| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0072/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
2021 01 13 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч У.О, түүний өмгөөлөгч Б.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.О-д холбогдох эрүүгийн ** дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймаг Ховд хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ** тоот хаягийг бүртгэлтэй боловч, одоо ** тоотод түр орших суух, урьд Багануур, Багахангай дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 10 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан У.О /РД:/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч У.О нь 2020 оны оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй дэлгүүр дотор байсан иргэн Н.Г-н эзэмшлийн зөөврийн компьютерыг хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2020 оны 09 дүгээр сарын 18-нд 17 цагийн үед ** нэртэй дэлгүүрт орж Х, Б, С нартай хамт хичээлээ хийсэн. Би С-тай интернэт кафе орсон тэгээд 2 цагийн дараа эргээд ирсэн чинь миний нотебүүк байхгүй болсон гээд цагдаа дуудсан ... би явахдаа Х, Б хоёрт хэлээд харж байгаарай гээд явсан. Камер шүүж үзэж байхад Х, Б хоёрын арын сандал дээр үлдээгээд явсан байсан. Тэр хоёр хоорондоо юм яриад сууж байсан харагдсан ар талд нь миний нотебүүк байж байсан. Тэгсэн гаднаас нэг согтуу ах орж ирээд 4-5 минут харж суусан байна лээ. Тэгээд миний нотебүүкийг аваад сандал дээр 2 минут орчим суугаад босохдоо баруун мөрөн дээгүүрээ давуулаад үүрээд аваад гарч байгаа бичлэг байна” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 7 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол / хх-ийн 8 дугаар хуудас/,
Дамно ХХК-ий 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1341 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Компьютер ландаас шинээр худалдан авсан HP i7, 7th үеийн хар өнгөтэй зөөврийн компьютерийг 1 450 000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ЦХШЗ/410/я дугаартай захирамж /хх-ийн 69-70 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.О нь согтуугаар 2020 оны оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дэлгүүрт байсан насанд хүрээгүй хохирогч Н.Г-н эзэмшлийн HP i7 загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгч У.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хавтаст хэргээс насанд хүрээгүй хохирогч Н.Г-н “...би 2020 оны 09 дүгээр сарын 18-нд 17 цагийн үед ** дэлгүүрт орж Х, Б, С бид нартай хамт хичээлээ хийсэн ... миний нотебүүк байхгүй болсон ... Камер шүүж үзэж байхад ... гаднаас нэг согтуу ах орж ирээд 4-5 минут харж суусан. Тэгээд миний нотебүүкийг ... босохдоо баруун мөрөн дээгүүрээ давуулаад үүрээд аваад гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12, дугаар хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “У.О хар өнгийн цамц, өмд, гуталтай, 170-180 см өндөртэй, толгой нүцгэн эрэгтэй хүн баруун гартаа хуванцар савтай зүйл барьсан, зүүн гараа сул унжуулсан, зүүн мөрөндөө хар өнгийн оосортой хавтгай цүнхтэй зүйл үүрсэн, үүрсэн цүнх нь саарал өнгөтэй ... шатаар доош уруудав” гэх тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ийн 2020 оны 1341 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /“Зөөврийн компьютер” 1.450.000 төгрөг/ /хх-ийн 21-22 дугаар хуудас/, Э.О-н гэрчээр өгсөн “...Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15 хороолол, ** тоотод олон айл орж, гарч амьдардаг байсан. Тухайн байранд 2018 оны 03 дугаар сар хүртэл Д гэдэг хүн амьдарч байгаад харсан. У.О гэх хүн нь тухайн байранд амьдардаггүй байсан бөгөөд би нэг удаа харж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ч.Д-гийн “...У.О хаана байгаа нь мэдэгдэхгүй, гадуур тэнэж байдаг ... Эхнэр хүүхдээсээ салсан. Ер нь архины их хамааралтай” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, яллагдагч У.О-ын “...Би орон гэргүй болохоор байрнуудын орцоор хонож өнжөөд явдаг ...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч У.О-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Насанд хүрээгүй хохирогч Н.Г-д гэмт хэргийн улмаас 1.450.000 төгрөгийн бодит хохирол учирч нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-с 1.450.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч Т.Михайлд олгохоор шийдвэрлэлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч У.О-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс У.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хаягтаа оршин суудаггүй, орон гэргүй, орцоор хонож өнждөг, мөрдөн байцаалтаас оргож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, биеийн эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, архины хамааралтай гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар /нэг жил нэг сар / хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-д оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч У.О нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ЦХШЗ/410/я дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар У.О-н 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээхээр тусгав.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У.О-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-д 1 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.О-д оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар У.О-н 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.О-с 1.450.00 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Михайлд олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл У.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ