Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/268

 

 

 

 

 

 

 

 

 

  2021        03          04                                       2021/ШЦТ/268

 

                            

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,  

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч А.Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Их арцад овогт А.ийн Г.т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 00196 0114 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, Их арцад овогт А.ийн Г..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 418 дугаар байрны 167 тоотод байдаг гэртээ үл ойлголцох маргааны улмаар Ш.Жарданбекийн толгой руу хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч Ш.Жарданбекийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Даваажав бид хоёр Г.т гэр лүү чинь орлоо шүү гэж сануулж байгаад гэр лүү нь яваад орсон. Тэгсэн Г. “та миний квадрат дотор орж ирлээ, та нар вирустэй шүү” гээд гэрийнхээ буйдан дээр суучихаад утсан дээрээ бичлэг хийгээд байсан. Тэгсэн Даваажав Г.т хандаж “та битгий чанга чанга дуу дуугараад орилоод бай, танайд давхар давхар дуудлага ирсэн, та хоёрыг хоёуланг чинь авч гарах шаардлагатай, та гадуур хувцсаа өмсчих” гэж хэлсэн. Тэгсэн “та нар намайг авч явж яах гээд байгаа юм, би гэмт хэрэгтэн биш” гээд мөн адил орилоод байсан. Ингээд би энгэрийн камераа ажиллуулж байгаад Г.ийг “танд шаардлага тавилаа, шаардлага биелүүлэхгүй бол хүч хэрэглэн авч явна шүү” гэж сануулга өгсөн чинь урдаас эсэргүүцээд байхаар нь Г.ийн урдаас хоёр гарын суган доогуур гараа хийгээд тэвэрч аваад буйдан дээр давхралдаад унасан. Тэгээд Даваажав бид хоёр зүүн гарыг нь гавлаад дараа нь баруун гарыг нь гавласан. Дөнгөж гавлачихаад байж байхад Дарханбаатар нь “та нар миний найзыг гавладаг нь яаж байгаа юм” гээд хойноос хувцаснаас чангаасан. Тэр үед баруун гарын хээрийн хувцасны товч нь тасраад унасан. Дарханбаатарыг татахаар нь өндийгөөд босох гэсэн чинь Г. гэх залуу миний толгойн зулай руу хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-20/,

- Гэрч Г.Ганзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Цагдаа нар ирсэн. Орж ирчихээд гуталтайгаа энд тэнд яваад байсан. Манай нөхөр найзтайгаа маргалдчихаад жаахан ууртай байсан учраас цагдаа нарт хандаж “та нар гуталтайгаа битгий хивсэн дээр яваад бай” гэж хэлсэн. Мөн “гадуур өвчин байхад та нар ингэж болохгүй” гээд байсан. Нойл орчихоод гараад ирсэн чинь Дарханбаатар үүдэнд сууж байсан. Харин Г.ийг буйдан дээр дарж унагаад гарыг нь ард нь гавлаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,

- Гэрч А.Дарханбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Тэгээд байж байхад цагдаа нар орж ирсэн. Том өрөөний гол хэсэгт Г. “та нар хивсэн дээр гуталтайгаа явлаа, миний метр квадратад гуталтайгаа явлаа” гээд маргалдсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-36/,

- Гэрч А.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Тэгсэн хоёр цагдаа гэрт нь ороод ирсэн, гэрт нь гуталтайгаа алхаад байсан. Тэгсэн Г. “яагаад гадуур гуталтайгаа хивсэн дээр гишгээд байгаа юм бэ” гэсэн. Би яг хэн гэдгийг нь мэдэхгүй, шар царайтай цагдаа байсан. Тэгээд хоёр цагдаа нийлж байгаад гавласан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-42/,

- Гэрч М.Даваажавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2020 оны 12 дугаар сарын 30-ны 02 цаг 40 минутын орчимд 102 дугаараас “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол  хорооллын 418 дугаар байрны 167 тоот айлд хүмүүс архидаад шуугилдаад зодолдоод байна” гэсэн утгатай дуудлага ирсэн. Мөн уг тоотод “нөхөр нь эхнэрээ зодчихлоо” гэсэн утгатай давхар дуудлага ирсэн. Улмаар уг тоотын хаалгыг тогшиход үл таних 2 согтуу залуу хаалгаа онгойлгоод гарч ирсэн. Нэг залуу “би эхнэрээ зодчихлоо, намайг аваад яв, би явмаар байна” гэж орцонд орилж хашгирсан. Улаан куртка өмссөн залуу нь “эндээ учраа олоод торгуулиад үлдчихье, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж гуйж байсан. Би хамт гарч байгаа жолооч цагдаа Ш.Жарданбекийн хамт уг айлд ороход нэг залуу “манай гэрт дураараа цагдаа нэвтэрлээ, прокурорын зөвшөөрөл байгаа юу, би метр квадратдаа байгаа шүү” гэж орилж хашгирсан. Уг залууд “дуугүй бай” гэдэг шаардлага тавьсан боловч дуугүй болохгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/,

- Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын дуу дүрсний бичлэг, уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 400 тоот “1.Ш.Жарданбекийн биед тархины доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 47-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас А.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 418 дугаар байрны 167 тоотод байдаг гэртээ үл ойлголцох маргааны улмаар Ш.Жарданбекийн толгой руу хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул А.Г.т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           А.Г. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын 418 дугаар байрны 167 тоотод байдаг гэртээ үл ойлголцох маргааны улмаар Ш.Жарданбекийн толгой руу хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

          - хохирогч Ш.Жарданбекийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Даваажав бид хоёр Г.т гэр лүү чинь орлоо шүү гэж сануулж байгаад гэр лүү нь яваад орсон. Тэгсэн Г. “та миний квадрат дотор орж ирлээ, та нар вирустэй шүү” гээд гэрийнхээ буйдан дээр суучихаад утсан дээрээ бичлэг хийгээд байсан. Тэгсэн Даваажав Г.т хандаж “та битгий чанга чанга дуу дуугараад орилоод бай, танайд давхар давхар дуудлага ирсэн, та хоёрыг хоёуланг чинь авч гарах шаардлагатай, та гадуур хувцсаа өмсчих” гэж хэлсэн. Тэгсэн “та нар намайг авч явж яах гээд байгаа юм, би гэмт хэрэгтэн биш” гээд мөн адил орилоод байсан. Ингээд би энгэрийн камераа ажиллуулж байгаад Г.ийг “танд шаардлага тавилаа, шаардлага биелүүлэхгүй бол хүч хэрэглэн авч явна шүү” гэж сануулга өгсөн чинь урдаас эсэргүүцээд байхаар нь Г.ийн урдаас хоёр гарын суган доогуур гараа хийгээд тэвэрч аваад буйдан дээр давхралдаад унасан. Тэгээд Даваажав бид хоёр зүүн гарыг нь гавлаад дараа нь баруун гарыг нь гавласан. Дөнгөж гавлачихаад байж байхад Дарханбаатар нь “та нар миний найзыг гавладаг нь яаж байгаа юм” гээд хойноос хувцаснаас чангаасан. Тэр үед баруун гарын хээрийн хувцасны товч нь тасраад унасан. Дарханбаатарыг татахаар нь өндийгөөд босох гэсэн чинь Г. гэх залуу миний толгойн зулай руу хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

          - гэрч М.Даваажавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2020 оны 12 дугаар сарын 30-ны 02 цаг 40 минутын орчимд 102 дугаараас “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол  хорооллын 418 дугаар байрны 167 тоот айлд хүмүүс архидаад шуугилдаад зодолдоод байна” гэсэн утгатай дуудлага ирсэн. Мөн уг тоотод “нөхөр нь эхнэрээ зодчихлоо” гэсэн утгатай давхар дуудлага ирсэн. Улмаар уг тоотын хаалгыг тогшиход үл таних 2 согтуу залуу хаалгаа онгойлгоод гарч ирсэн. Нэг залуу “би эхнэрээ зодчихлоо, намайг аваад яв, би явмаар байна” гэж орцонд орилж хашгирсан. Улаан куртка өмссөн залуу нь “эндээ учраа олоод торгуулиад үлдчихье, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж гуйж байсан. Би хамт гарч байгаа жолооч цагдаа Ш.Жарданбекийн хамт уг айлд ороход нэг залуу “манай гэрт дураараа цагдаа нэвтэрлээ, прокурорын зөвшөөрөл байгаа юу, би метр квадратдаа байгаа шүү” гэж орилж хашгирсан. Уг залууд “дуугүй бай” гэдэг шаардлага тавьсан боловч дуугүй болохгүй байсан.” гэх мэдүүлэг,

          - цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын дуу дүрсний бичлэг, уг камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 400 тоот “1.Ш.Жарданбекийн биед тархины доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул А.Г.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч А.Г. нь бусдад төлөх төлбөргүй болно.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч А.Г.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их арцад овогт А.ийн Г.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г.т 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.Г.т оногдуулсан 650.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, А.Г. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, А.Г.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА