Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 102

 

2017 оны 02 сарын 10 өдөр           Дугаар 156/ШШ2017/00102    Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00008/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А-24 дүгээр байрны             14 тоотод оршин суух, иргэн Я.Оюун /РД: ЦГ66111027/-ы нэхэмжлэлтэй
            
            Хариуцагч: Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатанд холбогдох

            “Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.             

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Оюун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг, хариуцагч Г.Нямхатан, гэрч Д.Наранцацрал, Х.Мөнхцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Я.Оюун нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатан нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 тоот тушаалаараа "Хөдөлмөрийн тухай” хуулийн 37.1.1 “талууд харилцан тохирсон” гэсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь миний албан тушаалын ангилал, зэрэглэл болон цалинг бууруулан санхүүгийн байдлыг минь дордуулж, багшийн мэргэжлээрээ ажиллах боломжийг хязгаарласан, үндэслэлгүй хууль зөрчсөн явдал гэж үзэн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Яндагдоржийн Оюун миний бие Хими-биологийн багш мэргэжилтэй, 1992 оноос хойш ЕБС болон МСҮТ-д багш, хяналт шинжилгээ, арга зүйчээр тасралтгүй 27 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа багшийн ёс зүйг сахин, мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн ажиллаж "Боловсролын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнагдаж, “Улсын тэргүүний технологич багш”-аар шалгарч байсан. Одоо "Тэргүүлэх багш” зэрэгтэйгээр ажиллаж байгаа ба ажиллах хугацаандаа “Хөдөлмөрийн тухай" хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон “Сургуулийн дотоод журам’’-ын 8.2.7.2-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохуйц ноцтой зөрчил гаргаж байгаагүйг хамт олон мэднэ. Гэтэл надтай уулзаж ямар нэгэн байдлаар тохироогүй атал үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Дээрх тушаалаар мэргэжлийн боловсрол олгох сургуулийн төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл ТҮМБ-4 өөрчлөгдөж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын ангилал зэрэглэл ТҮ-7 -ийн ажилд томилсон нь миний 27 жил багшилсан хөдөлмөрийн үр дүн “Багшлах эрх”-ийн үнэмлэх үгүйсгэгдэн, цаашид багшлах эрх хязгаарлагдсанаас гадна “Мэргэжлийн боловсролын тухай” хуулийн 19.3 дугаар зүйл, “Боловсролын тухай” хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-д заасан багшийн нийгмийн баталгаа алдагдах хор хохирлыг учруулах юм. Мөн миний сарын үндсэн цалинг 711 231 төгрөгөөс 608 457 төгрөг болгож 102 774 төгрөгөөр бууруулсан нь өрх гэрийн санхүүгийн байдлыг шууд утгаар дордуулсан, оюутны сургалтын төлбөр, банкны зээл төлөхөд хүндрэлтэй болж, зээлийн гэрээг зөрчих байдалд хүргэж байна.
Иргэн Яндагдоржийн Оюун би 2016 оны 11 дүгээр сарын 18-наас эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд “Хөдөлмөрийн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчин ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй ч төрийн ажил тасралтгүй үргэжилж байх үүднээс томилсон албан тушаалтанд ажлыг хүлээлгэн өгч, ажил хүлээн аваагүй ба нэхэмжлэл гаргаж байгаа болно.
           Иймд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд маань эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/
            Нэхэмжлэгч Я.Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө бие өвдөөд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлсэн юм. Үзүүлэхийнхээ өмнө сургуулийн удирдлагад мэдэгдсэн. Захирал Г.Нямхатантай утсаар ярихад, үзүүлснийхээ дараа ирж жижүүр дээр цагаа бүртгүүлээрэй гэж  хэлсний дараа сургууль дээр ирж гарын хээгээ дарсан... 2016 оны 11 дүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд цасан шуургатай байсан учир 11 дүгээр сарын 21-ний өглөө ажлаа хүлээлгэж өгсөн... Хүний нөөцийн менежерт эмчийн магадлагаа канондаж өгсөн....Г. Нямхатан захирлын санал болгосон Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтнаар ажиллахад миний хувьд төрийн үйлчилгээний мэргэжлийн боловсрол зэрэглэлтэй болохоор миний багш гэсэн мэргэжил эрх зүйн хувьд тэтгэвэр, тэтгэмж авахад дордож байгаа талаар би захирал Г.Нямхатанд хэлсэн боловч, тэрбээр зөвшөөрч чадахгүй гэж хэлсэн... Харилцан тохиролцсон зүйл байхгүй гэв.
          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Оюун нь Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд 18 жил хими биологийн багшаар ажилласан. 2015 оноос сургалтын менежерээр ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 тоот тушаалаар судалгаа, статистик хариуцсан ажилтнаар ажиллуулж, эрх зүйн байдлыг нь дордуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3-д заасны дагуу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, мөн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа үед нь ажлаас нь халсан байна. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүү 114 249 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Г.Нямхатан нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах болсон. Ирээд ажилласан 20 хоногийн хугацаанд үйл ажиллагааны үр дүн, сурагчдын мэдлэг чадвар, сургуулийн нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байдал дээр хувийн дүн шинжилгээ хийж, сургалтын албаны даргаар ажиллаж байсан Б.Энхтуяаг нийгэм, англи хэлний багшаар, Я.Оюуныг ажилласан туршлага, салбараа ойлгох хүний хувьд Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтнаар харилцан тохиролцож томилсон. Нэхэмжлэгч Я.Оюун нь нэхэмжлэлд эмчийн магадлагаатай хугацаанд ажлаас халсан гэж худал мэдүүлсэн байна. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд ажилласан байна. Я.Оюунтай ажлын өрөөндөө ярилцаж, харилцан тохиролцоонд хүрсэн. Харин Я.Оюун би тэгвэл өмнө нь хийж байсан Хяналт шинжилгээ, статистик хариуцсан ажилтнаа хийе гэсэн. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө надад 13А маягт үзүүлж, Улаанбаатар хот руу явж үзүүлнэ гээд явсан. 2017 оы 01 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа эргэж орсон. Гэтэл ажилдаа орохдоо би хуучин ажилдаа орно гэж хэлсэн гэжээ. /хх-ийн 18-19х/

Хариуцагч Г.Нямхатан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын ажлыг  хүлээж авсан. Я. Оюун нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдэд цагийн бүртгэлээ хийлгэж ажилласан байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 13А маягт үзүүлж, Улаанбаатар хот руу явсан. Я.Оюун багшийн хувьд менежерийн удирдах албан тушаалын ажлыг хийж гүйцэтгэж чадахгүй, хагас жилийн үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, сургуулийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангалтгүй байдалтай байсан, өнгөрсөн хугацаанд сургалт чанаргүй явагдаж байсан, мөн ажил хүлээлцэхдээ хөдөлмөрийн дотоод журмын 8.2.7-д заасны дагуу хариуцсан албан тушаалтанд ажлаа хүлээлгэж өгөөгүй гэсэн заалтуудыг зөрчсөн нь албан тушаал бууруулах үндэслэл болсон... Я.Оюун нь доороо 37-38 багш, ажилчид удирдаад, хариуцаад ажиллах ур чадвар байхгүй, удирдах албан тушаалд тэнцэхгүй байсан тул өөртэй нь ярилцаж тохиролцоод Я.Оюуныг Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтнаар шилжүүлэн ажиллуулсан. Я.Оюунтай ажлын өрөөндөө ярилцаж, харилцан тохиролцоонд хүрсэн. Харин Я.Оюун би тэгвэл өмнө нь хийж байсан Хяналт шинжилгээ, статистик хариуцсан ажилтнаа хийе гэсэн. Тэр ажлын байранд нь өөр мэргэжлийн хүн ажиллаж байгаа тул боломжгүй байсан. Өөрөө бол дээрх байдлаа мэдэж байгаа гэхдээ цалин мөнгөний зөрүүгийн асуудал л байгаа байх. Ер нь бол Я. Оюун багшийг хийж чадах ажил дээр нь л тавьсан гэв.
            Гэрч Х.Мөнхцогт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 37 дахь жилдээ ажиллаж байна. Я.Оюун багштай 20 гаруй жил хамт ажиллаж байна...Я.Оюун багш нь хамт олны дунд нэр хүндтэй, туршлага, дадлагатай багш юм. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр сургууль дээр байсан багш нар Өмч хамгаалах комисст орж, захирал Г.Нямхатан, нягтлан бодогч Д.Наранцацрал, Я.Оюун багш бид 4 явсан. Бид Хэрлэн сумын фермерийн аж ахуй руу очоод буцах замд захирал Г.Нямхатан чи өгсөн ажил хийвэл хий, хийж чадахгүй бол явдаг газар луугаа яв гэж хэлснийг би сонссон. Би тухайн үед урд суугаад явж байсан. Я.Оюун багш ард суугаад явж байхдаа утсаараа оролдоод уйлж байх шиг байсан... Би 2016 оны 11 дүгээр сарын 20-ны үед Я.Оюун багшийн ажлыг хүлээлцэж авах ажлын комиссын даргаар ажилласан гэв.
           Гэрч Д.Наранцацрал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:..2016 оны 11 дүгээр сард Фермерийн аж ахуйтай танилцахаар захирал Г.Нямхатан, Амарсэд багш, Х.Мөнхцогт багш, Я.Оюун багш бид 5 явсан. Захирал Г.Нямхатан явж байх замдаа миний санал болгосон ажлыг хийвэл хий, үгүй бол шүүх, цагдаагаараа яваарай гэж хэлсэн. Машинд бол Я.Оюун багштай муудалцаж ярьсан зүйл байхгүй. Я.Оюун багш миний хажууд сууж явсан. Утсаараа оролдоод явж байхдаа уйлж байсан гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
    
           Нэхэмжлэгч Я.Оюун нь Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатанд холбогдуулан “ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах”-аар гомдол /нэхэмжлэл/ гаргажээ.
            Иргэн Я.Оюуны энэхүү гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан: ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол байх тул шүүхээр хянан шийдвэрлэх маргаан мөн болно.

           Түүнчлэн нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан: маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул уг гомдлыг шүүх хянан хэлэлцэх боломжтой болно.  
 
            Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /цаашид МСҮТ гэх/-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатан нь Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн менежер ажилтай Я.Оюуныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан: “талууд харилцан тохиролцсон” үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр тасалбар болгон менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтнаар томилон ажиллуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай тушаал гаргасан байна.  

            Харин нэхэмжлэгч талын зүгээс Г.Нямхатан захирлын хувьд надтай тохиролцож ажлыг минь өөрчилсөн зүйл байхгүй, өгсөн ажлыг хийвэл хий, хийхгүй гэвэл яваад заргалдаарай гэсэн. Иймд Г.Нямхатан захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажил болох менежерийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг олгуулж өгнө үү гэж маргаж байна.

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчдын өгч буй тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Үүнд: Нэгдүгээрт. Хариуцагч нь нэхэмжлэгч Я.Оюуныг менежерийн ажлын байранд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж албан тушаалыг нь бууруулсан гэсэн тайлбарыг өгч байгаа хэдий ч нэхэмжлэгчийг тухайн менежерийн ажлын байранд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзэж байгаа байдлаа шүүхэд нотлохгүй байх ба Я.Оюун нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тухай салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестачиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гараагүй байхад хариуцагч нь өөрийн санаачилгаар менежер Я.Оюуныг ажлаас чөлөөлсөн байдал тогтоогдож байна.

           Хоёрдугаарт: Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөртэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр албан тушаалыг нь бууруулж, өөр ажилд санал болгож томилсон болно гэж тайлбар өгч байгаа боловч энэ байдал нь шүүх хуралдаанд гэрчээр дуудагдан мэдүүлэг өгсөн гэрч Х.Мөнхцогт, Д.Наранцацрал нарын мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдохгүй байна.
           
           Гуравдугаарт: Хариуцагч нь Я.Оюуныг менежерийн ажлаас чөлөөлөхдөө түүнийг хүзүүний замын эдийн ургацаг өвчний оношоор Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмнэлгийн магадлагаагаар, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эмнэлгийн чөлөөтэй байх /хх-ийн 8х/ хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан “ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

            Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатан нь хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр хязгаарлалт тогтоосон байна
 
           Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т:...хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй талаар заажээ

            Иймд Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатангийн Я.Оюуныг менежерийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч тал нь Я.Оюуны эмнэлгийн чөлөө дуусч 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс томилогдсон Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтны ажлын байрыг хүлээн авч ажиллаж байгаа бөгөөд энэ ажил болон хуучин хийж байсан менежерийн ажлын цалингийн зөрүүнд тооцож 114 249 төгрөгийг нэхэмжилж байна.
            Шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын хувьд нэхэмжлэгч Я.Оюуны урьд авч байсан цалин хөлс, холбогдох нэмэгдлийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, зөрүүг олгохыг хариуцагч   Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.
            
            Нэхэмжлэгч Я.Оюуны үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл мөн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтаар түүнийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нь зүйтэй бөгөөд хариуцагч байгууллагаас нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг гаргуулах шаардлагатай гэж шүүх үзлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                                       

ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны харъяа Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн менежерийн ажлын байранд ажиллаж байсан нэхэмжлэгч Я.Оюуныг тухайн ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, статистик хариуцсан ажилтнаар томилсон Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатангийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Оюуныг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосугай.   
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Я.Оюуныг менежерээр томилж, түүний урьд авч байсан цалин хөлс, холбогдох нэмэгдлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцож, зөрүүг олгохыг хариуцагч  Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямхатанд үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,        56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Оюуныг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн          70 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч Хэнтий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 70 200 төгрөгийг нөхөн төлүүлэх шүүхийн зардалд тооцон гаргуулж улсын орлого болгосугай.
  4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор ёсчлогдсоноос хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба  шийдвэрийг гардан аваагүй нь 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг хэргийн оролцогчдод мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР