Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

                        

 

 

2021            03              05                                   2021/ШЦТ/72

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 2038003540045 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Н.

Шүүгдэгч Э.Н- нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Г-ын амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Э.Н- нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Г-ын амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038003540045 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “..Миний талийгаач хүү Г.Г- нь 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гэртээ ганцаараа орж ирээд гарсан гэж ээж нь надад ярьсан. Би тухайн үед нь гэртээ байгаагүй. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдөр мотоцикльтой явж байгаад зам тээврийн осолд орсон гэж мэдсэн. Талийгаач хүү маань тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, өөрийн гэсэн мотоцикль байхгүй байсан. Тухайн осол гаргах үед найз Г-ын аавын мотоциклийг жолоодож явсан сураг гарсан. Өөр мэдэх зүйл надад байхгүй...Э.Н- надад хохирол 4.500.000 төгрөгийг барагдуулсан тул одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-49-р хуудас/

              Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний хүү талийгаач Г.Г- нь 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гэртээ ирж хоноод 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 11 цагийн үед зах орж ажлаа хийх гээд гарсан. Ингээд хүү маань дахиж гэртээ ирээгүй. Талийгаач хүү маань хамтран амьдарч О- хүү Эрхэс нар дээрээ хааяа очиж байдаг. Голцуу аав бид 2-тойгоо гэртээ байдаг байсан. Тэгсэн чинь 2020 оны 6 дугаар сарны 5-ны өглөө хүүг маань зам тээврийн ослоор нас барсан гэж мэдсэн. Нөхөр бид 2 охин , хүү 2-той байж байгаад төрсөн охиноо 2015 онд алдсан. Одоо хүүгээ алдлаа маш хэцүү байна. Нөхөр бид 2 маш их гомдолтой байна. Миний хувьд бие муутай эмчийн хяналтанд байдаг. Нөхөр маань зах дээр тэрэг түрж мөнгө олдог одоо харж хандах хүүгүй боллоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

              Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай ХҮЛЭГ нэртэй мотоциклио Мөрөн сумын 10 дугаар хорооны 14 дүгээр гудамжны ... тоот буюу хүргэн Г-ын хашаанд 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр мотоциклийн түлхүүрээ үлдээгээд хөдөө ажлаар явсан. Тэгтэл 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн орой талийгаач Г.Г- хүргэнтэй маань ганц шил архи уугаад миний мотоциклиор унаж гарсан гэж Г- надад ярьсан. Тэгсэн чинь талийгаач хүү аваарт ороод нас барсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/,

              Гэрч Д.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 4-ний орой 22 цаг бага зэрэг өнгөрч байхад би дүү нар болох Э-, Ц- нарын хамт Мөрөн сумын ... тоотод байх гэртээ харихаар явж байсан. Бид гурвыг гэрийн үзүүртээ явж байхад ертөнцийн зүгээр баруун гар талаас буюу манай гудамжны баруун талын чиг өргөн гудамжнаас нэлээн хүчтэй хаазалсан байдалтай машин ирж яваа харагдсан. Би тухайн үед ертөнцийн зүгээр хойд талаас ирж байсан машин мотоциклтой хүнийг мөргөчихсөн. Мөргөөд жолооч нь баруун гар тал руу жолооны хүрдээ дарсан бололтой мотоцикль, хүн хоёрыг тойрох маягтай хажуугаар нь гараад 10-20 дугаар гудамжны хойд хаалга хоёулаа хальт онгойсон гэхдээ хүн бууж ирээгүй. Тэгээд шууд хойшоо ухраад 20, 21 дүгээр гудамжны дундуур Хөх толгой тал руу давхиад явчихсан. Миний тухайд дээрх тээврийн хэрэгслийн жолооч хашаа мөргөсний дараа хойшоо ухрах үйлдэл хийж байхад нь тээврийн хэрэгслийн дугаарыг харахад ... гэсэн дугаартай байсан. Ар талын сери нь ... серитэй байсан байх. Тэрийг манай дүү харсан гэсэн.  Миний харснаар бараан өнгийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд хойд талдаа ачаатай машин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/

              Гэрч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Э.А-гэх хүнийг танина. Уг хүн манай ээж Д- төрсөн дүү А-тай хамтран амьдардаг хүн байгаа юм. Манай хадам аав Д- нь хэнээс авсныг авсныг сайн мэдэхгүй байна хагас ачааны саарал өнгөтэй машин худалдан авч байсан. Тухайн машин нь Цэцэрлэг суманд байсан ба дээрх машиныг манай нөхөр П- Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас засуулах гэж авч ирсэн. Гэхдээ би дээрх машины улсын дугаарыг анзаарч байгаагүй юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/

              Гэрч Т.З-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Д.П-г зүс танина. 2020 оны 2 дугаар сард ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарсан юм. Гэхдээ ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл одоог хүртэл миний нэр дээр байгаа. Шилжүүлэх гэхээр П- машинаа хөдөө байгаа гээд ажлын зав болохгүй байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/

              Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Талийгаач Г.Г- 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр манай гэрт 19-20 цагийн хооронд С- гэдэг хүнтэй халамцуу хөдөө явах гэж байгаа гэсээр 1 шил 0,5 граммтай архитай орж ирсэн. Тэгээд С-, Г-, талийгаач гурав нөгөө 1 шил архиа хувааж уусан. Би С-тай хамт хөдөө айл руу сүү, тараг авахаар явсан. Гэрт маань талийгаач Г.Г- мөн манай нөхөр Г-, 3 хүүхдийн хамт үлдсэн. Ингээд би гэртээ 22 цагийн үед ирэхэд Г- унтаж байсан. Өөрийн том охин Ууганцэцэгээс ах чинь хаана байгаа юм гэхэд өвөөгийн мотоциклийг унаад айлд очоод ирье гээд сая гарсан гэж хэлсэн. Талийгаач Г.Г-ын унаж явсан мотоцикл нь манай аав А.Б-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тухайн үед аав маань хөдөө явчихсан мотоциклийн түлхүүр нь манай байшинд үүдний хэсэгт өлгөөтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/,

              Арван найман насанд хүрээгүй гэрч О.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 21 дүгээр гудамжны үзүүрт хар бараан өнгийн Л-200 маркийн дөрвөн хаалгатай ардаа жижиг ачааны тээштэй, дээгүүрээ хар өнгийн ачааны бүтээлэгтэй ... гэсэн улсын дугаартай машин хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан мотоциклтой хүнийг дайрчихаад шууд явангуутаа 10 дугаар хорооны 21 дүгээр гудамжны үзүүрийн хашааг унатал нь мөргөчхөөд хальт зогсож хаалгаа онгойлгож харчхаад шууд зугтаагаад зүүн тийшээ 21 дүгээр гудамжаар ороод яваад өгсөн. Бид гурав машин дайруулсан хүн дээр очиж үзэхэд тэр хүн хөдлөхгүй, толгойноос нь нэлээд их цус гарчихсан байсан, мөн мотоциклынх нь банк,  суудал хоёр нь салчихсан байсан. Тэр үед Д.П-, Э- бид гуравт гар утас байгаагүй учраас замд явж байсан хөх өнгийн приустэй ах нарт хэлж цагдаагийн газар руу залгуулж хэлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/

Арван найман насанд хүрээгүй гэрч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...10 дугаар хорооны 21 дүгээр гудамжны үзүүрт хойноо жижиг ачаатай хар бараан дуу өнгийн машин /харанхуй байсан болохоор машины өнгийг сайн харч чадаагүй/ 21 дүгээр гудамжны зүүн талын үзүүрт явж байсан мотоцикльтой явж байсан хүнийг дайрч унагаачихаад машиныхаа хаалгыг хальт онгойлгож хараад шууд зугтаагаад манай гудамжны урд талын үзүүрийн хашааг мөргөөд тэндээсээ шууд зугтаагаад өгсөн. Тэгээд бид гурав машинд дайруулсан хүн дээр очиж үзэхэд тэр хүн хөдлөхгүй, толгойноос нь цус гараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/

Арван найман насанд хүрээгүй гэрч Н.Ү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 23 цаг болж байхад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт аав Э.Н-, танил ах Ү- нарын хамт аавын засварын газар байсан Л-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй аав унаад явж байтал гэнэт зүүн гар талаас нэг мотоцикльтэй хүн ирээд мөргөсөн. Тэр үед аав Л-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би жолооч талын эсрэг суудалд, Ү- ах хойд талд ганцаараа сууж явсан. Тэгээд аав машинтайгаа урд талын хашааг мөргөж зогсохоор нь цонхоор харсан чинь мотоцикльтой хүн унасан байх шиг байсан. Би тухайн үед урд талын салонд толгой хэсгээрээ мөргөсөн болохоор юу болсныг сайн ойлгоогүй. Нэг харсан чинь Мөрөн сумын захын хажуу талд байрлалтай аавын амьдарч байсан хашаан дотор машин орсон байсан. Ү- ах, аав бид 3 хашаандаа хэсэг сууж байгаад аав бид 2 М- эгчийн гэрт очиж хоносон...Манай аав осол болох үед эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

Гэрч Ч.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод байсан. 2020 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн өглөө миний гар утас руу Э.Н- залгаад цагдаагийн газарт очих гээд явж байна гэж хэлсэн.Тухайн үед би юу болсон талаар мэдээгүй. Тэгээд би 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Мөрөн суманд ирэхэд Н.Ү-, Б.Ү- нартай Д.П-ийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад осол гарч мотоцикльтой хүн нас барсан гэж хэлсэн. Хадам ээж Энхболд, Э.Н- бид 3 талийгаачийн гэр бүлтэй нь очиж уулзсан. Иймд болсонд харамсаж байна. Осол болсон цагаас хойш Э.Н- дуу муутай болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/

Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгтэл миний хүү Тэмүүлэн өвөөгийн мотоциклийг Г.Г- ах унаад хашаанаас гараад явчихлаа гэж хэлэхээр нь би босоод араас нь гарсан чинь манай хашааны үүдэнд мотоцикль асаачихсан зогсож байсан. Чи хүний мотоцикль унаж хаашаа явах гэж байгаа юм гэхэд би удахгүй айлд очоод ирье гээд мотоцикльтой манай гудамжны зүүн тал руу тавиад явсан. Би буцаад гэр рүү орсон. Тэгээд дахиж Г.Г- манай гэрт ирээгүй. Маргааш өглөө нь нас барсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/

Гэрч Б.Ү-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Л-200 маркийн машиныг Э.Н- жолоодож, Н.Ү- жолоочийн эсрэг талын суудалд, би хойд талд суугаад 10 дугаар багт байрлалтай алга өнгийн цэцэрлэгийн урд талын гудамжаар ороод гудамжны баруун зүүн тийш, зүүн талын үзүүрт дөнгөж гараад 20 орчим метр явж байтал Н.Ү-ын сууж явсан талаас гэнэт харанхуйд түс гээд явсан. Э.Н- сандарсандаа хазаа гишгээд урд талдаа байсан хашааны үзүүрийг мөргөж зогссон. Би бүр шоконд ороод юу болоод байгаа талаар учраа олохгүй байж байтал Э.Н- машинаа асаагаад хөдлөөд явсан. Н.Ү- Э.Н- бид 3 хоорондоо юм яриагүй, машинаасаа ч буугаагүй явж байгаад захын хажуу талын хашаанд машинаа Э.Н- оруулсан. Тэндээ хэсэг сууж байгаад би гэр рүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-р хуудас/

Иргэний хариуцагч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын эхээр Т.З- гэдэг хүнээс Л-200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг машин оролцуулж бэлэн 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Л-200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл Т.З- гэдэг хүний нэр дээр байгаа. Тээврийн хэрэгсэл маань хөдөө аавын гэрийн гадаа худалдаж авснаас хойш хэсэг хугацаанд байдаг байсан болохоор Мөрөн оруулж амжихгүй, шилжүүлэг хийж чадаагүй байсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн орчим хөдөөнөөс Л-200 маркийн тээврийн хэрэгслийг оруулж ирсэн. Ингээд 2020 оны 6 дугаар сарын 04-ний өглөөний 8 цагийн үед Мөрөн сумын 9 дүгээр багийн Анар нэртэй авто засварт баруун талын наклат солиулах гээд хадам талын танил залуу Э.Н-д /Э.А-гэж дууддаг/ хүлээлгэн өгсөн. Л-200 маркийн тээврийн хэрэгсэл маань тухайн үед 3 дугуй нь торомз барьж байсан. Гэхдээ нэг талын наклат нь бага зэрэг муудсан тул солих шаардлагатай байсан. Тэгээд засварт өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/

Шинжээч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бүргэд маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн рам хугарсан, гэрэл, дохио эвдэрсэн, цахилгаан утас тасарч унжсан, шатахууны сав зүүн талаар хонхойсон, суудал салж унасан байдалтай байсан. Харин ... улсын дугаартай, L-200 маркийн тээврийн хэрэгсэл нь салхины шил цөмөрч бяцарсан, зүүн хойд талын дохионы таг хагарсан, зүүн урд хаалга хонхойсон, зүүн урд талын дугуйны дээд талын кролан / шанаа төмөр/ дотогш хонхойсон, гупер урд талаараа хагарч унасан, гэрлийн хамгаалалтын суурь хугарч унасан гуперын дээд хэсгээр хонхойсон гэмтэлтэй тогтоогдсон. ... улсын дугаартай, L-200 маркийн тээврийн хэрэгсэл болон Бүргэд маркийн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлээс харахад Бүргэд маркийн тээврийн хэрэгсэл нь Л-200 маркийн тээврийн хэрэгслийн зүүн тал буюу зүүн урд талын хаалга хэсэг рүү мөргөж, мотоцикль хөдөлгөөний хурдатгалын дагуу урагш шидэгдэж шатахуун сав нь зүүн талын хэсгээрээ хонхойсон байх магадлалтай байна. Л-200 маркийн тээврийн хэрэгсэл, Бүргэд маркийн мотоциклийг урд гупер хэсгээр мөргөсөн бол Бүргэд маркийн мотоциклийн баруун талаараа шатахууны сав хонхойсон байх ёстой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-р хуудас/,

Шүүгдэгч Э.Н-н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн хүү Н.Ү-, найз Б.Ү- нарын хамт 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар хороонд байрлах Алаг цэцэрлэгийн урд талаар баз болох П-н Л-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байгаад, зүүн талын үзүүр дөнгөж гарахад миний унаж явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын хаалга хэсэг рүү тас хийх чимээ гарч нэг зүйл мөргөсөн. Машины урд талын шил хагарсан би сандарсандаа чигээрээ айлын хашаа мөргөж зогссон. Би зогсоод машины хаалгаар шагайж хартал мотоцикльтой хүн газар унасан харагдахаар нь айсандаа хүү Н.Ү-, Б.Ү- нарт юм хэлэлгүй зүүн тийш чигээрээ машинтайгаа хөдлөөд явсан. Би тухайн үед тээврийн хэрэгслийг хурдтай жолоодоогүй, гудамжны үзүүр гарахдаа 2 тал руу харахад ямар нэгэн тээврийн хэрэгсэл ирж байгаагүй, гэрэл харагдаагүй, саад бартаа байхгүй байсан тул хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд гэнэт машины зүүн талаас мөргөсөн. Би бодохдоо, миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн талаас гэрэлгүй мотоцикль ирээд мөргөж гэж бодсон. Тэгээд би Мөрөн сумын 10 дугаар багаар тойроод захын ар талаар явж Мөрөн сумын 5-р баг Оргил халуун ус урд талд байрлах хашаан дотор машинаа оруулж тавьсан. Б.Ү-, Н.Ү- 2 надад юм хэлж, ярихгүй би юм ярьж чадахгүй шокийн байдалтай байсан. Хэсэг зуур хашаан дотор бид 3 сууж байгаад Б.Ү- гэр лүүгээ явсан. Би хүү Н.Ү-ын хамт найз М- гэдэг найзынхаа гэрт очиж хоносон. Ингээд маргааш буюу 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 08 цагт цагдаа дээр өөрийн биеэр ирсэн. Тухайн үед би их айж сандарсандаа хэргийн газраас явсан байсан. Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэнээр нь ярьсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 160-161-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаартай: “...Г.Г-ын цогцост гавал тархинд хавсарсан битүү гэмтэл тогтоогдсон ба энэ авто ослын улмаас хүний биеийн хүчнээс хэт давсан мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нас барахад шууд хүргэсэн хүнд зэргийн гэмтэл юм. Амь хохирогчийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Г.Г- нь авто ослын улмаас гавал тархиндаа хавсарсан гэмтэл авч төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд тухайн цаг хугацаандаа нас барсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3335 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Э.Н- гэсэн хаягтай цусанд спиртийн зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 111-р хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3336 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ЗТО Г.Г- гэсэн хаягтай цусанд 3.0 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 3.0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 117-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 93 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “1” гэж дугаарласан тээврийн хэрэгслийн эд анги нь “2" гэж дугаарласан тээврийн хэрэгслийн эд ангитай тохирно. Харин “3” гэж дугаарласан тээврийн хэрэгслийн эд анги 1, 2 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн эд ангитай тохирохгүй. Журмын хашаанд байгаа ... улсын дугаартай, MITSUBISHI L-200 машины зүүн урд талын гэмтэлтэй 1,2 “гэж” дугаарласан эд анги тохирч байна. ... улсын дугаартай, “MITSUBISHI L-200” маркийн, автомашины бамбайны зүүн урд буланд үүссэн хагарсан хэсэгтэй өнгө, хэмжээ, зах ирмэгийн хэлбэр, элэгдэлт, зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 124-р хуудас/,

 Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн: “...... улсын дугаартай, Бүргэд  маркийн тээврийн хэрэгслийн рам хугарсан, гэрэл, дохио эвдэрсэн, цахилгаан уртас тасарч унжсан, шатахууны сав зүүн талаар хонхойсон. Суудал салж унасан байдалтай байна. ... улсын дугаартай, Бүргэд маркийн тээврийн хэрэгсэл нь асах болон хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан учир суурин болон явуулын багажаар тоормосны идэвхжил үзэх боломжгүй. Тээврийн хэрэгслийн рам хугарсан, шатахууны сав зүүн талаар хонхойсон, суудал салж унасан байдалтай нь тухайн ослоос болж эвдэрсэн байж болно. Гэрэл, дохио эвдэрсэн, цахилгаан уртас тасарч унжсан уг тээврийн хэрэгслийн гэрлийн гадна талын хамгаалалтын бэхэлгээ нь бүтэн байгаагаас харахад цахилгаан утас тасарсан гэмтлээс болж гэрэл асахгүй байх нь хуучин гэмтэл байх ба осол гарахаас өмнө гэмтэлтэй байсан байна. Осол гарахад тээврийн хэрэгслийн гэрэл цахилгааны утас нь хуучин тасарсан байсан учир нөлөөлсөн байх боломжтой. Тухайн тээврийн хэрэгсэл асахгүй, хөдөлгүүр, тоормосыг шалгах боломжгүй тул осол гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 138-р хуудас/

Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн: “...... улсын дугаартай, MITSUBISHI L-200 маркийн тээврийн хэрэгсэл нь Япон улсад 1994 онд бага оврын ачааны зориулалтаар үйлдвэрлэсэн байна" Монгол улсад 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр орж ирсэн. Техникийн үзлэгт 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орж тэнцсэн байна ... улсын дугаартай, MITSUBISHI L-200 маркийн тээврийн хэрэгсэл нь салхины шил цөмөрч бяцарсан, зүүн хойд талын дохионы таг хагарсан. зүүн урд хаалга хонхойсон, зүүн урд талын дугуйны дээд талын кролан / шанаа төмөр/ дотогш хонхойсон, гупер урд талаараа хагарч унасан, гэрлийн хамгаалалтын суурь хугарч унасан гуперын дээд хэсгээр хонхойсон гэмтэлтэй тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй байна. ... улсын дугаартай, MITSUBISHI L-200 маркийн тээврийн хэрэгсэл нь тоормос, явах эд анги, хөдөлгүүр бүрэн ажиллагаатай, жолооны механизм тэнхлэг тохиргоо 7.9 мм налуу гулсалттай байгаа нь стандартын шаардлага хангаагүй, зүүн хойд талын хойд дохионы гадна таг хагарсан боловч гэрэл нь бүрэн ажиллагаатай, бусад гэрэл, дохио бүрэн ажиллагаатай байна. Тээврийн хэрэгслийн салхины шил цөмөрч бяцарсан, зүүн урд хаалга хонхойсон, зүүн урд талын дугуйны дээд талын кролан / шанаа төмөр/ дотогш хонхойсон / бага зэрэг/, гупер урд талаараа хагарч унасан, гэрлийн хамгаалалтын суурь хугарч унасан гуперын дээд хэсгээр хонхойсон гэмтэл нь тухайн ослоос болж гарсан байна. Тэнхлэг тохиргоо 7.9 мм налуу гулсалттай байгаа нь стандартын шаардлага хангаагүй нь тухайн ослоос болохоос өмнө үүссэн ба ашиглалтын явцад тэнхлэг тохиргоо алддаг ба мэргэжлийн байгууллагаар завсар үйлчилгээ, тохиргоо хийлгэх шаардлагатай байдаг. Осол гарахад тээврийн хэрэгслээс нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 141-р хуудас/

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Д.Буянжаргалын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн:  “1. L-200 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.” гэсэн заалтуудыг; 2. Амь хохирогч Г.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ мотоцикп, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; үзэх үндэслэлтэй байна.” Арван тав. Уулзвар нэвтрэх II. Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх 15.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн” гэх магадалгаа /хх-ийн 149-152-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/           

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21, 98, 99-р хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-34-р хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38-р хуудас/,

Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-105-р хуудас/

Суманд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг тооллого явуулах хуваарь /хх-ийн 133-р хуудас/

Шүүгдэгч Э.Н-н хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164-167-р тал/,

 

 Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-ын мэдүүлэг /хх-ийн 43-49-р хуудас/, гэрч Н.Н-ын мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/, гэрч А.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/, гэрч Д.П-ын мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, гэрч Д.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/, гэрч Т.З-н мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/, гэрч Б.Э-ын мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч О.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Д.Э-ы мэдүүлэг /хх-ийн 74-р хуудас/, Арван найман насанд хүрээгүй гэрч Н.Ү-ын мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/, гэрч Ч.А-ын мэдүүлэг /хх-ийн 80-р хуудас/, гэрч Н.Г-ын мэдүүлэг /хх-ийн 86-р хуудас/, гэрч Б.Ү-ы мэдүүлэг /хх-ийн 89-р хуудас/, иргэний хариуцагч Д.П-ийн мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/, Шинжээч Х.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 146-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаартай мэдүүлэг /хх-ийн 101-р хуудас/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3335 дугаартай дүгнэлт /хх-ийн 111-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 3336 дугаартай дүгнэлт /хх-ийн 117-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт /хх-ийн 124-р хуудас/, Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 138-р хуудас/, Хөвсгөл аймгийн авто тээврийн төвийн 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 141-р хуудас/, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Д.Б-н 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн магадалгаа /хх-ийн 149-152-р хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 16-р хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21, 98, 99-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-34-р хуудас/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38-р хуудас/, Шүүх эд эсийн шинжилгээний илгээлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 102-105-р хуудас/, суманд тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг тооллого явуулах хуваарь /хх-ийн 133-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

              Зам тээврийн осол гарахад жолооч тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүй, амь хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоциклийг хамгаалах хэрэгсэлгүй жолоодсон зэрэг нөхцөл байдлын улмаас  зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохирсон, замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зам тээврийн осол гаргаж,  хохирогчийн амь насыг хохироосон, мөн зам тээврийн осол гаргасныг мэдсээр байж дээрх үйлдлээ нуух, хариуцлагаас зайлхийх зорилгоор хэргийн газрыг санаатайгаар зориуд орхиж зугтаасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

              Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Э.Н- нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймаг Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт ... улсын дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохироогч Г.Г-ын амь насыг хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлж, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хяналтын прокуророос шүүгдэгч Н.Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг хүлээн зөвшөөрч, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг харгалзан шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байсан /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-ийн 164-167-р тал/,боловч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгчийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Н- хохирогч Б.Г- нар нь хохирол төлбөргүй гэх эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Э.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 176-р тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Н-г орлого олох боломжийг харгалзан түүнд  оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолохыг мэдэгдэв.

   Эрүүгийн 2038003540045  дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-гээс 2.500 /хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, эрүүгийн 2038003540045  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21х7, 30х42, 25х10 хэмжээтэй авто машины саарал өнгийн гуперийн хагарч тасарсан хуванцар 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5  хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Н-г орлого олох боломжийг харгалзан түүнд  оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Э.Н-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

9. Эрүүгийн 2038003540045  дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21х7, 30х42, 25х10 хэмжээтэй авто машины саарал өнгийн гуперийн хагарч тасарсан хуванцар 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-гээс 2.500 /хоёр мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн 2038003540045  дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

12.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР