| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
2019 02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч П.Отгонбаатар,
Шүүгдэгч Ч.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.О-т холбогдох эрүүгийн 2138000000072 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ч.О.
Шүүгдэгч Ч.О- нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Д-тэй маргалдаж, үсдэх, хазах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.О- нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Д-тэй маргалдаж, үсдэх, хазах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2138000000072 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ч.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ч.О- манай охины талаар яриад байхаар нь би та нарт тус болж байснаас яасан юм бэ гэж хэлсэн. Тэгсэн манай дүү Ч.О- намайг дээрээс дарж аваад үсдээд хөмсөгний дээрээс хазсан. Би тэгэхээр нь босооч ээ намайг чи хазаад байна гэж орилсон чинь Ч.О-ийн хүү Баттулга ирээд салгасан. Би тэгээд цагдаад хэлнэ гээд гэрээс гүйгээд гарсан ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Гэрч Д.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би их анзаараагүй чихэндээ чихэвч хийчихсэн тоглож байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэнэт миний урд нэг хүн зогсож байсан дээшээ харсан чинь Ч.Д- эгчийн баруун талаас нь цус гарсан байдалтай цагдаад хэлнэ гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 -р тал/,
Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Б- эгчтэй юм ярьж байтал манай хоёр эгч ахиж хоорондоо барилцаж үсдэлцэж байхаар нь энэ хоёр ноцолдож зодолдоод яав л гэж бодоод гарч бие засаад ирсэн. Тэгээд миний том эгч болох Ч.Д- эгчийн нүүр ам нь цус болсон гэрээс гараад явсан. Би бэр эгч Б.Б-гээс энэ хоёр юу болчихов гэж асуусан чинь би ч сайн мэдсэнгүй цус болсон байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/,
Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Д- босож ирээд дүү болох Ч.О-ийг үсдсэн. Тэгээд би салгах гэсэн чинь хүч хүрэхгүй байсан. Сандарсандаа чиргүүлтэй зуухны ард байсан миний хүү болох Д.Х- мөн Ч.О-ийн хүү болох Б.Э- нар чихэвч зүүсэн утсаар тоглож суусан. Би Б.Э- дээр очоод ээж, эгч хоёр чинь хоорондоо үсдэлцээд салахгүй байна чи очиж салга гэж хэлсэн. Тэгсэн Б.Э- очиж салгасан. Ч.Д- нүүрэндээ их цустай харагдсан тэгээд гэрээс гүйгээд гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/,
Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.Д- гэх хүний баруун хөмсөгний дээд талд 2x2 см диаметр хэмжээтэй ил шархтай духны арьс өмөрч авагдсан цус гарсан байдалтай ирсэн. Тухайн үед Ч.Д- намайг хүн хазсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/,
Гэрч З.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ч.О-аас сонсоход манай эхнэрийн төрсөн эгч болох Ч.Д- нь гаднаас согтуу орж ирээд өөрийн төрсөн дүү болох Ч.Б-ыг зодоод байхаар нь эхнэр маань салгах гэсэн чинь эхнэрийг үсдэж аваад ноцолдоход манай эхнэр Ч.Д-ийн духыг хазсан бололтой хөмсөгний дээд тал нь хонхойлгосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ээж охин чинь сайн хүн шүү гээд Ч.Д- эгчид хэлэхэд миний охин чамд ямар буруу юм хийсэн гээд үсдэж нүүр рүү нь цохиод, харилцан зодолдоод чанга орилолдоод байхаар нь би очиж салгасан. Салгахад ээжийн хамраас цус гарчихсан байсан, Ч.Д- эгчийн духнаас нь цус гарчихсан ээжийг хазчихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,
Шүүгдэгч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг тогтоолтой танилцлаа. Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоогоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 82 дугаартай: “Ч.Д-ийн биед тархи доргилт, духанд шарх баруун дээд зовхи, зүүн тохой, зүүн сарвуу, баруун гуяанд цус хуралттай, баруун дээд зовхи, дух хоолойд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Ч.Д-ийн биед үүссэн тархи доргилт, шарх бүхий гэмтлүүд нь тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн цус хуралт болон зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн: “...Ч.О- нь ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт тус багт оршин суудаг нь үнэн болно...” гэх тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-68-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.О- нь 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Д-тэй маргалдаж, үсдэх, хазах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хохирогч Ч.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/, гэрч Д.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21 -р тал/, гэрч Ч.Б-ын мэдүүлэг /хх-ийн 24-26-р тал/, гэрч Б.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/, гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/, гэрч З.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 38-39-р тал/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд халдсан шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, уг ухамсарлагдсан идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршиг үүсэхийг зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийн шүүгдэгч Ч.О-ийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ч.О-ийн нийгэмд тогтсон хэв, журам, ёс суртахууны шаардлагыг үл хүндэтгэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.О- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 64-р тал/
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ч.О- нь хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч Ч.О- нь хохирогч Ч.Д-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлсөн гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 70/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-аас 1.900 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
Шүүгдэгч Ч.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.О- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-аас 1.900 /нэг мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн Прокурорын газарт олгосугай.
5. Эрүүгийн 2138000000072 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР