхээр нь би байхгүй гээд муухай өнгөөр дугарч хариулахад машинаасаа бууж ирээд миний хөлийг хавсарч унагаагаад толгой түрийгүй зодсон. Миний зүүн хөлийн шагайны дээгүүр 2 яс хугарсан, толгойны ард дагз хагарсан, баруун хөмсөг, хамар зэрэг бага зэрэг шалбарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11624 дугаартай “С.О-гийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны үен доторх далд зөрөөтэй хугарал, дагзанд шарх, дух, хамар, дээд уруул, баруун бугуй, баруун сарвуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Яллагдагч С.Б-н “Үйлдсэн гэмт хэрэг болон сонсгож байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч байна ... тэр залуу миний зүүн хөл рүү хавирч унагаахаар нь би босож ирээд түүний зүүн хөлийн шагай хэсэг рүү өшиглөхөд газар уначхаад надаас зуураад тавихгүй байсан ба миний хөл хугарчихлаа, хөл хөл гээд зүүн хөлөө бариад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** орчимд хохирогч С.О-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаас хавсарч газар унага толгойн тус газарт өшиглөн зодож эрүүл мэндэд нь зүүн шилбэний шаант, тахилзуур ясны үен доторх далд зөрөөтэй хугарал, дагзанд шарх, дух, хамар, дээд уруул, баруун бугуй, баруун сарвуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.О-гийн өгсөн “Толгой түрүүгүй өшиглөөд байсан. Хөл хугарчихлаа гэсэн чинь ашгүй аль хөл чинь юм гээд ингээгээд дэвсээд байсан ... Энэ гэмт хэргийн улмаас хөлгүй болж ажилгүй төрөлгүй хүнд хэцүү байна, гомдолтой. Цаашид гарах зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.Б-н өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 04-ны өдөр гэртээ 2.5 литрийн пиво нэгийг авсан. Араас нь 500 граммтай архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд гарч яваад хохирогчтой маргалдаад хавирч унагаасан. Миний буруу” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч С.О-гийн “..нэг машин дотроос улаан куртиктэй бор залуу пизда минь гал байна уу гэж орилсон. Тэгэхээр нь би байхгүй гээд муухай өнгөөр дугарч хариулахад машинаасаа бууж ирээд миний хөлийг хавсарч унагаагаад толгой түрийгүй зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11624 дугаартай “С.О-гийн биед зүүн шилбэний шаант, тахилзуур ясны үен доторх далд зөрөөтэй хугарал, дагзанд шарх, дух, хамар, дээд уруул, баруун бугуй, баруун сарвуу, баруун шилбэнд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/, яллагдагч С.Б-н Үйлдсэн гэмт хэрэг болон сонсгож байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч С.Б-г  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч С.О-д тус гэмт хэргийн улмаас баримтаар 384.641 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.Б-с 384.641 төгрөг гаргуулж хохирогч С.О-д олгохоор шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэргийн хор уршиг арилаагүй тул хохирогч С.О нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Б нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, хохирогч түүний өмгөөлөгч дэмжсэн, шүүгдэгч С.Б-н зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын саналтай маргаагүйг дурдвал зохино.

Шүүгдэгч С.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С.Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-д 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 480 / дөрвөн зуун наян / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Б-д мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Б-с 384.641 төгрөг гаргуулж хохирогч С.О-д олгосугай.

5. Хохирогч С.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу С.Б-с нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ