| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2021/0267/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/279 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/279
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч У.Анхжаргал шүүгдэгч А.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 00352 0294 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн А.Л, *** оны ** дугаар сарын **-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овоо *** тоотод оршин суудаг, ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч А.Л нь согтуурсан үедээ, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овооны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн охин Л.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж заазуураар зүүн гарын тус газарт нь цохиж, улмаар биед нь зүүн гарын бугалгад шарх, шалбаралттай гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч, Б овгийн А.Л нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед, согтуурсан байхдаа Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Мандал-Овооны *** тоотод насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн охин Л.Д-ийн зүүн гарын бугалгыг заазуураар зүсэж, мөн гараараа цохиж, бие махбодод нь “зүүн гарын бугалгад шарх, шалбаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч А.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Насанд хүрээгүй хохирогч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдрийн 22 цагийн үед манай аав Л, ээж З нар валентины баяр тэмдэглээд гэртээ 0.75 литрийн Хараа нэртэй архи хувааж ууж байгаад согтоод аав агсам согтуу тавиад ...заазуур барьж босож ирээд миний зүүн гарын бугалга хэсэгт заазуурын ирээр цохичихсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28-30 дугаар хуудас);
3. Гэрч Т.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү Л.Д над руу фейсбүүкээр video call хийж залгаад “аав А.Л, ээж Ж.З нар хоорондоо маргалдаад хэрүүл хийгээд байна, би гараа хутгаар зүсүүлчихсэн” гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас);
4. Насанд хүрээгүй гэрч Л.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ...би гэрээсээ гараад хашаан дотроо байж байтал гэр дотор хүн орилоод байхаар нь ортол эгч Л.Д-ийн зүүн гарын бугалга хэсэг нь зүсэгдчихсэн, цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-47 дугаар хуудас);
5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар 17-ны өдрийн 1564 дугаартай: “...Л.Д-ийн биед зүүн гарын бугалгад шарх, шалбаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 49-50 дугаар хуудас);
6. Шүүгдэгч А.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Маргааш өглөө нь би эрүүлжүүлэхээс гараад гэртээ иртэл эхнэр Ж.З “чи өчигдөр охин Д-гийн бугалгыг хутгаар зүсчихсэн байна шүү дээ” гэж хэлсэн. Миний буруу...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 104-106 дугаар хуудас);
7. Хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 82-84 дүгээр хуудас), хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 85-87 дугаар хуудас), гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 88-96 дугаар хуудас);
8. Шүүгдэгч А.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 59 дүгээр хуудас), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа (хх-ийн 61 дүгээр хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тухай тодорхойлолт (хх-ийн 62 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 63 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хх-ийн 64 дүгээр хуудас), Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга (хх-ийн 68-72 дугаар хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 73-74 дүгээр хуудас), цалингийн тодорхойлолт (хх-ийн 75 дугаар хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 76 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлолт (хх-ийн 77 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78 дугаар хуудас), хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 115 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх бөгөөд прокурорын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай тогтоолоор түүний хүсэлтийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ажиллагаа нь хуульд заасан шаардлагад нийцсэн байна.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Л.Д-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч А.Л-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.Д-ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Насанд хүрээгүй хохирогч Л.Д, шүүгдэгч А.Л нар нь хамт амьдардаг, төрсөн охин, төрсөн эцгийн харилцаатай гэр бүлийн гишүүд тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс юм. Иймд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хууль хэрэглээний талаарх хууль ёсны зарчмыг удирдлага болгон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээх тодорхойлолтыг баримтлан шүүгдэгч А.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Л-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй хохирогч Л.Д нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч А.Л-г бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Л нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” хэмээн хуулиар тогтоосон үндсэн хугацааг шүүхийн тогтоолд тусгах шаардлагагүй юм.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн А.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Л-д сануулсугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Л нь цагдан хоригдоогүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА