Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 144

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5 дугаар баг, Сайн-Устад оршин суух, Тогооч, Гүнсэнгийн Балгармаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуульд холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, гэрч Ц.Магнайбаяр, гэрч Ш.Бүрэнтогтох, гэрч Х.Сарангэрэл, гэрч Ц.Цэрэндулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Балгармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн Г.Балгармаа миний бие 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сургуулийн жижүүрээр ажиллаж байгаад Хөхморьт сумын сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие нь ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Гаргасан тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй дотоод журам үндэслэж халсан гэж байгаа боловч манай сургуульд баталсан мөрдөгдөж байгаа дотоод журам байдаггүй, ажлын байраа орхиж архидан согтуурсан гэж ор үндэслэлгүй худлаа зүйл оруулсан, миний бие нь сургуулийн жижүүр албан тушаалтай ажиллаж байхад энэ тушаал дээр сургуулийн үйлчлэгч гэж буруу гаргасан алдаатай байна. Иймд миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн жижүүр ажилтай Г.Балгармаа нь 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тус сургуульд ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан байгаа үүнтэй холбогдуулж ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн нэхэмжлэл шүүхэд гаргасан байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.Пүрэвдагва шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Эрдэнэчимэгийн Пүрэвдагва нь тус сургуулийн захирлын ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сумын Засаг Даргын Тамгын газраас комисс гаран үүрэгт ажлаа хүлээн авсан болно. Нэхэмжлэгч Т.Балгармааг ажлаас халсан шалтгаан нь: Үүрэгт ажлаа хүлээн аваад үдээс хойш 15 цаг 30 минутын үед сургууль орчинтой танилцаж явах үед үйлчлэгч Г.Балгармаа нь 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 09 цагаас оройн 17 цаг хүртэл жижүүрийн ээлжийн ажилтай байсан боловч ажлын байрандаа байгаагүй учир 3 удаа үйлчлэгч Ц.Магнайбаяраар дуудуулсан боловч ирээгүй. Дахин 16 цаг 30 минутын орчимд очиход мөн ажлын байрандаа ирээгүй байсан. Намайг явсны дараа үйлчлэгч Г.Балгармаа нь 16 цаг 50 минутын орчимд ажилд дээрээ согтуу ирж коридорт байсан жижүүрийн сандал ширээг авч шидэн орилж, хашгирч нярав Ш.Бүрэнтогтох, Ц.Магнайбаяр, тогооч Ц.Цэрэндулам, эмч Х.Сарангэрэл нарыг хэл амаар доромжлон танхайрч байхад нь нөхөр Б.Батбаатар нь машинтай ирж авч явсан. 17 цаг 00 минутад жижүүр хүлээлцэх үйл ажиллагааг хянахаар очиход үйлчлэгч Г.Балгармаа нь ажлаа хүлээлцээгүй зэрэг үйлдлүүд гаргасан тул хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн. Үйлчлэгч Г.Балгармаа нь 2010-2016 он хүртэл ажиллах хугацаандаа удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж ажил сэлгэн ажиллуулах болон сахилгын арга хэмжээнүүдийг авч байсан байна. Г.Балгармаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй гэсэн шалтгааныг гаргаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд нь Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэлүүд болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг оруулж өгсөн байгаа. Мөн "Хөдөлмөрийн гэрээ"-д заасан нэмэлт заалтуудыг зөрчсөн байна./Хөдөлмөрийн гэрээг хавсаргав 5 хуудас/ Сургуулийн дотоод журам батлагдаагүй гэж байгаа боловч 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх "Дотоод журам"-ыг өмнө гүйцэтгэж байсан захирал Ц.Гэрэлцэцэг нь батлан мөрдөж байсан учир түүнийг хүчинтэй гэж үзэн мөрдөн ажиллаж байна. /Сургуулийн дотоод журмыг эх хувиар хавсаргав 11 хуудастай/ Нэхэмжлэгч Г.Балгармаа нь жижүүрийн албан тушаалтай гэж байгаа боловч манай сургуульд жижүүрийн орон тоо байдаггүй. Ц.Гэрэлцэцэг захирлын гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг мөрдөн ажиллаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Балгармаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Балгармаа нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай тушаал, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай тушаалаар жижүүрийн ажилд томилогдсон болох нь ажилд томилох тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Балгармаа нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан “...ажилтан ажлаас буруу халсан...” тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, хуулийн хугацаандаа гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан байх ёстой бөгөөд Б/05 дугаартай тушаалын удирдлага болгох хэсэгт Монгол улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, Аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/61 дугаар захирамж, Сургуулийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтыг тус тус баримтлан ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба ингэснээрээ тухайн тушаал хууль зүйн үндэслэл бүхий болох юм. Гэтэл Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байх тул уг ажлаас халсан тушаал нь хэлбэрийн хувьд хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар хариуцагч татгалзлын үндэслэлээ ажилтан ажлын цагаар архи ууж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тухайн байгууллага дээр нарийвчлан зохицуулсан эрх зүйн баримт бичиг болох байгууллагын дотоод журмын 10.1.3-т ноцтой зөрчил болон ёс зүйн зөрчил гаргасан багш ажилчдыг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу тухайн зөрчлийг тогтоогоогүй байгаа нь тушаал агуулгын хувьд ч хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэдийгээр хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор тодорхой гэрчүүдийг шүүх хуралдаанд оруулсан боловч зөрчил тогтоогдсон байх гэдэг нь тушаал гарсны дараа бус ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдахаас өмнө тогтоогдсон байх ойлголт юм. Ажлас чөлөөлсөн тушаалд үйлчлэгчийн ажлаас гэж заасан байгаа хэдий ч гэрч Магнайбаярын “...Бид жижүүр, үйлчлэгчийн ажлыг давхар хийдэг..” гэх мэдүүлэгээс үзэхэд болон ер нь хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа агуулгаар нь ч уг тушаалын хууль зүйн үндэслэлийг авч үзсэн болно.

Иймд Тогоочийнхон Гүнсэнгийн Балгармааг урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 529.567 + 417.591 + 663.762 = 1.610.920, 1.610.920 : 3 = 536.974 төгрөг байх бөгөөд үүнээс 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарыг дустал хугацааны буюу 3 сарын цалинг тооцоход 1.610.920 төгрөг байна. Иймд нийт ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1.610.920 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үндсэн цалингаас тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Балгармаагийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуульд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.610.920 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 40.726 төгрөг, нийт 110.926 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Тогоочийнхон, Гүнсэнгийн Балгармааг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Г.Балгармаагийн ажилгүй байсан хугацааны олговорт 1.610.912 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл,  хураамжийг  тооцон, Г.Балгармаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын бүрэн дунд сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын дунд сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.610.920 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 40.726 төгрөг, нийт 110.926 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН