Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 720

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т.О, А.Б нар  

Хариуцагч: Н.З.Д, С.Д.З.Д, С.Д.Г.А, У.Б.Е.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нэхэмжлэгч Т.О, А.Б нар Н.З.Д-ын 2008 оны 540 дүгээр захирамжийн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар өмчлүүлэхээр олгосон шийдвэрийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн Д.Ариунболорт холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Д.Пагамсүрэнд бичиж олгосон 000125959 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин, нэхэмжлэгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Н, нэхэмжлэгч А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Н.З.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, С.Д.З.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, У.Б.Е.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Би 2000 оноос хойш Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367 тоотод амьдарч байна. Энэ хугацаанд гуравдагч этгээдээс хэн нэгэн хүн ирж байгаагүй. Би анх хашааны тоотыг авч байсан. Манайх битүү хашаатай.

Сүхбаатар дүүргийн Газрын албанаас манай газрыг хуваасныг 2013 онд мэдсэн. Манайх 2006, 2008 онд тус тус нэг байшин барьсан. 2013 оны нэг шөнө 7, 8 залуу хашаа эвдэж орж ирж, хэрүүл болсон. Би Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нарыг нь хараагүй. н.Дашзэвэг хурандааг нэг удаа харсан. Газар авахад хороондоо бүртгэл хийлгэсэн байх, кадастрын зураг хийхэд номер дугаараа аваад бичиг баримтаа бүрдүүлдэг байсан.

Гэтэл эдгээр хүмүүс манай 367 тоотыг ашиглаж А, Б, В гээд 5 айл болгож хуваасан. Ер нь бол том хашаа байсан. Тухайн үед хүүхдүүд маань бага байсан болохоор өөрийнхөө нэр дээр л авсан. Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нар гадаадад амьдарч байсан байж ямар журмаар яаж газар авсан гэдгийг ойлгохгүй байна. Мөн Бэлх гэдгийг Сэлх гэж бичсэн байсан. Манай 367 тоотыг ашигласан хирнээ Д.Ариунболор нь манай хойд талд газар авахдаа 364 тоот гэж номер авсан байдаг. Тус 364 тоот нь манай урд талын гудамжинд байдаг.

Өдий олон жил амьдарсан газраа огт танихгүй хүмүүст өгч, өөрийнхөө хүүхдүүдийг гудамжинд гаргаж чадахгүй. Тус газарт 13 хүн амьдарч байгаа. 1-13 насны 7 нялх хүүхэд байгаа. Би ядарсан эмэгтэй. Намайг байшин барьж байхад миний газар гэж хүн ирээгүй байж энэ олон жилийн дараа ирж дээрэлхэж байна. Д.Батбаярын ах, н.Дашзэвэгийн дүү н.Тэгшжаргал гэж хүн байдаг. Энэ хүн Сүхбаатар дүүрэгт ажилладаг. Энэ бүх асуудал бол н.Тэгшжаргалын хийсэн ажил. Өчигдөр өргөдлөө авах гээд очтол өргөдлийг маань хариуг устгасан байсан. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий бас эдгээр хүмүүсийн төрөл садан нь. Ц.Бат-Өлзийгийн дүү н.Доржсүрэн гэж хүн бид нарыг 3 жил дээрэлхсэн. Д.Пагамсүрэн нь одоо Америкийн Нэгдсэн Улсад, Д.Ариунболор нь Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байгаа. Би тэр олон хүүхдийг өвлийн хүйтэнд чирээд хаашаа явах юм бэ. Хүн болгон л хүүхэдтэй. Шүүхээс энэ асуудлыг зөвөөр шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна.

Нэхэмжлэгч А.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч А.Б нь эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нарт үндэслэлгүйгээр газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь А.Б-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа тул нэхэмжлэл гаргасан.

Д.Пагамсүрэнд 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 540 дүгээр захирамжаар олгосон Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367б тоотод 700 м.кв газар олгосныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь Д.Пагамсүрэнгийн газар өмчлүүлэх шийдвэр нь 2002 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 164 дүгээр захирамжаар 16 дугаар хороо, Бэлхийн задгайд 500 м.кв газар эзэмшүүлсэнийг үндэслэл болгосон байх бөгөөд 367б гэсэн хаяг байхгүй. Уг хаягийг Д.Пагамсүрэнд Сүхбаатар дүүргийн Газрын алба кадастрын зураглал хийж өгөхдөө бий болгосон гэж үзэж байгаа. Энэ нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооноос гаргасан баримтаар нотлогдож байгаа. Д.Пагамсүрэн нь 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр гадагш гарсан байх ба Монгол Улсад байгаагүй үед буюу 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны тодорхойлолтоор Бэлхийн 53 дугаар гудамжны 367б, ам бүл 1, кадастрын зураглал Х035, 2008 оны 08 дугаар сар гэсэн бичилт хийгдсэн зэрэг хуурамч бичиг баримтыг бүрдүүлж газар өмчилсөн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 540 дүгээр захирамжийн Д.Пагамсүрэнд олгосон хэсгийг хүчингүй болгуулах,

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар захирамжаар Д.Ариунболорт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367а тоотод 500 м.кв газрыг эзэмшүүлсэн гэх бөгөөд үүнээс хойш Д.Ариунболор нь энэ газрыг ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаагүй тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар захирамжаар Д.Ариунболорт олгосон хэсгийг хүчингүй болгуулах,

Д.Батбаярт Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367г тоотод 700 м.кв газар олгосон захирамж Д.Пагамсүрэнд олгосон захирамжтай нэг өдөр гарсан нь эдгээр хүмүүсийн хамаатан н.Тэгшжаргал Сүхбаатар дүүргийн Газрын албанд ажилдагтай холбоотой хууль бус үйл ажиллагаа хийгдсэн тул 540 дүгээр захирамжаар Д.Батбаярт олгосон газар өмчлөлийн хэсгийг хүчингүй болгуулах,

Т.О нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нарт хууль бусаар газар олгогдож, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар нэхэмжлэл гаргасан ба дээрх байдлаар дээрх иргэн тус бүрээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэхэмжлэл гаргасан.

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367 тоотод Т.О, А.Б нар газар өмчилж, амьдардаг ч 367а, 367б, 367г тоотод давхцалгүй, хамааралгүй, эрх ашигт нөлөөлөөгүй харагдаж байгаа боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367 тоот гэсэн нийт 2800 м.кв хэмжээтэй газрыг харж хандах, өөрийн эзэмшилд байлгаж, үр хүүхдүүддээ байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нар тус газрыг ямар нэгэн байдлаар ашиглаж, эзэмшиж байгаагүй зэргээс харахад Т.О 2800 м.кв газрыг хашаалж дээрх газарт хашаа, байшин барьж өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь энэ хүний өмчлөлд байх газарт Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нар хууль бусаар эзэмшил, өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авсан гэж үзэж байгаа учраас,

Нэгдүгээрт 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 540 дүгээр захирамжийн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар өмчлүүлэхээр олгосон хэсгийг,

Хоёрдугаарт 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 327 дугаар захирамжаар Д.Ариунболорт газар эзэмшүүлэхээр олгосон хэсгийг,

Гуравдугаарт Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Д.Пагамсүрэнд олгосон 000125959 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна”. гэв.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т.Онь зөвшөөрөлгүйгээр бусдын газар дээр хүргэн Б.Ганзориг, Б.Мөнгөнсүх нарын байшинг бариулсан. Дээрх иргэд нь Сүхбаатар дүүргийн Газрын албанд тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. Иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл харагдахгүй байна. Харин гуравдагч этгээдийн эрхийг эдгээр иргэд зөрчиж байна гэж үзэж байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн Д.Ариунболорт холбогдох 327 дугаар захирамжийг хүчингүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм.

Т.О, А.Б нарын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж харагдаж байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор Газрын албаны архивыг шүүж үзсэн боловч Б.Ганзориг, Б.Мөнгөнсүх нараас гаргасан газар эзэмших тухай хүсэлт байдаггүй. Тухайн объектын зургаас харахад Б.Ганзориг, Б.Мөнгөнсүх нар нь хашаагаа гуравдагч этгээдийн эзэмшлийн хашааны зааг дээр барьсан байдаг. Тус газарт 2002 оноос хойш амьдарч байхдаа яагаад газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй юм бэ. Идэвхгүй, чимээгүй байсан гэдэг нь зөвтгөх шалтгаан болохгүй. Нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн хүмүүс тухайн газар дээр амьдарч л байгаа бол тухайн газрыг хуулийн дагуу эзэмших ёстой.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2008 оны 540 дүгээр захирамжийн иргэн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай шаардлага байгаа. Үүнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдөөгүй гэж харагдаж байгаа боловч Т.Онийт 2800 м.кв газрыг анхнаасаа харж, хандаж байсан гэж байна. Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарын өмчилсөн газар нь одоогийн байдлаар Т.О-ийн эрх ашгийг хөндөөгүй байна.

Анх Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нар нь 2002 оны дүүргийн 164 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай тухайн газрыг эзэмшиж байсан. Үүний дараа 2008 онд өөрийн хүсэлтээр Нийслэлийн Засаг даргад хандаж нэгж талбарын 18647320348067 дугаартай 700 м.кв газрыг өмчилж авсан байдаг. Тус өмчлөлийн газар нь Т.О, А.Б нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй. Учир нь агентлаг болон дүүрэг, Нийслэлийн Газрын албанаас холбогдох материал кадастрын зураг, сансрын зурагтай давхцуулсан нь бүгд нотлох баримтаар авагдсан. Эдгээр зургуудаас харахад Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарын газар нь Т.О-ийн нэгж талбарын газартай давхцаагүй байдаг.

Тус хэргийг анх үүсгэхэд 2, 3 удаа хариуцагч, гуравдагч этгээд, шүүгчийн зүгээс ...Эрх ашгийг тань хэрхэн хөндөж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулна уу гэж удаа дараа шаардсан боловч одоо болтол нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байсаар байна. Харин сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...амьдарч байгаа газрын нэгж талбарт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж харагдахаар байгаа хэдий ч гэж тайлбарлаж байна. Аливаа этгээд Газрын тухай хуульд зааснаар зохих журмын дагуу олгогдсон хүчин төгөлдөр гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшиж, ашиглах ёстой. Нэхэмжлэгч хууль ёсны дагуу эрхийн гэрчилгээ аваагүй байж тухайн газрыг эзэмшиж байсан гэж бодож байгаа нь эндүүрэл юм. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамж нь Т.О, А.Б нарын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хууль дүрмийн дагуу гарсан захирамж гэж үзэж байна.

Хариуцагч У.Б.Е.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Тухайн нэхэмжлэлд дурдагдсан газар нь Д.Пагамсүрэнгийн өмчлөлд анх 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Д.Пагамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Дашзэвэгийн гаргасан мэдүүлэг болон өргөдөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, газрын Кадастрын зураг, газрын төлөв байдал, хянах баталгааны дүгнэлт, Д.Пагамсүрэнгээс н.Дашзэвэгт олгосон нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл зэргийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн. Тухайн мэдүүлэг болон түүнд хавсаргаж өгсөн нотлох баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг бүрэн хангасан бөгөөд бүртгэлийг бүртгэхээс татгалзах үндэслэл тухайн үед байгаагүй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ...Д.Пагамсүрэн нь Монгол Улсад байгаагүй. Хэн нэгэн этгээд өмнөөс нь гарын үсэг зурж, хуурамч бичиг баримт бүрдүүлж захиргааны байгууллагад өгч үндэслэлгүйгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан гэж дурдсан байдаг. Д.Пагамсүрэнгээс н.Дашзэвэгт олгосон итгэмжлэлийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэсэн. Хэн нэгэн этгээд Д.Пагамсүрэнгийн гарын үсгийг дуурайлгаж зурсан гэсэн нотлох баримт байдаггүй.

Тухайн мэдүүлэг гаргагч нь мэдүүлгийг үнэн зөв гаргах үүрэгтэй. Тухайн үүргээ зөрчсөнөөс үүдсэн бусдад учирсан хохирлыг мэдүүлэг гаргагч нөхөн төлөх ёстой. Тийм учраас манай байгууллага тухайн итгэмжлэлийг үнэн эсэхийг шалгах шаардлагагүй. Тухайн мэдүүлэгт хавсаргаж өгсөн нотлох баримтыг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангаж байгаа эсэхийг үндэслэж тухайн газар өмчлөх эрхийг бүртгэсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын дагуу тухайн бүртгэлийг хүчингүй болгох ямар нэгэн үндэслэл байхгүй.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Би гуравдагч этгээд Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нарыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367а тоотод байршилтай 500 м.кв газрыг Д.Ариунболор эрх шилжүүлэх хэлцлийн үндсэн дээр 2009 оны 327 тоот захирамжаар эзэмшдэг. 367б, г тоот газруудыг Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 тоот захирамжаар хуулийн дагуу өмчилсөн.

Гэтэл тус газруудад Т.О, А.Б нар нь хууль бусаар хүүхдүүдтэйгээ нийлж барилга, байгууламж барьсан. Т.О Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367 тоотод 700 м.кв газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байдаг. Гэтэл Т.Оюунцэцэг, н.Мөнгөнсүх, н.Хосбаяр нар нь Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нарын газар дээр хил хязгаарыг зөрчиж байшин барьсан. Т.О өөрийнхөө 700 м.кв газрын хил хязгаарыг зөрчиж Д.Ариунболорын эзэмшлийн газар руу оруулж зааг дээр өөрийн хувийн сууцыг барьсан. н.Мөнгөнсүх нь 367а тоотод, н.Хосбаяр нь 367б, г тоотын зааг дээр тус тус барилга барьсан учраас эдгээр эрх нь зөрчигдсөн хүмүүс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хэрэг үүсээд явж байсан. Шүүх хуралдаан хийх гэхээр эдгээр хүмүүс мөн л ийм байдлаар шүүх хуралдааныг хойшлуулдаг байдалтай байж байгаад Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаас бүх асуудал тодорхой болж байна. Өөрөөр хэлбэл Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нар нь зохих журмын дагуу эрх бүхий байгууллагын захиргааны актын үндсэн дээр газраа эзэмшиж, өмчилсөн байна. Тэдгээр захирамж шийдвэрүүд нь Т.О, А.Б нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн зүйл байхгүй. Эдгээр хүмүүс захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах, шаардах эрх үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй харагдаж байна. Харин Т.О, А.Б, н.Хосбаяр, н.Мөнгөнсүх нар нь Д.Пагамсүрэн, Д.Батбаяр, Д.Ариунболор нарын эзэмшил, өмчлөлийн газар дээр хууль бусаар барилга барьж эрхийн зөрчсөн байдалд шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурдаж өгөхийг хүсэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ;

Нэхэмжлэгч Т.О, А.Б нар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар өмчлүүлэхээр олгосон шийдвэрийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн Д.Ариунболорт холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Д.Пагамсүрэнд бичиж олгосон 000125959 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Иргэн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн холбогдох хэсгийн тухайд;

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамжаар  иргэн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт тус бүр Бэлхийн задгайд гэх хаягаар 500 м кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон байна.

Улмаар Д.Пагамсүрэнгийн 2002 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 010402830 дугаар, Д.Батбаярын 010402831 дугаар “Иргэний газар ашиглах гэрчилгээ”, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын хаягын тодорхойлолт, газар өмчилж авахыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжаар иргэн Д.Пагамсүрэнд Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367б тоот хаягт, иргэн Д.Батбаярт 367г тоот хаягт тус бүр 700 м кв газрыг өмчлүүлсэн байна.   

Иргэн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 164 болон газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн холбогдох хэсэг Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Эдгээр иргэдэд өмчлүүлсэн газрын байршил нь нэхэмжлэгч Т.О, А.Б нарын өмчилж авсан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамжны 367 тоот хаягаас зайтай давхцалгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1/381 дүгээр албан бичиг түүний хавсралт  зургуудаар нотлогджээ.

Нэхэмжлэгч А.Б-т Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 163 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо (тухайн үеийн хаягаар) Бэлхэд зуслангийн зориулалтаар 400 м кв газрыг 15 жилийн хугацаагаар олгож,  улмаар Нийслэлийн Засаг даргын 2006 оны 570 дугаар захирамжаар А.Б-т 700 м кв газрыг өмчлүүлж, үүний дараагаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамжны 367 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18647320320033 дугаар бүхий 700 м кв газрын хууль ёсны өмчлөгчөөр А.Б, Т.О нарыг бүртгэн /Г-2203002828 дугаарт/ улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч А.Б анх одоогийн амьдарч байгаа Бэлхийн 53 дугаар гудамжны 367 тоот хаягт газар эзэмших хүсэлт гаргаж энэ хүсэлтийн дагуу Нийслэл, Дүүргийн Засаг даргын захирамжаар 700 м кв газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн байх бөгөөд маргаан бүхий 367б, 367г хаягт Т.О, А.Бнар газар эзэмшихээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлж байсан баримт байхгүй байна.

Иргэн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар эзэмшүүлж, өмчлүүлсэн баримтаас үзэхэд эдгээр иргэд маргаан бүхий газарт газар өмчилсөн нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байдал тогтоогдохгүйн дээр Нийслэлийн Засаг даргын 2008 оны11 дүгээр сарын 11-ны өдрийн 540 дүгээр захирамжийн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт холбогдох хэсэг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.”, гэж заасантай нийцсэн  байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т.О өөрөө хууль ёсны дагуу эзэмшиж, өмчлөөгүй бусдын эзэмшил бүхий газарт үл хөдлөх хөрөнгө барьсан нь түүний эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд гуравдагч этгээд Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар өмчлүүлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нар маргаан бүхий газарт 2000 оноос амьдарч 2.8 га газрыг хашаалаагүй задгай байх үеэс харж хамгаалж ирсэн бөгөөд бидний үл хөдлөх хөрөнгөө барьсан газрыг өөр этгээдэд 4 хувааж өмчлүүлсэнд гомдолтой, газар өмчлөх эрхийг зөрчиж байна гэх нэхэмжлэгч Т.О-ийн шаардлага Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-аас илүүгүй байна.” гэсэн зохицуулалттай нийцэхгүй байна.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн Д.Ариунболорт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 164 дүгээр захирамжаар Бэлхийн задгайд  500 м кв газрыг иргэн Ч.Дашживаад 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд улмаар иргэн Ч.Дашживаа өөрийн охин Д.Ариунболортой 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж, уг газраа бэлэглэлээр шилжүүлэн өгөх хүсэлт гаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар шийдвэрийг үндэслэн, Сүхбаатар дүүрэг,  18 дугаар хороо, нэгж талбарын 18647320336050 дугаар бүхий 500 м кв газрыг 15 жилийн хугацаагаар иргэн Д.Аринболорт эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна. 

Харин Д.Ариунболорт газар эзэмшүүлсэн гэрчилгээн дээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 328 дугаар шийдвэрийг үндэслэсэн гэх боловч 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 328 дугаар шийдвэрийн хавсралтад иргэн Д.Ариунболорын нэр бүртгэгдээгүй байдаг бөгөөд  Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14/1365 дугаар албан бичгээр  2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар захирамжийг үндэслэн Д.Ариунболорт газар эзэмшүүлсэн захирамжийн дугаар 327-г 328 гэж буруу бичиж техникийн алдаа гаргасан талаарх тайлбараа ирүүлжээ. 

Ийнхүү Сүхбаатар дүүргийн Засаг  даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар захирамжийн хавсралтад иргэн Д.Ариунболорын нэр бичигдсэн байх тул Бэлх 53-367а тоотод газар эзэмших эрхтэй  гэдэг нь нотлогджээ. 

Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1391 дүгээр албан бичиг түүний хавсралтаар  ирүүлсэн баримтад нэхэмжлэгч А. гуравдагч этгээд Д.А нарын газар нь байршлын хувьд давхцалгүй болохыг тодорхойлсон байна. 

Нөгөө талаар иргэн Д.А Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамжны 367а тоотод газар эзэмшсэн нь нэхэмжлэгч Т.О, А.Б нарын эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар захирамжийн Д.Ариунболорт холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 21.5.3 “энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх.......” гэж тус тус зохицуулсантай нийцсэн байна.

Мөн Д.Ариунболорт олгосон газрын хаягыг кадастрын зураг болон зарим баримт бичигт 364А гэж тэмдэглэсэн хэдий ч дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн хавсралтын 15-д “18 дугаар хороо, Бэлх, 53-367А тоотод газар эзэмшүүлсэн нь тогтоогджээ.

3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Д.Пагамсүрэнд бичиж олгосон 000125959 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд;

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 53 дугаар гудамжны 367б тоот гэр бүлийн зориулалттай газрыг анх 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн иргэн Д.Пагамсүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашзэвэгийн гаргасан мэдүүлэг, өргөдөл, газар өмчлүүлсэн шийдвэр, газрын байршлын кадастрын зураг, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, 260 дугаартай нотариатчийн гэрчилсэн итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Г-2203008504 дугаарт бүртгэн өмчлөх эрхийн 000125959 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Гуравдагч этгээд Д.П-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмчлөх эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг өргөдөл түүнд хавсарган ирүүлсэн материалууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг бүрэн хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэлгүй гэж үзсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэр хууль зөрчөөгүй.

Мөн эрх бүхий этгээдийн шийдвэрээр өмчилсөн газрыг бүртгэж баталгаажуулсан улсын бүртгэлийн байгууллагын энэхүү шийдвэр нэхэмжлэгч Т.О, А.Бнарын эрхийг зөрөөгүй, холбогдох хуулийн заалтуудтай нийцсэн байна.

Ийнхүү дүгнэхэд иргэн  Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 540 дүгээр захирамж, Д.Ариунболорт газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 327 дугаар захирамж, мөн иргэн Д.Пагамсүрэнд газар өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийн байгууллагын шийдвэр тус тус Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудтай нийцсэн бөгөөд хэн нэгний эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нэрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1,  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2008 оны 540 дүгээр захирамжийн Д.Пагамсүрэн, Д.Батбаяр нарт газар өмчлүүлэхээр олгосон шийдвэрийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 327 дугаар захирамжийн Д.Ариунболорт холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн Д.Пагамсүрэнд бичиж олгосон 000125959 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Т.О, А.Бнарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч нараас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийн 70200 төгрөгийг нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн буцаан олгож, 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР