| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2021/0022/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/27 |
| Огноо | 2021-02-26 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр,
Шүүгдэгч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайжууд овогт Г.М холбогдох 2029001690121 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт боомтоор 43 ширхэг шуудайтай 476 кг ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нүүрсээ ачуулчхаад орой Шунхлай колонкийн хажууд машинаасаа буугаад явж байтал Боогий гэх залуутай таараад хоол унд ид гээд намайг машиндаа оруулж ирээд 30 ширхэг малын гүзээг хилээр гаргаад өгчих гэсэн. Ямар зүйл байгаа би очоод харъя гэж хэлэхэд ХО дугаартай старикс дотор өргөөд үзэхэд хөнгөхөн 10-аад шуудай зүйл байсан. Тэр өдөр бүрхэг өдөр байсан. Би Хөвсгөл далай буудлыг манай дүү ажиллуулдаг байсан. Би тэнд очиж хоносон. Шөнө бороо ороод тэр чигээрээ үерт автаад шөнийн 3-4 цагийн үед машин дээрээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд залгаж ярьсан дугаар луу нь эргээд ярьсан чинь аль хэдийн хийгээд явсан. 30 шуудай гүзээ нийтдээ 300 гаруй килограмм байгаа гэж хэлсэн. Тэгээд 8 сарын 13-ны өглөө талбайгаар ороод Халиун гэх эмэгтэй байцаагчтай уулзсан. 23-88 дугаартай машины жолооч мөн үү? гэж асуухад тиймээ гэж хэлэхэд бичиг баримт бүгдийг нь хураагаад авсан. Тэгээд би мэдсэн юм байна гэж бодоод зогсож байсан чинь гаалийн байцаагч нар ирээд талбай руу эргээд ор гэсэн. Талбай руу ороход хучлага аваад ухахад 43 ширхэг шуудайтай зүйл гаргаж ирсэн. Тэгээд 10-аад шуудайг шидэж байхад нэг нь задраад ургамлын үндэснүүд асгарсан. Тэгээд нэг эрэгтэй байцаагч ирээд дэрвэгэр жиргэрүү байна гэж хэлсэн. Би урьд нь дэрвэгэр жиргэрүү ургамлыг мэдэхгүй хараагүй. Гүзээ гэж хэлсэн гэсэн. Тэр үед ийм дугаараас над руу залгасан гэж хэлсэн. Тэгээд нэг яриад утас нь тэр цагаас хойш холбогдохоо байсан. 43 шуудай дэрвэгэр жиргэрүү ургамлыг гаргаж тавиад хиллээд Ханбогдын цагдаад авчирч өгсөн” гэв.
Хохирогч Б.Алтангэрэлийн: “... Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон.”, “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудаст/,
Г.Мөнхбаатарын гэрчээр өгсөн: “...Машинаа ачаатай нь Шунхлай клонкоос урагшаа 200 орчим метр зайд орхисон байсан. Шөнө тэд нар ачсан би машиндаа байгаагүй. Тэгээд унтаж байсан чинь борооны үер буугаад буудал усанд автаад машин дээрээ ирээд Боогийгийн ярьж байсан 89268326 дугаар луу залгаад “юу болсон бэ” гэсэн чинь “асуудалгүй ээ 30 шуудайг ачсан байгаа” гэсэн тэгээд очроороо явж байгаад өнөөдөр гаалийн хашаанд орж очиход гаалийн байцаагч ирж миний машиныг “23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирсэн үү гээд нэг гаалийн байцаагч зогсоогоод “машинд байгаа зүйлсийг буулга” гэсэн. Тэгэхдээ “юу байгаа вэ” гэж асуухад нь би “гүзээ гэсэн” гэж хариулаад шуудайтай зүйлсийг шидэж байсан чинь нэг шуудай нь задарсан. Тэгсэн чинь нэг байцаагч нь “өө энэ чинь дэрэвгэр жирэвгэр байна шдээ” гэж хэлсэн. тэгээд буулгахад нийт 43 шуудай гарч ирснийг киллэхэд дунджаар нэг шуудай нь 10 гаруй км-тай байсан. Тэгээд хураалгасан өөр зүйл болоогүй. Би ургамал гэж мэдээгүй, мөнгө төгрөгөө ч аваагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудаст/,
Гэрч Ж.Халиуны: “...Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гаргах чиглэлд ажиллаж байгаад “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй, улаан толгойтой Фотон маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.М тээврийн хэрэгслийг шалгахад чиргүүлийн урд хэсэгт нүүрсэн доогуур ууттай зүйл байсныг шалгаж гаргаж ирэхэд ургамлын үндэс байсан. Тэгээд би холбогдох шалгалтыг хийж цагдаагийн байгууллагад 43 ширхэг ууттай нийт 476 кг ургамлын үндэс хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 105-р хуудаст/,
Гэрч Б.Мөнхбилэгийн: “Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг Цагаан хад гэх газар “Ульган сар транс” ХХК-ийн кемп дээр байж байтал гаалийн зөрчлийн байцаагч залгаж “танай компанийн тээврийн хэрэгслээс цэцэг гарсан тул яаралтай гааль дээр ир” гэж дуудахаар нь удалгүй яваад очтол гаалийн талбай дээр 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэл зогсоосон, чиргүүлийн урд хэсэг нүүрсний доороос 41 ширхэг өнгийн ууттай Дэрэвгэр Жиргэрү гэх ургамал ачсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудаст/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудаст/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудаст/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэх мэдүүлэг /хх-ийн 69-94-р хуудаст/,
Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 02/191 дугаартай дүгнэлт /хх-ийн 115-116-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Г.М хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 123-124,139-140 163-167 -р хуудаст/,
Г.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 136-р хуудаст/,
Э.Дашнямын 892683268, Д.Өлзийжаргалын 89102282 дугаартай утасны орсон гарсан ярианы дуудлагын жагсаалтууд /хх-н 198-200-р хуудаст/,
Г.М арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 131-135-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхээс нотлох баримтаар үнэлэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1. Шүүгдэгч Г.М 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт боомтоор “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх бараа нь :
Шинжлэх ухааны академи, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Уг ургамлын дээж нь Манай оронд тархсан Майлзтан (Apiaceae Lindley 1836) овгийн Жиргэрүү (Saposhnikovia Schischkin 1951) төрөлд багтах Дэрэвгэр Жиргэрүү (Saposhnikovia divaricata Schischkin 1951) гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн.
Монгол Улсын Байгалын ургамлын тухай (1995, 2004) хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно.” гэж тодорхойлжээ. /хх-ийн 116 дугаар хуудас/
Дэрэвгэр жиргэрүү гэх ургамал нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ховор ургамлын жагсаалтын 350-т эрэмбэлэгдсэн ховор ургамал байна.
Дэрэвгэр жиргэрүү ургамлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалын “... устах аюулд орохоос урьдчилан сэргийлж, биологийн нөөцийг хамгаалах, газрын эвдрэл доройтлыг бууруулах зорилгоор судалгаа шинжилгээнээс бусад зориулалтаар байгалиас түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон” байна.
Түүнчлэн Дэрэвгэр жиргэрүү /1211.90.90/ гэх ургамал бол Засгийн газрын “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх барааны кодлосон барааны жагсаалт /ЗГ-ын 2016.01.11-ний өдрийн 32 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/-д багтсан ховор ургамал” тул түүнийг судалгаа шинжилгээний зориулалтаас өөрөөр улсын хилээр гаргахыг хориглосон бараа юм.”
Вашингтон хотод 1973 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай” конвенцын хавсралтад бүртгэгдсэн 74 төрлийн амьтан, ургамлын жагсаалтад ховор ургамал болох Дэрэвгэр жиргэрүү ургамал нь багтсан байна. Монгол Улс 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн конвенцод нэгдэн орох тухай хуулиар тус конвенцод нэгдэн оржээ.
2. Шүүгдэгч Г.М нь 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт боомтоор 43 ширхэг шуудайтай 476 кг ховор ургамлын жагсаалтад орсон Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндсийг “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нүүрсээ ачуулчхаад орой Шунхлай колонкийн хажууд машинаасаа буугаад явж байтал Боогий гэх залуутай таараад хоол унд ид гээд намайг машиндаа оруулж ирээд 30 ширхэг малын гүзээг хилээр гаргаад өгчих гэсэн. Ямар зүйл байгаа би очоод харъя гэж хэлэхэд ХО дугаартай старикс дотор өргөөд үзэхэд хөнгөхөн 10-аад шуудай зүйл байсан. Тэр өдөр бүрхэг өдөр байсан. Би Хөвсгөл далай буудлыг манай дүү ажиллуулдаг байсан. Би тэнд очиж хоносон. Шөнө бороо ороод тэр чигээрээ үерт автаад шөнийн 3-4 цагийн үед машин дээрээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд залгаж ярьсан дугаар луу нь эргээд ярьсан чинь аль хэдийн хийгээд явсан. 30 шуудай гүзээ нийтдээ 300 гаруй килограмм байгаа гэж хэлсэн. Тэгээд 8 сарын 13-ны өглөө талбайгаар ороод Халиун гэх эмэгтэй байцаагчтай уулзсан. 23-88 дугаартай машины жолооч мөн үү? гэж асуухад тиймээ гэж хэлэхэд бичиг баримт бүгдийг нь хураагаад авсан. Тэгээд би мэдсэн юм байна гэж бодоод зогсож байсан чинь гаалийн байцаагч нар ирээд талбай руу эргээд ор гэсэн. Талбай руу ороход хучлага аваад ухахад 43 ширхэг шуудайтай зүйл гаргаж ирсэн. Тэгээд 10-аад шуудайг шидэж байхад нэг нь задраад ургамлын үндэснүүд асгарсан. Тэгээд нэг эрэгтэй байцаагч ирээд дэрвэгэр жиргэрүү байна гэж хэлсэн. Би урьд нь дэрвэгэр жиргэрүү ургамлыг мэдэхгүй хараагүй. Гүзээ гэж хэлсэн гэсэн. Тэр үед ийм дугаараас над руу залгасан гэж хэлсэн. Тэгээд нэг яриад утас нь тэр цагаас хойш холбогдохоо байсан. 43 шуудай дэрвэгэр жиргэрүү ургамлыг гаргаж тавиад хиллээд Ханбогдын цагдаад авчирч өгсөн” гэв.
Хохирогч Б.Алтангэрэлийн: “... Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолд 2004 оны 165 дугаар тогтоолоор нэмэгдсэн ховор ургамлын жагсаалтад орсон.”, “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаанд түүж бэлтгэхийг түр хугацаагаар хориглосон байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 99-р хуудаст/,
Г.Мөнхбаатарын гэрчээр өгсөн: “...Машинаа ачаатай нь Шунхлай клонкоос урагшаа 200 орчим метр зайд орхисон байсан. Шөнө тэд нар ачсан би машиндаа байгаагүй. Тэгээд унтаж байсан чинь борооны үер буугаад буудал усанд автаад машин дээрээ ирээд Боогийгийн ярьж байсан 89268326 дугаар луу залгаад “юу болсон бэ” гэсэн чинь “асуудалгүй ээ 30 шуудайг ачсан байгаа” гэсэн тэгээд очроороо явж байгаад өнөөдөр гаалийн хашаанд орж очиход гаалийн байцаагч ирж миний машиныг “23-88 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирсэн үү гээд нэг гаалийн байцаагч зогсоогоод “машинд байгаа зүйлсийг буулга” гэсэн. Тэгэхдээ “юу байгаа вэ” гэж асуухад нь би “гүзээ гэсэн” гэж хариулаад шуудайтай зүйлсийг шидэж байсан чинь нэг шуудай нь задарсан. Тэгсэн чинь нэг байцаагч нь “өө энэ чинь дэрэвгэр жирэвгэр байна шдээ” гэж хэлсэн. тэгээд буулгахад нийт 43 шуудай гарч ирснийг киллэхэд дунджаар нэг шуудай нь 10 гаруй км-тай байсан. Тэгээд хураалгасан өөр зүйл болоогүй. Би ургамал гэж мэдээгүй, мөнгө төгрөгөө ч аваагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудаст/,
Гэрч Ж.Халиуны: “...Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гаргах чиглэлд ажиллаж байгаад “Ульган сар транс” ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй, улаан толгойтой Фотон маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.М тээврийн хэрэгслийг шалгахад чиргүүлийн урд хэсэгт нүүрсэн доогуур ууттай зүйл байсныг шалгаж гаргаж ирэхэд ургамлын үндэс байсан. Тэгээд би холбогдох шалгалтыг хийж цагдаагийн байгууллагад 43 ширхэг ууттай нийт 476 кг ургамлын үндэс хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 105-р хуудаст/,
Гэрч Б.Мөнхбилэгийн: “Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг Цагаан хад гэх газар “Ульган сар транс” ХХК-ийн кемп дээр байж байтал гаалийн зөрчлийн байцаагч залгаж “танай компанийн тээврийн хэрэгслээс цэцэг гарсан тул яаралтай гааль дээр ир” гэж дуудахаар нь удалгүй яваад очтол гаалийн талбай дээр 23-88 ӨМҮ улсын дугаартай 10-37 ГЧ дугаарын чиргүүлтэй Фотон маркийн тээврийн хэрэгсэл зогсоосон, чиргүүлийн урд хэсэг нүүрсний доороос 41 ширхэг өнгийн ууттай Дэрэвгэр Жиргэрү гэх ургамал ачсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 108-р хуудаст/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудаст/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэх мэдүүлэг /хх-ийн 7-10-р хуудаст/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэх мэдүүлэг /хх-ийн 69-94-р хуудаст/,
Шинжлэх ухааны академи Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 02/191 дугаартай дүгнэлт /хх-ийн 115-116-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гаалийн улсын байцаагч Ж.Халиуны 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 142008С00001 дугаар хураан авсан эд зүйлийг зөрчлийн хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэлээр 476 кг Дэрэвгэр Жиргэрүүг хураан авсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Халиун гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... Би 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Гашуун сухайт хилийн боомтын нүүрсний гарах чиглэлд ажиллаж байгаад Ульган транс ХХК-ийн эзэмшлийн 23-88 ӨМҮ улсын дугаартай, 10-37 ГЧ чиргүүлтэй улаан толгойтой потон маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.М тээврийн хэрэгслийг шалгахад чиргүүлийн урд хэсэгт нүүрсэн доогуур ууттай зүйл байсныг шалгаж гаргаж ирэхэд ургамлын үндэс байсан.Тэгээд би холбогдох шалгалтыг хийж цагдаагийн байгууллагад 43 ширхэг ууттай нийт 476 кг ургамлын үндэс хүлээлгэн өгсөн.” гэжээ. /хх-ийн 12, 105 дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоолоор 43 шуудай 476 кг Дэрэвгэр Жиргэрүүг гэх ховор ургамлыг хэргийн газрын үзлэгээр хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцжээ. /хх-ийн 72 дугаар хуудас/
Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаагаар /машинаар/ 2388 ӨМҮ улсын дугаартай FOTON маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “Ульган сар транс” ХХК /регистр 28862350001/ болох нь тогтоогдож байна. /хх-ийн 146 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Мөнхбилэг гэрчээр мэдүүлэг өгөхдөө “... Тухайн FOTON маркийн 23-88 ӨМҮ улсын дугаартай зүтгүүр 1037 гч дугаарын чиргүүл нь Ульган сар транс ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл” гэж мэдүүлжээ.
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01/53 дугаартай шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Э.Эрдэнэбат шинжээчийн дүгнэлтээр 23-88 ӨМҮ улсын дугаартай Poton маркийн чирэгч толгой, 10-37 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 112 дугаар хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 476 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Фотон маркийн улаан өнгийн 23-88 ӨМҮ улсын дугаартай чирэгч толгой болон 10-37 гч улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийн үнэд 40.000.000 төгрөгийг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч Г.М нь 40.000.000 төгрөгийн төлбөртэй гэж шүүх дүгнэв.
Гурав: Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Г.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргав.
Шүүгдэгч Г.М гэмшсэн байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Г.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Г.М ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэг шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон бараа болох дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.М нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т тус тус зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 476 кг Дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Фотон маркийн улаан өнгийн 23-88 ӨМҮ улсын дугаартай чирэгч толгой болон 10-37 гч улсын дугаартай цэнхэр өнгийн чиргүүлийн үнэд 40.000.000 төгрөгийг гаргуулан уг орлогыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.М иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ