| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/86 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/86
2021 03 05 2021/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга,
Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт А.Од холбогдох эрүүгийн 2034000000605 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ш овогт А.О, 1979 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Төв аймаг Эрдэнэ сумын 1-р багт оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, НА77777777 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.О-гийн өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөх шаардлагагүй гэх,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Иргэний нэхэмжлэгч А.Баярбат /хх 24/, Г.Одмягмар /хх 75-76/, шинжээч Ш.Отгонбуян /хх 77/, Д.Баасансүрэн /хх 26/, Э.Ундрахбаяр /хх 27/, А.Мягмардорж /хх 28/, шүүгдэгч А.О-гийн гэрч болон яллагдагчаар /хх 25, 66-67/ өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, 1 ширхэг цахилгаан хөрөөг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12/, 252 ширхэг 29,25 куб мод битүүмжилсэн тэмдэглэл /хх 14-15/, КМ-250 маркийн 1515 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тэмдэглэл /хх 17-18/, тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөөг үнэлсэн “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 09/423 /хх 31-37/, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 07/437 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 47-53/, модны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №06 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 70/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч А.О нь 2020 оны 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг “Тосонгийн ар” гэх газраас хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 8 879 685 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч А.О-гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг 2 модны адаг гэх газар өвөлждөг. Тэгээд тухайн газраа хашаа саравч барих гээд Төв аймгийн Эрдэнэ сумын байгаль хамгаалагчаас 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс мод бэлтгэх эрхийн бичиг /Гоожин/ бичүүлж аваад тухайн үед 10м3 мод бэлтгэсэн. Тэгээд ажил төрөл амжихгүй байж байгаад Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн малыг хардаг ба тухайн ангиас унаа тэрэг шийдэж өгөөд 5 алба хаагч ирээд Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг Тосонгын ар гэх газраас хашаа саравчны мод бэлтгээд өвөлжөөн дээрээ том машинаар 2 удаа буулгасан. Учир нь 2020 оны 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд бэлтгэсэн модондоо зөвшөөрлийн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй хийж байгаад цагдаад баригдсан. Кубийг нь хэмжиж мэдэхгүй байна. Тоо ширхгээр бол 300 гаран ширхэг мод бэлтгэсэн. Хуурай хорхой идсэн ахиж ургах чадваргүй болсон мод бэлтгэсэн. Хүйтрэхээс өмнө цэргийн ангиас машин хүн гаргаад өгөхөөр нь би амжаад модоо татъя гэж бодоод хийсэн. Би цахилгаан хөрөөгөөр хөрөөдөөд Баасансүрэн гэх залуу түлхэж унагаад үлдсэн 3 залуу нь газар унагаасан модыг цагаалж мөчирлөдөг. Хорхой идсэн болохоор нь хийсэн. Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн КМ-250 маркийн 1515 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэсэн.” гэх мэдүүлэг /хх 25/,
“Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байх сумын засаг даргад хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх гэсэн утгатай хүсэлт гаргасан тэгээд уг нэлээн хэд хоногийн дараа сумын байцаагч Гэрэлт-Одод өргөдлөө танилцуултал ойн байцаагч Батбаяр луу явуулсан тэгээд Эрдэнэ сум Тосонгийн ам гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлийг авсан бөгөөд зөвшөөрөл дээр 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл 10 куб мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн юм. Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр эхнэр Түвшингийн бие нь муудаад Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад Улаанбаатар хотод 4-5 удаа хоносон. Тэгээд хугацаанд заасан өдөр модоо бэлтгэж чадаагүй юм. Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийг бог малыг 2020 оны 07 сараас хойш маллаж байсан юм. Тэгээд цэргийн ангийг машиныг хурандаа Сүх-Очроос авсан. Би цэргийн ангийн машиныг гаргуулан авахдаа өвөлжөө, хаваржаанд бэлтгэх гэсэн юм хүн байвал туслуулаач гэж гуйсан. Тэгтэл 5 хүн машины хамт өгсөн. Тэгээд 2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр Төв аймаг Эрдэнэ сум Тосонгын ар гэх газар машиндаа мод бэлтгээд Төв аймаг Эрдэнэ сумын Хоёр модны адаг гэх газар өвөлжөөн дээрээ буулгаад дахин модоо бэлтгэх гээд Тосонгийн ар гэх газар очоод байж байтал цагдаа нар ирсэн. Би зөвшөөрөлгүйгээр биш зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн мод бэлтгэх хоног л хоцорсон юм. Би тэр үед ойн байцаагч болон Гэрэлт-Од байцаагч руу залгахад утас нь холбогдоогүй юм.” гэх мэдүүлэг /хх 66-67/,
Шинжээч Ш.Отгонбуянгийн өгсөн: “Би шинжээчийн 06 дугаартай дүгнэлтийг гаргасан. Гэрэлт-Од байцаагч нь 2009 оны 394 дүгээр тушаалаар батлагдсан ой эдийн засгийн үнэлгээгээр бодсон байсан. Уг тушаал нь 2020 оны 3 дугаар сард шинэчлэгдээд 2020 оны 7 дугаар сараас мөрд гэсэн А/176 дугаар тушаал гарсан. Заасан хугацаанд мод бэлтгээгүй нь хууль бус юм. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр модоо бэлтгэж чадаагүй бол байгаль хамгаалагчид хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу байгаль хамгаалагч нэг удаа сунгаж болно. Хэрэв хүсэлт гаргаагүй хэтэрсэн хугацаанд бэлтгэсэн бол хууль бус гэж үзнэ.” гэх мэдүүлэг /хх 77/,
Иргэний нэхэмжлэгч А.Баярбатын өгсөн: “Би Улаанбаатар хот Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангид Тагнуулын офицер ажилтай. Энэ албанд томилогдоод мэргэжлээрээ 7 жил ажиллаж байна. Манай Зэвсэгт хүчний 350-р анги туслах аж ахуйтай болоод Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Отгон-Өлзий гэх хүнийг сонгоод туслах малчнаар авсан. Манай ангийн малыг хараад 2 сар орчим маллаж байна. Тэгээд Отгон-Өлзий гэх хүн нь ангийн даргад хүсэлт гаргаад өвөлжөө барих гээд мод бэлтгэх гэсэн юм мод бэлтгэх зөвшөөрөл авчаад байна хүн хүч машин тэрэгний туслалцаа үзүүлээч гэж ангийн захирагч Ж.Сүх-Очирт амаар утсаар ярьж хүсэлт өгсний дагуу ангиас 1 тээврийн хэрэгсэл 5 цэргийн алба хаагчийн хамт явуулсан боловч тухайн малчин маань зөвшөөрөл аваагүй байж манай алба хаагч нараар мод бэлтгүүлсэн байсан. Тэгээд манай албаны машин журамлагдсан. Манай малчин Отгон-Өлзий худал ярьж мод бэлтгүүлсэн манай албаны КМ-250 маркийн 1515 ААА тээврийн хэрэгслийг авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх 24/,
Иргэний нэхэмжлэгч Г.Одмягмарын өгсөн: “Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Төв аймгийн засаг дарга намайг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон. Тэгээд би мэдүүлэг өгч байна. Хэргийн талаар бол мэдэхгүй байна. Би А.О гэх хүнийг сайн танихгүй. Сумын иргэн гэдэг утгаар нь бол зүс танина. Байгаль орчинд учирсан хохирлыг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 75-76/,
Гэрч Д.Баасансүрэнгийн өгсөн: “Би Зэвсэгт хүчний 350-р ангид салаан захирагчийн орлогчийн ажил хийдэг. Энэ ажилд ороод 16 жил ажиллаж байна. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө ангийн нэгдэл дээр ангийн туслах аж ахуйд 4 алба хаагч явж өвөлжилтийн бэлтгэл хангаж саравч хашаа сунгаж барих ажил байна гэж хэлээд явах хүн байна уу гэхээр нь би болон надтай хамт ирсэн 3 залуу өөрсдийнхөө саналаар явахаар болсон. Тэгээд ангийн захирагчийн тушаал гараад бид 4 Отгон-Өлзий гэх туслах аж ахуйн малчныд ирсэн. 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирээд хоноод 2020 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 1 машин мод бэлтгэж өвөлжөөн дээр буулгаад өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үдээс өмнө 1 машин мод бэлтгэж өвөлжөөн дээр бэлтгэж буулгаад 2 дахь модоо бэлтгээд ачиж байхад цагдаа нар ирсэн. Кубийг нь хэмжиж мэдэхгүй байна. Тоо ширхгээр бол 300 гаран ширхэг мод бэлтгэсэн. Хуурай хорхой идсэн ахиж ургах чадваргүй болсон мод бэлтгэсэн. Отгон-Өлзий гэх хүн бүх модыг хөрөөдөөд бид хэд ээлжээр түлхэж унагаад цагаалж мөчирлөж бүгд нийлээд машиндаа ачсан. Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн КМ-250 маркийн 1515 ААА дугаарын тээврийн хэрэгслээр бэлтгэсэн.” гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Э.Ундрахбаярын өгсөн: “Би Зэвсэгт хүчний 350-р цэргийн ангид жолооч хийдэг. Энэ ажилд ороод 7 жил болж байна. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө ангийн нэгдэлт дээр ангийн туслах аж ахуйд 4 алба хаагч явж өвөлжилтийн бэлтгэл хангаж саравч хашаа сунгаж барих ажил байна гэж хэлээд явах хүн байна уу гэхээр нь би болон надтай хамт ирсэн 3 залуу өөрсдийнхөө саналаар явахаар болсон. Тэгээд ангийн захирагчийн тушаал гараад бид 4 Отгон-Өлзий гэх туслах аж ахуйн малчныд КМ-250 маркийн 1515 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирээд хоноод 2020 оны 9 дүгээр сарын 24 өдөр 1 машин мод бэлтгэж өвөлжөөн дээр буулгаад өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үдээс өмнө 1 машин мод бэлтгэж өвөлжөөн дээр бэлтгэж буулгаад 2 дахь модоо бэлтгээд ачиж байхад цагдаа нар ирсэн. Кубийг нь хэмжиж мэдэхгүй байна. Тоо ширхгээр бол 300 гаран ширхэг мод бэлтгэсэн. Хуурай хорхой идсэн ахиж ургах чадваргүй болсон мод бэлтгэсэн. Амаар зөвшөөрөл байгаа эсэхийг асуухад Отгон-Өлзий өөрөө асуудалгүй гэж хэлсэн. Би унагасан модыг цагаалж мөчирлөж бүгд нийлээд машиндаа ачсан. Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн КМ-250 маркийн 1515 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслээр бэлтгэсэн. Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл.” гэх мэдүүлэг /хх 27/,
Гэрч А.Мягмардоржийн өгсөн мэдүүлэг /хх 28/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч А.О-гийн "Би зөвшөөрөлгүйгээр биш зөвшөөрөлтэй мод бэлтгэсэн. Мод бэлтгэх хоног л хоцорсон." гэснээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэв. Шинжээч Ш.Отгонбуянгийн өгсөн: “Заасан хугацаанд мод бэлтгээгүй нь хууль бус. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр модоо бэлтгэж чадаагүй бол байгаль хамгаалагчид хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу байгаль хамгаалагч нэг удаа сунгаж болно. Хэрэв хүсэлт гаргаагүй хэтэрсэн хугацаанд бэлтгэсэн бол хууль бус гэж үзнэ.” гэх мэдүүлэг, иргэн мод бэлтгэхдээ Ойн тухай хуулийн 20.1.4-т заасны дагуу түлшний болон ахуйн хэрэгцээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчид гаргаж, ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчилгааны дагуу гүйцэтгэхээр заажээ. Мөн хуулийн 35.4 дүгээр зүйлд -гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, -төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, -засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэжээ. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А-153 тоот тушаалаар баталсан Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 6.6-т гарал үүслийн гэрчилгээгүй, гэрчилгээг баталгаажуулаагүй, дамжин өнгөрөх хяналтын цэгт бүртгүүлээгүй, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй мод, модон материалыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гэжээ.
Шүүгдэгч А.О нь мод бэлтгэх эрхийн бичгийг Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаас 2020.9.07-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэл 2 хоногийн хугацаагаар 10 м3 мод бэлтгэж, 50 км газарт 2020.9.09-ний өдөр 1 хоног тээвэрлэхээр эрхийн бичиг авсан болох нь хавтаст хэргийн 87-р хуудсанд авагдсан №059425 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр тогтоогдсон.
Гэтэл А.О нь мод бэлтгэх зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаар хүсэлт гаргаагүй, зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй байхдаа зөвшөөрлийн хугацаа хэтрүүлж 2020.9.24-25-ны өдрүүдэд мод бэлтгэсэн, мөн мод бэлтгэх эрхийн бичигт 10м3 мод бэлтгэх атал заасан тоо хэмжээг хэтрүүлж 29,25 м3 мод бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон мод битүүмжилсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ.
Иймд шүүгдэгч А.О-г гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгийн үнийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна гэж зааснаар шүүгдэгч А.О-гөөс гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан 8 879 685 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.5-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж,
шүүгдэгч А.О ямар нэг санал гаргаагүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,
түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл ангиар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул улсын яллагчийн шүүгдэгчийг 550 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ...зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд хураан авахаар зохицуулсан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн өмчлөлийн 1515 ААА улсын дугаартай КМ-250 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5 892 500 /таван сая найман зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөг, шүүгдэгчийн эзэмшлийн 101 300 /нэг зуун нэг мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангид буцаан олгож,
эрүүгийн 2034000000605 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.О-гийн гэмт хэрэг үйлдэж олсон 19,79м3 200 ширхэг шургааг, 9,46м3 52 ширхэг гуалинг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Хэрэгт 1 ширхэг хөрөө, 252 ширхэг 29.25 куб мод, Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн КМ-250 маркийн 1515 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2020.9.25-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш овогт А.О-г зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-г 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-д оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-гөөс 8 879 685 /найман сая найман зуун далан есөн мянга зургаан зуун наян тав/ төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт битүүмжлэгдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн өмчлөлийн 1515 ААА улсын дугаартай КМ-250 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5 892 500 /таван сая найман зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч А.О-гөөс гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж,
уг тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангид буцаан олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч А.О-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 101 300 /нэг зуун нэг мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг, гэмт хэрэг үйлдэж олсон 19,79м3 200 ширхэг шургааг, 9,46м3 52 ширхэг гуалинг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хурааж, орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
8.Хэрэгт 1 ширхэг хөрөө, 252 ширхэг 29.25 куб мод, Зэвсэгт хүчний 350 дугаар цэргийн ангийн КМ-250 маркийн 1515 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн 2020.9.25-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ