| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0053/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/70 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/70
2019 02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2138000000030 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Б.
Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжинд “Тоёота Спинтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч хохирогч С.М-ын араас нь мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжинд “Тоёота Спинтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч хохирогч С.М-ын араас нь мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2138000000030 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..... би өнөөдөр 20 цагийн үед найз Д.А-тай хамт Мөрөн сумын 10 дугаар багийн 4-р гудамжны баруун талын үзүүрт явж байтал араас саарал өнгийн нэлээн хуучин суудлын жижиг тээврийн хэрэгсэл ирээд мөргөхөд би газарт унаад мөлхөх үед миний баруун талын хөлийн шилбэний доод хэсэг эвгүй болсон. Нөгөө тээврийн хэрэгсэл чигээрээ зүүн тийш яваад өгсөн. Би марк, улсын дугаарыг нь харж чадаагүй. Манай найз Д.А- машин араас ирэх үед дайрчих болов уу гэж бодоод айгаад надаас салаад гүйсэн. Тэгээд намайг Д.А- буцаж ирж өргөж босгох гэхэд хөл маань өвдөөд гишгэхгүй болсон байсан. Д.А- тэр машины дугаарыг барагцаагаар 79-45 байх гэж хэлсэн. ...Надад 3 сая төгрөг бэлэн өгсөн надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14-р хуудас/,
Гэрч Д.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....би өнөөдөр буюу 20 цагийн үед найз С.М-ын хамт Мөрөн сумын 10 дугаар багийн 4-р гудамжны баруун талын үзүүрийг тойроод явж байтал араас саарал өнгийн жижиг суудлийн машин тулаад ирэхээр нь би салаад гүйтэл С.М-ыг араас нь дайраад тэр чигтээ зүүн хойш эргээд яваад өгсөн. Би тэр машины улсын дугаарыг нь 79-45 гэж харсан. Тэгээд С.М- дуудаад байхаар нь очсон чинь хөл болохгүй байна гэхээр нь өргөж босоод явах гэтэл баруун талын хөл нь гишгэж чадахгүй байсан. Гэр рүү нь машинд суулгаад авч очоод хувцасыг нь солиод эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь баруун талын хөлийн шагай хэсгээр хугарсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,
Гэрч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.... Би өнөөдөр 20 цагийн үед байх Н.Б- ахын гар утас руу залаад хаана явж байна “Босс” дэлгүүр дээр хүрээд ирээч гэсэн чинь Н.Б- ах удалгүй өөрийн “Спинтер” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Ингээд Н.Б- ах Мөрөн сумын 10 дугаар багийн “Босс” дэлгүүр дээр ирэхээр нь машиныг нь би бариад хамт Мөрөн сумын 10 дугаар багийн 4-р гудамжинд буюу “Босс” дэлгүүрийн чиг гудамжаар орж яваад авто засвар ороод машин машин үзээд худалдаж авахаар болоод явсан. Надад Н.Б- ах зам тээврийн осол гаргасан талаар яриагүй. ...Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжаар ороод цонхоор хараад хүн хайгаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Иргэний хариуцагч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н.Б-ыг танина. Манай эхнэрийн төрсөн дүүгийн нөхөр байгаа юм. Бид хоёр нэг айлын базууд юм. “Спинтер” маркийн ... улсын дугаартай авто машиныг 2020 оны 11 дүгээр сард 2.000.000 төгрөгөөр манай эхнэр Эрдэнэдүүрэн бид хоёр утсаар ярилцаж байгаад Н.Б-д худалдсан. Би тухайн үед Өмнөговь аймагт ажиллаж байсан. Н.Б-д худалдсан машин миний нэр дээр байдаг болохоор очиж байгаад машиныг нь нэр дээр нь шилжүүлээд өгнө гээд наймаа хийсэн. Тэгээд би тэндээ ажиллаж байгаад ковид-ын хөл хорионд орж Өмнөговь аймагт гарч чадахгүй байж байгаад сумандаа ирээд 10 гаруй хонож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Шүүгдэгч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би ганцаараа өрийн ... улсын дугаартай “Спинтер” маркийн тээврийн хэрэгсэлтэй 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20 цагийн орчимд байх О.Г- гэдэг залууг Мөрөн сумын 10 дугаар багийн “Босс” дэлгүүрээс авах гээд Мөрөн сумын 10 дугаар багийн 4-р гудамжинд баруунаас зүүн зүгт гудамжны эхнээсээ 2 дахь хаалганы орчим явж байтал нэг машины гэрэл урдаас гялбаж эсрэг талын урсгалын машинтай зөрөх гэхэд миний урд талын хамар дээр таг гэх шиг болсон. Би машиныхаа тормоз гишгэж зогсоход хажуу тал руу нэг хүн унах шиг болсон. Би машинаа цааш хөдөлгөж ар талын цонхондоо эргэж харсан чинь нөгөө хүн босоод явах шиг болсон. Тэгээд тэр гудамжаар чиг гараад Босс дэлгүүрийн үүднээс О.Г- миний машиныг барья, одоо машин худалдаж авах гэж байна гэхээр нь машинаа О.Г-т бариулаад нөгөө Мөрөн сумын 10 дугаар багийн 4-р гудамжинд ирсэн чинь тэр хүн байхгүй байсан. Би С.М- гэдэг хүнд эмчилгээний зардал 3 сая төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/
Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн инженерийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн: “..”Спинтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн моторын лапны резин тасарсан, хөдөлгүүр чичиргээтэй, тээврийн хэрэгслийн зүүн талын урд дохио байхгүй баруун талын хойд гэрэл бага зэрэг цуурсан гэмтэл тогтоогдлоо. Тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй байна..” гэх дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/
Хөвсгөл аймаг шүүхийн шинжилгээний алба Шинжээчийн дүгнэлт 2021 оны 1 дугаар сарын 4-ны өдөр 08 дугаартай: “...Н.Б- гэх нэртэй тогтоолоор ирсэн нэр хаяггүй хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “....С.М-ын биед баруун шилбэний хавчаар ясанд хугарал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн гэмтэл, баруун сарвуу тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь баруун сарвуу тохойд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байжээ. С.М-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна ...” гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/
Хөвсгөл аймгийн авто тээврийн төв шинжээчийн дүгнэлт 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн “Спинтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нь япон улсад 2000 онд суудлын зориулалтаар үйлдвэрлэсэн байна. Монгол улсад 2009 онд орж ирсэн. Техникийн үзлэгт 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр орж тэнцсэн байна. “Спинтэр” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүн талын урд дохио байхгүй баруун талын хойд гэрэл бага зэрэг цуурсан гэмтэл тогтоогдож байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байна. “Спинтэр” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгсэл болон тооромз, явах эд анги, жолооны хүрд бүрэн ажиллагаатай, хөдөлгүүрийн моторын урд дохио байхгүй, баруун талын хойд гэрэл бага зэрэг цуурсан гэмтэл тогтоогдож байна. Хөдөлгүүрийн моторын лапны резин тасарсан, хөдөлгүүрийн чичиргээтэй байдал нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ засвараар /моторын лапны резин/ солигдох шаардлагатай сэлбэгийн жагсаалтад ордог. Тээврийн хэрэгслийн дээрх гэмтлүүд нь тухайн осол болж гараагүй байна. Осол болохоос өмнө хөдөлгүүрийн моторын лапны резин тасарсан, хөдөлгүүр чичиргээтэй байдалд нь ослоос болохоос өмнө эвдэрсэн байж болно. Осол гарахад тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн нөхцөл байдалд тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн, цагдаагийн ахмад Д.Буянжаргалын 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн: “...”Спинтэр” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолооч дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 12.2. “ Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.“
3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийн хүлээнэ:
а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх:
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодох яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлдэг уг газартаа буцаж ирэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн..” гэх магадалгаа /хх-ийн 67-69-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хйисэн тэмдэглэл /хх-ийн 03-04-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “...Н.Б- нь тус багт оршин суудаг нь үнэн...” гэх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59, 63-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Б- болон түүний өмгөөлөгч нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжинд “Тоёота Спинтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөө зөвшөөрч байгаа бөгөөд авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаагаагүй гэж марган мэтгэлцэж байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэж заасан зүйлчлэлийг тохироогүй гэж үзэж байна. ..Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зүйлчлэл дээр маргахгүй. ...Н.Б- нь гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зугтаад явсан талаар сайтар шалгаагүй, тогтоогдож чадаагүй гэж үзэж байгаа. ..Н.Б- нь буцаад хэргийн газраа ирсэн гэж харагдаж байдаг. ...Хэрвээ зугтсан байлаа гэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зайлшгүй тогтоох ёстой юм. ...Н.Б- өөрөө тайлбарлахдаа тухайн гялбаанд ороод тэр хүнийг дайрсан гэж мэдээгүй, ийм зүйл болсон байж болзошгүй гэж бодоод буцаж ирэхэд байхгүй байсан. Тэр хүн тэндээ байхгүй дэлгүүр рүү орсон байсан. Энэ хоёр хүний гэмтэл авсан тал дээр маргахгүй. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б-ыг гэм буруугүйд тооцож өгнө үү. ..Авто тээврийн гэмт хэрэг үйлдээд хэргийн газраас зориуд зугтаасан гэж байгаа боловч энэ талаар ямар ч бичгийн зүйл байхгүй. Үүнийг таамаг төсөөллөөрөө дүгнэлт хийсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ...Хэргийн газраас зугтаасан талаар гэрчийн мэдүүлэг байхгүй байгаа үүнийг шүүгч анхаарч өгнө үү. Осол гарч байгаа үйлдэл нь гэрлийн гялбаанд орсон үйлдэл байгаа. Явж байгаад хүн шүргээд цаашаа авсан бол зугтсан гэж үзнэ. Шалтгаан нь өөрөө машинтай зөрөх агшинд гэрлийн гялбаанд орж үзэгдэх орчин нь хязгаарлагдмал байсан. Тийм учраас хязгаарлагдмал орчимд явж байгаа жолооч нар орчин тойрноо бүрэн харах боломжгүй болно. Тухайн үйлдэл түр хугацаанд үйлдэгдэж байгаа учраас зориуд санаатай зугтаад явчих үйлдэл Н.Б-д байсан юм уу гэдгийг нотлох баримтаар нотолж чадаагүй байгаа...” гэжээ.
Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн үед мэдээд зугтаасан зүйл байхгүй...” гэжээ.
Осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч осол гаргасан даруйд тээврийн хэрэгслийг зогсоох, улмаар тухайн тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөхгүй байх үүрэгтэй байхад гялбаанд орсон гэх шалтгаанаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж, хэргийн газрыг орхин явсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм. Өөрөөр хэлбэл, жолооч хохирогчийг мөргөснөө зам тээврийн осол гаргаснаа мэдсэн атлаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэлгүй, хохирогчийн эрүүл мэндийн анхан шатны туслалцаа үзүүлэлгүй хэргийн газрыг орхин явсныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Г- “...Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжаар ороод цонхоор хараад хүн хайгаад байх шиг байсан...”, шүүгдэгч “нэг машины гэрэл урдаас гялбаж эсрэг талын урсгалын машинтай зөрөх гэхэд миний урд талын хамар дээр таг гэх шиг болсон. Би машиныхаа тормоз гишгэж зогсоход хажуу тал руу нэг хүн унах шиг болсон. Би машинаа цааш хөдөлгөж ар талын цонхондоо эргэж харсан чинь нөгөө хүн босоод явах шиг болсон.” гэх зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжинд “Тоёота Спинтер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж явган зорчигч хохирогч С.М-ын араас нь мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаад хэргийн газраас зугтаасан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцож, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газрыг санаатайгаар зориуд орхиж зугтаасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Н.Б-н гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд шүүхээс гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол...тэнсэж болно” шүүхэд эрх олгосон хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Н.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Б- нь хохирогч С.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд “хохирол бүрэн төлсөн” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 71/ хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолохыг,
Эрүүгийн 2138000000030 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох /эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 81-82/ үндэслэн 4.750 төгрөгийг шүүгдэгч Н.Б-аас гаргуулж Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас 4.750 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 2138000000030 дугаар эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР