| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2017/0468/и |
| Дугаар | 182/ШШ2017/00294 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан /захиргааны албан хаагч/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2017/00294
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Ц-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нгазарт холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Доржсүрэн, өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч С.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ц- 2016 оны 7 сарын 01-ний өдөр Нгазрын дарга Л.Нарантуяатай Хөдөлмөрийн гэрээг байгуулж, тус газрын санхүүгийн хэлтсийн жолоочоор ажиллаж байгаад тус газрын даргын 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Б/159 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байсан. Байгууллагын бүтэц, орон тооны зохион байгуулалт шинээр батлагдсантай холбогдуулан, ажлаас чөлөөлсөн боловч Санхүүгийн хэлтэсийн жолоочийн ажил хэвээр хадаглагдаж байна. Иймд С.Ц-ыг урьд эрхэлж байсан Санхүүгийн хэлтсийн жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Нгазрыг төлөөлж С.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нгазрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тогтоодог. 2016 онд 2 удаа шинэчлэн баталсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 сарын 18-ны өдрийн “Бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/395 дугаар захирамжаар Газрын дарга-1, Орлогч дарга-2, Дотоод хяналтын алба-3, Захиргаа, удирдлагын хэлтэс-26, Санхүүгийн хэлтэс-15, Захиалагчийн хэлтэс-22, Зураг төсөл, газар зохион байгуулалтын хэлтэс-12, Хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтэс-10 нийт 91 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 сарын 30-ны өдрийн “Зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах” тухай А/688 дугаар захирамжийн дагуу Газрын дарга, Орлогч дарга-2, Ерөнхий инженер, Хууль, дотоод хяналтын алба, Захиргааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс, Барилга захиалагчийн хэлтэс, Зураг төслийн хэлтэс, Төлөвлөлт судалгааны хэлтэс гэсэн 5 хэлтэс, 80 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бүтэц орон тоо шинэчлэн зохион байгуулагдаж Санхүүгийн хэлтсийн жолоочоор ажиллаж байсан С.Ц-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2016 оны 9 сарын 30-ны өдөр 5/2482 тоот албан мэдэгдлийг хүргүүлж, нэг сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгосон. 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Б/159 тоот тушаал хууль тогтоомж зөрчөөгүй С.Ц-ын хөдөлмөрийн гэрээг хамгийн сүүлд ажилд орсон шалгуураар чөлөөлсөн. Одоо 8 жолооч ажиллаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Ц- хариуцагч Нгазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.040.155 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн гэж маргажээ.
Ажилтан С.Ц-ыг Нгазрын даргын 2016 оны 07 сарын 01-ний өдрийн Б/74 тоот тушаалаар Санхүүгийн хэлтэст жолоочоор томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж /хх-ийн 58 талд/ байжээ.
Ажил олгогч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Нийслэлийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай А/688 дугаартай захирамж, Газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Бүтэц, орон тоо зохион байгуулалтын тухай А/66 дугаар тушаалыг тус тус үндэслэн С.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 04-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь Нгазрын даргын 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Б/159 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн /хх-ийн 61 талд/ байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/688 дугаартай захирамжаар Нгазрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг хавсралтаар шинэчлэн баталж /хх-ийн 25-26 талд/ газрын дарга, орлогч дарга 2, ерөнхий инженер, Хууль дотоод хяналтын алба, Захиргааны хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэс, Барилга захиалагчийн хэлтэс, Зураг төслийн хэлтэс гэсэн 5 хэлтэс 80 хүний бүрэлдэхүүнтэй, Санхүү, аж ахуйн хэлтэс нь дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн 2, аж ахуйн тооцооны нягтлан бодогч, нярав, жолооч 8 бүгд 15 хүний бүрэлдэхүүнээр бүтэц зохион байгуулалт зурагдаж, жолоочийн орон тоог нэгээр цөөрүүлсэн /хх-ийн 59 талд/ болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн “Нийслэлийн Засаг даргын 2016 оны 05 сарын 18-ны өдрийн А/395 дугаартай захирамжаар Нгазрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг 91 хүний бүрэлдэхүүнтэй баталсан байхад 92 дах хүн болгож С.Ц-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хамгийн сүүлд ажилд орсон гэх шалгуураар Санхүүгийн хэлтсийн жолооч С.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэх тайлбар нь “Нийслэлийн Засаг даргын А/395 дугаартай захирамж, захирамжийн хавсралт, Нгазрын бүтэц схем /хх-ийн 60 талд/, Ажиллагчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “ажилтны тоог цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг хэлэх бөгөөд С.Ц-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр цуцалсан Нгазрын даргын 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Б/159 тоот тушаал үндэслэлтэй байна.
Иймд С.Ц-ын урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс 2017 оны 02 сарын 03-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.040.155 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Нгазарт холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.040.155 төгрөг гаргуулах, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай С.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ