Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0062/З |
Дугаар | 221/МА2022/0698 |
Огноо | 2022-11-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2022/0698
2022 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2022/0698 | Улаанбаатар хот |
2022 оны 06 сарын 15 өдөр |
| Дугаар 221/МА2022/0420 | Улаанбаатар хот |
“Ч О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “Ч О” ХХК-ийн төлөөлөгч Д.Б-Э
Нэхэмжлэгч: “Ч О” ХХК
Хариуцагч: СС, СЯ-ны ХАА-ны уб Б.С
Нэхэмжлэлийн шаардлага: “СС-ын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 75 дугаар тушаал, Сангийн яамны ХАА-ны уб-гчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/27 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б,
Хариуцагч Б.С, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Э нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2022/0062/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ч О” ХХК-аас СС, СЯ-ны ХАА-ны уб Б.С нарт холбогдуулан “СС-ын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 75 дугаар тушаал, Сангийн яамны ХАА-ны уб-гчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/27 дугаартай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 52 дугаар зүйлийн 52.1.14, 521 дүгээр зүйлийн 521.1, 521.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ч О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б-Э давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүх Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас зарласан БГД ХААА/ОН-21-06-01 дугаартай “...Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засвар”-ын тендер шалгаруулалтад оролцохдоо Голомт банкны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10/199 дугаартай тодорхойлолтыг хуурамчаар ирүүлсэн гэх мэдээллийн дагуу Сангийн яамны ХАА-ны уб-гчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/27 дугаар дүгнэлтээр ““Ч О” ХХК-ийг тендер оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна, мөн тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцахаар байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дээрх тендерийг зарлагдсаныг “Ч О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох Д.Б-Э миний бие мэдээд уг тендерт оролцох материалаа бүрдүүлж байтал Д.Б-Э миний ээж Д.Ч нь ковид 19 тусч, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр илэрч, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эмнэлэгт хэвтсэн бөгөөд бие нь хүндэрсэн тул Д.Б-Э миний бие сахиур хийх болсон, эмнэлэгт сахиур хийх явцад өөрөө ковид 19 тусаад эмчилгээ хийлгэсэн.
2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн өглөө эмнэлэгт сахиураар орохдоо тендерийн материалын дутуу зүйлсийг гүйцээгээд өгөөрэй гээд Голомт банкнаас тодорхойлолт авах албан бичгийг ажилтандаа өгөөд эмнэлэгт сахиураар орсон. Эмнэлгээс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гарсан бөгөөд 2021 оны 08 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас тендерт хуурамч бичиг баримт өгсөн байна гэж хэлснээр манай компанийн ажилтан Голомт банкнаас тодорхойлолтоо авахаа мартаад наадмын амралт эхэлсэн тул тодорхойлолтоо авч чадахгүй, Голомт банкны тодорхойлолтыг хуурамчаар өгснийг мэдээд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажилтандаа сахилгын арга хэмжээ тушаалаар авсан болно.
3.2. Сангийн яамны ХАА-ны уб-гчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг хүлээн аваад 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сонсох ажиллагаанд болсон үйл явдлыг хэлсэн боловч, “Ч О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Б-Э миний тайлбар болон хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авахгүйгээр дүгнэлтийг гаргасан учир Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч, дүгнэлтийг хэвээр үлдээсэн нь өвчин зовлонтой байсан хүндэтгэн үзэх шалтгааныг минь харгалзан үзээгүй.
3.3. “Ч О” ХХК-ийн захирал миний бие тухайн тендерийн баримт бичгийг өгөхөд хуурамч банкны тодорхойлолт өгөөгүй, миний хүсэл зориг байгаагүй бөгөөд эмнэлэгт сахиураар, мөн өөрөө халдвар авч эмчлүүлсэн улаан бүсэд байсан учир хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэж байна. Ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүссэн тендерийн бүрдүүлэх материал дээр “Ч О” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах нь үндэслэлгүй, нөхцөл байдлыг тал бүрээс нь судлаагүй гэж үзээгүй нь хууль бус юм.
3.4. Мөн СС-ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын хавсралтаар “Ч О” ХХК-ийг Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулсныг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/2153 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдсэн болно. СС-ын тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т зааснаар мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүйгээр захиргааны акт гаргажээ.
3.5. Мөн Сангийн яамны худалдан авах авах ажиллагааны улсын байцаагч Б.С-д холбогдуулан УБ/27 дугаар дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан байхад шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулсан нь хууль бус болсон бөгөөд уг гомдол дурдсан сонсох ажиллагаа СС хийгээгүй талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүхээс шүүхийн шийдвэртээ дүгнээгүй болно.
3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.2-т заасны дагуу Сангийн яамны ХАА-ны уб-гчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/27 дугаар дүгнэлт, СС-ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Захиалагч нь тендерийн ерөнхий нөхцөлийн магадлах явцад илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хандаж, уг асуудлыг шалгаж, тогтоолгох учиртай.
2.2. Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны алба “Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас зарласан БГД-ХААА/ОН-21-06-01 дугаартай “нийтийн зориулалттай орон сууцны дээврийн засвар” тендер шалгаруулалтад оролцохдоо хуурамч тодорхойлолт ирүүлсэн гэх үндэслэлээр 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 125 дугаартай “Ч О” ХХК-ийг “...санхүүжилт олгох тухай тодорхойлолтыг хуурамчаар үйлдэн ирүүлсэн нь ...тогтоогдсон тул шалгаж өгнө үү” гэх албан бичгийг Сангийн яаманд хүргүүлжээ.
2.3. Үүнтэй холбогдуулан Худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төсвийн ерөнхийлөн захирагчид болон захиалагчдаас ирүүлсэн хүсэлт, мэдээллийн дагуу тендер шалгаруулалтад оролцогчид, гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх зэргийг шалгаж тогтоох зорилгоор “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04 дүгээр удирдамж, түүний хавсралтаар баталсан хяналт шалгалт хийх 45 аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад “Ч О” ХХК багтжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ХАА-ны уб-гчийн дүрэм”-ийн 5.1-д заасны дагуу дээрх удирдамжийн хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 30 хоногоор сунгасан байх ба энэ талаар талууд маргаагүй байна.
2.4. Тендерт оролцогчдыг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2021 оны “Хяналт шалгалт хийх тухай” УБ/04, УБ/05 дугаартай удирдамжийн дагуу шалгаж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Хяналт шалгалтын тухай” УБ/27 дугаар улсын байцаагчийн дүгнэлтээр “Ч О” ХХК нь “Голомт банк” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 10/199 дугаартай санхүүжилтийн тодорхойлолтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан илт худал мэдээлэл ирүүлсэн болох нь тогтоогджээ.
2.5. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан ХАА-ны уб-гчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, “Голомт банк” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 10/225, мөн банкны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14/хх/03-310 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”, 14.1.6-д “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;”, 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14-д “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;” 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.”, 521.2-д “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;” гэж тус тус заажээ.
3.1. Уг хуулийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/27 дугаар дүгнэлтээр “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” болохыг тогтоож, нэхэмжлэгч “Ч О” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн нь хууль тогтоомж болоод нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй юм.
3.2. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын СС-ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255 дугаар тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 7.4-д “Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2.1-д “Тендерт оролцогч ... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.
Дээрхээс үзэхэд, тендерт оролцогч нь тендерт ирүүлсэн баримтыг үнэн зөв эсэхийг өөрөө хариуцах бөгөөд хэрэв алдаатай тохиолдолд тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахаас өмнө залруулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн “Сангийн яамны ХАА-ны уб-гчийн ... 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн сонсох ажиллагаанд болсон үйл явдлыг хэлсэн боловч, “Ч О” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Д.Б-Э миний тайлбар болон хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авахгүйгээр дүгнэлтийг гаргасан ... өвчин зовлонтой байсан хүндэтгэн үзэх шалтгааныг минь харгалзан үзээгүй...” гэх гомдол үндэслэлгүй.
3.3. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
3.4. Нэгэнт нэхэмжлэгч “Ч О” ХХК нь “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” нь тогтоогдсон энэ тохиолдолд маргаан бүхий дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцсэн байна.
3.5. Энэ талаар нэхэмжлэгчийн “...Сангийн яамны худалдан авах авах ажиллагааны улсын байцаагч Б.С-д холбогдуулан УБ/27 дугаар дүгнэлт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргасан байхад шүүх уг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд оруулсан нь хууль бус ...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2022/0494 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА