Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 156/2016/00007/И |
Дугаар | 96 |
Огноо | 2017-02-08 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 96
2017 оны 02 сарын 08 өдөр Дугаар 156/ШШ2017/00096 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00007/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Ж.Болдбаатар, Л.Цэрэндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хурх гол ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багт оршин суух, иргэн Боржигон овогт Лувсанбалдангийн Пэрэнлэйд холбогдох
“Тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохирол 12 300 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сэдэд, хариуцагч Л.Пэрэнлэй, хариуцагчийн өмгөөлөгч Г.Баярсайхан, иргэдийн төлөөлөгч Ж.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хурх гол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Ганбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн өглөө манай компанийн Зүүнбаянгийн голын дэргэдэх тариан талбайд Биндэр сумын малчин Л.Пэрэнлэйгийн 492 толгой мал бэлчээрлэн уг талбайн 25 га орчим тариаг бүхэлд нь талхлан идэж сүйтгэн компанид шууд байдлаар 23 сая төгрөгийн хохирол учруулаад байна. Бид тариан талбайн сахиултай хамтран тариан талбайд орсон малыг тариан талбайгаас гарган тусгаарлан хашиж, эзнийг тодруулахад манай Зүүнбаянгийн талбайгаас 3 км орчимд нутагладаг Л.Пэрэнлэйгийн мал болохыг тогтоосон. Энэ айлынх тариан талбайн дэргэдээс холдож нүүдэггүй учраас мал нь хотноосоо бэлчээд шууд тарианд орох боломжтой байдаг ба тарианд орох болгонд нь манай сахиулууд тариан талбайгаас хөөж холдуулдаг байсан бөгөөд тариан талбайн сахиулын шаардлагыг үл тоомсорлон малаа байнга хариулгагүй орхиж байдаг айл юм.
2016 оны 10 дугаар сарын 08-нд 492 толгой бог малыг тариан талбайд оруулж тариан талбайг сүйтгэсэн энэхүү үйлдлийг бид санаатай үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байгаа тул гомдолтой байна. Тариан талбайд маш олон тооны мал орсон байна гэсэн сахиулын мэдээлснээр бид ойролцоох толгойг давж очоод алсаас дурандахад малчин нь малаа тариан талбайд хариулсан байдалтай дэргэд нь байсан бөгөөд энэ байдлыг нь алсаас зургийг нь авч баримтжуулсан болно.(Зургийг хавсаргав) Бид тариагаа сүйтгүүлэхгүйн тулд яаралтай очсон боловч оройтсон байсан бөгөөд 492 толгой бог мал 25 га талбайн тариаг хурааж ашиглах боломжгүй болгон идэж гишгэлэн талхалсан байлаа. (Сүйтгэсэн талбайн зургийг авч хавсаргав). Бид малыг тууж талбайгаас гарган тусгай хашаанд хашиж эзнийг нь дуудуулж болсон байдлын зургийг авч баримтжуулсан. Мөн Сум, аймгаас томилогдон ажиллаж байсан “Хурх тосгоны ургац хамгаалах комисс”-ын гишүүд болох Засаг Даргын тамгын газрын ажилтан Энхмаа, хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Ц.Хүдрээ, аймгийн цагдаагийн газраас томилогдон ажиллаж байсан цагдаагийн ажилтан ахмад Д.Бээжин, “Хурх гол ХХК”-ийн захирал Г.Батболд, гүйцэтгэх захирал Хатанбаатар нар оролцон мал сүйтгэсэн тариан талбайг очиж үзэн зургийг авч хохирлын актыг тогтоосон.(Актыг хавсаргав)
Комисс газар дээр нь очиж үзэхэд тариан талбайн тариаг дахин хурааж авах боломжгүй болтол нь олон зуун мал бэлчээж идэж, гишгэлэн талхалсан байсан. Уг талбай нь манай компанийн гадаад улсаас үрийг нь үнэтэй худалдан авч нэмэгдэл бордоогоор бордож ургуулсан хамгийн сайн ургац бүхий талбай байсан учраас бидэнд учирсан бодит хохирол нь “Хурх тосгоны ургац хамгаалах комисс”-ын гишүүдийн гаргасан актаар 12 300 000 төгрөгийн хохирол учруулсан гэсэн актын тооцооноос 2 дахин илүү буюу 23 000 000 төгрөг болж байна.
2016 онд батлагдсан “Тариалангийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д зааснаар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээсэн тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэхдээ малын эзний малын толгой тутам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэсний дагуу бодож үзэхэд 32 477 200 төгрөг болж байгаа. Иймд Хурх тосгоны Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/22 тоот захирамж, Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16 дугаар хуралдаанаар баталсан журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, хохирлын үнэлгээ тогтоосон тухай Хурх тосгоны ургац хамгаалах комиссын 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн актыг тус тус үндэслэн Биндэр сумын 2 дугаар багийн иргэн Л.Пэрэнлэйгээс учруулсан хохирол болох нийт 12 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-4х/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сэдэд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зүүнбаянд байрлах 25 га тариалангийн талбайг 492 толгой орж талхалж, сүйтгэсэн учраас Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн малчин Л.Пэрэнлэйгээс 12 300 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал болон Хэнтий аймгийн Хурх тосгоны захирагчийн захирамжаар жил бүрийн 5 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд тариалалт явуулсан талбайгаас 5 километрээс дотогш мал бүхий иргэдийг нутаглахыг хориглосон. Хурх тосгоны Ургац хамгаалах комиссоос хохирлын хэмжээг актаар тогтоон гаргасан юм. Л.Пэрэнлэйн 492 толгой мал тариан талбайд орж сүйтгэсэн учраас мөнгөн төлбөр нэхэмжилж байна. 492 толгой мал тариан талбайд орсныг фото зургаар баталгаажуулсан. Тухайн үед Л.Пэрэнлэй нь өөрөө ирж малаа аваагүй. Малчин нь охинтой нь хамт ирж малаа авсан. Нэхэмжлэгчтэй тохиролцох боломж байсан боловч Л.Пэрэнлэй нь өөрөө ирээгүй гэв.
Хариуцагч Л.Пэрэнлэй нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2000 оноос өдийг хүртэл ажиллаж амьдрахдаа нэг удаа ч өөрийн малаа тариалангийн талбайд оруулж үзээгүй. Уг нутаг нь Хэнтий аймгийн Биндэр сумын газар тул энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Л.Пэрэнлэй нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тариан талбайд орсон гэх мал нь манай мал гэдэгт эргэлзэж байна. Манайх малчингүй. Тухайн үед манай охин Тунгалаг малаа маллаж байсан. Намайг дуудсан зүйл байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
13 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хурх тосгоны захирагчийн албаны А/25 тоот захирамжаар ургац хамгаалах комиссыг томилсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байна. Захирамжинд хохирлыг төлүүлэх талаар тусгаагүй. Хурх гол ХХК-нь улсын бүртгэлд бүртгэлтэй компани эсэх нь тодорхой бус байна. Улсын бүртгэлд бүртгэлтэй компани юм бол тэр талаар нотлох бичиг баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Мөн 25 га газарт мал орж сүйтгэсэн гэж үзэн нэхэмжилж байгаа боловч хэмжилт хийгдээгүй байна. Тарианд орсон мал нь Л.Пэрэнлэйн мал гэдгийг мэдэх боломжгүй байна. Мөн хавтаст хэрэгт хавсаргасан гэрэл зураг болон нэхэмжлэл хоёр зөрүүтэй ба гэрэл зургийг хэзээ авсан болох нь тодорхойгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын өгч буй тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хурх гол ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Ганбат нь Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн иргэн Лувсанбалдангийн Пэрэнлэйд холбогдуулан “тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохирол 12 300 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Хурх гол ХХК нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Зүүнбаян гэдэг газарт байх тариалангийн талбайд нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөө хариуцагч Л.Пэрэнлэйгийн 492 толгой бог мал орж 25 га талбайн тариаг хурааж ашиглах боломжгүй болгон идүүлж, гишгэлүүлэн талхлуулсны улмаас компанид учирсан хохирол гэж 12 300 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Хариуцагч тал /Л.Пэрэнлэй болон түүний өмгөөлөгч/ нь 25 га талбай нэхэмжлэгч Хурх гол ХХК-ийн эзэмшлийнх гэдэг нь нотлогдохгүй байхын зэрэгцээ талбайд орсон гэх 492 толгой бог мал Л.Пэрэнлэйн мал болохыг нотолж тогтоосон баримтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэж маргаж байна.
Шүүх зохигч талуудын шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч Хурх гол ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэгдүгээрт: Нэхэмжлэгч Хурх гол ХХК нь тухайн мал оруулж сүйтгүүлсэн гэх тариалангийн газрыг эзэмших эрхтэй эсэх нь тодорхойгүй, мал орсон гэж маргаж буй, Зүүнбаянгийн голын дэргэдэх тариалангийн талбайг нэхэмжлэгч байгууллага нь албан ёсоор эзэмшдэг талаар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч компанийн “эд хөрөнгө”-д гэм хор учирсан гэж үзэх боломжгүй байна
Хоёрдугаарт: Хариуцагч Л.Пэрэнлэй нь санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр өөрийн 492 толгой малыг уг тариалангийн талбайд оруулсаны улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна.
Хариуцагчийн 492 толгой бог малыг хашсан гэх фото зургийг нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн боловч энэ зурган дээрх мал нь малын төрөл, тоо, зүс, им гэх мэт шинж байдлаар хариуцагч Л.Пэрэнлэйн мал болохыг нотолж чадахгүй байх тул энэ баримтаар хариуцагчийг гэм хорыг арилгах үүрэгтэй гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Гуравдугаарт: Ургац хамгаалах комиссын гишүүд хохирлын хэмжээг тогтоосон гэх боловч Хурх тосгоны захирагчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаартай захирамжаар “Ургац хамгаалах комисс” томилоогүй, харин өөрийн нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгжүүдэд таримал ургамал хамгаалах арга хэмжээ авахыг үүрэг болгосон утга бүхий захирамж байна. /хх-ийн 13х/
Иймд Хурх тосгоны захирагчийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/22 дугаартай захирамжийг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.
Ургац хамгаалах комиссын гишүүд гэгдэх Ц.Энхмаа, Ц.Хүдэрээ гэх хүмүүст хохирлын үнэлгээ тогтоох эрх олгож, томилсон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хавтаст хэрэгт байхгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Хурх гол ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Пэрэнлэйд холбогдох “тариалангийн талбайд учруулсан гэм хорын хохирол 12 300 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Хурх гол ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 211 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ