Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/74

 

2021          01          13                                 2021/ШЦТ/74

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймаг Тарагт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Таван толгой ХХК-ний борлуулагч ажилтай, Ам бүл 2, эхнэрийн хамт * тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо ............... тоотод оршин суух хаягтай,

урьд  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Б.Б /РД:/,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Яллагдагч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн Дархан-уул аймгийн Шарын гол сумын иргэн Р.Б-н “Самсунг галакси жи 2” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 359 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2019 оны 05 сарын 08-ны өдөр ** тоотод оршин суух иргэн О.О-н байшингийн цонхоор нэвтэрч, нууцаар, хууль бусаар 2 шуудай зэс хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,  

Хавтаст хэргээс:

Хохирогч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн данснаас Шарын голын Хаан банкны АТМ-аас 09 цагийн орчим 10 000 төгрөг аваад “Төв” дэлгүүр рүү ороод 0.75 литрийн “Түмний хишиг” архи аваад ** тоотод амьдардаг танил Б-н гэрт очоод бид нөгөө архиа хувааж уугаад би нилээд согтсон. Тэдний гэрт унтаад хэсэг хугацааны дараа сэрэхэд Б ахын  гэрт У ирчихсэн байсан ба Б ах “чи гар утсаа үзээрэй” гэхээр нь би халаасанд байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 191 дүгээр хуудас/

Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 12 сарын 11-ний өдөр 16 цагийн орчим дэлгүүр дээр сууж байхад үл таних 40 настай эрэгтэй хүн орж ирээд “машиндаа бензин хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод утсаа зарах гэсэн юм аа та 35 000 төгрөгөөр авчих” гэхээр нь “Самсунг жи-2” маркийн гар утсыг асаагаад шалгах гэсэн чинь кодтой болохоор нь “яаж шалгах юм бэ энэ таны утас мөн юм уу” гэсэн чинь нөгөө хүн “Улаанбаатар хотод манай охин ломбард ажиллуулдаг юм аа, би гар утсаар ярьж байгаад кодыг олоод өгий” гээд “охин руу залгасан ажилтай байна” гээд утсаа салгаад байсан. Тэр надад цаасан дээр “мөнгөний хэрэг гараад гар утсаа зарлаа” гээд бичиж өгөөд явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 195 дугаар хуудас/

          Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “Самсунг” Жи-2 загварын гар утасны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 359 000 төгрөг байна” гэсэн дүгнэлт /1хх-ийн 200 дугаар хуудас/,

          2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөх гэрч Б.О-с Samsung Galaxy J2 загварын гар утсыг хураан авч хохирогч Р.Б-д хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 203 дугаар хуудас/,

          Хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 05 сарын 08-ны өдөр гэрээсээ гарсан юм. Тэгээд 19:00 цагийн үед айлын эгч болох О нь надруу залгаад танай ажлын грушик хийдэг залуу чинь танай байшингийн цонхоор ороод юм зөөж гаргаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ шууд яваад ирсэн чинь миний бараа хадгалдаг байшингийн вакум цонхыг надтай хамт ажилладаг, Б.Б гэгч нь түлхэж ороод ойролцоогоор 40 гаран кг жинтэй 2 ширхэг шуудайтай зэс төмөр хулгайлсан байсан ... Манай эд зүйл хадгалдаг байшингаас 2 шуудай зэс төмөр буюу нэг шуудайдаа 40 кг нийлээд 80 кг зэс төмөр хулгайд алдагдсан. Би хохирлоо барагдуулаад авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20, 40 дүгээр хуудас/,

          Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манайд ажилласнаас хойш ямар нэг гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ажлаа сайн хийж байгаа” гэх мэдүүлэг /1хх-ийн 71 дүгээр хуудас/

          “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан “Зэс 2 шуудайг зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар, зах зээлийн үнэлгээгээр, 80 кг зэсийг 1 кг-г 7000 төгрөгөөр тооцож 560 000 төгрөгөөр үнэлсэн” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-17 дугаар хуудас/,

          Яллагдагч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр архи ууцан согтуу явж байгаад хамт ажилладаг байсан О-н хашаанд очтол гэр нь цоожтой юм хадгалдаг байшингийн цонх нь онгорхой бас өмнө нь намайг ажиллуулж байгаад цалингаа өгөхгүй байсан болохоор архины халуунд цонхоор нь орж 2 шуудай зэс төмөр аваад хажууд байдаг төмөр авдаг цэгт 20000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан. Би О-н хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 55 дугаар хуудас/,

          Хохирогч О.О-н “миний бие гомдол, санал байхгүй болохыг мэдэгдэж байна" гэх бичгээр гаргасан хүсэлт /1хх-ийн 74 дүгээр хуудас/,

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/742 дугаартай Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамж /1хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ЦХШЗ/273/х дугаартай Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох тухай захирамж /1хх-ийн 137-138 дугаар хуудас/  болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг Шарын гол сумын нутаг дэвсгэрт хохирогч Р.Б-н эзэмшлийн Samsung Galaxy J2 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 359 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан,

2019 оны 05 сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** тоот хохирогч О.О-н гэрийн цонхоор нэвтрэн орж 2 шуудай зэсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 560 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б-н өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч Р.Б-н “...тэдний гэрт унтаад хэсэг хугацааны дараа сэрэхэд Б ахын гэрт У ирчихсэн байсан ба Б ах гар утсаа үзээрэй гэхээр нь би халаасанд байсан гар утсаа үзэхэд алга болсон байсан” гэх мэдүүлэг/1хх-ийн 191 дүгээр хуудас/, гэрч Б.О-н “...2018 оны 12 сарын 11-ний өдөр 16 цагийн орчим дэлгүүр дээр сууж байхад үл таних 40 настай эрэгтэй хүн орж ирээд машиндаа бензин хийх гэсэн чинь мөнгө хэрэг болоод утсаа зарах гэсэн юм, та 35 000 төгрөгөөр авчих гэсэн ... Тэр надад цаасан дээр мөнгөний хэрэг гараад гар утсаа зарлаа гэж бичиж өгөөд явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 195 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 200 дугаар хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 203 дугаар хуудас/, хохирогч О.О-н “...би гэртээ шууд яваад ирсэн чинь миний бараа хадгалдаг байшингийн вакум цонхыг надтай хамт ажилладаг Б.Б түлхэж ороод ойролцоогоор 40 гаран кг жинтэй 2 ширхэг шуудайтай зэс төмөр хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 20 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 44 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-17 дугаар хуудас/, яллагдагч Б.Бийн “...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр архи уучихсан согтуу явж байгаад хамт ажилладаг байсан О-н хашаанд очтол гэр нь цоожтой юм хадгалдаг байшингийн цонх онгорхой ... тэгээд өмнө нь намайг ажиллуулж байгаад цалингаа өгөхгүй байсан болохоор архины халуунд цонхоор нь орж 2 шуудай зэс төмөр аваад хажууд байдаг төмөр авдаг цэгт 20 000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохироогүй байна.

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үйлдсэн, үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжтэй, уг шинжийг хэдэн хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлтэй байна.   

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсоныг тэмдэглэж, тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь нотлогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 4 сар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгэн 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулах санал тус тус гаргасныг дурдвал зохино.

Шүүгдэгч Б.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Б.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/742 дугаартай захирамжаар цагдан хоригдож, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ЦХШЗ/273/х дугаартай захирамжаар суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бийн цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

             Шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Б-д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-н цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ХАТАНЦЭЦЭГ