Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

   2021          03             01                                          2021/ШЦТ/63

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Ч.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн 2138000000065 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ч.Б.

Шүүгдэгч Ч.Б- нь 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.А-н итгэмжлэн хариуцуулсан хээр зүсмийн хязаалан байдсан гүүг тээврийн хэрэгслийн үнэнд тооцон өгч, завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Ч.Б- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.А-н итгэмжлэн хариуцуулсан хээр зүсмийн хязаалан байдсан гүүг тээврийн хэрэгслийн төлбөрт тооцон өгч, завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2138000000065 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2016 оны намар Солонгос улс руу яваад 2019 оны 6 дугаар сард буцаж ирсэн. Би Солонгос улсад байхдаа өөрийнхөө 17 тооны адууг тус сумын 4 дүгээр багийн иргэн Ч.Б- гэдэг хүнд захиад манай адууг харж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Ч.Б- 2017 оноос хойш манай адууг харж байгаад 2018 оны хавар 5 сард зөв гуяндаа сартай тариан тамгатай хээр зүсмийн гүү алга боллоо гэж надад утсаар хэлсэн. Дараа нь 2019 оны 01 дүгээр сард би өөрөө адуугаа харж байгаад зөв гуяндаа сартай тариан тамагтай хээр зүсмийн гүүг Тэлмэн сумын иргэн Улаанаа гэж дууддаг залууд машин авсан үнэнд оролцуулж өгсөн байхаар нь би 2020 оны 04 дүгээр сард Тэлмэн сумаас авчирсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

              Гэрч А.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....2019 оны 06 дугаар сард байх, цаг хугацааг нь сайн санахгүй байна. Хүрэн зүсмийн охин хээр унагатай зөв талын гуяндаа дөлтэй саран тамгатай гүү манай адууг тус сумын Хужиртын багийн нутаг Элээтийн гол гэх газар байхад нийлээд 1 жил болсон. Хүрэн зүсмийн унагатай гүү байсан. Тэгээд 2020 оны хавар байх Ч.Б- гэдэг хүн надтай ирж уулзаад чиний адуунд миний алдсан хүрэн зүсмийн гүү байна, уг гүүг авъя гэхээр нь би тэг тэг та гүүгээ ав гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Ч.Б- миний утас руу залгаад танай адуу энэ гол дээр байна миний алдсан гээд байгаа хүрэн гүү Б.А-н хүрэн гүү байсан юм энэ гүүг адуунаас чинь барьж аваад явлаа шүү гэж хэлээд манай адууг хаваржаан дээрээ хашиж байгаад хүрэн гүүг барьж аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

              Яллагдагч Ч.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Би нутгийн танил Б.А- гэдэг хүний адууг 2016 оноос 2019 оны 07 сар хүртэл харж маллаж байсан. Б.А- гэдэг хүн өөрөө БНСАУ-д явж ажиллахаар болоод эхнэр нь надад нийт 17 тооны адуу хүлээлгэж өгөөд Б.А- надад өөрөө утсаар захиж манай адууг харж байгаач гэхээр нь би зөвшөөрөөд адууг нь харж маллаж байсан. Тэгээд 2018 оны 5 дугаар сард Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт байдаг У- гэж дууддаг морь уяж наадам дээр танилцсан хүнтэйгээ автомашины наймаа хийгээд өлтөгт нь Б.А-н хээр зүсмийн 1 тооны байдсыг өгч явуулсан. Тухайн байдсыг Б.А- сургаар Завхан аймгаас тэр байдсаа олж авсан байсан. Би У-д тэр байдасны оронд өөрийн адуунаас ижил насны адуу өгч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

              Хөрөнгө үнэлсэн тайлан: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэн Б.А-н хязаалан байдасны үнэлгээг 500.000 төгрөгөөр тогтоов....” гэх дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39, 40, 46-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд Ч.Б- нь 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.А-гийн итгэмжлэн хариуцуулсан хээр зүсмийн хязаалан байдсан гүүг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийн төлбөрт тооцон бусдад өгсөн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. 

              Шүүгдэгчийн үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар  агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан мал, хөрөнгийг өөрийн өмчийн адил захиран зарцуулж, өөртөө хууль бусаар эзэмшил тогтоосон гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн байна.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ч.Б-гийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.Б- нь хохирогч Б.А-д 500.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон тухай мэдүүлэг, эвлэрлийн гэрээ /хх-ийн 45/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ч.Б-г гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан

эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Б-г 7 /долоон/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ч.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-гээс 1.300 /нэг мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн 2138000000065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР