Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 745

 

 

 

 

 

 

 

 

Б.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00089 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын нэхэмжлэлтэй

            Хариуцагч Л.Гүнбилэгт холбогдох

 

            1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

            Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Базар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Л.Гүнбилэгтэй 2016 оны 5 сард онлайн интернет худалдааны сайт бүтээн хамтран ажиллахаар тохиролцож 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 1 800 000 төгрөг Л.Гүнбилэгийн дансанд бэлнээр хийсэн. 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүртэл гэрээ байгуулалгүй хамтран ажилласаар ирсэн. Уг хугацаанд Л.Гүнбилэгт хамтын эзэмшлийн данс нээх хүсэлт удаа дараа гаргаж байсан ч үйл ажиллагааны хөрөнгийг зөвхөн өөрийн дансаар явуулж байсан, 2016 оны 5 сарын 6-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл тайлан тооцоо гаргаж өгөхийг хүссэн ч мөн гаргаж өгөөгүй учир 1 800 000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч Л.Гүнбилэгийн хариу тайлбарт: Л.Гүнбилэг миний бие нь 2016 оны 5-р сарын эхнээс Б.Эрдэнэтогтохтой хамтран БНХАУлсаас хувцас, өргөн хэрэглээний бараа захиалгаар оруулж ирж худалдан, олсон ашгаа хуваалцахаар тохиролцсон. Дээрх ажлын хүрээнд захиалгын зКе /цахим хуудас/ нээж ажиллуулахын тулд ОХУ-аас онлайн худалдааны тусгай ОТ Соттегсе программыг худалдан авахад зориулж 1 800 000 төгрөгийг Б.Эрдэнэтогтох, ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалга зэрэг бусад зардлыг миний бие гаргаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Ингээд цахим сайтын орчуулга, засвар зэрэг ажлыг өдөр шөнөгүй хийсээр, бараа захиалгаа аваад 2 cap болж ажил жигдэрч эхлээд байхад 2016 оны 07-р сарын 08-ны орой Б.Эрдэнэтогтох архи үнэртүүлсэн байдалтай ирж "ажиллахаа болилоо, миний өгсөн мөнгийг гаргаж өг" гэх зүйл ярьсан. Б.Эрдэнэтогтох нь тэр шөнөдөө цахим сайтын бүх нэвтрэх эрх, нууц үгийг сольж, ашиглаж болохооргүйгээр болгосон байсан бөгөөд захиалгын мөнгө орж ирдэг дансыг ч надад мэдэгдэлгүйгээр дур мэдэн өөрийн дансаар сольсон байсан. Үүний улмаас бараа захиалгын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ямар ч боломжгүй болсон. Иймд 2016 оны 7 сарын 18-ны өдөр дахин БНХАУлсаас 1 980 000 орчим төгрөгийн үнэ бүхий программ авч, холбогдох орчуулга, засварын ажлуудыг хийсээр 2016 оны 8 сарын эхээр захиалгын сайтаа нээн ажиллуулж байна. Б.Эрдэнэтогтохын хувьд хүн шиг ирээд ярилцаад мөнгө төгрөг хэрэгтэй байна цаашид хамтрах боломжгүй гэдгээ хэлсэн бол оруулсан мөнгийг нь гаргаад өгч болох байсан. Гэвч өөрөө энэ үйлдлээрээ намайг төдийгүй маш олон хүнийг мөнгө санхүү, цаг хугацаагаар хохироосон тул би алдагдал, хохирлоо тооцож сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтэй. Нэгэнт би тэр программыг ашиглаагүй, ашиглах ч боломжгүй байх бөгөөд программыг ашиглах, захиран зарцуулах бодит эрх нь өнөөдрийг хүртэл Б.Эрдэнэтогтоход өөрт нь байгаа тул түүний өмнө ямар нэгэн төлбөр төлөх үүргийг хүлээхгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар Л.Гүнбилэгээс 1 800 000 төгрөгийг гаргуулж Б.Эрдэнэтогтоход олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын улсын тэмдэгтийн хураамжид 43,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гүнбилэгээс 43,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтоход олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Гүнбилэг давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулиуд болох Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэг, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсгүүдийг хэрэглэсэнгүй хэмээн үзэж байна.

Талууд ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй нөхцөлд нэн тэргүүнд тохиролцох зүйлүүдийн нэг нь ашиг, алдагдал хуваарилах журам байдаг. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5 дахь заалтад бичгээр байгуулах, хамтран ажиллах гэрээнд ашиг, алдагдал хуваарилах журмыг тусгах шаардлагатайг заасан нь энэ асуудал хамтран ажиллах гэрээний гол нөхцөл болохыг харуулна. Шүүх хамтран ажиллах гэрээний тус зохицуулалтын онцлогыг харгалзалгүй гэрээнээс татгалзсанаар татгалзсан тал нь өөрийн оруулсан хөрөнгөө гэрээний нөгөө талаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг би түүнээс зээлээгүй, мөн хувьдаа ашиглаагүй. Харин хэлэлцэн тохиролцсон ёсоор өөрсдийн бизнесийг хийхэд бид хоёр хамтран захиран зарцуулсан. Иймд бид эрсдэл, алдагдлаа хамтран хуваалцах үндэслэлтэй. Талууд ашиг, алдагдлыг хуваарилах журмыг тусгайлан тохиролцоогүй бол Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасан журам үйлчлэх юм. Хамтран ажиллахад би тодорхой хэмжээний мөнгөн бус хэлбэрээр хөрөнгө оруулж байсан бөгөөд тухайн хөрөнгөө алдсан. Иймд нэхэмжлэгчийн оруулсан хувь хөрөнгийг би хувьдаа авч захиран зарцуулсан мэт дүгнэж, надаас гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 479.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хамтран ажиллагааны гэрээнээс татгалзсанаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Харин хамтран ажиллах гэрээ дуусгавар болох нь анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг гэрээнээс татгалзсан тал өөрийн оруулсан хувь хөрөнгийг нөгөө талаас шаардах эрхийг үүсгэхгүй юм. Гэрээг дуусгавар болгосон нөхцөлд талуудын оруулсан хөрөнгийг хуваарилах журмыг Иргэний хуулийн 480.3 дахь хэсэгт тогтоосон байна. Талууд хамтын ажиллагааны дагуу хэрэгжүүлж байсан бүх хэлцлийг дуусгавар болсоны дараа, хамтран ажиллах явцад бий болсон хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талууд үлдэх хөрөнгийг хуваарилж буюу үлдэх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн хувьд шаардах эрх эдлэх юм.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 480.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хамтран ажиллах гэрээний талуудаас үлдэх хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгө болох 1 800 000 төгрөг нэхэмжлэх эрхтэй болохоо нотлоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт "Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" агуулгаар өөрчлөлт оруулж шийдвэрлэхийг хүсч байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч уг маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байгааг шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтох нь хариуцагч Л.Гүнбилэгээс хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн 1 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Эрдэнэтогтох, Л.Гүнбилэг нар 2016 оны 05 сард хамтран хувцас, өргөн хэрэглээний барааг онлайн захиалгаар худалдаж, олсон ашгаа хуваан авах, нэхэмжлэгч   Б.Эрдэнэтогтох нь 1 800 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ажлын байр тохижуулах, эхний ээлжийн бараа захиалах болон бусад зардлыг хариуцагч Л.Гүнбилэг хариуцахаар харилцан тохиролцож, хамтын үйл ажиллагааг эхлүүлсэн, уг ажиллагааг Л.Гүнбилэг эрхлэн явуулж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна. 

 

Гэрээний нэг тал буюу нэхэмжлэгч Б.Эрдэнэтогтохын хамтын эзэмшлийн данс нээх, үйл ажиллагааны тайлан тооцоо гаргах талаарх шаардлагыг хамтран ажиллах гэрээний дагуу удирдлагын ажлыг гүйцэтгэж байгаагийн хувьд хариуцагч Л.Гүнбилэг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний журмын дагуу гүйцэтгэх учиртай.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагыг гүйцэтгэсэн, хамтын ажиллагааны явц, ашиг алдагдлын талаар мэдээллэх үүргээ хэрхэн биелүүлснээ баримтаар нотлоогүй, мөн хамтын ажиллагааны улмаас үүрэг үүссэн эсэх нь нотлох баримтгүй байх бөгөөд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Талууд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг харилцан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д “.... хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно” гэж зааснаар нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс гарах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс гарч, оруулсан хөрөнгөө буцаан шаардсаныг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 1 800 000 төгрөгийг төлөх үүрэгтэй, шүүхээс энэ харилцааг зохицуулсан хуулийн зүйл заалтыг зөвтгөх шаардлагатай гэж үзэв.

 

Хариуцагчийн “... эрсдэл алдагдлаа хамтран хуваалцах, ... би тодорхой хэмжээний мөнгөн бус хэлбэрээр оруулсан хөрөнгөө алдсан, ...нэхэмжлэгч нь үлдсэн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг шаардах эрхтэй...” гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд талуудын хамтын ажиллагааны явцад бий болсон хөрөнгийн жагсаалт,  ашиг алдагдлын тайлан хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч Л.Гүнбилэг нь мөнгөн бус хэлбэрээр ямар хөрөнгө оруулсан болох нь тодорхойгүй, нотлох баримтгүй байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2017/00089 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “476.1” гэсний дараа “205.1” гэж нэмж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Ц.ИЧИНХОРЛОО

 

     ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                              А.МӨНХЗУЛ