Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/94

 

2021           01         18                                   2021/ШЦТ/94

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Я.Сансар,

шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Н.Н нарт холбогдох эрүүгийн 2006 04315 3005 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1979 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Мах-Экспорт ХХК-нд бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо ............... тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1070 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, Б.Б /РД: /,

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Цагдаагийн гудамж ............... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н.Н /РД: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б, Н.Н нар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрд” караокед хамт үйлчлүүлж байсан иргэн Э.Тулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Хохирогч Э.Тулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тэгээд удаагүй байж байтал Баярсайхан, Уламбадрах, Н.Н-н эмэгтэй найз Батсүх нар караокены өрөөнөөс гадагшаа гарсан. Би Б.Б, Н.Н хоёртой хамт үлдсэн мөн удалгүй Б.Б ариун цэврийн өрөө орохоор явсан. Тэр хойгуур би Н.Н-г Нараа ах аа гэх үү Нараа гэх үү гэсэн чинь чи яасан том юм бэ гээд ширээн дээр байсан пивоны шилийг авч толгой руу цохиж хагалсан. Ингээд байж байтал гаднаас  Б.Б орж ирээд ар талаас хоолой боогоод миний хоёр нүд рүү хуруугаа хийж татаж байсан. Тэгэхэд Н.Н ахиад ширээн дээрээс нэг шил аваад хагалсан. Тэгээд Н.Н, Б.Б нийлээд цохиж нүдсэн. “...гарахад Б.Б намайг ална гэж нүүр рүү хэд хэдэн удаа цохиж авсан. Би зугтаж цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 12329 дугаартай шинжээчийн “Э.Тулгын биед зүүн зулайд зүсэгдсэн шарх, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун хацар, зүүн эгэмд цус хуралт, хэлэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн зулайн зүсэгдсэн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 хуудас/

Гэрч Т.Цэнд-Аюушийн “... камер харсан чинь уг хүмүүстэй хамт явж байсан гурван хүн хоорондоо маргалдаж, бие бие рүүгээ дайрах гээд байхаар нь очсон чинь нөгөө хоёроос насаар залуу хүнийг хамт байсан хоёр хүний нэг нь боосон, нөгөөдөх нь хажуугаас нь цохих гэж байхаар нь салгаж гадаа тамхи татаж байсан хамт явж байгаа хүмүүсийг нь дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хойшлуулшгүйгээр шалгах явцад хяналтын камерын бичлэгийг прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан ажиллагааг прокуророор хүчинтэйд тооцуулаагүй зөрчил гаргасныг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар согтуугаар бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүрд караокед “ах гэж хүндэлж харьцах эсэх” асуудлаас болж маргалдан хохирогч Э.Тулгын толгойн тус газарт пивоны шил болон гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн зулайд зүсэгдсэн шарх, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун хацар, зүүн эгэмд цус хуралт, хэлэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Б, Н.Н нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, Бүрд караокен хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/, хохирогч Э.Тулгын “...Тэр хойгуур би Н.Ныг Нараа ахаа гэх үү, Нараа гэх үү гэсэн чинь чи яасан том юм бэ гээд ширээн дээр байсан пивоны шилийг авч толгой руу цохиж хагалсан. Ингээд байж байтал гаднаас Б.Б орж ирээд ар талаас хоолой боогоод миний хоёр нүд рүү хуруугаа хийж татаж байсан. Тэгэхэд Н.Н ахиад ширээн дээрээс нэг шил аваад хагалсан. Тэгээд намайг нийлээд цохиж нүдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 12329 дугаартай “Э.Тулгын биед зүүн зулайд зүсэгдсэн шарх, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, баруун хацар, зүүн эгэмд цус хуралт, хэлэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн зулайн зүсэгдсэн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч Т.Цэнд-Аюушийн “... камер харсан чинь уг хүмүүстэй хамт явж байсан гурван хүн хоорондоо маргалдаж, бие бие рүүгээ дайрах гээд байхаар нь очсон чинь нөгөө хоёроос насаар залуу хүнийг хамт байсан хоёр хүний нэг нь боосон, нөгөөдөх нь хажуугаас нь цохих гэж байхаар нь салгаж гадаа тамхи татаж байсан хамт явж байгаа хүмүүсийг нь дуудаж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

           Шүүгдэгч Б.Б, Н.Н нарын үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

            Б.Б, Н.Н нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Э.Тулгын эсрэг түүний биед хүч хэрэглэн халдаж буй идэвхтэй үйлдэлдээ санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилсэн нь хуульд нийцжээ.

           Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

           Хохирогч Э.Тулга нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг бусдад төлөхгүй төлбөргүй гэж үзлээ.

           Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь нотлогдсон, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

           Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б, Н.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч нарын зүгээс торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгөн үү гэж хүссэнийг тус тус дурдвал зохино.          

Шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажил, орлоготой гэх хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Н.Н нарын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Б, Н.Н нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б, Н.Н нарт тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  Б.Б, Н.Н нарт оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.  Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Тулга хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Б, Н.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ХАТАНЦЭЦЭГ