| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0292/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/348 |
| Огноо | 2021-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/348
2021 03 16 2021/ШЦТ/348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Э.Ариунболд,
Хохирогч Ж.Юмжав,
Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ат холбогдох 2006 00000 2823 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 сарын 05-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1 дүгээр баг, Билүүтийн 13 дугаар гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Д овогт Гийн А /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.А нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөл хэсэгт машины зогсоолын төлбөрийн асуудлаас болж Ж.Юмжавтай маргалдан улмаар гараараа нүүр лүү нь 2 удаа цохиж биед нь зүүн нүдний дотор булан доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Юмжавын өгсөн: “... Тухайн өдөр Мягмар гариг байсан. Би мөнгөө хураагаад явж байхад шүүгдэгч хаалга дээр ирсэн. Би мөнгөө нэхэхэд “тасалбараа аваад ир” гэж хэлсэн. Манайд 500 төгрөг, 1000 төгрөгийн тасалбар байдаг. Том машин ороход даацаар мөнгийг нь боддог. Би шүүгдэгчээс “даац чинь тэдэн төгрөг болж байна” гэж хэлэхэд “би 4000 төгрөг өгдөг” гэж хэлсэн. Би тэр үед “ажилд ороод нэг сар болсон байсан учраас даацаар тооцдог юм, дутуу мөнгө авбал миний цалингаас суутгачихна” гэж хэлэхэд “тэгвэл карт аваад яв” гэж надад хэлсэн. Би “карт уншдаггүй” гэж хэлээд маргаан үүсэж намайг барьж авч цохисон. Миний нүд хавдаад толгойнд хөнгөн гэмтэл учирсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгч бид хоёр ярилцаад надад 200.000 төгрөг дансаар, 300.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Юмжавын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул ОУХТ-ийн өргөтгөл хэсэгт машин ордог хэсэгт мөнгө хураах ажил хийгээд явж байсан. Тэгээд тэр хүнээс мөнгөө авах гээд очиход карт өгөөд “энийг уншуулаад ир” гэхээр нь “карт уншихгүй, чи өөрөө явж уншуул” гэхэд “чи юу хуцаад байгаа юм” гэхээр нь би “чи өөрөө очоод уншуул” гээд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцан хэрэлдэж байгаад би тэр хүний эрүү лүү “май” гээд гараа ойртуулсан. Гэтэл тэр жолооч гэх хүн намайг цохихоор нь би хаалгыг нь онгойлгоод өмднөөс нь татах гэсэн боловч өмдийг нь ураад хаясан. Тэр жолооч бууж ирээд намайг гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12153 дугаартай:
“1. Ж.Юмжавын биед зүүн нүдний дотор булан доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аийн яллагдагчаар өгсөн: “... Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би машинаас бууж ирээд тэр залууг баруун болон зүүн гараараа нүүр лүү нь нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.31-32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Г.А нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн өргөтгөл хэсэгт машины зогсоолын төлбөрийн асуудлаас болж иргэн Ж.Юмжавтай маргалдан улмаар гараараа түүний нүүр лүү 2 удаа цохиж, зүүн нүдний дотор булан доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг болох нь:
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх.3/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Юмжавын өгсөн: “... 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул ОУХТ-ийн өргөтгөл хэсэгт машин ордог хэсэгт мөнгө хураах ажил хийгээд явж байсан. Тэгээд тэр хүнээс мөнгөө авах гээд очиход карт өгөөд “энийг уншуулаад ир” гэхээр нь “карт уншихгүй, чи өөрөө явж уншуул” гэхэд “чи юу хуцаад байгаа юм” гэхээр нь би “чи өөрөө очоод уншуул” гээд бид хоёр хоорондоо маргалдаж муудалцан хэрэлдэж байгаад би тэр хүний эрүү лүү “май” гээд гараа ойртуулсан. Гэтэл тэр жолооч гэх хүн намайг цохихоор нь би хаалгыг нь онгойлгоод өмднөөс нь татах гэсэн боловч өмдийг нь ураад хаясан. Тэр жолооч бууж ирээд намайг гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12153 дугаартай:
“1. Ж.Юмжавын биед зүүн нүдний дотор булан доод зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Аийн яллагдагчаар өгсөн: “... Дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би машинаас бууж ирээд тэр залууг баруун болон зүүн гараараа нүүр лүү нь нэг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.31-32/
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Юмжавын өгсөн: “... намайг барьж авч цохисон. Миний нүд хавдаад толгойнд хөнгөн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Г.Аийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Г.А нь хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Ж.Юмжав нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Иймд Г.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээр зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Г.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Д овогт Гийн Аийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ат 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Г.Ат оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ат сануулсугай.
5. Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 500.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Юмжав нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР