Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Б-ийн Б-т холбогдох эрүүгийн 2135000000018 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б-ийн Б, 1993 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл хоёр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Эрчим гудамжны 217 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...............

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө иргэн Г.Ц-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000018 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Г.Ц-ы “...З гэрээс гарч явах гэж байхаар нь чи сууж бай гээд куртикнээс нь татахад З-гийн куртик урагдсан тэгсэн З куртик оёж өг гээд тайлчхаад гарсан, араас нь А гэдэг залуу гарч явсан. Тэгээд араас нь Б бид хоёр гарч явсан. Тухайн үед би нүцгэн байсан гэр халуун байсан болохоор куртикээ тэр айлд тайлаад тавьчихсан байсан хашаан гадна гарахад А машинаа асаачихсан гэрлээ татаад ухраад яваад байсан би тэр машины өөдөөс алхаад явж байтал Б нь миний араас хэрүүл өдөөд чи муу пиздаа яах гээд байгаа юм чи намайг бага байхад хороололд яадаг байлаа гээд намайг шууд баруун талаас хавирсан тухайн үед би газар унахдаа баруун гараараа тулж унасан тэгсэн Б нь миний нүүр лүү өшиглөсөн тэгээд бос пиздаа минь яагаад баашлаад байгаа юм гээд миний цамцнаас татаж байсан тэгээд би цаашаа юу болсон талаар сайн санахгүй байна нэг мэдэхэд намайг гэрт авч ирж байсан тэгээд би өглөө гэртээ сэрсэн... ” гэх мэдүүлэг[1],

2. Гэрч Г.З-ын “...Тэр айлд Г.Ц, Б бид гурав тэр архийг хувааж уусан А нь машин барьж байгаа болохоор уугаагүй. Тэгээд бид нар архи дуусч байх үеэр би харья гэж хэлэхэд Г.Ц намайг хоноод яв гэсэн. Би тийм юм байхгүй би харьж унтана гэхэд Г.Ц нь намайг гөлөг минь гэхэд Б юу гэж нэгнээ тэгж байдаг юм гэртээ харьдаг юм байгаа биз дээ гэж хэлээд намайг аваад гарах гэж байхад Г.Ц миний куртикнээс татаад урсан. Тэгэхээр нь би миний куртик урчихлаа гэж хэлээд тэр айлд куртикээ тайлаад хаячхаад гэрээс гарч байтал А миний араас гарч ирсэн тэр хоёр яасан гэхэд одоо гараад ирж байна гэсэн, тэгээд А бид хоёр машинд суугаад би арын суудал дээр нь шууд унтаад өгсөн. Тэрнээс цааш юу болсон талаар санахгүй нэг мэдэхэд өглөө гэртээ сэрсэн...” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч Д.Г-ын “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 07 цаг өнгөрч байхад би Г.Ц-ыг дуудаад галд нүүрс хий гэж дуудахад хөдлөхгүй байсан, би өөрөө очоод хөнжлийг нь сөхөөд дуудахад Г.Ц-гийн хамарны доод хэсэгт цус болчихсон байхаар нь дуудаж сэрээгээд юу болсон талаар асуухад Г.Ц нь миний уруул ам дарвайгаад юм ярьж чадахгүй байна гэж байсан. Тэгээд би амыг нь ангайлгаж үзэхэд дээд талын үүдэн хоёр шүд нь цаашаа ороод харлачихсан байсан...” гэх мэдүүлэг[3],

4. Гэрч Г.Ц-гийн “...2021 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед ...манай аав Д.Ганболд нь над руу гар утсаар яриад ах чинь зодуулчихсан байна чи гялс хүрээд ир, хувцас хунар утас энэ тэр нь алга байна гэсэн ...аавын гэрт ирэхэд Г.Ц нь үүдэн хоёр шүд нь харалчихсан нүүр хэсэгтээ маажигдсан байдалтай нүүр ам нь хатсан цустай байсан. ...Би З-г гэрт хүргэж өгнө гэхэд Б нь би авч явна гээд маргалдсан тэгсэн Б нь намайг чи муу пизда намайг бага байхад яадаг байлаа гээд намайг зодлоо гэж хэлсэн тухайн үед намайг газарт унагаагаад нүүр лүү өшиглөөд толгой руу дэвссэн гэж хэлж байсан, тэрнээс өөрөөр надад юм хэлээгүй...” гэх мэдүүлэг[4],

5. Гэрч Д.А-ын “...Тухайн үед Б Г.Ц нар айлд байхдаа болон миний машинд сууж байхдаа зодолдоогүй. Харин тэр хоёр хашаан гадна гарч ирээд М нь З гэдэг хүнийг миний машинаас буулгаж авна гээд Б битгий өг аваад явж бай гээд байхаар нь би гудамжинд машинтайгаа ухраад явж байгаад гудамж дотор эргээд явчхаад ирэхэд М-гийн хамраас цус гарсан байдалтай газар хэвтэж байсан намайг байхгүй хойгуур тэр хоёр зодолдсон байж магадгүй, тэрнээс би тэр хоёрыг зодолдож байгааг нь хараагүй...” гэх мэдүүлэг[5],

6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай “...Үзүүлэгч Г.Ц-н биед гэмтэл учирсан байна. Тархины дунд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн духны хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, хамар, баруун хацар, хэлний баруун ирмэгт зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Суларсан үүдэн дээд 2 шүдний өнгө өөрчлөгдсөн байгаа нь хуучин гэмтлийн улмаас өөрчлөгдсөн байгааг харуулж байна. Тархины дунд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн духны хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт[6],

7. Шүүгдэгч Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...М нь миний араас ирээд би Зг хүргээд өгчхөж чадна шүү дээ чамайг бодвол З бид хоёр чинь багын найзууд чи Зг мэддэг болчихсон юм уу гэж хэлсэн тэгэхээр нь би уурлаад давраад байгаарай пиздаа минь зайл цаашаа гээд эргээд мангасдах гэхэд надад нэлээн ойртсон байсан болохоор нэлээн хүчтэй мангасдсан чинь газар унаад өгсөн. Тэгээд гөлөг минь яаж байгаа юм гээд босож ирж байгаад дахиад өөрөө халтираад унасан. Тэр газраа хэвтээд байхаар нь би битгий баашлаад байгаарай пиздаа минь босооч явъя гэхэд босохгүй байсан...” гэх мэдүүлэг[7] зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хАлагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Ц нар нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Ц-ыг хавирч унагаад нүүрэн тус газар нь өшиглөсөн. Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн биед тархины дунд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн духны хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт, хамар, баруун хацар, хэлний баруун ирмэгт зулгаралт, үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтлүүд учирсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогчийн биед учирсан “тархины дунд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн духны хэсэгт аалзан хальсан доорх цус харвалт” нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Б.Б нөхөн төлсөн болох нь хохирогч Г.Ц-гийн “...миний бие Б.Б-тай маргалдаж хөнгөн гэмтэл авсан. Эмчилгээний зардалд 550’000 төгрөг авсан. Хохирлыг гүйцэд барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтээр[8] тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Н-ийн мэдүүлэг[9], гэрч Б.Б-ын “...Б.Б нь миний дүү Б.Н-ийн 3 хүүхдийн дундах нь байгаа юм. Б.Б нь бага насаа аав, ээжийн гар дээр өсөөд 8 настайдаа 01 дүгээр арван жилийн сургуульд сураад 8 дугаар анги төгсөөд Улаангом коллежид гагнуурчны ангид сурсан. Б.Б эхнэр аваад 3 жил орчим амьдраад тэр эхнэрээсээ энэ хавар салсан одоо нэг эмэгтэйтэй хамтран амьдарч байгаа. Б.Б архи дарс нэг их уугаад байдаггүй төлөв даруй зантай илүү дутуу үг байдаггүй хүнд их тусархуу хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг[10], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[12] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт нэг хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА

 

[1] хх-ийн 22-23 дугаар хуудас

[2] хх-ийн 29-30 дугаар хуудас

[3] хх-ийн 31-32 дугаар хуудас

[4] хх-ийн 33 дугаар хуудас

[5] хх-ийн 34-35 дугаар хуудас

[6] хх-ийн 35-36 дугаар хуудас

[7] хх-ийн 57-58 дугаар хуудас

[8] хх-ийн 88 дугаар хуудас

[9] хх-ийн 39 дүгээр хуудас

[10] хх-ийн 41 дүгээр хуудас

[11] хх-ийн 73 дугаар хуудас

[12] хх-ийн 72 дугаар хуудас