| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00424/И |
| Дугаар | 00424 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00424
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Хатгал суманд суманд 1970 онд төрсөн 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 16-05 тоотод оршин суух, РХ70111507 дугаар регистртэй, Халзан овогт Чулууны Наранцэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1970 онд төрсөн 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд оршин суух, РХ70071413 дугаар регистртэй, Цахар овогт Данын Бат-Эрдэнэд холбогдох
Хамтын амьдралтай байсан болон хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ам бүлд ногдох хэсэг болох 16.533.332 /арван зургаан сая таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2017/00284/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ч.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч Д.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Бат-Эрдэнэтэй 2002 онд хуримаа хийж гэр бүл болсон. 2003 онд хүү Ганхөлөгийг төрүүлж өсгөсөн. Би өөрөө 8 настай 1 охинтой байсан. Ингээд ам бүл дөрвүүлээ 14 жил хамт амьдарч айлын дайтай айл болсон. Нөхөр Д.Бат-Эрдэнэ нь гэрлэлтээ батлуулаагүй, би ч санаачлага гаргаагүй өдий хүрсэн. Нөхөр маань биднийг байнга хөөж тууж хэл амаар доромжилж дарамталдаг. Би энэ айлд зарцын байдалтай амьдарч ирсэн. Хувцас хунар авч өгдөггүй, өвдөхөд ах дүү нараараа очиж эмчлүүл гээд хөөдөг. Үхэр малаа өөрийн дураар сааж болохгүй, 1л сүү зарах эрхгүй, сүү зарвал миний малын сүүний мөнгө гээд авдаг. Та нарын өнчин ишиг ч энд байхгүй, бүгд миний хөрөнгө гэдэг. Би олон жил өвдөж явсаар өвчин хүндэрч гишгэж чадахаа байсан. Би хүүхдээ өнчрүүлэхгүйн тулд олон жил дарамт шахалт хэцүү хүнд бүхнийг уучилж ирсэн. Сүүлдээ гишгэж ч чадахаа болиод өөрийнхөө гэрийг орхиж 2 хүүхдийнхээ хамт Мөрөн суманд ирж айлын хашаанд хүний гэр барьж амьдарч байна. Өөрөө хөдөлмөрийн чадваргүй болсон болохоор бид 3 ууж идэх, өмсөж зүүх, түлээ түлшээр байнга гачигдаж байна. Хүү Ганхөлөг 2 дугаар сургуулийн 8В ангид сурдаг. Охин Баасандулам Далайван дээд сургуульд суралцаад төлбөрийг нь төлж чадахгүйн улмаас гарсан, гэртээ байдаг. Д.Бат-Эрдэнэтэй салах шийдвэрийг хоёулаа гаргасан. Иймд
-үхэр 25 толгой*400.000=10.000.000
-Хонь 96 толгой*50.000 =4.800.000
-ямаа 180 толгой*50.000 =9.000.000 бүгд 23.800.000 төгрөгний мал байгаа.
5. Гэр 1.000.000 төгрөг. Бүгд 24.800.000 төгрөгийн эд, малаас мөн 2 ам бүлдээ ногдох хэсгийг гаргуулж авах хүсэлтэй байгаа учир бидний бодит амьдралыг судлан үзэж дээрх асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Нийт 24.800.000 төгрөгөөс би болоод миний 1 хүүхэд буюу 2 ам бүлд хариуцагчаас 16.533.332 төгрөгийг гаргуулж өгнө үү. Охин Баасандуламыг өмчийн хуваарьт оруулаагүй гэжээ.
Хариуцагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бат-Эрдэнэ би Ч.Наранцэцэгтэй 2002 онд ёс журмын дагуу хүндэтгэн хадаг сүй тавьж хурим найр хийж нэг гэрт орсон. 2002 онд өмч хөрөнгөө нийлүүлж хамт амьдрах болсон. Ч.Наранцэцэг нь айл болсон намар 1 хонь янзалтал миний хонь янзаллаа гэж хэл ам хийж 2002 онд Наранцэцэгийн дүү болох Тогтох нь Түнэл сум руу нүүхэд Наранцэцэгийн өмч болох 40 гаран тооны нарийн мал, 3 үнээ, 2 шүдлэн, 2 гүү, 1 морь гэсэн малаа хамт туулгаж явуулсан. Үүнээс хойш одоог хүртэл мал нь Тогтохынд байдаг болсон. Хүү Ганхөлөг нь миний хүүхэд мөн. 2003 оны 3 сарын 4-нд төрсөн. Хүү төрөөд гэрлэлтээ батлуулахаар очтол Ч.Наранцэцэг нь өмнөх нөхрөөсөө гэрлэлтээ цуцлуулаагүй байсан учир гэрлэлтээ батлуулж чадаагүй. Ч.Наранцэцэг нь 2004 онд өөрийн гэсэн ор, авдар, эд хогшлоо аваад миний хүү 1 ой 4 сартай хөхүүл байхад бид 2-ыг орхин явж 8 сар болсон. Энэ хугацаанд хүүхдээ өсгөн, малаа маллан ах дүү ээжийнхээ тусламжийг авч байсан. Би хүүгээ өнчрүүлэхгүйн тулд Ч.Наранцэцэгийг өчнөөн гуйж авчирсан хойно санаагүй юм санаж сэтгэн “миний мал байхгүй, чиний мал, өөрөө малла, гэрийн зарц болж байна” гэж хэрүүл хийн эхнэрийн үүрэг хариуцлага ухамсарладаггүй. Би Ч.Наранцэцэгийг хөөж тууж хэл амаар доромжилж дарамталдаггүй байсан. Бид 2-ын амьдрал нэг жил дотор 1-2 сар л хамт амьдардаг, энэ хугацаанд Наранцэцэг нь намайг хэл амаар доромжилж хэрүүл гарган “малаа зар, ашиггүй цөөхөн малын хэрэггүй, төв оръё” гэж хэл ам хийн биед минь хүртэл хүнд гэмтэл учруулж мал маллах чадваргүй хүртэл болгож байсан. Би ганцаараа хүнд хэцүү улиралд өөрийн өмч болох 100 хүрэхгүй нарийн мал, 10 гаран тооны үхрээ маллаж, заримдаа айлд хөлсөлж, ах дүү нараараа харуулдаг. Ч.Наранцэцэг нь Мөрөн сумын 9-16-5 тоотод байдаг дүүгийнхээ хашаанд аавынхаа гэр барьж 2 хүүхэдтэйгээ амьдрах болсон. Д.Бат-Эрдэнэ би түлээ түлш бэлтгэн өгч өөрт болон 2 хүүхдийнхээ хувцас, хичээлийн хэрэгсэл, охиныхоо 1 жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлсөн. Наранцэцэг нь эмэгтэй хүний зүүж хэрэглэдэг бүхнийг авч өгдөг байсныг дандаа үгүйсгэдэг. Наранцэцэг нь надад бүрэн бүтэн амьдрал бэлэглэж байсан удаа байхгүй. Наранцэцэг нь өөрийн хүслээр мал маллах сонирхолгүй, залхуу хүн. 14 жилийн хугацаанд би малаа 10 жилд айлд тавин банкны зээл авсан. Хөлс мөнгөө бүрэн өгдөг байсныг миний малыг харж байсан айлууд олон түмэн гэрчлэх болно. Эцэст нь миний бие амьдарлын бодит байдал, бие болон сэтгэл санааны хохирол амсаж явна. Амьдралд минь тулж түших хань минь болж бүтэн нэг жил ч хамт амьдарч үзээгүй, байнга салж 14 жилийг ардаа үдэж, залуу насны минь амьдарлаар тоглосон. Дээрх байдлыг дүгнэхэд би Ч.Наранцэцэгтэй хамтын амьдралтай байсан гэх үндэслэлгүй учир миний өмч болох малаас авах эрхгүй гэж үзэж байна. Салах өргөдөлийг хамтарч өгөөгүй. Харин тусдаа амьдархаар бол хүү Ганхөлөгт 18 нас хүртэл тэтгэмж, 18 нас хүрснээс хойш өмч, сургуульд явах айл гэр болоход нь тусалж дэмжинэ гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бат-Эрдэнэтэй ярилцаад хамт амьдрахаар болж эвлэрсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагч Д.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Наранцэцэг бид хоёр харилцан ярилцаж, ойлголцоод хамтдаа амьдрахаар болж эвлэрсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь Д.Бат-Эрдэнэд холбогдуулан хамтын амьдралтай байсан болон хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ам бүлд ногдох хэсэг болох 16.533.332 /арван зургаан сая таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь хариуцагч Д.Бат-Эрдэнэтэй эвлэрч цаашид хамтдаа амьдрах болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч эвлэрч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 16.533.332 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 240.616 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 120.308 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан хамтын амьдралтай байсан болон хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ам бүлд ногдох хэсэг болох 16.533.332 /арван зургаан сая таван зуун гучин гурван мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрч, нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Наранцэцэгээс улсын тэмдэгтийн хураамж 240.616 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулан, хариуцагч Д.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 120.308 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Наранцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА