| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0025/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/22 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: В.Төгсбаяр,
Шүүгдэгч: Т.Н /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт Т.Н холбогдох 2129000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг МБ Транс ХХК-ийн хоосон машины дараалалд зогсож байсан 83-27 ӨМҮ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн бүхээгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эрдэнэболдтой хувийн таарамжгүй харьцаанаас буюу машин дотор тамхины үнс хаялаа гэх асуудлаар маргалдаж улмаар хайчаар цээжин тус газар нь хатгаж цээжний өмнө хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Эрдэнэболдын: “... Тэгээд тэр хоёр надад ууж байсан пивоо хийж өгөхөөр нь би хамт Т.Н, Ц.Түмэн-Өлзий хоёртой хамт хувааж ууж дуусаад байж байхад Ц.Түмэн-Өлзий, Т.Н ахын машинд тамхины үнс хаяад байхаар нь Т.Н ах уурлаад Ц.Түмэн-Өлий гэдэг залууг хөөгөөд буулгахаар нь би “та яагаад байгаа юм бэ” гээд хэлтэл Т.Н ах уурлаад намайг хөөгөөд тэрнээс болж бид хоёр маргалдаад бид хоёр маргалдаад бид хоёр нүүрс тээврийн машинаас буугаад барилцаж аваад би газарт унагаад дээр нь гараад байж байхад Ц.Түмэн-Өлзий ирээд миний араас татаж босгоод байж байхад Т.Н гэдэг ах “би чамайг шаанаа” гээд нүүрс тээврийн машин руугаа алхаад яваад орохоор нь Ц.Түмэн-Өлзий миний араас барьж байснаа болиод араас нь яваад орохоор нь би Н ахын барьж явсан машинд Ц.Түмэн-Өлзийгийн араас ортол миний цээжин тус газарт Т.Н ах улаан бариултай хайчаар хатгасан. Тэгэхээр нь би буугаад байж байтал Ц.Түмэн-Өлзий хүрээд ирэхээр нь би “намайг хайчаар хатгачихлаа” гээд хэлтэл Ц.Түмэн-Өлзий “хаана чинь” гээд миний цамцыг сөхөж үзээд “цус гарч байна” гээд хэлэхээр нь миний уур хүрээд Ц.Түмэн-Өлзий рүү уурлаад байж байтал Баяраа гээд бид нар дуудаад байдаг залуу ирээд “та нар чинь юу болж байна” гэж хэлээд Т.Н ахыг нүүрс тээврийн машинд нь оруулаад яваад өгсөн. Тэгээд Бабаа гээд дуудаад байдаг найз руу утсаар холбогдоод намайг хүн хайчаар хатгасан гээд хэлтэл Бабаа хүрч ирээд Цагаан хадны Хайрхан эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р хуудаст/,
Гэрч Б.Баярбаатарын: “2021 оны 01 сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг МБ Транс ХХК-ийн хоосон машины очерт нүүрс тээврийн 80-62 УНР улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл дотроо байж байгаад МБ Транс ХХК-ийн хашааны урд булангаар тойроод бие засаад буцаад нүүрс тээврийн машиндаа иртэл хамт ажилладаг Б.Эрдэнэболд, Ц.Түмэн-Өлзий, Т.Н нар маргалдаад байж байсан. тэгтэл Ц.Түмэн-Өлзий надад хэлэхдээ “Т.Н ах Б.Эрдэнэболдыг хутгалчихсан” гээд хэлэхээр нь би Т.Н ахг дагуулаад барьж явсан нүүрс тээврийн машинд нь оруулж өгөөд байж байтал удаагүй П.Болдбаатар гэдэг залуу хүрч ирээд Б.Эрдэнэболд гэдэг залууг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд би нүүрс тээврийн машиндаа ороод суусан” гэх мэдүүлэг /хх-н 16-р хуудаст/,
Гэрч П.Болдбаатарын: “Би 2021 оны 01 сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд байж байхад миний гар утас руу нэг газарт хамт ажилладаг Б.Эрдэнэболд би цагаа сайн санахгүй байна ойролцоогоор 20 цагийн үед байх над руу залгаад “намайг МБ Транс ХХК-ийн энд цээж рүү хүн юмаар хатгачихлаа чи хүрээд ирээч” гээд надад хэлэхээр нь би МБ Транс ХХК-ийн тэнд яваад очиход Б.Эрдэнэболд нүүрс тээврийн машиныхаа арын дугуйг налаад газарт сууж байхаар нь Б.Эрдэнэболд гэдэг залууг аваад Цагаан хаданд байдаг Хайрхан нэртэй хувийн эмнэлэг дээр ирээд байж байтал удаагүй цагдаа ирээд, цагдаа ирсний дараа эмч ирээд Б.Эрдэнэболд гэдэг залууг үзээд хатгагдсан газарт нь оёдол тавьж өгөөд Ханбогд сумын эмнэлэг аваад явсан, өөр надад мэдэж байгаа зүйл байгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 18-р хуудаст/,
Гэрч Ц.Түмэн-Өлзийгийн: “...Т.Н ах “чи миний нүүрс тээврийн машин дотор тамхины үнс хаялаа” гээд уурлаад эхэлтэл Б.Эрдэнэболд гэдэг залуу “та яагаад байгаа юм” гээд маргалдаад эхлэхээр нь би өөрийнхөө барьж явсан очерт зогсож байсан нүүрс тээврийн машиндаа ороод байж байтал Т.Н Б.Эрдэнэболд хоёр миний барьж явсан нүүрс тээврийн машин Т.Н барьж явсан очерт зогсож байсан нүүрс тээврийн машины голд зодолдоод эхлэхээр нь би гутлаа өмсөөд буугаад очтол Т.Н ахын дээр нь Б.Эрдэнэболд гарчихсан байсан. Тэгэхээр нь Б.Эрдэнэболд гэдэг залууг татаад салгаад байж байтал******* ах газарт хэвтэж байснаа босоод “би чамайг шаанаа” гэж хэлээд өөрийнхөө барьж явсан нүүрс тээврийн машины зүг алхаад явсан. Тэгэхээр нь би Эрдэнэболд гэдэг залууг мөрөн дээрээс нь араас тэвэрч байснаа болиод Т.Н ахын араас нь очоод Т.Н ах жолооч талын хаалгаа онгойлгоод кабиндаа орох гэхээр нь би Т.Н ахын хөлнөөс нь татаад хамт шахуу нүүрс тээврийн машин дотор нь ортол Б.Эрдэнэболд миний хажуугаар Т.Н барьж явсан нүүрс тээврийн машинд ороод иртэл Т.Н ах Б.Эрдэнэболд руу эргээд харах шиг болтол Б.Эрдэнэболд “намайг шаачихлаа” гэж хэлээд Т.Н ахын барьж явсан нүүрс тээврийн машин дотроос буухаар нь би араас нь бууж очоод Б.Эрдэнэболд гэдэг залуугийн цамцыг сөхөөд үзэх гэтэл Б.Эрдэнэболд над руу уурлаад “намайг шаачихлаа” гээд хэлээд надад уурлаад намайг цохих гэхээр нь би Б.Эрдэнэд гэдэг залууг тэврээд авахад миний нүүрс тээврийн машины ойролцоо зогсож байсан бид нар Бобоо гээд дуудаад байдаг залуу ирээд Б.Эрдэнэболд гэдэг залууг аваад явахдаа “чи цаашаа яв” гээд надад хэлэхээр нь би нүүрс тээврийн машиндаа орсон” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудаст/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №66 дугаартай “1. Б.Эрдэнэболдын биед цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 23-р хуудаст/,
Шүүгдэгч Т.Н хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 36-37, 39, 45-р хуудаст/,
Т.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 46-р хуудас/,
Т.Н Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 48-54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Т.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулдаг МБ Транс ХХК-ийн хоосон машины дараалалд зогсож байсан 83-27 ӨМҮ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн жолоочийн бүхээгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Эрдэнэболдтой хувийн таарамжгүй харьцаанаас буюу машин дотор тамхины үнс хаялаа гэх асуудлаар маргалдаж улмаар хайчаар цээжин тус газар нь хатгаж цээжний өмнө хэсэгт зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Н нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Т.Н хохирогч Б.Эрдэнэболдын цээжин тус газар нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Н нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эрдэнэболдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Эрдэнэболдын биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 66 дугаартай “1. Б.Эрдэнэболдын биед цээжний өмнө хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтэл үүсжээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 23-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч нь хохирогч Б.Эрдэнэболдод 300.000 төгрөг нөхөн төлсөн байна. /хх-ийн 59 дүгээр хуудас/
Хохирогч Б.Эрдэнэболд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 12-р хуудас / гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж үзлээ. Иймд шүүгдэгч Т.Н бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Т.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Т.Н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа зөвшөөрсөн, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Н нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 46 дугаар хуудас/
Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 7 см, бариулын урт нь 14 см, нийт 21 см урттай хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Т.Н нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Б.Эрдэнэболдод 300.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Б.Эрдэнэболд нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан шар өнгийн бариултай, ажлын хэсэг нь 7 см, бариулын урт нь 14 см, нийт 21 см урттай хайч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ