Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

2021           01         13                                     2021/ШЦТ/77

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Р.Б, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай 2 хавтаст хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Говь хангай мебель ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо ........... тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 824 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял, Хөвсгөл аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Хөвсгөл аймаг дах Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Р.Б /РД:/

Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Р.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд иргэн Б.Ц, Э.Э нарын бүлэглэн үйлдсэн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.А-н эзэмшлийн “Самсунг”-Эс 9 загварын 534.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Ч.Б-н эзэмшлийн “Айфоне”-8 загварын 730.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч С.А-н эзэмшлийн “Айфоне”-7 плас загварын 792.000 төгрөгийн гар утсыг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Э.М-н эзэмшлийн “Айфоне”-Икс загварын 1.352.000 төгрөгийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж иргэн Ш.О-д зарж худалдан борлуулж мөнгө угаах гэмт хэргийг, Мөн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлаас Зүүн салаа- Халдварт чиглэлийн автобусанд суусан хохирогч Я.Д-н гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлав. Үүнд:  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б-н өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ойролцоогоор 16 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ** худалдааны төв дотор хүнсээ цуглуулаад явж байсан юм. Тэгээд бэлэн гоймонгууд зардаг хэсэг дээр нь ирээд хэсэг зогссон бөгөөд энэ үеэр миний хажууд масктай хоёр эмэгтэй ирж зогсоод хоорондоо юм яриад байсан, тэгээд миний ойр орчимд хүмүүс ихсээд эхлэхээр нь би уг газраасаа холдох гээд өөр тийшээ явсан бөгөөд яваад удалгүй өөрийн өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халаасан дотор байсан чернилэн ягаан өнгийн, гадуураа өнгөгүй резинэн гэртэй, Самсунг Эс-9 плас маркийн гар утсаа байгаа эсэхийг шалгаж үзэхэд уг гар утас маань алга болчихсон байсан. Камерыг нь шүүж үзэхэд тухайн үед миний хажууд юм яриад зогсоод байсан масктай хоёр эмэгтэй миний гар утсыг маань авах гээд халаасруу гараа явуулж байгаа нь харагдаж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-15 дугаар хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг Эс-9 плас маркийн гар утсыг 534 000 төгрөгөөр үнэлсэн /1хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 14:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх зах дээр явж байгаад өмсөж явсан шубний баруун талын халааснаас гар утсаа хулгайд алдсан. Айфоне-8 маркийн гар утас байсан. 2019 оны 12 сард “Скай” төвөөс 900 000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланд Айфоне-8 маркийн гар утсыг 730 000 төгрөгөөр үнэлсэн /1хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Хохирогч С.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19:00 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах ** худалдааны төвийн нэг давхарт явж байхдаа куртикнийхээ халааснаас Айфоне-7 плас загварын улаан өнгийн гар утсаа хулгайд алдсан. Гар утсаа алдчихаад их айж сандарч байсан. Тэгээд манай дүү Д.М рүү цагдаагийн байгууллагаас гар утас чинь олдлоо гэж залгасан байсан. Намайг худалдан авалт хийж байхад 2 эмэгтэй хажуу талаар шахаад миний гар утсыг хулгайлж авсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77 дугаар хуудас/,

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Айфоне-7 плас маркийн гар утсыг 792 000 төгрөгөөр үнэлсэн /1хх-ийн 83-84 дүгээр хуудас /,

Хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “**” худалдааны төвийн ** дэлгүүрээр үйлчлүүлж байгаад халааснаасаа өөрийн Айфоне икс-эс  загварын гар утсаа алдсан. Тухайн үед өмсөж явсан гадна куртикний халаасанд хийсэн байсан. Би гар утсаа 2018 оны 12 дугаар сард 4.000.000 төгрөгөөр авч байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Дамно” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Айфоне икс-эс маркийн гар утсыг 1 352 000 төгрөгөөр үнэлсэн /1хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

Р.Б-н хаан банкны *** дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 120-129 дүгээр хуудас/,

Хохирогч Я.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байхад би гэрээсээ гараад Монгол улсын Боловсролын Их Сургуулийн автобусны буудлаас Зүүн Салаа халдварт чиглэлийн автобусанд суун зүүн тийшээ явсан. Тэгээд гар утсаа алдсан. 2018 оны 03 дугаар сарын сүүлчээр И-март худалдааны төвөөс 600.000 мянган төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-197 дугаар хуудас/

Гэрч Ж.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...тэр утас одоо надад байхгүй. Хэн эзэмшиж байгааг нь мэдэхгүй. Би архи ууж яваад таксинд мартаад буусан байсан. 2018 оны 07 дугаар сарын 13-нд голын эрэг дээр найзуудтайгаа архи уугаад явж байгаад нэг залуутай танилцтал тэр залуу “Хуавэй” Пи-8 загварын гар утсыг зарна гэхээр нь би ээжээсээ 400.000 төгрөг зээлсэн. Тэр утсыг авахдаа 350 000 төгрөгөөр бэлэн авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 198-199 дугаар хуудас/

  Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Хуавэй Пи-8 маркийн гар утсыг 444 000 төгрөгөөр үнэлсэн /1хх-ийн 202-203 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр төлсөн талаарх шинээр гаргаж өгсөн 5 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Р.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Ц, Э.Э нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох иргэн Б.А-н эзэмшлийн Samsung S9, Ч.Б-н эзэмшлийн I Phone 8, С.А-н эзэмшлийн I Phone 8 plus, Э.М-н эзэмшлийн I Phone X загварын гар утаснуудыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж авч, хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад шилжүүлэн худалдаж мөнгө угаасан, 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн дээдийн автобусны буудлаас Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусанд суусан хохирогч Я.Д-н эзэмшлийн Huawei P8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 444.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Б-н өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.А-н “... өөрийн өмсөж явсан куртикнийхээ зүүн талын халаасан дотор байсан чернилэн ягаан өнгийн, гадуураа өнгөгүй резинэн гэртэй Самсунг Эс-9 плас маркийн гар утсаа шалгаж үзэхэд алга болчихсон байсан” гэх мэдүүлэг /1хх-13-15 дугаар хуудас/, хохирогч Ч.Б-н “... өмсөж явсан шубны баруун талын халааснаас Айфоне 8 маркийн гар утсаа хулгайд алдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41 дүгээр хуудас/, хохирогч С.А-н “... би Терранова худалдааны төвийн нэг давхарт явж байхдаа куртикний халааснаас Айфоне-7 плас загварын улаан өнгийн гар утсаа хулгайд алдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-77 дугаар хуудас/, хохирогч Э.М-н “... би халааснаасаа өөрийн Айфоне XS загварын гар утсаа алдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 98-99 дүгээр хуудас/, хохирогч Я.Д-н “... Зүүнсалаа-Халдварт чиглэлийн автобусанд суун зүүн тийшээ явсан. Тэгээд гар утсаа алдсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-197 дугаар хуудас/, гэрч Ж.Д-н “... нэг залуутай танилцтал тэр залуу “Хуавэй” Пи-8 загварын гар утсыг зарна гэхээр нь би 350.000 төгрөг бэлэн өгч авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 198-199 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 15-16, 46-47, 83-84, 100-101, 202-203 дугаар хуудас/, Р.Б-н эзэмшлийн хаан банкны дансны хуулга /1хх-ийн 120-129 дүгээр хуудас/, гэрч Э.Эийн “...2020  оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Баянгол дүүрэгт байрлах “Номин” худалдааны төвөөс “Айфоне”-7 гар утсыг хулгайлан найз Р.Б-аар дамжуулан О гэх ченжид өгдөг байсан. Тухайн үед Р.Б нь О гэх ченжийн гэррүү орж утсыг зарчхаад надад 100.000 төгрөг өгсөн Би О гэх хүнд утсыг өгөөгүй ба Р.Б гэр рүү нь утсыг аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/, гэрч Б.Ц-ын “... 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 14.00 цагийн үед Э яриад намайг гэртээ хүрээд ир гэсэн. Тэгээд бид хоёр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх зах руу орж “Айфоне”-8 загварын гар утсыг хулгайлан О гэх ченж залуугийн гэрт нь аваачиж өгдөг байсан. Миний мэдэхээр 7-8 ширхэг утас аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/, яллагдагч Р.Б-н “... Э над руу залгаад таньдаг гар утасны ченж байна уу гэхээр нь би хуучин таньдаг ченж байгаа гэсэн ... Тэгээд IPhone-10 загварын гар утсыг 300.000 төгрөгөөр, IPhone-7 plas загварын гар утсыг 100.000 төгрөгөөр, Samsung J5 загварын гар утсыг 60.000 төгрөгөөр, Samsung S8 гэх мэт утаснуудыг авч ченж Од өгсөн ... Би хулгайн гар утас гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/, яллагдагч Ш.О-н “2020 оны 07 дугаар сарын 14-ны өдөр танихгүй дугаараас зүс таних залуу залгаад дүү чинь байна. Та IPHONE 7 PLAS авах уу гэхэд би аваад ир үзье гэхэд 21 цагийн алдад авч ирсэн. Би ID lock-той байсан болохоор 100.000 төгрөгөөр авсан. Би хулгайн утас гэдгийг эхэндээ мэддэггүй байсан. Сүүлд мэдээд авахгүй гэхээр хүчээр үлдээгээд явчихдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 93 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн 5 хуудас баримт зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасан гэмт хэрэгт Р.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Р.Б-г  “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Р.Б-н үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Шүүхийн шатанд хохирогч Я.Д-д гэмт хэргийн улмаас учирсан 444 000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, бусад хохирогч нар хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Р.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Р.Б “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулах санал тус тус гаргасныг дурдвал зохино.

Шүүгдэгч Р.Б-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Р.Б-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

   Р.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Р.Б нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ЦХШЗ/357/я дугаартай захирамжаар цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Р.Б-н цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Р.Б-г “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч ашиглан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах”, “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар Р.Б-д оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Р.Б-н цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд оруулж тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Р.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ