Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 324

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ж.Энх-Амгалан,

яллагдагч Б.Гын өмгөөлөгч Г.Б,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 296 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Б.Гт холбогдох 201726011196 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Б.Г, 1972 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ч” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

Б.Г нь “Ч” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.4, 27 дугаар зүйлийн 27.3.5, 27.4, 28.1 дүгээр зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.8, 28.1.14 дэх хэсэг, Монгол Улсын MNS 4929-2000 “сургалт зохион байгуулалт” стандартын 3.16, “Ч” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 7.4.1 дэх  хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “И М” ХХК-ийн хашаан дотор туслах ажилтнаар ажиллаж байсан А.Д нь хайрга бутлагч машинд засвар үйлчилгээ хийж байгаад моторын туузан дамжуулагчид орооцолдож амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15-д заасан асуудлын хүрээнд тус эрүүгийн хэрэгт цугларсан зарим нотлох баримтыг шалгахад шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх дараах үндэслэл, баримт тогтоогдов. Үүнд:

          1. Нотлох баримт хуурамчаар үйлдэх, дүр үзүүлэх, халхавчлах шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа гаргасан тохиолдол бүрийг сайтар шалгаж, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагын асуудлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай.

          1.1. Хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт болох бүхий л баримт бичгийг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6-д заасан үндэслэл, журмыг ноцтой зөрчсөн.

          Баримт: хэргийн нотлох баримт цуглуулахыг гэмт хэрэгт сэжиглэгдэх, яллагдагчаар татагдах этгээдэд даалгасан буюу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт болох “И М” ХХК-ийн болон бусад холбогдох бүхий л баримт бичгийг гэмт хэрэгт холбогдогчийн “Ч ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулан цуглуулсан /1хх-43-51, 54-59, 62-67, 81-125, 150-161, 204-208, 214 гэх мэт/,

          1.2. “И М” болон “Ч” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд “элс, хайрга бутлан ангилах” үйлдвэрийн ажиллагаа багтах эсэхэд холбогдох нотлох баримтгүй байхад таамаглах ёсгүй.

          Үндэслэл: Хууль ёсны бус баримтаар “Ч” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл, “хайрга болон хатуу хучилттай зам барих, төмөр, ган, модон гүүр барих, зам талбайн тохижилт хийх” /1хх-38/,

          - “И М” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл: барилгын засвар, засал, чимэглэл, гадаад худалдаа, явган хүний замын хавтан үйлдвэрлэл, барилга угсралт /хугацаа нь дууссан/ /1хх-43/ гэсэн байх тул “элс, хайрга бутлан ангилах” үйлдвэр эрхлэх ажиллагаа нь дээрх 2 компанийн үйл ажиллагааны чиглэлд шууд хамаарна гэж үзэх нотолгоогүй.  

          Иргэн, хуулийн этгээд хэн боловч “элс, хайрга бутлах, ангилах” үйлдвэр эрхлэхэд зөвшөөрөл буюу үйл ажиллагааны чиглэл нь тодорхой баталгаажсан байхаас гадна элс, хайрга олборлох зөвшөөрөл, мөн тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гэрчилгээ тус тус нэмэлт шаардлага болно.

          Хууль ёсны бус баримтаар элс, хайрга бутлан ангилах тоног төхөөрөмжийн гэрчилгээ нь “И М” ХХК /захирал Б.Г/-ын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гарсан /1хх-94, 125/ байх боловч тухайн гэрчилгээг “элс, хайрга бутлан ангилах” үйлдвэрийн зөвшөөрөл гэж үзэхгүй.

          1.3. Яллагдагч Б.Г нь нэгэн зэрэг “И М” ХХК, “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эсхүл “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн захирал, гүйцэтгэх захирал, “Ч” ХХК-ийн захирлаар давхар ажилласан болох баримтын хүрээнд шалгавал зохих асуудал бүрийг /нотлох баримт зохиомлоор бүрдүүлсэн, татвараас зайлсхийсэн, толгой ба охин компани эсэх, “Ч” ХХК зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн эсэх болон бусад/ шалган тогтоох зайлшгүй шаардлагатай.

          Баримт, үндэслэл: Энд дээр дурдсан баримт, үндэслэл нэгэн зэрэг хамаарна.

          Мөн “И М” ХХК-ийн захирал Б.Г 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “элс, хайрга бутлан ангилах үйлдвэрийн технологийн заавар баталсан /1хх-94/,

          2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр А.Д нарыг “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн захирал Б.Г ажилд томилсон, гэрээ байгуулсан /1хх-150, 158-161, 85-92/, “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн ажилчдын ажлын байрны тодорхойлолт /1хх-204-206/,

          Мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “И М” ХХК-ийн захирал Б.Гт шаардлага хүргүүлсэн /1хх-52-54/,

          “И М” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн тушаалд хайрганы үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Гт зөвшөөрөл олгох тухай заасан /1хх-81/,

          “И М” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалын хавсралтад “удирдах албан хаагчид” Б.Г гүйцэтгэх захирал, үйлдвэрийн дарга Б.Д  /1хх-83/,

          “И М” хайрганы үйлдвэрийн дарга Ш.С-ийн гэрчээр өгсөн ... би энэ үйлдвэрт өнгөрсөн 2016 оны 8 дугаар сарын эхээр орсон. Манай үйлдвэрт Хөдөлмөр хамгааллын инженер байхгүй. Уг нь өмнөх жил байсан. Үйлдвэрийн дарга би шаардлага тавих ёстой байсан. Гэхдээ би өглөө болгон “хувцсаа өмсөөрэй, болгоомжтой ажиллаарай” гээд амаараа зааварчилгаа өгдөг байсан. /1хх-19, 168/,

          “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрт оператор Б.Б , Ц.П нарын гэрчээр өгсөн хөдөлмөр хамгааллын талаар гарын үсэг зуруулаагүй, тусгай хувцас хэрэглэл хангалтаар өгөөгүй байгаа /1хх-20, 21, 170/ гэх зэрэг баримтуудаас үзэхэд шалгавал зохих зөрчилтэй, зөрүүтэй олон асуудалтай.

           Б.Г нь “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн захирлаар болон тус компанийн гүйцэтгэх захирлаар мөн “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус хэзээ томилогдсон эсэх нь “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн захирал мөн тус гүйцэтгэх захирал Б.Г нь “өөр компанийн нэрийг ашиглан өөрөө төлөөлөн” өөрийн ажилладаг “И М” ХХК-ийн ерөнхий захиралтай “хамтран ажиллах” гэх гэрээ нь дүр үзүүлсэн, хууль бус үйлдлийг халхавчилсан шинжтэй гэж үзэх эсэх үндэслэл нотолгоог хангалттай бүрдүүлж, шалган тогтоох ёстой.

          “И М” ХХК-ийн захирал Б.Г 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “элс, хайрга бутлан ангилах үйлдвэрийн технологийн заавар баталсан /1хх-94/, “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн хэрэгт буй бүхий л баримт, ажилчид “И М” ХХК-ийнх байх ба харин “Ч” ХХК гэгч нь “элс, хайрга бутлан ангилах үйлдвэрийн ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй буюу тухайн үйл ажиллагааны чиглэлд холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага, шалгуурыг хангасан гэж үзэх үндэслэл, баримтгүй, элс хайрга бутлан ангилах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гэрчилгээгүй, тухайн үйлдвэрлэлийг явуулах техник хэрэгсэл, хүний нөөцийн чадавхигүй буюу ажиллагсадгүй зэрэг нь тухайн хуулийн этгээд хууль тогтоомжийн хүрээнд тухайн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй, чадамжгүй гэж үзэх үндэслэл, нотолгоо болохыг үгүйсгэх боломжгүй.

          Түүнчлэн мэргэжлийн хяналтын газрын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “И М” ХХК-ийн захирал Б.Гт шаардлага хүргүүлсэн /1хх-52-54/ байтал ноцтой зөрчин “осол” гаргахад хүргэсэн буюу шаардлагыг ноцтой зөрчсөн тухайн хуулийн этгээдэд холбогдох хариуцлага байх ёстой.

          2. Тус шийдвэрийн 1 дэх хэсэгт заасан зарим асуудлыг нотлох, шалгах ажиллагааны хүрээнд “И М” ХХК, “Ч” ХХК-ийн санхүүгийн үндсэн болон туслах тайлан, баримтуудыг нягтлан шалгах зайлшгүй шаардлага үүссэн.

          Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4-т “Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна...” гэж,

          Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т “Татварын тайланд хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан болон татвар төлөгч хувь хүн, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурна”, 45 дугаар зүйлийн 45.4-д “Татварын тайланг гаргасан буюу ийнхүү гаргахад оролцсон этгээд уг тайланд гарын үсэг зурах бөгөөд хэд хэдэн этгээд хариуцсан үүргийнхээ дагуу тайлан гаргахад оролцсон бол ерөнхий нягтлан бодогч тайланд гарын үсэг зурна.” гэж,

          Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ” гэж тус тус заасан, эдгээр болон холбогдох бусад хууль тогтоомж, тухайн компаниудын дүрэм, журам зэргийг нарийвчлан судлах шаардлага үүсэхээр байна.

          3. Хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх хууль зүйн асуудлыг шинжээчээр дүгнүүлсэн нь хуулийн ноцтой зөрчилд хамаарах тул үнэлэгдэх боломжгүй.

          “Элс, хайрга бутлан ангилах техник, технологи”-ийн ажиллах заавар, мөрдөх горим, стандарт, тавигдах шаардлагууд ямар байдаг эсэх, эдгээр нь хэрхэн зөрчигдсөн эсэх хүрээнд хамаарах тусгай мэдлэгийн асуудал байхаас “аль хуулийн этгээд буруутай” эсэхийг шинжээч биш мөрдөгч, прокурор өөрсдөө холбогдох хууль тогтоомж, нотлох баримтын хүрээнд хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийснээр шийдвэрлэх ёстой.

          Түүнчлэн шинжээчийн гэх дүгнэлт /1хх-127-130, 222-224/-үүдийн асуулт, хариултаас үзэхэд хуульд нийцээгүй буюу хууль зүйн үндэслэл, нотолгоо хангалтгүй, хуулийн асуудлыг хийсвэрээр, дур мэдэн дүгнэсэн, дүгнүүлсэн зэрэг олон зөрчилтэй болох нь илэрхий тогтоогдож байна.

          4. Дээр дурдсан нотолбол зохих асуудлуудыг нягт нямбай, эргэлзээгүй, хангалттай тогтоосноор “хамтран ажиллах гэрээ” нь дүр үзүүлсэн, халхавчилсан, хуульд нийцээгүй гэж үзэх эсэх үндэслэл, нотолгоо бүрдэж, энэ хүрээнд хууль зүйн зөв, оновчтой дүгнэлт хийх боломжтой болно.

          Мөн “хамтран ажиллах гэрээ” гэх баримтад заасан зүйл, заалт бүрийг шинжлэн судалж, хууль зүйн зүйн дүгнэлт хийх шаардлага зайлшгүй үүссэн байгааг орхигдуулж болохгүй.

          Хууль зүйн хангалттай үндэслэл, нотолгоогүйгээр таамаглах, төөрөлдөх, төөрөлдүүлэх үйлдэл, үйл ажиллагаа байж үл болно.    

          5. Иргэний хариуцагчаар “И М” ХХК, “Ч” ХХК татагдах эсэх, бусдад учруулсан гэм хорын хохирол, бусад асуудлыг шийдвэрлэхийн тулд хөрөнгө, орлого хураах, битүүмжлэх эсэх зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

          6. Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтооход чиглүүлэн баримтат мэдээллийг шуурхай, тодорхой, бүрэн цуглуулаагүй, мөрдөн шалгах бусад ажиллагааг зөв, бүрэн хийхгүй хугацаа алдсанаас нотлох баримтын зөрүүтэй, зөрчилтэй, тодорхой бус байдлууд үүссэн байгааг дахин давтах, мөн эх сурвалжгүй, хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт төдийлөн хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримтад хөтлөгдөх ёсгүй.

          Мөн тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг цуглуулах, шалгах, үнэлэх явцад үүссэн шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй.

          Иймд Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энх-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд,

1. Дээрх гэмт хэрэг нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн ба 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль хэрэгжиж байх үед бичиг баримтыг хуулбарлан авч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар “Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг эрүүгийн хэрэгт ач холбогдолтой байвал тэр нь нотлох баримтын эх сурвалж болно” гэж заасны дагуу тус аж ахуйн нэгжээс хууль зүйн дагуу хураан авсан тул хууль ёсны үндэслэлтэй нотлох баримт гэж үзэж байна.

2. “И М” болон “Ч” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсанаар “Ч” ХХК нь “хайрган болон хатуу хучилттай зам барих, төмөр, ган, модон гүүр барих, зам талбайн тохижилт хийх”, “И М” ХХК нь “барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа, явган хүний замын хавтан үйлдвэрлэл, барилга угсралт” гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдагийг тусгасан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан үйл ажиллагааны чиглэлийг шүүгч ямар үндэслэлээр албан бус гэж үзэж нотлох баримтад үнэлэхгүй байгаа нь шүүгчийн захирамжид тусгагдаагүй байна.

3. Б.Г нь нэгэн зэрэг “И М” ХХК, “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар эсхүл “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн захирлаар ажиллаж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд ямар хамааралтай байгаа нь ойлгомжгүй байна.

“Ч” ХХК-ийн захирлаар Б.Г нь 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш ажиллаж байгаа нь хуулийн этгээдийн лавлагаа болон Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

“И М” ХХК-ийн захирал Б.Г нь 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “элс, хайрга бутлан ангилах үйлдвэрийн технологийн заавар баталсан,

2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр А.Дыг “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн захирал Б.Г ажилд томилсон, гэрээ байгуулсан, “И М” ХХК-ийн хайрганы үйлдвэрийн ажилчдын ажлын байрны тодорхойлолт,

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “И М” ХХК-ийн захирал Б.Гт шаардлага хүргүүлсэн,

“И М” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн тушаалд хайрганы үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Гт зөвшөөрөл олгох тухай заасан зэрэг нотлох баримтууд байхыг үгүйсгэхгүй Б.Г нь “И М” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Ч” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар нэгэн зэрэг ажиллаж байгаа нь хууль зөрчиж байгаа үйлдэл биш юм.

Шүүгч хэт таамаглалд хөтлөгдөж “хамтран ажиллах” гэрээг дүр үзүүлсэн, хууль бус үйлдлийг халхавчилсан шинжтэй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь ойлгомжгүй байна.

Нэгэнт “Ч” ХХК нь өөрийн ажилчид, техник тоног төхөөрөмж байхгүй боловч “И М” ХХК-ийн дэмжлэгтэйгээр буюу хамтран ажиллах гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, бие даан улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлж тусгай зөвшөөрлөө авсан аж ахуйн нэгж болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байхад “элс, хайрга бутлан ангилах үйлдвэрийн ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, тоног төхөөрөмжийн гэрчилгээгүй, хүний нөөцийн чадавхигүй байгаа нь хэргийг шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал болохгүй юм.

Учир нь гүйцэтгэх захирал Б.Г нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйн улмаас А.Дэмжигжав нас барсан үйлдлийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн болохоос “Ч” ХХК нь элс, хайрга бутлан ангилах үйлдвэрийн ажиллагаа эрхлэх чадвартай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлээгүй болно.

Мөн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “И М” ХХК-ийн захирал Б.Гт шаардлага хүргүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Дээрх улсын байцаагчийн шаардлага бол гэмт хэрэг гарахаас өмнө бичигдсэн шаардлага юм.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад “И М” ХХК, “Ч” ХХК-ийн санхүүгийн тайланг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ ажиллагаа нь хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болохыг захирамжид дурдаагүй байна.

3. Шинжээч томилох тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд ямар аж ахуйн нэгж нь аюулгүй ажиллагааны ямар дүрэм, журам зааврыг зөрчсөнийг тусгай мэдлэгийн хүрээнд буюу хөдөлмөрийн улсын байцаагч нараар гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин шинжээчийн дүгнэлтэд аль нэг хуулийн этгээдийг шууд гэм буруутай байна гэсэн дүгнэлт хийгээгүй болохыг анхаарч үзнэ үү.

4. Шүүгчийн захирамжид “... дээр дурдсан нотолбол зохих  асуудлыг нягт нямбай, эргэлзээгүй, хангалттай тогтоосноор “хамтран ажиллах гэрээ” гэгч нь дүр үзүүлсэн, халхавчилсан, хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэл нотолгоо бүрдэж...” гэж дүгнэж байгаа нь хэргийн бодит байдлаас өөр дүгнэлт хийж, хамтран ажиллах гэрээг эргэлзээгүй хуурамчаар дүр үзүүлсэн гэж шүүгч бат итгэлтэй байгаа мэт харагдахаар байгааг анхаарч үзнэ үү. Гэвч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан ч уг хамтран ажиллах гэрээг хуурамч, дүр үзүүлэн хийсэн гэдгийг тогтоох боломжгүй юм.

5. Хохирогч А.А нь хохирол нэхэмжлээгүй байхад “Ч” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах шаардлагагүй юм. Хэрэв хохирогч шүүх хуралдаанд шинээр иргэний нэхэмжлэл гаргасан тохиолдолд Б.Гын үүрэгт ажлаа зохих ёсоор хийгээгүй, түүний буруутай үйл ажиллагаанаас болж хохирогч А.А-т хохирол учирсан тул Б.Гаас гаргуулж шийдвэрлэх боломжтой юм.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан байхад шүүгчийн захирамжид “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд” гэж дурдсан нь ойлгомжгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 296 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Яллагдагч Б.Гын өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгчийн захирамжид дурдсан компани хоорондын харилцааг нарийвлан тогтоож, амь хохирогч цалин хаанаас авсан эсэх, “Ч” ХХК-ийн боловсруулдаг хайрганы орлого нь “И М” ХХК-ийн дансанд ордог эсэхийг шалга гэсэн нь үндэслэлтэй байна. Улсын яллагч “... хэрвээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөнгө нэхэмжилбэл Б.Гаас гаргуулаад явна...” гэдэг зүйл ярьж байна. Гэтэл Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлсөн нь үнэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирлоо бүрэн авсан талаар мэдүүлсэн нь үнэн. Гэтэл шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдолтой байгаа талаараа хэлсэн. Тэгэхээр тухайн хоёр компанийн харилцааг нарийвчлан шалгаснаар иргэний хариуцагчийн асуудал ч тодорхой болж, иргэний хариуцагч нь ажилд авсан компани нь уу, эсхүл хөдөлмөрийн аюулгүй ажиллагаагаа хариуцдаг компани нь байх ёстой юм уу гэдэг асуудал яригдана. Мөн мөрдөн байцаалтад буцааснаар эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаа эсэх талаар нэг мөр тогтооход ач холбогдолтой тул дээрх эргэлзээ бүхий байдлуудыг нэг мөр тогтоосноор шүүх шийдвэрээ гаргана гэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Б.Гт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 296 дугаар  захирамж нь хуулийн шаардлага хангаагүй байна гэж  дүгнэв.

Б.Г нь “Ч” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.2, 17.4, 27 дугаар зүйлийн 27.3.5, 27.4, 28.1 дүгээр зүйлийн 28.1.3, 28.1.4, 28.1.8, 28.1.14 дэх хэсэг, Монгол Улсын MNS 4929-2000 “сургалт зохион байгуулалт” стандартын 3.16, “Ч” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам”-ын 7.4.1 дэх  хэсэгт заасан хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “И М” ХХК-ийн хашаан дотор туслах ажилтнаар ажиллаж байсан А.Д нь хайрга бутлагч машинд засвар үйлчилгээ хийж байгаад моторын туузан дамжуулагчид орооцолдож амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан байна.      

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүд нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй, тэдгээрийг нөхөн гүйцэтгэснээр хууль зүйн ач холбогдолтой шинэ нөхцөл байдал бий болохооргүй байх тул  мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагагүй гэж үзлээ.   

 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд амь хохирогч А.Дыг “И М” ХХК  ажилд томилсон байх боловч ” И М” ХХК болон “Ч” ХХК нь Хайрганы үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдон гарах харилцааг зохицуулахаар 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж ажилласан байх бөгөөд уг гэрээгээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаатай холбоотой болон талбайд ажиллагсад гэрээний үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа ослоор хөдөлмөрийн чадвараа түр буюу бүрмөсөн алдсан тохиолдолд тэтгэмж, нөхөн төлбөрийг хариуцах үүргийг “Ч ХХК”  хүлээсэн байна.  

Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017/080 тоот дүгнэлтэнд “Ч ХХК” хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцах үүрэг хүлээх үндэслэлтэй гэж дүгнэсэн, яллагдагч Б.Г нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрч хохирлыг төлж барагдуулсан байна.

 Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дахин нэмж хохирол нэхэмжилсэн тохиолдолд шүүх “Ч” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах эрхтэй тул Б.Гт холбогдох хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иймд прокурор Ж.Энх-Амгалангийн бичсэн 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 296 дугаар захирамжийг хүчингүй болгож хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 296 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн хянан хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                                   Б.ЗОРИГ

                                                                                    Д.ОЮУНЧУЛУУН