Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2018/0643/З |
Дугаар | 749 |
Огноо | 2018-11-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 749
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Э
Хариуцагч: Э.М.Я.Т.Н.Б.Д.А.Ү.Т.О.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, Э.М.Я.Т.Н.Д.А.Ү.Т.О.Г-ийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан сайдын нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг тус тус хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн, нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Э би Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар Тушаалаар Сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн ажил албанд томилогдсон. Улмаар Эрүүл мэндийн яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны стратеги, ажлын байрны үндсэн чиг үүрэг шинэчлэн батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/95 дугаар Тушаалаар Сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн ажил албан тушаалд дахин томилогдсон.
Гэтэл Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дугаар Ажлаас халах тухай Тушаал гарсан. Тушаалыг 2018 оны 06.10-ны өдөр ажил хүлээлцэх комисс гарч танилцуулан хүлээлгэн өгсөн боловч тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Эрүүл мэндийн сайд Д.С хандсан. Д.С сайд тушаалтай танилцаж, надаас зохих тайлбарыг аваад тушаалыг эргүүлэн авч Төрийн нарийн бичигт дахин судал гэж буцаан өгөөд надад ажлаа хийж бай гэсэн. Ингээд 2018 оны 07 дугаар 01-ний өдрийг дуустал ажил үүргээ гүйцэтгэсээр 07 дугаар сарын 02-ны өглөө ажилдаа ирэхэд Харуулын албанаас өөрийн чинь ажлын байранд нэвтрүүлэх боломжгүй халагдсан тушаал гарсан учир болохгүй гэсэн. Иймээс 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс албан ёсоор ажлаа хүлээлгэн өгсөн болно. Иймээс цаг хугацааны хувьд шахуу байсан учир Монгол улсын төрийн албаны зөвлөлд өргөдлийг 2018 оны 07 дугаар 05-ны өдөр хүргүүлэн хариуг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр авсан байна.
Ж.Э миний хувьд Үр дүнгийн гэрээ, Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн албан тушаалын ажпын байрны тодорхойлолтын гүйцэтгэвэл зохих ажил үүргээ, цаг тухайд нь бүрэн гүйцэт биелүүлсээр ирсэн бөгөөд 2017 онд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-ийн үнэлгээгээр 92 хувь, А буюу маш сайн дүгнүүлсэн байхад “Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргийг биелүүлээгүй” мэтээр гүтгэн дүгнэлт хийж намайг ажлаас үндэслэлгүй халсан.
Тус тушаалд “2017 оны санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан” гэсэн дүгнэлт хийсэн байдаг нь нөхцөлд байдлаас ихээхэн зөрж байгаа бөгөөд үндэслэлгүй байна.Учир нь тооцооны нягтлан бодогч тайлан гаргадаггүй, зөвхөн санхүүгийн нэгтгэсэн тайлан гаргах бэлтгэл ажлыг гүйцэтгэж, Ерөнхий нягтлан бодогч тайланг гарган нэгтгэж баталгаажуулна. Улмаар “Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны Санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл”, “Эрүүл мэндийг дэмжих сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл”-д хийсэн санхүүгийн аудитын шалгалтаар тус тус ЗӨРЧИЛГҮЙ гэсэн дүгнэлтийг Үндэсний аудитын газар өгсөн байна. Үндэсний аудитын газрын 2018.03.23- ны өдрийн 06/824 дугаар Аудитын гэрчилгээгээр “аудитын санал дүгнэлтийг дэмжих, нотлох зүйлсийг хангалттай цуглуулсан байна” гэж дурдсан байдаг.
Ажлаас халах Тушаалын 1 дэх хэсэгт “анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлээгүй, мөн шаардлагатай баримт мэдээг гаргаж өгөөгүйгээс санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулсан” гэжээ. Гэвч энэ нь үндэслэлгүй бөгөөд 2017 оны санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлэн 103 хадгаламжийн нэгжийг бэлтгэн эрүүл мэндийн яамны Архивч оператор Л.С хуулийн хугацаанд нь хүлээлгэн өгсөн баримт байсаар байхад алдаа зөрчил гарсан гэж гүтгэн, хууль ёсны ашиг сонирхлыг минь зөрчиж байгаад гомдолтой байна.
Мөн тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална” гэж зааныг үндэслэл болгожээ. Ж.Э би Эрүүл мэндийн яаманд Эдийн засаг, санхүүгийн хэлтэст сайдын багцын тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан хугацаандаа албан үүргээ хангалтгүй биелүүлж байгаагүй ба ажил үүргээ цаг тухайд нь хийж гүйцэтгэн үнэлүүлсээр ирсэн. Гэтэл Үндэсний аудитын газрын 2018.04.30-ны өдрийн 0/195 САГ-2018/30/СТА-ТЕЗ дугаар албан шаардлагыг тодруулж, хянаж шалгаж үзэлгүйгээр Шаардлагыг тэр чигт нь хуулж, үндэслэл болгон ажпаас халсанд гомдолтой байна.
Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0/195 САГ-2018/30/СТА-ТЕЗ дугаар албан шаардлагыг үндэслэн ажлаас халсан гэж тушаал дээр дурджээ. Миний зүгээс тус албан шаардлагад дурдсан үндэслэлүүдийг бүгдийг эс зөвшөөрч байна. Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын газрын аудитор Б.Д нь /ЭМЯ- нд санхүүгийн аудит хийсэн аудитор/ хувийн таагүй харилцаанаас шалтгаалан Эрүүл мэндийн яаманд албан шаардлага хүргүүлсэн гэж үзэхээр байна. Тус албан шаардлагын үндэслэл нь өөрөө хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байна. Тодруулбал: Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.7, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус зөрчсөн гэж намайг анхан шатны баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, цаг хугацаанаас хоцроож хүндрэл учруулсан мэтээр гүтгэжээ. Ж.Э би аудитын шалгалтын баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлж өгөхдөө Эдийн засаг, санхүүгийн хэлтсийн дарга Д. Н-д хянуулан шалгуулж, цаг хугацаанд нь өгч байсан. Мөн надад хуурамч баримт материал бүрдүүлэх шаардлага, сэдэл, ямар нэгэн үйлдэл огт байгаагүй тул үнэн бодит баримтуудыг гаргаж өгсөн. Хэрэв үнэхээр хуурамч санхүүгийн баримт материал гаргаж өгсөн бол Үндэсний аудитын газрын дүгнэлтэд “Бодлого, журам, зааврын дагуу үнэн бодиттой, шударга илэрхийлэгдсэн байна хэмээн Зөрчилгүй санал дүгнэлт” гаргахгүй байсан билээ.
Мөн үүнээс гадна ганцхан албан шаардлага /ажлаас халах тухай бичигдээгүй, тийм шаардлага тавих эрхгүй/-ыг үндэслэн урьд өмнө ямарваа нэгэн зөрчил гаргаж байгаагүй, А буюу маш сайн үнэлгээтэй ажиллаж ирсэн ажилтанг халсан нь үндэслэлгүйгээр ажпаас халсан явдал юм.
Иймд захиргааны ерөнхий хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, Төрийн албаны туай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 заалтуудыг тус тус үндэслэн Үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдгийг тогтоолгож, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилох, ажилгүй байсан хугацаан дахь цалинг нөхөн олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид тус тус даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар Эрүүл мэндийн сайдын багцын тооцооны нягтлан бодогчоор томилогдож 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа аливаа зөрчил гаргаж байгаагүй. 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр надад ажлаас халагдсан тушаалыг өгсөн. Би тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд тооцооны нягтлан бодогчид арга хэмжээ авах тухай аудитын зөвлөмж гарсантай холбогдуулан ажлаас халсан. Би 2017 онд үр дүнгийн гэрээгээ А үнэлгээтэй үнэлүүлсэн. Зөрчилгүй гэсэн үнэлэлт дүгнэлтийг авч, үүрэгт ажлаа хангалттай гүйцэтгэсэн. Зөрчил гарсан тул арга хэмжээ ав гэсэн зөвлөмжийг өгсөн. Аудитор бидний дунд харилцааны үл ойлголцол гарсан. Түүнээс шалтгаалсан гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Э нь Сайдын багцын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд “2017 онд үүргээ бүрэн гүйцэтгүйгээс тайлан зөрүүтэй тайлагнагдсан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй, мөн шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр санхүүгийн тайлангийн “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангаагүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй,...байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй” гэснийг тус тус зөрчсөн байна. Алдаа зөрчил гаргасан буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооц гэсэн Үндэсний аудитын газрын “Хариуцлага тооцох тухай” 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/195 САГ-2018/30/СТА-ТЕЗ дугаар албан шаардлагын дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дугаартай тушаалаар Ж.Эыг үүрэгт ажлаас нь халсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Э.М.Я.Т.Н.Б.Д Ү.Т.О.Г-ийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дугаар тушаалыг гаргах болсон үндэслэл нь Үндэсний Аудитын газраас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манайд 02195 тоот “Хариуцлага тооцох тухай” албан шаардлагыг ирүүлсэн. 2017 онд Эрүүл мэндийн сайдын багцын тооцооны нягтлан бодогч цаг хугацаанд үүрэгт ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс тайлан зөрүүтэй гарсан, анхан шатны баримтыг бүрэн гүйцэт бүрдүүлээгүй, мөн шаардлагатай материалыг өгөөгүй зэрэг зөрчлүүд илэрсэн гэсэн албан шаардлага ирсэн. Төрийн Аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журмын 4.1-д заасныг үндэслээд алдаа зөрчил гаргасан буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцож, алдаа зөрчил дахин гаргахгүй байх албан шаардлагыг хүргүүлсэн Э.М.Я.Т.Н.Б.Д Ү.Т.О.Г-ийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дугаар тушаалаар иргэн Ж.Эыг албан ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаалыг хууль ёсны, Ж.Э-ыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч Ж.Э Э.М.Я.Т.Н.Б.Д-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Э.М.Я.Т.Н.Б.Д-ын Б/201 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоож Ж.Эыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.Э Э.М.Я.Т.Н.Б.Д-ын2 016 оны Б/75 дугаар тушаалаар сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллажээ.
Нэхэмжлэгч Ж.Э-ыг ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүрэг болох 2017 оны санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлээгүй, шаардлагатай баримт мэдээг Үндэсний аудитын газар өгөөгүйгээс санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь халсан Э.М.Я.Т.Н.Б.Д-ын2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаал хууль бус байна.
Хариуцагч захиргааны байгууллагаас Б/201 дүгээр тушаалыг гаргахдаа Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариуцлага тооцох тухай” албан шаардлагыг гол үндэслэлээ болгожээ.
Үндэсний аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Албан шаардлага”-аар сайдын багцын тооцооны нягтлан бодогчийг ажлаа бүрэн гүйцэтгээгүйгээс тайлан зөрүүтэй тайлагнагдсан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлж бэлтгээгүй мөн шаардлагатай материал мэдээг өгөөгүй зэргээр санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулж байсан нь санхүүгийн тайлангийн “Эрх ба үүрэг” гэсэн батламж мэдэгдлийг хангаагүй бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн зөв байх;”, 13 дугаар зүйлийн 13.-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Төрийн аудитын байгууллага, түүний ажилтнууд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах аливаа мэдээллийг бүрэн хэмжээгээр, чөлөөтэй, шуурхай авах эрхтэй....байгууллага, албан тушаалтан төрийн аудитын байгууллагаас шаардсан мэдээллийг хугацаанд нь саадгүй гаргаж өгөх үүрэгтэй.” гэснийг тус тус зөрчсөн тул хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарт даалгасан бөгөөд нэхэмжлэгч энэхүү аудитын албан шаардлагатай маргаагүй байна.
Харин Үндэсний аудитын газрын албан шаардлагад дурдсан нэхэмжлэгч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэх дүгнэлтийг үндэслэн хариуцагч Э.М.Я.Т.Н.Б.Д Ү.Т.О.Г зөрчлийн шинж байдалд тохируулж сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн албан үүргийг гүйцэтгэх хугацаандаа 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх алдаа зөрчил гаргасан талаар хангалттай нотлогдоогүй байхад түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална”, 25.1.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэсэнтэй нийцээгүй.
Түүнчлэн хариуцагч Ж.Э-ын 2017 оны үр дүнгийн гэрээг “А” буюу маш сайн гэж үнэлсэн атлаа тухайн оны санхүүгийн тайланг зөрүүтэй тайлагнасан, анхан шатны баримтыг бүрэн бүрдүүлээгүй зэргээр ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
Нөгөө талаар Үндэсний аудитын газраас Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1045 дугаар “Аудитын гэрчилгээ” ирүүлжээ.
Энэхүү Монгол улсын Ерөнхий аудиторын гарын үсэг бүхий “Аудитын гэрчилгээ”-нд Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд.....төсвийн гүйцэтгэлийн тайланг Төсвийн тухай хууль, УСНББОУС-д нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам зааврын дагуу үнэн, бодитой, шудрага илэрхийлсэн тул “Зөрчилгүй” санал дүгнэлт гаргаж байна гэжээ.
Гэтэл хариуцагч Үндэсний аудитын газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Албан шаардлага”-д дурдсан шаардлагатай баримт мэдээг Үндэсний аудитын газар өгөөгүйгээс санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл учруулсан гэснийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь төрийн жинхэнэ албан хаагчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн албанаас халж болох хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй гэж дүгнэв.
Өөрөөр хэлбэл сайдын багцын тооцооны нягтлан бодогч аудитын байгууллагад шаардлагатай баримт мэдээг өгөөгүйгээс ямар хүндрэл учирсан, энэ нь сахилгын ямар зөрчилд хамаарах хийгээд Үндэсний аудитын байгууллагаас аудит хийх үед шаардлагатай баримт мэдээг өгөөгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн нь үндсэн байгууллагад болон Үндэсний аудитын газарт ямар хохирол учруулсан, нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар хариуцагч хангалттай нотлоогүй байна.
Шүүх нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий Б/201 дүгээр тушаал зөрчлийн шинж байдалд тохироогүй хууль бус гэж дүгнэсэн тул Үндэсний аудитын газрын албан шаардлагад дурдсан зөрчлийн нотлох баримтыг нэг бүрчлэн шалгах шаардлагагүй гэж дүгнэв.
Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд маргаан бүхий Э.М.Я.Т.Н.Б.Д-ын Б/201 дүгээр тушаал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан зохицуулалттай нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж уг тушаал хууль бус болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-д заасныг баримтлан Э.М.Я.Т.Н.Б.Д-ын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/201 дүгээр тушаал хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Э-ыг урьд эрхэлж байсан сайдын багцын тооцооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 2959431 (хоёр сая есөн зуун тавин есөн мянга дөрвөн зуун гучин нэгэн) төгрөг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР