Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

   2021          03             01                                          2021/ШЦТ/65

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, 

Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б-т холбогдох эрүүгийн 2138000000059 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.Б.

Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Хужиртын эх” гэх газраас хохирогч Л.Л-ын 1 тооны бор зүсмийн сэрээ тамгатай аргамжаатай байсан морийг нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Хужиртын эх” гэх газраас хохирогч Л.Л-ын 1 тооны бор зүсмийн сэрээ тамгатай аргамжаатай байсан морийг нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2138000000059 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Л.Л-ын: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед би хөх бор морь аргамжиж хоноод маргааш өглөө буюу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өглөө аргамжаан дээр очиход манай морь аргамжаан дээрээ байхгүй байсан. Аргамжааг сугалаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

              Гэрч М.Б-ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна би яг он сар өдрийг бол сайн санахгүй байна. Би уг өдөр гэртээ найз охинтойгоо унтаж байсан чинь манай найз Л.Б- манай гэрт үүрээр 05 цагийн үед орж ирсэн. Бид хоёр хууч хөөрөөд сууж байсан чинь хөгшин чинь хөдөөнөөс морьтой орж ирлээ, гар утас байна уу, хүн рүү ярих гэсэн юм гэж надаас утас гуйхаар нь би утсаа өгсөн. Л.Б- нэг үл таних хүнтэй унаж орж ирсэн морь зарах гэж байгаа бололтой морь манай хашаанд аваачаад уяад орхилоо шүү гэж яриад байх шиг байсан. Тэгээд надад утсыг маань өгөөд Л.Б- явлаа гэж хэлэхээр нь би гаргаж өгөхөд манай хашаан дотор бор морь байсан. Тэр морь аваад гарсан, манай хашааны гадаа бас мотоцикль байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

              Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би он сар өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна. Гэртээ унтаж байсан чинь миний утас дуугарсан. Би утсаа харахад М.Б- гээд хадгалсан дугаар над руу залгасан байсан. Тэгээд өглөө босоход манай хашаанд хөх бор морь уяатай байсан. Тэгээд морь зарах хүн рүү утсаар яриад 700.000 мянган төгрөгөөр авъя гэж хэлсэн. Төд удалгүй Л.Б- гэх залуу ирээд надаас 400.000 мянган төгрөг аваад хөдөө яваад ирье. Та мотоциклио өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Вени маркийн мотоциклийг өгөөд мотоцикль авч ирж өгөөд 300.000 төгрөгөө аваарай гэж хэлсэн. Тухайн үед би Л.Б-оос гарал үүслийн бичиг нэхэхэд авчирж өгнө гэж хэлээд л алга болсон. Би тухайн морийг хулгайн морь гэж мэдээгүй, ядаж ахыг нь сайн таньдаг болохоор өөрийнхөө адуунаас л авчирсан байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

              Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын эхээр “Хужиртын даваа” өгсөөд “Бор хөндий” гэх газарт мотцикльтой явж байхад 1 тооны морь тааралдсан. Тэгээд би тэр морийг барьж аваад Мөрөн сум орсон. Тэгээд М.Б- гэх 9 дүгээр багт байх найзындаа очсон. Би М.Б-тэй хэсэг юм ярьж сууж байгаад удаагүй буцаад гараад яваад өгсөн юм. Би М.Б-ий гэрээс гараад Э.Д- гэдэг айлынд очсон. Би дагуулж ирсэн морио Э.Д- гэдэг айлынд аваачиж өгсөн. ...Би тэр морийг 500.000 төгрөгөөр Э.Д-ид зарсан. Э.Д- нь надад 400.000 төгрөгийг өгсөн. Тэгээд ах нь дараа нь 100.000 төгрөгийг өгнө гэхээр нь тэг гэж хэлээд “Хужиртын даваа” руу би харихаар явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,

              Үнэлгээ хийсэн тайлан Л.Л-ын хулгайд алдсан хөх бор морины үнэлгээ 1.000.000 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/,

       Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-52-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   Шүүгдэгч Л.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Хужиртын эх” гэх газраас хохирогч Л.Л-ын 1 тооны бор зүсмийн сэрээ тамгатай морийг нууцаар, хууль бусаар авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.  

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

              Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн  байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

              Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан гэмт үйлдэл нь бусдын мал, эд хөрөнгийг үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах гэсэн шунахайн сэдэлттэй, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. 

              Шүүгдэгчийн амар, хялбар аргаар ашиг олох гэсэн шунахайн сэдэл, хууль зүйн ухамсар дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.          

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрхийлсэн бол” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг тэнссэн хугацаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгчид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь эвлэрлийн гэрээ /хх-ийн 56-57/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 2138000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 2.300 төгрөгийг шүүгдэгч Л.Б-оос гаргуулж Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Б-ыг 7 /долоон/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-т тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.Б-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-оос 2.300 /хоёр мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн 2138000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР