| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/227 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Л.Галав |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/227
2021 02 25 2021/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Л.Галав,
шүүгдэгч Г.Э., түүний өмгөөлөгч Т.Цэен-Ойдов,
гэрч Б.Тунгалагтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч. овогт Г.ын Э.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 00000 1291 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр буцаасныг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, “Уулс заамар” ХХК-д оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Ч. овогт Г.ын Э..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э. нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, уулын замд зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар Б.Бямбахүүгийн жолоодож явсан иргэн С.Алтангэрэлийн эзэмшлийн 51-22 УНЗ улсын дугаартай Дайвүү PC57D1 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуу шидэн хагалж, 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э. мэдүүлэхдээ: “2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хадам дүүгийнхээсээ буцаад явж байтал хоёр Daewoo маркийн машины нэгнийх нь хажуугаар би зөрөөд гарсан юм. Тэгтэл нэг нь урдуур хааж зогссон. Хоорондоо станцаар яриад байсан ба нэгийг нь гүйцэд түрүүлэхэд нөгөө нь хааж зогссон. Тэгээд би эхнэр, хүүхэд, эд хөрөнгөө хамгаалж, самбаачлах хугацаа гарган зогссон. Намайг хоёр удаа хааж зогссон. Би хурдтай явж байсан бол тэр машины араар орох байсан. Ингээд хоёр удаа гарах гэтэл гаргаагүй. Тэгэнгүүт нь би зам дээр зогсоод “яаж байгаа юм бэ?” гээд арынх нь 52-22 дугаартай машинд нь хэлсэн. Нэг тийм л юм болоод маргаад, цаашаа өнгөрөөд явсан. Тэгээд Зайсангийн уулзвар дээр хоёр машин хоёулаа л намайг түрүүлээд цаашаа явсан шүү дээ. Тэгээд цаашаа яваад Баянзүрхийн товчоон дээр намайг зогсоосон. Тэнд Daewoo маркийн 52-22 дугаартай машин ирчихсэн байсан. Мөнх-Эрдэнэ хошууч, мөрдөгч байсан. Надаас байцаалт авахдаа нэлээн хэдэн удаа дуудсан, заримдаа буцаасан. Тэгээд 05 дугаар сарын 27-нд бил үү, 28-нд бил үү С.Алтангэрэл гээд эзэмшигчийг нь өглөө 10:00 цагт дуудсан. Тэгээд би С.Алтангэрэлтэй цуг Мөнх-Эрдэнэ мөрдөгчийн өрөөнд нь ортол “та хоёр гараад наад асуудлаа шийдчихээд ир” гээд гаргасан. Тэгээд гартал надад “мөнгө шилжүүлчих юм бол гомдолгүй гээд биччихье, дахиж энд ирэх шаардлагагүй” гэж хэлсэн. Тэд нар “чамтай л зам дээр маргасан юм чинь чамайг л хагалсан юм гээд хэлчихсэн юм” гэж байсан. Тэгээд би мөнгө төгрөгийг нь шилжүүлсэн. Түүнээс биш би эхнэр, хүүхэдтэйгээ явж байж гүйцэд түрүүлээд, очиж шил, цонхыг нь хагалаагүй. Манай эхнэрийг Мөнх-Эрдэнэ байцаагч өрөөндөө дуудсан. Тэгээд “камерт бичигдсэн байна лээ, чулуу авч шидсэн байна лээ” гэж хэлсэн байсан. Тухайн явж байсан хоёр жолооч нар нь ч гэсэн гараад бид нар “ялихгүй юмнаас хоорондоо маргасан байна, одоо яах вэ, хурдан энэнээс салцгаая” гээд уг нь хоорондоо ярилцсан юм.” гэв.
Гэрч Б.Тунгалагтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нөхөр, 4 сартай хүүхдийн хамт уулын замаар явж байсан. Буцах замдаа хоёр том ачааны тэрэгтэй таарсан. Манай хүн гүйцэд түрүүлээд явах гэсэн чинь урд талын машин нь шахаад замд саад болоод байсан. Тэгээд буцаад замдаа орох гэсэн чинь хойд талынх нь машин шахаад ерөөсөө оруулаагүй, эсрэг зам руу гаргасан. Тэгээд манай нөхөр зогсоод “соёлтой яваач ээ” гээд арын машины жолоочтой жаахан маргалдсан. Нөгөө хоёр машины ард нь явсаар байгаад Зайсангийн уулзвар дээр ирсэн. Гэтэл хамгийн урд талын машин нь түрүүлээд явчихсан. Уулын замаар явсаар байгаад Баянзүрхийн товчоон дээр очсон. Тэгсэн чинь “та хоёр машины шил хагалсан” гээд бид хоёрыг жаахан саатуулсан. Бид хоёр тэр машины шилийг хагалах ямар ч боломж байгаагүй, хагалаагүй. Тэгээд цагдаагаараа шийдүүлье гээд Мөнх-Эрдэнэ мөрдөгчид мэдүүлэг өгөхөд “та хоёр зам дээр буцаж эргээд энэ машины цонхыг хагалсан байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хагалаагүй, ямар ч үндэслэл байхгүй” гэхэд замын камерын бичлэг байгаа гэж хэлж байсан.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- О.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өнөөдөр 19:30 цагийн үед хотын баруун талаас Налайх орох гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Богд уулын замаар 51-22 УНЗ улсын дугаартай Daewoo маркийн том машинтай явж байхад нэг 41-03 УНИ улсын дугаартай Приус 20 машинтай гүйцэд түрүүлээд, өнгөрөөд, миний урд явж байсан, надтай хамт явж байсан том тэргийг гүйцэд түрүүлэх гээд байхаар нь оруулахгүй яваад байсан чинь намайг хааж зогсоод жолоо барьж явсан залуу нь бууж ирээд намайг элдвээр хэлж, дайрч доромжлоод, машиныг гүйцэд түрүүлээд яваад өгсөн. Тэгээд цааш явж байхад нөгөө жижиг тэрэгтэй залуу өөдөөс ирээд явуут дундаа чулуу шидээд урд шил хагалчихаад өнгөрөөд, эргээд Налайх чиглэлтэй явахаар нь урд явж байсан машиндаа хэлээд Баянзүрхийн товчоон дээр байсан замын цагдаад хэлээд, нөгөө жижиг тэргийг саатуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,
- Гэрч Д.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ өдөр Налайх руу элсэнд явахаар 2 том тэрэгтэй гарсан. Би 5122 УНЗ улсын дугаартай Дэйвүү маркийн машин дотор жолоочийн хажууд сууж явж байтал Зайсан луу явах уулын зам дээр зам их гацаатай, түгжрэл ихтэй байсан. Тэгтэл манай машин эгнээндээ түгжрээд явж байтал хойноос хөх саарал өнгийн Приус 20 маркийн машин урсгал сөрөөд явж байгаад өөдөөс нь машин тулаад ирэхэд миний сууж явсан машины урдуур дараад зогссон чинь манай машины жолооч Бямбахүү нь “яаж яваад байгаа юм” гэхээр нь “чи өөрөө яаж яваад байгаа юм” гээд тэр хоёр цонхоороо маргалдаж байснаа тухайн Приус 20 машины жолооч бууж ирээд манай машины жолоочийн хаалгыг онгойлгоод Бямбахүүг заамдаж аваад машинаас нь татаж буулгасан. Тэгэхээр нь би очоод тухайн хүмүүсийг салгасан. Тэгтэл тухайн залуу та нар дараагийн уулзвараар гарахгүй, товчоогоор гарч чадахгүй, би та нарыг яахыг хараарай, шоглоноо гэж хэлээд салцгаасан. Тэгээд тухайн машин манай урд гараад явсан 1 км яваад манай машин урдуур нь гүйцэд түрүүлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, уулын зам дээр буюу гүүрний баруун талд явж байтал тухайн Приус 20 маркийн машин эсрэг урсгалаас товчоо талаас Зайсан орох чиглэлийн замаар миний сууж явсан машинтай зөрж өнгөрөхөд тасхийх чимээ гарсан. Тэгтэл машины цонхонд гарын атганы хэмжээтэй хадтай чулуу урд салхины шилэнд зоогдсон байсан. Тэгээд Бямбахүү зөрж өнгөрсөн машины толиндоо хартал тухайн маргалдаж байсан Приус 20 маркийн машин байна гэж Бямбахүү хэлж байсан. Би бол машины дугаарыг анзаараагүй, бас хараагүй. Тэгээд хамт явж байсан нөгөө машинтайгаа станцаар яриад цагдаа дуудахаар болоод бид 2 товчоо руу яваад очтол манай нөгөө машины жолооч тухайн манай машины цонхыг хагалсан Приус 20 маркийн машин цагдаатай уулзаад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
- Хохирогч С.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний хувьд 2 ширхэг ачааны тээврийн хэрэгсэлтэй, түүгээрээ хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг. О.Бямбахүү нь миний эзэмшлийн 55-21 УНЗ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг 03 дугаар сараас эхлэн жолоодож байгаа. Манай ажилтан байгаа юм. Өөрөөр ах дүү, төрөл садангийн холбоо байхгүй. О.Бямбахүү нь манай жолоочоор ажиллах болсон цагаас хойш л таньж мэдэх болсон ба ажил төрөлдөө сайн, худлаа яриад байдаггүй. Солонгос улсад олон жил болсон учир ажил хийгээд сурчихсан, ажилдаа сайн хүн ба тамхи татдаг, согтууруулах ундааг ажлын бус цагаар хэрэглэдэг. Би машинд нь сууж явж үзээгүй, хэрхэн яаж жолооддог талаар нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- 51-22 УНЗ автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 16/,
- Хохирогч С.Алтангэрэлийн дахин өгсөн: “Бямбахүү, Энхзориг нар нь миний ажилтан, бид ямар нэгэн байдлаар хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, аман тохиролцоогоор л тохироод ажиллаж байгаа. 2018 оноос хойш ийм байдлаар ажиллаж байгаа. Тээврийн хэрэгслийг нүдээр үзэж шил, гэрэл, дохио, дугуй зэргээ шалгаад л ажилдаа гарчихдаг, тээврийн хэрэгслээ хүлээлгэн өгөх ямар нэгэн дэвтэр байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
- Гэрч Д.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энхзориг, Бямбахүү нартай хамт ажилладаг. Манайх шороо, чулуу зөөж хотод ажилладаг. Тэгээд Налайхаас очиж элс авахаар 2 ачааны тээврийн хэрэгсэл явж, би өөрийн жолооддог тээврийн хэрэгслийг тавиад Бямбахүүгийн тээврийн хэрэгсэлд нь хамт явсан. Энхзориг, мөн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож ганцаараа явсан ба түгжрээд бага багаар явж байхад ногоондуу өнгөтэй Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл араас гүйцэж ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн урдуур орсон. Тэгээд урдуур ороход нь Бямбахүү машин дотроосоо Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой “яаж яваад байгаа юм бэ” гээд маргалдаад байсан ба тэгээд гэнэт нөгөө Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч буугаад миний сууж явсан тээврийн хэрэгслийн шатан дээр гараад Бямбахүүг заамдаад тэр 2 буусан. Би тэгэхэд нь бууж тойрч очоод салгасан. Нөгөө залуу “би энэ сэгийг чинь жолооддог юм, дараагийн уулзвар дээр гаргахгүй” зэрэг зүйлс хэлж маргалдаж байгаад салсан. Тэгээд тэр газраасаа хөдлөөд Зайсангийн уулзвар гараад нэлээд явж байтал машины урд шилэн дээр чулуу зоогдоод ороод ирсэн. Их дуу чимээ гарсан. Тэгээд Бямбахүү өөрийн талынхаа толинд хараад “нөгөө пизда чинь байна шүү дээ” гэж хэлээд тээврийн хэрэгслээ зогсоосон. Тэгээд л Бямбахүү утсаа гаргаж ирээд Энхзориг руу “нөгөө пизда чинь шил рүү чулуу шидээд хагалчихлаа, наанаа хараад бариад ав” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн товчооны пост дээр ирэхэд цагдаагийнхан зогсоосон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Гэрч О.Энхзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Налайхаас очиж элс авахаар С.Алтангэрэлийн эзэмшлийн 35-32 УНТ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг жолоодоод, миний ард Бямбахүү, мөн С.Алтангэрэлийн эзэмшлийн 51-22 УНЗ улсын дугаартай ачааны автомашинтайгаар явж байсан. Тэгээд Бямбахүү өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгсэлтэйгээ миний ард явж, би түрүүлээд цуваагаар уулын замаар явж байсан. Тэгээд богины амны орчим явж байхад 41-03 улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл Бямбахүүгийн ардаас гарч ирээд Бямбахүүг шахаад урд нь орсон. Тэгээд тэр тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд миний тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд байхаар нь би зам хаагаад урдуураа оруулаагүй. Тэгтэл Тоёота Приус 20 тээврийн хэрэгслээсээ буугаад Бямбахүүтэй маргалдаад байсан ба би энэ бүхнийг тээврийн хэрэгслийнхээ толинд харж байсан. Тэгээд нөгөө залуу Бямбахүүтэй маргалдчихаад аль аль нь тээврийн хэрэгсэлдээ суугаад явсан. Зайсангийн уулзвар дээр очиход би гэрлэн дохиогоороо гарч амжсан. Харин нөгөө Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, Бямбахүү тээврийн хэрэгсэлтэйгээ гэрлэн дохио дээр зогсоод үлдсэн. Тэгээд намайг Баянзүрхийн товчоо орох гээд явж байтал Бямбахүү араас ярьж 41-03 дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл чинь чулуу шидэж шил хагалчихлаа, товчооны цагдаа нарт хэлээд зогсоогоорой гэж хэлсэн. Тэгээд би түрүүлж Баянзүрхийн товчоон дээр байсан замын цагдаагийнханд хэлээд тээврийн хэрэгслийг зогсоолгоод, би тэр чигтээ хөдлөөд яваад өгсөн. Чулуу шидэхийг нь би хараагүй. Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг үл таних залуу жолоодож явсан, мөн хүүхэдтэй эмэгтэй явж байсан. Маргаан бол тэр тээврийн хэрэгсэл урсгал сөрж гүйцэх гэж байгаад л маргалдсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдаж зодолдоогүй. Зам түгжрээд явж байхад л урдуур чихэх гээд байхаар нь би урдуураа оруулаагүй. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн маргаан болж байхад тээврийн хэрэгслийн шил бүрэн бүтэн байсан. Харин Баянзүрхийн товчоон дээр харахад шилэнд чулуу зоогдчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
- Гэрч О.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.Алтангэрэлийн 51-22 УНЗ улсын дугаартай өөрөө буулгагч самосвал маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Яармагаас Налайх чиглэлд уулын замаар явж байсан ба миний урд 35-32 УНГ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл хамт цувраад явж байсан. Гэтэл миний араас 41-03 УНН улсын дугаартай усан ногоон өнгөтэй Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд ирсэн. Тэгээд манай урд талын тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгслийн голд орсон. Урд талынхаа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэтэл миний урд талын тээврийн хэрэгсэл гаргаагүй, урд талын тээврийн хэрэгслийг Энхзориг жолоодож байсан. Тэгээд Энхзориг тэр тээврийн хэрэгслийг гаргаагүй ба үргэлжилсэн цагаан шугам давж гүйцэх гээд байхаар нь хаасан гэж хэлж байсан. Тэгтэл тэр Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урд талын буюу Энхзоригийн тээврийн хэрэгслийг гүйцэх гэж 2 талаар дайрч байснаа урд ирж зогссон ба миний тээврийн хэрэгслийг том тэрэг байсан учир их ойртож зогссон. Тэгээд тэр тээврийн хэрэгслээс нэг үл таних залуу гарч ирээд надад “чи яаж яваад байгаа юм бэ” гэтэл “чиний ард явахаар утаа үнэртээд байна” гэсэн ба тэгэхээр нь би “тэгвэл зайгаа бариад явахгүй юу” гэхэд тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ, та нарыг энэ замаар зүгээр явуулна гэж байхгүй шүү” гэж хэлээд салцгаасан. Тэгээд тээврийн хэрэгсэл хөдлөөд би тэр Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг, мөн Энхзоригийн тээврийн хэрэгсэлтэй гүйцэж түрүүлээд урд нь гарсан явж байсан ба Зайсангийн гэрлэн дохио дээр би зогсч Энхзориг түрүүлээд гэрлэн дохиогоор амжиж гараад явсан. Тэгээд гэрлэн дохио асаж, би хөдөлсөн. Нөгөө Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл намайг дагаад яваад байснаа намайг гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд нэлээн явж байтал нөгөө тээврийн хэрэгсэл миний өөдөөс нөгөө урсгалаар явж ирээд явдал дундаа чулуу шидсэн. Тэгэхэд тэр чулуу нь миний жолоодож явж байсан С.Алтангэрэлийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан. Тэгээд би цонх хагарахад хөдөлгөөнөө зогсоогоод урд явсан тээврийн хэрэгсэл рүү утсаараа хэлсэн. Хөдөлгөөн зогсоогоод зогсож байхад нөгөө тээврийн хэрэгсэл мөн эргэж намайг гүйцэж зүүн зүгт буюу Налайх руу чиглэн явсан. Намайг урд талын тээврийн хэрэгсэл рүүгээ ярихад Энхзориг Баянзүрхийн товчоо дээр явж таараад цагдаагийнханд хэлж тээврийн хэрэгслийг зогсоосон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Гэрч Т.Дашчирэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн товчоон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл нэг үл таних эрэгтэй манай пост дээр орж ирээд манай машины шилийг Тоёота Приус маркийн машинтай хүн чулуу шидэж, шилийг нь хагалсан, одоо ирж байгаа гэхээр нь гарахад тухайн үед тээврийн хэрэгслийн шилэнд гарын атга шиг том хэмжээтэй чулуу урд шилэнд нь зоогдсон, шил шинэ хагарсан шинж тэмдэгтэй байсан. Г.Э. шидсэн ч гээгүй, шидээгүй ч гээгүй асуултанд хариулахдаа тойруулж хариулсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
- 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Виннер Вэй” ХХК-ийн №17314374 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 33-34/,
- Г.Э.гийн яллагдагчаар өгсөн: “Би цагдаагийн байгууллагад дахин дахин ирэхээс төвөгшөөсөн, тэгээд буруу зөрүү ойлголцсон, би хагалсан гэж төлөөгүй ээ. Өөрийн сайн дураараа хохирол төлбөрийг хохирогчийн дансаар шилжүүлэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
- Г.Э.гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Жуух бичиг, Э.Цэцхүү, Э.Болормаа нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Г.Э. нь 2020 оны 05 дугаар сарын 13-ны орой Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, уулын замд зам тавьж өгөөгүй гэх шалтгаанаар Б.Бямбахүүгийн жолоодож явсан иргэн С.Алтангэрэлийн эзэмшлийн 51-22 УНЗ улсын дугаартай Дайвүү PC57D1 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуу шидэж, хагалж 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- О.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би өнөөдөр 19:30 цагийн үед хотын баруун талаас Налайх орох гээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Богд уулын замаар 51-22 УНЗ улсын дугаартай Daewoo маркийн том машинтай явж байхад нэг 41-03 УНИ улсын дугаартай Приус 20 машинтай гүйцэд түрүүлээд, өнгөрөөд, миний урд явж байсан, надтай хамт явж байсан том тэргийг гүйцэд түрүүлэх гээд байхаар нь оруулахгүй яваад байсан чинь намайг хааж зогсоод жолоо барьж явсан залуу нь бууж ирээд намайг элдвээр хэлж, дайрч доромжлоод, машиныг гүйцэд түрүүлээд яваад өгсөн. Тэгээд цааш явж байхад нөгөө жижиг тэрэгтэй залуу өөдөөс ирээд явуут дундаа чулуу шидээд урд шил хагалчихаад өнгөрөөд, эргээд Налайх чиглэлтэй явахаар нь урд явж байсан машиндаа хэлээд Баянзүрхийн товчоон дээр байсан замын цагдаад хэлээд, нөгөө жижиг тэргийг саатуулсан.” гэх мэдүүлэг,
- гэрч Д.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энэ өдөр Налайх руу элсэнд явахаар 2 том тэрэгтэй гарсан. Би 5122 УНЗ улсын дугаартай Дэйвүү маркийн машин дотор жолоочийн хажууд сууж явж байтал Зайсан луу явах уулын зам дээр зам их гацаатай, түгжрэл ихтэй байсан. Тэгтэл манай машин эгнээндээ түгжрээд явж байтал хойноос хөх саарал өнгийн Приус 20 маркийн машин урсгал сөрөөд явж байгаад өөдөөс нь машин тулаад ирэхэд миний сууж явсан машины урдуур дараад зогссон чинь манай машины жолооч Бямбахүү нь “яаж яваад байгаа юм” гэхээр нь “чи өөрөө яаж яваад байгаа юм” гээд тэр хоёр цонхоороо маргалдаж байснаа тухайн Приус 20 машины жолооч бууж ирээд манай машины жолоочийн хаалгыг онгойлгоод Бямбахүүг заамдаж аваад машинаас нь татаж буулгасан. Тэгэхээр нь би очоод тухайн хүмүүсийг салгасан. Тэгтэл тухайн залуу та нар дараагийн уулзвараар гарахгүй, товчоогоор гарч чадахгүй, би та нарыг яахыг хараарай, шоглоноо гэж хэлээд салцгаасан. Тэгээд тухайн машин манай урд гараад явсан 1 км яваад манай машин урдуур нь гүйцэд түрүүлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, уулын зам дээр буюу гүүрний баруун талд явж байтал тухайн Приус 20 маркийн машин эсрэг урсгалаас товчоо талаас Зайсан орох чиглэлийн замаар миний сууж явсан машинтай зөрж өнгөрөхөд тасхийх чимээ гарсан. Тэгтэл машины цонхонд гарын атганы хэмжээтэй хадтай чулуу урд салхины шилэнд зоогдсон байсан. Тэгээд Бямбахүү зөрж өнгөрсөн машины толиндоо хартал тухайн маргалдаж байсан Приус 20 маркийн машин байна гэж Бямбахүү хэлж байсан. Би бол машины дугаарыг анзаараагүй, бас хараагүй. Тэгээд хамт явж байсан нөгөө машинтайгаа станцаар яриад цагдаа дуудахаар болоод бид 2 товчоо руу яваад очтол манай нөгөө машины жолооч тухайн манай машины цонхыг хагалсан Приус 20 маркийн машин цагдаатай уулзаад зогсож байсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Энхзориг, Бямбахүү нартай хамт ажилладаг. Манайх шороо, чулуу зөөж хотод ажилладаг. Тэгээд Налайхаас очиж элс авахаар 2 ачааны тээврийн хэрэгсэл явж, би өөрийн жолооддог тээврийн хэрэгслийг тавиад Бямбахүүгийн тээврийн хэрэгсэлд нь хамт явсан. Энхзориг, мөн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож ганцаараа явсан ба түгжрээд бага багаар явж байхад ногоондуу өнгөтэй Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл араас гүйцэж ирээд миний сууж явсан тээврийн хэрэгслийн урдуур орсон. Тэгээд урдуур ороход нь Бямбахүү машин дотроосоо Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочтой “яаж яваад байгаа юм бэ” гээд маргалдаад байсан ба тэгээд гэнэт нөгөө Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч буугаад миний сууж явсан тээврийн хэрэгслийн шатан дээр гараад Бямбахүүг заамдаад тэр 2 буусан. Би тэгэхэд нь бууж тойрч очоод салгасан. Нөгөө залуу “би энэ сэгийг чинь жолооддог юм, дараагийн уулзвар дээр гаргахгүй” зэрэг зүйлс хэлж маргалдаж байгаад салсан. Тэгээд тэр газраасаа хөдлөөд Зайсангийн уулзвар гараад нэлээд явж байтал машины урд шилэн дээр чулуу зоогдоод ороод ирсэн. Их дуу чимээ гарсан. Тэгээд Бямбахүү өөрийн талынхаа толинд хараад “нөгөө пизда чинь байна шүү дээ” гэж хэлээд тээврийн хэрэгслээ зогсоосон. Тэгээд л Бямбахүү утсаа гаргаж ирээд Энхзориг руу “нөгөө пизда чинь шил рүү чулуу шидээд хагалчихлаа, наанаа хараад бариад ав” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн товчооны пост дээр ирэхэд цагдаагийнхан зогсоосон байсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Энхзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Налайхаас очиж элс авахаар С.Алтангэрэлийн эзэмшлийн 35-32 УНТ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийг жолоодоод, миний ард Бямбахүү, мөн С.Алтангэрэлийн эзэмшлийн 51-22 УНЗ улсын дугаартай ачааны автомашинтайгаар явж байсан. Тэгээд Бямбахүү өөрийн жолоодож байгаа тээврийн хэрэгсэлтэйгээ миний ард явж, би түрүүлээд цуваагаар уулын замаар явж байсан. Тэгээд богины амны орчим явж байхад 41-03 улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл Бямбахүүгийн ардаас гарч ирээд Бямбахүүг шахаад урд нь орсон. Тэгээд тэр тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд миний тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд байхаар нь би зам хаагаад урдуураа оруулаагүй. Тэгтэл Тоёота Приус 20 тээврийн хэрэгслээсээ буугаад Бямбахүүтэй маргалдаад байсан ба би энэ бүхнийг тээврийн хэрэгслийнхээ толинд харж байсан. Тэгээд нөгөө залуу Бямбахүүтэй маргалдчихаад аль аль нь тээврийн хэрэгсэлдээ суугаад явсан. Зайсангийн уулзвар дээр очиход би гэрлэн дохиогоороо гарч амжсан. Харин нөгөө Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл, Бямбахүү тээврийн хэрэгсэлтэйгээ гэрлэн дохио дээр зогсоод үлдсэн. Тэгээд намайг Баянзүрхийн товчоо орох гээд явж байтал Бямбахүү араас ярьж 41-03 дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл чинь чулуу шидэж шил хагалчихлаа, товчооны цагдаа нарт хэлээд зогсоогоорой гэж хэлсэн. Тэгээд би түрүүлж Баянзүрхийн товчоон дээр байсан замын цагдаагийнханд хэлээд тээврийн хэрэгслийг зогсоолгоод, би тэр чигтээ хөдлөөд яваад өгсөн. Чулуу шидэхийг нь би хараагүй. Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг үл таних залуу жолоодож явсан, мөн хүүхэдтэй эмэгтэй явж байсан. Маргаан бол тэр тээврийн хэрэгсэл урсгал сөрж гүйцэх гэж байгаад л маргалдсан. Өөрөөр ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдаж зодолдоогүй. Зам түгжрээд явж байхад л урдуур чихэх гээд байхаар нь би урдуураа оруулаагүй. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн маргаан болж байхад тээврийн хэрэгслийн шил бүрэн бүтэн байсан. Харин Баянзүрхийн товчоон дээр харахад шилэнд чулуу зоогдчихсон байсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч О.Бямбахүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “С.Алтангэрэлийн 51-22 УНЗ улсын дугаартай өөрөө буулгагч самосвал маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Яармагаас Налайх чиглэлд уулын замаар явж байсан ба миний урд 35-32 УНГ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл хамт цувраад явж байсан. Гэтэл миний араас 41-03 УНН улсын дугаартай усан ногоон өнгөтэй Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлээд ирсэн. Тэгээд манай урд талын тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгслийн голд орсон. Урд талынхаа тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэтэл миний урд талын тээврийн хэрэгсэл гаргаагүй, урд талын тээврийн хэрэгслийг Энхзориг жолоодож байсан. Тэгээд Энхзориг тэр тээврийн хэрэгслийг гаргаагүй ба үргэлжилсэн цагаан шугам давж гүйцэх гээд байхаар нь хаасан гэж хэлж байсан. Тэгтэл тэр Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч урд талын буюу Энхзоригийн тээврийн хэрэгслийг гүйцэх гэж 2 талаар дайрч байснаа урд ирж зогссон ба миний тээврийн хэрэгслийг том тэрэг байсан учир их ойртож зогссон. Тэгээд тэр тээврийн хэрэгслээс нэг үл таних залуу гарч ирээд надад “чи яаж яваад байгаа юм бэ” гэтэл “чиний ард явахаар утаа үнэртээд байна” гэсэн ба тэгэхээр нь би “тэгвэл зайгаа бариад явахгүй юу” гэхэд тэр залуу “чамд ямар хамаатай юм бэ, та нарыг энэ замаар зүгээр явуулна гэж байхгүй шүү” гэж хэлээд салцгаасан. Тэгээд тээврийн хэрэгсэл хөдлөөд би тэр Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг, мөн Энхзоригийн тээврийн хэрэгсэлтэй гүйцэж түрүүлээд урд нь гарсан явж байсан ба Зайсангийн гэрлэн дохио дээр би зогсч Энхзориг түрүүлээд гэрлэн дохиогоор амжиж гараад явсан. Тэгээд гэрлэн дохио асаж, би хөдөлсөн. Нөгөө Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл намайг дагаад яваад байснаа намайг гүйцэж түрүүлээд явсан. Тэгээд нэлээн явж байтал нөгөө тээврийн хэрэгсэл миний өөдөөс нөгөө урсгалаар явж ирээд явдал дундаа чулуу шидсэн. Тэгэхэд тэр чулуу нь миний жолоодож явж байсан С.Алтангэрэлийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан. Тэгээд би цонх хагарахад хөдөлгөөнөө зогсоогоод урд явсан тээврийн хэрэгсэл рүү утсаараа хэлсэн. Хөдөлгөөн зогсоогоод зогсож байхад нөгөө тээврийн хэрэгсэл мөн эргэж намайг гүйцэж зүүн зүгт буюу Налайх руу чиглэн явсан. Намайг урд талын тээврийн хэрэгсэл рүүгээ ярихад Энхзориг Баянзүрхийн товчоо дээр явж таараад цагдаагийнханд хэлж тээврийн хэрэгслийг зогсоосон байсан.” гэх мэдүүлэг,
- гэрч Т.Дашчирэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Баянзүрх дүүргийн товчоон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл нэг үл таних эрэгтэй манай пост дээр орж ирээд манай машины шилийг Тоёота Приус маркийн машинтай хүн чулуу шидэж, шилийг нь хагалсан, одоо ирж байгаа гэхээр нь гарахад тухайн үед тээврийн хэрэгслийн шилэнд гарын атга шиг том хэмжээтэй чулуу урд шилэнд нь зоогдсон, шил шинэ хагарсан шинж тэмдэгтэй байсан. Г.Э. шидсэн ч гээгүй, шидээгүй ч гээгүй асуултанд хариулахдаа тойруулж хариулсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчээс “...би тэр хоёр машинаас салан салтлаа зөвхөн араас нь явсан” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Д.Батмөнх “хэн чулуу шидсэнийг би хараагүй” гэж мэдүүлсэн, ...О.Бямбахүүгийн 2 удаа өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй буюу эхний мэдүүлэгтээ “жолоочийн эсрэг талын цонхноос чулуу шидсэн”, 2 дахь мэдүүлэгтээ “хэн шидсэнийг хараагүй, зөрж өнгөрсөн машин шидсэн” гэж мэдүүлсэн, ...машины шил цацарч хагардаг байхад тэгж хагараагүй, ...машины эзэн нь хохирол нэхэмжлээд байсан тул хохирлыг төлсөн, ...хохирогч, сэжигтэн хоёрыг хоёуланг нь байлцуулан мэдүүлэг авсан нь процессын ажиллагааг ноцтой зөрчсөн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан буюу О.Бямбахүүгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогчоор өгсөн “...тэгээд цааш явж байхад нөгөө жижиг тэрэгтэй залуу өөдөөс ирээд явуут дундаа чулуу шидээд урд шил хагалчихаад, өнгөрөөд, эргээд Налайх чиглэлтэй явсан. Яг чулуу шидэхэд ямар хүн бариад явж байсныг анзаараагүй. Эхнэр нь бага насны хүүхэд тэвэрсэн явсан болохоор өөрөө барьж байсан байх” гэх мэдүүлэг,
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн “...гэрлэн дохио асаж, нөгөө Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл намайг дагаад яваад байснаа намайг гүйцэд түрүүлээд явсан. Тэгээд нэлээн явж байтал нөгөө тээврийн хэрэгсэл миний өөдөөс, нөгөө урсгалаар явж ирээд явдал дундаа чулуу шидсэн. Тэгээд би цонх хагарахад хөдөлгөөнөө зогсоосон. Хөдөлгөөнөө зогсоогоод байж байтал нөгөө тээврийн хэрэгсэл эргэж намайг гүйцэн Налайх руу чиглэн явсан. Эхэндээ анзаараагүй ч шил хагараад толиндоо харахад Г.Э.гийн тээврийн хэрэгсэл мөн байсан. Толинд улсын дугаар нь ч харагдсан.” гэх мэдүүлэг,
гэрч Д.Батмөнхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...уулын замд явж байтал тухайн Приус 20 маркийн машин эсрэг урсгалаас зөрж өнгөрөхөд тасхийх чимээ гарч, машины цонхонд хадтай чулуу зоогдсон байсан. Тэгээд О.Бямбахүү машины толиндоо хартал “тухайн маргалдаж байсан Приус 20 маркийн машин байна” гэж хэлж байсан. Бид хоёрыг товчоо руу яваад очтол нөгөө манай машины цонхыг хагалсан Приус 20 маркийн машин цагдаатай уулзаад зогсч байсан.” гэх мэдүүлэг,
2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэрчээр өгсөн “...тэгээд О.Бямбахүү утсаа гаргаж ирээд О.Энхзориг руу “нөгөөдөх чинь чулуу шидээд явчихлаа, наанаа хараад, бариад ав” гэж хэлсэн. Тэгээд Баянзүрхийн товчооны пост дээр ирэхэд цагдаагийнхан зогсоосон байсан.” гэх мэдүүлэг,
гэрч О.Энхзоригийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өгсөн “...гүүрний хажууд явж байтал О.Бямбахүү утсаар яриад “нөгөө 4103 гэсэн Приус 20 чинь урд явж байгаад, буцаж эргээд, миний машины цонхыг хагалчихлаа, Баянзүрхийн товчоон дээр цагдаад хэлээд зогсоочих гэхээр нь би түрүүлж товчоон дээр ирээд замын цагдаад хэлж, тухайн машиныг төд удалгүй ирэхээр нь зогсоолгоод байж байсан.” гэх мэдүүлэг,
2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дахин өгсөн “...тухайн маргаан болж байхад тээврийн хэрэгслийн шил бүрэн бүтэн байсан. Харин Баянзүрхийн товчоон дээр харахад шилэнд чулуу зоогдчихсон байсан.” гэх мэдүүлэг,
Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Т.Дашчирэвийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “...тэгээд цайвар ногоон өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоосон. Энэ үед араас нь шилээ хагалуулсан тээврийн хэрэгсэл ирсэн. Г.Э. шидсэн ч гээгүй, шидээгүй ч гээгүй, асуултанд хариулахдаа тойруулж хариулаад байсан, ...бага зэрэг сандарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг зэргээс үзвэл болсон үйл явдлын талаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд гэрч О.Бямбахүүгийн мэдүүлэг нь гэрч Д.Батмөнхийн мэдүүлгээр давхар нотлогдож, О.Энхзориг, Т.Дашчирэв нарын мэдүүлгээр Г.Э.гийн унаж явсан 41-03 УНИ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь О.Бямбахүүгийн унаж явсан, хохирогч С.Алтангэрэлийн өмчлөлийн 51-22 УНЗ улсын дугаартай Дээвүү маркийн ачааны автомашиныг гүйцэд түрүүлэн явж, улмаар Баянзүрх дүүргийн товчоон дээр ирсэн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, 51-22 УНЗ тээврийн хэрэгслийн жолооч О.Бямбахүү нь 41-03 УНИ дугаартай автомашиныг эсрэг урсгалаас эргэж ирэх үед Г.Э., Б.Тунгалагтуяа нарын хэн нь жолоодож явсныг тодорхой хараагүй гэх боловч шилэнд чулуу зоогдож, хагарсны дараа тухайн автомашин болон автомашины улсын дугаарыг толинд харж, хамт явж байсан Д.Батмөнхөд хэлж, энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байхад шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж буйгаар “чулуу шидэгдсэн хүчин зүйл тодорхойгүй”, “уулын замд явж байсан тул уулнаас чулуу унасан байхыг үгүйсгэхгүй” гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл О.Бямбахүү нь хохирогчоор 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21:35-21:55 цагийн хооронд, Г.Э. нь холбогдогчоор 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14:10-14:50 цагийн хооронд, хохирогч С.Алтангэрэл нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10:55-11:05 цагийн хооронд, Г.Э. нь яллагдагчаар мөн өдрийн 09:40-10:10, 11:35-11:40 цагт тус тус мэдүүлэг өгч, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хохирогч, сэжигтэн хоёрыг хоёуланг нь байлцуулан мэдүүлэг авсан тул мөрдөн шалгах ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээргүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.Э.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж үзэв.
Хохирогчид 450.000 төгрөгийн хохирол учирч, хохирол төлөгдсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Э.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу эхнэр, бага насны хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг зэргийг тус тус харгалзан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч. овогт Г.ын Э.г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э.д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.Э.д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Г.Э. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА