| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/2065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
2021 01 20 2021/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн 2006 03555 2379 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймаг Эрдэнэбулган сум 1 дүгээр баг 1/48 дугаар байрны 8 тоот хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг 5 дугаар хороо 10 дугаар хороолол Тэмүүлэл хотхон .................. тоотод оршин суух,
урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, Ч.А /РД:/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Яллагдагч Ч.А нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнг машин руу чулуу шидлээ гэх шалтгааны улмаас биед нь халдаж гар, нуруу хэсэгт нь гараараа цохиж зүүн бугалга, даланд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг биед нь учруулан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 08 дугаар сард эхнэр, охины хамт машинаа унаад явж байсан. Хэрэг болсон газар буюу байрны гадаах граж хэсгийн тэнд явж байхад хүүхдүүд чулуу шидсэн. Тэр хүүхдүүд нийтдээ 3 удаа чулуу шидсэн. 2 удаа чулуу чийдэхэд юм хэлээгүй. 3 дахь удаагаа чулуу шидэхэд нь би очсон. Би санаатай гэмтэл учруулахаар зодож цохиогүй. Камерын бичлэг дээр хүртэл байгаа. Би дагз хэсэг рүү нь 2 удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдэд аав ээж дээр чинь очъё гэсэн чинь ахаа битгий л дээ гэхээр нь дахиж битгий чулуу шидээрэй гэж хэлээд салсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... намайг орцонд ороод толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохих үед нь би арагшаа нуруугаараа шатны ирмэг дээр унасан энэ үед миний дал нуруу хэсэгт гэмтэл учирсан бөгөөд орцноос гарах үедээ тэр машины жолооч ах зүүн бугалга хэсгээс маш чанга базаад татаад гарсан дээрх гэмтлийг тус машины жолооч надад учруулсан. Би өмнө нь ямар нэгэн байдлаар цохиулж зодуулсан, гар нуруугаа гэмтээсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Х.Мөнхтүшигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ч.А гэх ах бид хоёрыг анх орц руу чирээд оруулсан. Тэгээд орцонд оруулаад намайг 2 удаа толгой хэсэгт цохисон. Дараа нь Лхагвацэрэнг толгой хэсэгт цохиход шат руу унасан. Тухайн үйл явдал орцонд болсон бөгөөд орцны гадаа гараад Лхагвацэрэнг тэр ах нуруу, хүзүү хэсэгт бас 1 удаа цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 9650 дугаартай “М.Лхагвацэрэнгийн биед зүүн бугалга, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Орцны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-100 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 109 дүгээр хуудас/,
Нас тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 108 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.А-н гэрчээр өгсөн “Би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр оройн 21.00 цагийн үед эхнэр Булган-Эрдэнийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 83-74 УАВ улсын дугаартай тоёота сай маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй зорчиж явсан. Тэгтэл гэнэт хүүхдүүд машины дээвэр дээр ямар нэгэн зүйл онох шиг болсон. Би тухайн үедээ тоолгүй цааш яваад хадам эгч болох Ө.Булганчимэгийн гэрт очсон. Тэгээд 10-20 минутын дараа эгчийнхээс гараад буцаад ирсэн замаар явж байтал нөгөө чулуу шидсэн хүүхдүүд гражын дээвэр дээр байж байхаар нь би машинаа зогсоолд байрлуулаад машинаасаа буугаад нөгөө хүүхдүүдийг дуудахад цааш зугтахаар нь араас нь очиход байрны дэлгүүр дотор 8-12 насны 3 эрэгтэй хүүхэд байсан. Би ээж аав дээр чинь дагуулж очно гэхэд ахаа битгий гээд байхаар нь пудволктой нэг хүүхэд болон улаан пудволктой хүүхдүүдийн толгойн ар хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үйл явдал дэлгүүр дотор болсон бөгөөд тэнд байсан 30 орчим настай ах яагаад энэ хүүхдүүдийг зодох гээд байгаа талаар асуухад миний машин руу чулуу шидсэн юм гэсэн. Тэгээд тэр хоёр орсон бөгөөд яаг хэн нь чулуу шидсэн талаар асуухад тэр хоёр хүүхэд бие бие рүүгээ зааж байсан. Тэгээд орцонд оруулаад тухайн хүүхдүүдийн толгой, дагз хэсэгт нь тус бүр хоёр хоёр удаа алгадаад буцаад дэлгүүрээр тэр хүүхдүүдийг дагуулаад гадагш гарсан бөгөөд надаас ахаа битгийлдээ гээд байхаар нь ахиж чулуу шидэж болохгүй шүү гэж хэлээд тэр хоёр хүүхдийг явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнгийн бие учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Яллагдагч Ч.А-н мөрдөн байцаалтад өгсөн “...би тухайн өдөр миний машин руу чулуу шидсэн хүүхдүүдийг барьж аваад толгой хэсэгт нь тус бүр хоёр удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43, 104-106 дугаар хуудас/,
Шийтгэврийн хуудас /хх-ийн 110 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ зуун хотхон 24а байрны 1 дүгээр орцонд 10 настай хохирогч М.Лхагвацэрэнг машин руу чулуу шидлээ гэх шалтгааны улмаас толгойн тус газарт гараараа цохих үед нуруу дал хэсгээр шатны ирмэгт цохигдох, гарын бугалга хэсгээс базаж татаж чангаах зэргээр халдаж эрүүл мэндэд нь зүүн бугалга, даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.А-н гэрчээр өгсөн “...ахаа битгий гээд байхаар нь пудволктой нэг хүүхэд болон улаан пудволктой хүүхдүүдийн толгойн ар хэсэгт гараараа тус бүр нэг удаа цохисон. Тэгээд тухайн орцонд оруулаад тухайн хүүхдүүдийн толгой дагз хэсэгт нь тус бүр хоёр хоёр удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Ч.А-н яллагдагчаар өгсөн “... би тухайн өдөр миний машин руу чулуу шидсэн хүүхдүүдийг барьж аваад толгой хэсэгт нь тус бүр хоёр удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, /хх-ийн 104-106 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнгийн “... намайг орцонд ороод толгой хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохих үед нь би арагшаа нуруугаараа шатны ирмэг дээр унасан энэ үед миний дал нуруу хэсэгт гэмтэл учирсан бөгөөд орцноос гарах үедээ тэр машины жолооч ах зүүн бугалга хэсгээс маш чанга базаад татаад гарсан дээрх гэмтлийг тус машины жолооч надад учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, насанд хүрээгүй гэрч Х.Мөнхтүшигийн “Орцонд оруулаад ... Лхагвацэрэнг толгой хэсэгт цохиход шат руу унасан. орцны гадаа гараад Лхагвацэрэнг тэр ах нуруу, хүзүү хэсэгт бас 1 удаа цохиж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9650 дугаартай “М.Лхагвацэрэнгийн биед зүүн бугалга, даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 22/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 95-100/, насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 109/, Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 108/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.А нь насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнгийн дагз хэсэгт 2 удаа цохисон боловч энэ үйлдлийн улмаас гэмтэл учраагүй гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат хэргийг хэрэгсэхгүй болгох байр суурь илэрхийлж, гэмт хэрэг үйлдсэн хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх боломжтой талаар гэм буруугийн шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон.
Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэн, гэрч Х.Мөнхтүшиг нарын мэдүүлэг эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэгт авагдсан Ч.А-н үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохиролтой шууд шалтгаант холбоотой, шинжээчийн дүгнэлтэд гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үссэн байх боломжтой талаар тусгасан, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлэг хяналтын камерын бичлэгээр давхар нотлогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.
М.Лхагвацэрэн /РД:/ 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр 10 нас 7 сар 8 хоногтой байсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хууль заасан бага насны хүүхэд гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж тусгажээ.
Иймд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “бага насны хүүхэд болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байх тул шүүгдэгч Ч.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Насанд хүрээгүй хохирогч М.Лхагвацэрэнд тус гэмт хэргийн улмаас баримтаар 120.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд дээрх хохирол төлөгдсөн, хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, цаашид гэм хорын хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч Ч.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ч.А-н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс Ч.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бага насны хүүхдийн эсрэг, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 90 хоног буюу 3 сар хорих ялд дүйцүүлж, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоолоо.
Шүүхээс оногдуулсан 1 жил 3 сар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD-г шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хавсарган үлдээхээр тусгав.
Шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэм хорын хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.А-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.А-д нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.А-д Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.А-д өмнөх шийтгэх тогтоолын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жил хорих ялд, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 350 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан 3 сар хорих ялд дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.А-д оногдуулсан нийт 1 жил 3 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хагалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гэм хорын хохирол, хор уршиг болон хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ