| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 155/2015/0012/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2017-03-31 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 69
Л.Галбадрахад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолтой Л.Галбадрахад холбогдох 201422000228 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн прокурорын газрын прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн хянан хэлэлцэв
Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, боловсролгүй,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Халзангууд овогт Ламжавын Галбадрах нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Сум дундын 27 дугаар шүүх Л.Галбадрахыг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 111 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймгийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтэд: “... Л.Галбадрах нь 2014 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө яллагдагч Ш.Цогбадрах, Ж.Алтанхуяг, Д.Эрдэнэдалай нартай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, машин механизм хэрэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тарвуугийн гол гэх газраас иргэн В.Дүгэрсүрэнгийн 39 тооны адууг хулгайлж 23.450.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 201503000047 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. Уг хэрэгт тус прокурорын газраас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 64 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 114 дугаартай шүүхийн тогтоолоор яллагдагч Л.Галбадрах нарт холбогдох эрүүгийн 201503000047 дугаартай хэргийг эрүүгийн 201422000228 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж, шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Эрүүгийн 201422000228 дугаартай хэргийг эрүүгийн 201503000047 дугаартай хэрэгт нэгтгэснээр Л.Галдбадрахад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэн сонсгох нөхцөл байдал үүсч байна. Иймд Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14А дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл “... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан нөхцөл байдал тогтоогдсон тул Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хоёр хэргийг нэгтгэн шалгах нь зүйтэй, прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэв.
Архангай аймгийн прокурорын газрын прокурорын дүгнэлтийн дагуу хэргийн үйл баримтыг шинжлэн судлахад Л.Галбадрах нь 2014 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутгаас иргэн Д.Дэлгэрбат, Д.Нямсүрэн нарын 22 тооны адууг хулгайлан 12.980.000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолоор бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил 5 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн байна.
Шүүгдэгч Л.Галбадрах нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Ш.Цогбадрах, Ж.Алтанхуяг, Д.Эрдэнэдалай нартай бүлэглэн, машин механизм хэрэглэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тарвуугийн гол гэх газраас иргэн В.Дүгэрсүрэнгийн 39 тооны адууг хулгайлж 23.450.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Иймд шүүхийн тогтоол гаргах үед мэдэгдээгүй байсан, өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 357 дугаар зүйлийн 357.1.3-д заасан “... урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх” нөхцөл байдал илэрсэн байх тул Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Галбадрахад холбогдох 201422000228 дугаартай хэргийг 201503000047 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар хэргүүдийг мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Галбадрахад холбогдох 201422000228 дугаартай хэргийг 201503000047 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэж мөрдөн байцаалт хийлгэхээр Архангай аймгийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Л.Галбадрахад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЦОГТ