| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/2066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/75 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/75
2021 01 13 2021/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-д холбогдох *** дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг Сант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, *** ХХК-нд механик засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо ......... тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д.Т /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр *** түргэн хоолны газрын баруун хойд замд Тоёота приус 20 маркийн *** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Н.Э-н мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад гэрлүүгээ явах замдаа явган хүний гарцан дээр хүн мөргөсөн. Өөрийнхөө утсаар цагдаа болон түргэн дуудсан. Хохирогчийг өргөж босгоод хохирогчийн биеийн байдлыг асуусан. Малгай байхгүй байна гэсэн. Малгайг нь олж өгсөн, гутал нь олдоогүй. Тэгээд түргэн ирээд гэмтлийн эмнэлэг явсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-10 дугаар хуудас/,
Хохирогч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын үед гэрээсээ гараад замын урд талд байх дэлгүүр орохоор ертөнцийн зүгээр зүүн талд байдаг явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Зорчих хэсгийн үргэлжилсэн цагаан шугаман дээр зогсож байгаад урагшаа алхтал миний баруун гар талаас явж байсан тээврийн хэрэгсэл ирээд миний баруун хөл хэсэгрүү машины урд хэсгээр мөргөөд би газар унасан. Тэгээд түргэний машин ирээд намайг хөдлөж болохгүй гээд гэмтлийн эмнэлэг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 12347 дугаартай “Н.Э-н биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны үе дайрсандалд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун духны дэлбэнгийнтархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт,толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн өвдөг, шагайн үеэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэгболсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохжурмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тулгэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны
өдрийн 207 дугаартай “Тоёота приус 20 маркийн *** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Доржсүрэн овогтой Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хохирогч Н.Эээс гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохиолтой холбоотой баримт /хх-ийн 17-22 дугаар хуудас/, шүүхэд гаргаж өгсөн 25 хуудас баримт, шүүгдэгч Д.Т-с шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 5 хуудас баримт болон бусад бичгийн нотлох
баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Д.Т нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** түргэн хоолны газрын баруун хойд замд Тоёота приус 20 маркийн *** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцан дээр явсан явган зорчигч Н.Э-н мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан: шүүгдэгч Д.Т-н “2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тараад гэрлүүгээ явах замдаа явган хүний гарцан дээр хүн мөргөсөн. Өөрийнхөө утсаар цагдаа болон түргэн дуудсан” гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10 дугаар хуудас/, хохирогч Н.Э-н “Зорчих хэсгийн үргэлжилсэн цагаан шугаман дээр зогсож байгаад урагшаа алхтал миний баруун гар талаас явж байсан тээврийн хэрэгсэл ирээд миний баруун хөл хэсэгрүү машины урд хэсгээр мөргөөд би газар унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний 2020 оны 12347 дугаартай “Н.Э-н биед баруун шилбэний шаант, тахилзуур ясны үе дайрсандалд хугарал, хугарал орчмын зөөлөн эдийн няцрал, баруун духны дэлбэнгийнтархины эдийн голомтлог няцрал, аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, дух, зүүн өвдөг, шагайн үеэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох
журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны
өдрийн 207 дугаартай “Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн магадлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтууд, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 58 дугаар хуудас/, яллагдагч Д.Т-н “Сонсгосон зүйн ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Тээврийн прокурорын газраас Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Т-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардалд баримтаар 3.774.674 төгрөг нэхэмжилснээс 990.000 төгрөг төлөгдсөн байх тул шүүгдэгч Д.Т-с үлдсэн 2.784.674 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Т-с нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Т нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын саналтай маргаагүйг дурдвал зохино.
Д.Т-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Д.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хохирлыг нөхөн төлсөн, нэмж гаргасан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Т цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн Д.Т-н В ангиллын ** дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Т-д буцаан олгохоор тусгаж, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.Т-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Т-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Т-с 2.784.674 төгрөг гаргуулж хохирогч Н.Э-д олгосугай.
6. Хохирогч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Д.Т-с нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
7. Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт хавсарган Д.Т-н В ангиллын ** дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, *** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Д.Т-д буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ