| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0061/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2138000000040 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **************нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар баг улсын тусгай хамгаалалттай газрын Онцгой бүс “Доншиг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 4.1 метр куб мод бэлтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар баг улсын тусгай хамгаалалттай газрын Онцгой бүс “Доншиг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 4.1 метр куб мод бэлтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000040 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Доншиг гэх газраас түлээний мод бэлтгэхээр ганцаараа модонд очиж цахилгаан хөрөөгөөр 7 ширхэг босоо мод огтолж унагаагаад машинд ачихаар тайрч, цагаалсан. Машинд ачихдаа болохоор хүргзн Бааскаг гуйж ачуулсан юм...Өмнө бэлтгээд гэрийнхээ гадаа хураасан байсан модноос өөрийн серс маркийн 7080 хөв улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хатгалын төв рүү орж яваад тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар шалгасан.Тэгэхээр нь нөгөө мөнгө тушаасан баримтыг үзүүлэхэд ийм гоожин гэж байдаггүй юм. Та зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна гээд цагдаагийн тасгийн хашаанд модыг журамласан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-6-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 8-10-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 12-14-р хуудас),
Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Доншиг гэх газраас 2020 оны 12 дугаар сарын сүүлээр бэлтгээд гэрийнхээ гадаа буулгачихсан байсан гэж **************нь ярьж байсан. Тэгээд **************ярихдаа 7 ширхэг босоо мод огтолсон гэж ярьсан бөгөөд мод бэлтгэсэн газарт нь экологийн байцаагч Ганболд, Наташа нарын хамт очиж үзлэг хийхэд нь цуг явсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хатгал тосгоны хар толгой гэх газарт хяналт шалгалтаар ажиллаж байхад **************нь серс маркийн машинаар мод бэлтгэх эрхийн зөвшөөрөлгүй, мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн байсан. Экологи эдийн засгийн үнэлгээг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө Алагцараас Хатгал тосгон руу ээжийнх түлээгүй болсон ээж нь гоожин хөөцөлдөөд авчихлаа гэхээр нь би төв орж ирсэн. Гоожин гэх хоёр бичгийг нь аваал буцаад хөдөө гарч хадам аав болох Жаргалсайханд өгсөн аав тэр бичгийг аавд гэрийхэн гадаа бэлтгэж буулгасан түлээгээ өөрийнхөө машинаар ачаад Хатгал руу орж явахдаа эргүүл хяналт шалгалтын хүмүүстэй таарчихлаа чиний өгсөн бичиг гоожин биш байна гэхээр нь би очсон тэгтэл гоожин биш гоожингийн мөнгө тушаасан баримтаар явж болохгүй юм байна гэдгийг мэдсэн....” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29, 33-р хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэр “Хар толгой” гэх газарт байгаль хамгаалагч **************хамтаар хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд **************нь Серс маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэх эрхийн бичиггүй мод тээвэрлэж явсныг журмын хашаанд журамлаж ажилласан. Маргааш нь экологийн цагдаагийн ажилтан Ганболдын хамтаар ************** мод бэлтгэсэн газар луу үзлэг хийхээр явсан. Жаргалсайханаар мод бэлтгэсэн газрыг заалгаж очиход Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн ой болох Доншиг гэх газарт Хатгал тосгоны иргэн **************нь босоо хуурай 7 ширхэг мод огтолсон гэж зааж өгснийг Ганболд тэмдэглэл үйлдэж зураг дарж ажилласан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-р хуудас),
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №03 дугаартай дүгнэлтэд:
1.Иргэн ************** модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 4,1 метр куб түлээний хуурай шинэс мод байв.
2. **************бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын Доншиг гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 205-р хэсэглэлийн 8-р ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна.
3. Мод бэлтгэсэн Доншиг гэх газар нь Чандмань-Өндөр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хамаарна.
4. ************** бэлтгэсэн модонд хэмжил хийж экологи эдийн засгийн үнэлгээ нь 691,485,5 төгрөгийг хохирол учирсан гэх дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 13 дугаартай дүгнэлтэд:
“...Иргэн **************ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 691,485,5 төгрөгийг хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 2,074,456,5 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов” гэх дүгнэлт (хх-ийн 46-р хуудас),
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №11 дугаартай дүгнэлтэд
1. **************бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын Доншиг гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 205-р хэсэглэлийн 8-р ялгаралд хамаарах хамгаалалтын бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна. Мод бэлтгэсэн Доншиг гэх газар нь Чандмань-Өндөр сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хамаарна. N 50.26.09.1, Е 100.25.08.8 цэг GРS байршил нь ХУТХГазарт хамаарна. 1992 онд МУ-ын засгийн газрын тогтоолоор Хөвсгөл нуур түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг Улсын Тусгай Хамгаалалтад авч Хөвсгөлийн байгалийн үндэсний цогцолборт газрыг байгуулсан. 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан” гэх дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 58-60-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хатгал тосгоны цаг уурын өртөөний эрхлэгчийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, жолоочийн үнэмэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрлчилгээний хуулбар, Малын А дансны тодорхойлолт, А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73, 75-88-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000040 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **************нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар баг улсын тусгай хамгаалалттай газрын Онцгой бүс “Доншиг” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 4.1 метр куб мод бэлтгэж, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр уг модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ************** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-6-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл (хх-ийн 8-10-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл (хх-ийн 12-14-р хуудас),
Хохирогч **************(хх-ийн 19-20-р хуудас), гэрч **************(хх-ийн 28-29, 33-р хуудас), гэрч **************(хх-ийн 31-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №03 дугаартай дүгнэлт (хх-ийн 39-40-р хуудас)
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэчимэгийн 13 дугаартай дүгнэлт (хх-ийн 46-р хуудас),
Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн инженер Б.Одончимэгийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №11 дугаартай дүгнэлт (хх-ийн 51-52-р хуудас),
Хөрөнгө үнэлсэн тайлан (хх-ийн 58-60-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалттай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь экологи эдийн засагт 691,485,5 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч **************нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 2,074,456 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 2,074,456 төгрөгийг гаргуулж Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалттай газрын хамгаалалтын захиргаанд олгон нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт (хх-ийн 100-р хуудас)-аар 3000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч **************эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалттай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000040 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 4.1 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирол 2,074,456 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан 1,425,544 тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан улсын тусгай хамгаалттай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч **************ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч **************хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч **************2,074,456 төгрөгийг гаргуулж Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалттай газрын хамгаалалтын захиргаанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2138000000040 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 4.1 м.куб хэмжээтэй модыг хурааж улсын орлогод, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирол 2,074,456 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан1,425,544 төгрөгийн тээврийн хэрэгслийн үнийг улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн 2138000000040 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цахилгаан хөрөө нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР