| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2021/0054/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
02 15 2019/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ганболд,
Шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М-ад холбогдох эрүүгийн 2038003870409 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.М.
Шүүгдэгч Г.М- нь 2020 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос 24 километрийн зайд байрлах “Олимп” амралтын газрын хажуу талын замд иргэн Г.Г-ын “Тоёота клугер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдсон зам тээврийн осол гаргаж зорчигч Л.М-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М- нь 2020 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос 24 километрийн зайд байрлах “Олимп” амралтын газрын хажуу талын замд иргэн Г.Г-ын “Тоёота клугер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Л.М-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038003870409 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Намайг очих үед манай дүү нас барсан байсан. ..манай дүүгийн ...1 ой 6 сартай, ..6 настай, 8 настай ..хүүхэд нь үлдэж байгаа болохоор тэтгэмжийн мөнгө гэх юм уу нөхөн төлбөр нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг /хх-ийн 17,19-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр Л.М-э 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байсан байх, Хатгал тосгоны Жанхайн амралтын газраасаа Хатгал орно гэж яваад осолд орж нас барсан талаар би сонссон. Тухайн үед жолоочтой нь уулзаагүй. Миний нөхөр осолд орж нас барсанд их гомдолтой байна. Манай нөхөр 1-9 насны гурван хүүхдээ тэжээн тэжээдэг байсан. Би ажилгүй болохоор гэртээ байдаг байсан. ..Манай нөхөртэй хамт явсан машины жолооч ..ажил явдал болж байх үед надад 1.500.000 төгрөг өгөөд, улсын баяраар 300.000 төгрөг өгөөд дахиж холбогдож мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зам тээврийн осол гаргагч Г.М- нь уг тээврийн хэрэгслийг 2020 оны 6 дугаар сарын сүүлээр ах дүү нарын хамт Хөвсгөл аймаг яваад 3-4 хоног яваад ирнэ гээд явсан. ...Би өөрийнхөө хохирлыг барагдуулмаар байна. ...Миний бие иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү Г.М- нь одоогоор биеийн байдал сайжирсан ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болсон тул өөрөө энэ хариуцлагаа хүлээх нь зүйтэй байх..” гэх мэдүүлэг /хх-ийн 142-143-р хуудас/,
Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай найз Г.М- нь Улаанбаатар хотоос ээж, эгч , дүү нарынхаа хамтаар манай Урандөш амралтын газарт амарч байсан юм. Өнөөдөр найз Г.М- маань Улаанбаатар хот руу явах байсан юм. Өчигдөр орой буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг өнгөрч байх үед би дэлгүүрээ хаачихаад гарч явахад Г.М- машиндаа юмнуудаа хийгээд янзлаад байж байсан. Би тухай үед түүнтэй очиж уулзаад “чи унтаж амрахгүй яасан юм бэ” гэж хэлэхэд “найз нь өдөржин унтсан чинь нойр хүрэхгүй байна, чи тогооч эгчийгээ дуудчих хэдүүлээ далай орж хэсэг байж байгаад хүрээд ирье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай амралтын газрын газраас хөдлөөд явж байхад Г.М- машинд суухад дотор нь ууттай 5-аас 6 ширхэг пиво байсан. Тэгээд бид нар манай амралтын газраас хөдлөөд явж байхад Г.М- машинаа хурдтай барьж явсан. Би тухайн үед “манай эндхийн зам эвгүй шүү, жоохон болгоомжтой яваарай” гэж хэлээд удаагүй байхад л машинаа огцом эргүүлсэн. Тэгэхэд л машин өнхрөөд явчихсан. Би үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход хүмүүс ирчихсэн хашхиралдсан байдалтай байж байсан. Намайг тэгээд хагас дутуу ухаантай байхад л түргэний эмч ирээд авч явсан. Тухайн үед хэргийн газрын орчинд эмч мэргэжилтэй хүн байсан юм шиг байна билээ. Тэр хүн талийгаачийг анх үзээд амьсгаатай байна гэж хэлээд анхны тусламж үзүүлж байсан. Тэгж байхад л түргэний эмч ирээд М-г үзээд нас барсан байна гэж хэлж байсан. Г.М- бид хоёр түргэний эмч нартай хамт машинаар нь Хатгал тосгоны төвд орж ирсэн. Найз Г.М-ыг маань Хатгал тосгоны эмч нар үзээд онош тодруулах шаардлагатай гээд аймгийн төв рүү авч явсан. Би сумынхаа эмнэлэгт өвчин намдаах эм тариа хийлгэчхээд шууд гэр рүүгээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч Ц.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Урандөш жуулчны баазад тогоочийн ажил хийдэг юм. Өчигдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн орой 23 цагийн үед ажлаа хийж дуусаад гэртээ орсон байхад талийгаач Л.М-э манай гэрт орж ирээд “амарч байгаа хүмүүс гараад ир гээд байна, хоёулаа хамт гарах уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд хамт гарсан. Тухайн амарч байсан хүний машинд ороод суухад манай амралтын газрын менежер Э.Э- амарч байгаа залуу буюу Э.Э-ын найз гэх залуу хоёр байсан. Л.М-э бид хоёрыг машинд ороод суухад жолооч залуу “танай амралтад сайхан амарлаа сайхан хоол цайгаар дайлсанд баярлалаа, маргааш өглөө дүү нь явлаа” гэж хэлж байсан. Тэгээд бид нар амралтын газрын гадна талаас хөдөлсөн. Би тухайн үед хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад жолооч залуу “хальт далайн зах орчихоод ирье” гэж хэлээд машинаа асаагаад давхисан. Тэр үед Л.М-э Э.Э- бид нар жаахан зөөлөн яваач гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу тоохгүй л яваад байсан ба явж байхдаа замынхаа хоёр талд ээлжилж гараад явсан. Тэгж явж байгаад замын ховил руу ороод буцаад зам руугаа гаргах үед л машин эргээд онхолдсон. Би үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход машин онхолдсон байсан ба Э.Э- бид хоёр машины урд талын цонхоор шургаж гадагшаа гарсан. Намайг машинаас гарахад талийгаач Л.М-э жолооч хоёр машинаас шидэгдээд гарсан байсан. Тухайн үед тэр хавиар цус нөж болсон байсан учраас миний ухаан санаа балартсан байсан. Үүнээс хойш яг юуг юу болсныг нарийн сайн санахгүй байна. Тэгж байхад түргэн тусламж ирсэн. Түргэн тусламж ирээд Э.Э-, жолооч залуу хоёрыг авч явсан. Харин би гайгүй байсан учраас явахгүй гээд үлдсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч О.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Би найзуудынхаа хамтаар аялж яваа бөгөөд Хатгал тосгоны Жанхайд байрлах “Олимп” нэртэй амралтаар газарт амарч байсан юм. 2020 оны 6 дугаар сарын 18-наас 19-нийг шилжих шөнийн 00 цагт 08 минутын үед амралтын баазынхаа гэрт байж байхад гадаа 3 удаа чанга дуу гарсан. Тэгэхээр нь гараад хартал машин онхолдсон сигнал нь дугарч байсан ба машин дотроос эмэгтэй хүний орилох чимээ сонсогдсон. Тэгэхээр нь машин руу явж очиход замын хажуу талд нэг залуу хэвтэж байсан. Тэр залуугийн цээжин бие нь дээшээ харсан. Хөл нь хажуу тийшээ харсан байдалтай байсан ба тухайн залуу ухаантай байсан. Тэгээд би хамт амарч явж байсан хүмүүсийнхээ хамтаар машин дотор байсан хоёр эмэгтэйг эхлээд машинаас гаргасан. Хоёр эмэгтэйг машинаас гаргахад машины эсрэг талд буюу бид нарт харагдаагүй талд нэг залуу доошоо хараад ухаангүй байдалтай хэвтэж байсан. Би тухайн үед гэмтсэн хүмүүсийг өвдөлтийн зэргээр нь ангилж хамт байсан хүмүүс осол гарсан талбайгаас холдуулсан. Хамгийн анх замын хажуу талд байсан залууг ухаан алдуулахгүйн тулд хамт байсан нэг хүнээ яриулаад үлдээсэн. Газарт доошоо хараад хэвтэж байсан залуу ухаангүй биеийн байдал хүнд байсан учир түүнд хамт явсан сувилагч Ц- анхан шатны тусламж үзүүлсэн Ер нь бол тэр хүний бие бусдаасаа хамгийн муу байсан. Осолд орсон 2 эмэгтэй болон ухаантай байсан залуу нарт өвчин намдаах эм уулгасан. Ухаангүй байсан хүн нь дотуураа цус алдсан байсан учир тусламж аваад ч нэмэргүй гэж Ц- хэлсэн. Замын хажуу талд хэвтэж байсан залуугийн нуруу нь хугарсан байдалтай байсан. Осолд орсон хоёр эмэгтэйн нэгнийх нь хавирга хугарсан, нөгөө эмэгтэй нь бусдаасаа хөнгөн гэмтэлтэй байсан..” /хх-ийн 30-р хуудас/,
Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цаг 53 минутад над руу манай ажлын газрын жижүүрийн сувилагч Г- залгаад “Жанхай даваа”-нд осол гарсан гэнэ, та тийшээ явах юм байна шүү, та П- эмчийг аваад яваарай гэж хэлж байсан. Тухайн үед би П- эмчийн гар утас руу залгахад утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан. Тэгээд би жолооч У-, сувилагч Г- нарын хамтаар тухайн дуудлага руу явсан. Уг дуудлагад очиход зам тээврийн осол гарсан байсан ба тэнд “Олимп” амралтын газарт амарч байгаа гээд нэлээн олон хүмүүс цугларсан байсан. Тэнд байсан хүмүүс эхлээд хүнд хүнээс эхэлж үзээд нэг хүнийг үзүүлсэн. Тухайн хүнийг үзэхэд нас барсан байсан. Тэгээд дараачийн хүнийг үзэхэд нуруу нь хөдлөхгүй ёолж чичирсэн байдалтай байхаар нь өвчин намдаах тариа хийгээд шууд зөөвөрлөж авч явахаар болсон. Осолд орсон гэх хоёр эмэгтэйн биеийн байдал гайгүй байсан ба нэгнийх нь хавирганы тушаа өвдөж байна гэж хэлж байсан. Хавирганы тушаа өвдөж байна гэсэн эмэгтэйг нуруу нь гэмтсэн залуутай хамт машинаараа эмнэлэг рүү авчирсан. Нөгөө нэг эмэгтэйг нь болохоор би зүгээр гээд үзүүлэхгүй, би эмнэлэг рүү явахгүй гээд яваагүй. Тухайн хүмүүсийн биеийг үзэж дуусаад нас барсан хүнийг осол болсон хэргийн газарт үлдээгээд нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг аваад буцсан. Эмнэлэг дээр ирэхэд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн маань өвдөж зовиурлаж байсан учир өвчин намдаах тариа хийсэн. Үүрийн 5 цаг 30 минутын үед эмнэлгийн ерөнхий эмч Ц-г дуудаж, тухайн хоёр өвчтөнийг үзүүлээд өглөөний 7 цагийн үед би залууг нь аваад мөрөн сум руу онош тодруулахаар явсан. Тухайн залууг Мөрөн сум руу авч яваад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг хүлээлгэж өгсөн. Түүнийг хүлээлгэж өгчихөөд түүнийг рентген ЭХО болон КТГ хийлгэх үед нь хамт байсан. Тухайн авсан шинжилгээгээр нуруу гэмтсэн байна л гэж хэлж байсан. Надад бол тодорхой оношийг хэлээгүй. Тэгээд би хүнээ хүлээлгээд өгсөн учраас буцсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
Гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд унтаж байсан чинь шөнө 1 цагийн үед хаалга тогшоод байхаар нь манай ээж онгойлгосон чинь Э.Э-ын эгч гэх эмэгтэй нэрийг нь сайн мэдэхгүй байна. Манай ээжид юм хэлээд ээж уйлаад байхаар нь би очоод юу болоод байгаа юм гэж асуусан чинь доохон талд аваар гарчихлаа гэж хэлэхээр нь юун аваар гэж хэлсэн чинь “доор ойрхон танай дүү аваарт орчихлоо” гэхээр нь хэн тэгж хэлсэн юм бэ, утсыг нь өгөөч гэсэн чинь манай таньдаг хүн хэл дуулгалаа, холбогдох утас байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 ярилцаад яагаад ийм юм болчихов оо, Э.Э- дуудаж хүүхэд аваад гарчихлаа явна гэж байхад гээд би уурласан. Тэгсэн цаана тогооч эгч гарч ирээд мэдэн будилаад тайвшир энэ тэр гэж хэлээд байгаад байсан. Би дүүгээ асуугаад хаана байна очъё гэсэн чинь “чи очиж яахав дээ наашаа хэл дуулгана гэсэн байж бай” гээд байсан. Э.Э- эгч тогооч эгч хоёр цагдаа нар ирж байгаа Хатгалын эмч нар аваад явсан нэг хүний бие муу тааруухан байгаа, дүү чинь гайгүй гэж надад хэлсэн. Манай хоёр хүү уйлаад байхаар нь би орж хүүхдүүдээ унтуулаад утсаар залгана гэсэн болохоор чимээ чагнаад хүлээгээд байж байсан өглөө болсон чинь Э.Э-ын эгчийн нөхөр гэх ах нэг хүнтэй орж ирээд за тайван байгаарай хамт явж байсан нэг хүн нь нас барсан байна, танай хүүг Мөрөн сумын эмнэлэг рүү авч явсан байна. Э.Э- гайгүй гээд Хатгалын эмнэлэг дээр үлдсэн байна. Хэдүүлээ одоо Мөрөн явах уу гэж хэлээд явсан. Тогооч эгч бүх явдлыг мэдэж байсан байж эхлээд хэлээгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Шүүгдэгч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.... би тухайн үед саадыг сүлжиж явсан. Зам дээр мод тавсан байсан. Бороо их орж байсан болохоор үзэндэх орчин их муу байсан. Тэгээд гэнэт мод гарч ирээд би рулээ зүүн тийшээгээ хариулаад баруун дарсан санагдаж байна. ...Манай эгч Г.Э- намайг хэвтэрт байх хугацаанд ажил явдалд нь бэлнээр 1.500.000 төгрөг, 400.000 төгрөгийн хүнс, наадмаар миний бие өөрийн дансаар 300.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 179-р хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 447 дугаартай: “шууд зардлын дүн: 5.410.000, шууд бус зардлын дүн: 670.000, нийт дүн: 6.080.000” гэх автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 64-73-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ш.Д-н 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн: “Ослын үед “Тоёота клугер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.М- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...Осол болсон гэх цаг хугацаанд жолооч Г.М-аас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоогоогүй байх боловч 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрч Э.Э-ын өгсөн ”...Манай амралтын газраас хөдлөөд явах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Г.М-ийн машин дотор пиво байсан, гэхдээ уг пивоноос уусан хүн байхгүй..” гэх мэдүүлэг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Г.М-ын өгсөн “..Тухайн үед би хэрэглээгүй.." гэх мэдүүлгээр жолооч Г.М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрч Ц.Т-ий өгсөн “...Л.М-э, Э.Э- бид гурвын хувьд эрүүл байсан. Харин жолооч залуу халамцуу байгаа харагдсан” гэх мэдүүлэг зэргээр Тоёото маркийн 709354 үнэмлэхийн дугаартай жолоодох эрхийн үнэмлэхтэй Гүнчин овогтой Г.М-ын архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байв..” гэх магадалгаа /хх-ийн 77-79-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7, 9-12-р хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,
“Тоёота клугер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14-р хуудас/,
Цогцсонд болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12, 54-55 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн ... албан тоотын хуулбар /хх-ийн 85-р хуудас/,
Амь хохирогч Л.М-ийн иргэний үнэмлэхний хуулбар, нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 93-94-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 119-120-р хуудас/,
Шүүгдэгч Г.М-ын хувийн байдлыг тогтоосон гэрч Г.Э-гийн мэдүүлэг /хх-ийн 37-39/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 7380 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112-114/, жолоочийн лавлагаа /хх-ийн 115/, өвчний түүх /хх-ийн 147-159/, мөн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль”-ийн бакалаврын дипломын хуулбар , “Жи Си Ар” Монголиа” ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.М-ыг 2020 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос 24 километрийн зайд байрлах “Олимп” амралтын газрын хажуу талын замд иргэн Г.Г-ын “Тоёота клугер” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Л.М-ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан гэрч Э.Э-ын “Тэгээд бид нар манай амралтын газраас хөдлөөд явж байхад Г.М- машинаа хурдтай барьж явсан. Би тухайн үед “манай эндхийн зам эвгүй шүү, жоохон болгоомжтой яваарай” гэж хэлээд удаагүй байхад л машинаа огцом эргүүлсэн. Тэгэхэд л машин өнхрөөд явчихсан”, гэрч Ц.Т-гийн “Тэр үед Л.М-э Э.Э- бид нар жаахан зөөлөн яваач гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу тоохгүй л яваад байсан ба явж байхдаа замынхаа хоёр талд ээлжилж гараад явсан. Тэгж явж байгаад замын ховил руу ороод буцаад зам руугаа гаргах үед л машин эргээд онхолдсон. Би үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна” мэдүүлгээс үзэхэд шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, тээврийн хэрэгсэл болон замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж яваагүйгээс тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авч чадаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хавтаст хэрэгт амь хохирогч Л.М-ийн хууль ёсны төлөөлөгч Л.М-, Б.У- нараас 8.201.930 төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгч, Б.У- нь шүүх хуралдаанд “...нөхөн төлбөр 10.000.000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн”-ээс шүүгдэгч Г.М- нь 8.201.930 төгрөгийн төлсөн болох нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.У-ийн: “...1.800.000 төгрөгийг өмнө нь авсан, 2021 оны 02 дугаар сарын 09-нд 100.000 төгрөг авсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 6.302.000 төгрөгийг өөрийн ... тоот дансаар хүлээж авсан” гэх гар бичвэрийг шүүх хуралдаанд гаргаж өгсөн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Г- нь 6.080.000 төгрөгийн хохирол нэхэмжилснийг шүүгдэгч нь нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Г.Г-ын: “надад учруулсан 6.080.000 төгрөгийн хохирлын мөнгийг бэлнээр хүлээж авсан болно. ...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал, хохирлыг нөхөн төлсөн гэж үзсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У- нь 10.000.000 төгрөгийн нөхөн төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байх боловч тэжээгчээ алдсны тэтгэвэр авсан тухай баримт, амь хохирогчийн цалин, хөлс, орлогын баримт хэрэгт авагдаагүй, 10.000.000 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирлын хор уршигт хэрхэн тооцсон талаарх баримтыг ирүүлээгүй байх тул эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тодорхой тооцоо хийх боломжгүй байна.
Харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 499 дүгээр зүйл, 508 дугаар зүйлд заасныг баримтлан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.М-, иргэний хариуцагч Г.Г- нараас 10.000.000 төгрөгийн нөхөн төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.М-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон шууд үр дагавар, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж шүүгдэгч Г.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.М-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний хариуцагч нарт хохирол нөхөн төлсөн, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “..хохирогчийн нэхэмжлэлтэй холбоотой “...97, 98 дугаар хуудсанд авагдсан эко жимс зарлагын баримтаар” 1503.700 төгрөгийн баримтыг нотлох баримтаас хасч тооцуулах, мөн шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, түүний эрүүл мэндийн болон хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол, уршгийг арилгасан гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол” хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх боловч,
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зохицуулсан байх боловч шүүгдэгч Г.М-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон шууд үр дагавар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, нэхэмжлэлээс үзэхэд амь хохирогчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, хохирол, хор уршгийг арилгасан гэсэн үндэслэлээр ял хөнгөрүүлэх, тэнсэх, албадлагын арга хэмжээний шүүхээс эрх олгосон зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна гэж үзсэн болно. Мөн шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 8.202.000 төгрөгийг хохиролд тооцон төлсөн ба 1.503.700 төгрөгийн зарлагын баримтыг нотлох баримтын хэмжээнд тооцохгүй байх, хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Г.Г-ын эзэмшлийн “Тоёота Клугер” маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байх тул эзэмшигчид нь олгох нь зүйтэй.
Эрүүгийн 2038003870409 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1.720 төгрөгийг /хх-ийн 198-199/ шүүгдэгч Г.М-аас гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ад оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 58 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Г.Г-ын эзэмшлийн Тоёота Клугер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцааж олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас 1.720 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн 2038003870409 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У-т 8.202.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.Г-т 6.080.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.У- нь 10.000.000 төгрөгийн нөхөн төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.М-, иргэний хариуцагч Г.Г- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР