Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 358

 

 Д.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Дэлгэрмаа,

насанд хүрээгүй хохирогч М.Гын хууль ёсны төлөөлөгч Б.М,

хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогч М.Г нарын өмгөөлөгч Т.Б,

шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Г.Н,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогч М.Г нарын өмгөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Д.Цт холбогдох 1703000010087 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Харчу овогт Дагвын Д.Ц, 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байр, 36 тоотод оршин суух, /РД: НТ79071614/;

Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт” зуслангийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 01-29 УНЧ улсын дугаартай “Lexus-470” загварын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Toyota crown” загварын 89-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг ослын улмаас “Toyota crown” загварын 89-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Уламбаярын амь нас хохирч, зорчигч А.Б, М.Г нарын биед хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газар: Д.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Цыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Д.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Цт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Цт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Цаас 13.660.593 төгрөг гаргуулж, 11.891.343 төгрөгийг хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогч М.Г нарт, 1.769.250 төгрөгийг иргэний нэхэмжлэгч И.Гомбосүрэнд тус тус олгох, хохирогч А.Б, М.Г нар цаашид гарах хохирол, хор уршгийн баримтаа, А.Б, Б.М нар нь ажилгүй байсан хугацааны цалингийн баримтаа, иргэний нэхэмжлэгч И.Г нь устгасан гэх хувцасны болон эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ц нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П , иргэний нэхэмжлэгч Б.М, М.О нарт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Хохирогч А.Б, насанд хүрээгүй хохирогч М.Г нарын өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Д.Цын гэм буруутай үйлдлийн улмаас хүнд зэргийн гэмтэл учирсан хохирогч А.Б, М.Г болон хөнгөн гэмтэл учирсан Б.М, М.О нарт учирсан эрүүл мэндийн хохиролд зарцуулсан зардлуудын нотлох баримтуудыг анхан шатны шүүх анаарч үзэлгүй орхигдуулж, тэрхүү баримтуудыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заалгүй дүгнэлт гаргасан.

1. Хохирогч А.Бт учирсан хүнд гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад гарсан нийт 15.695.270 төгрөгийн зардлын баримтуудаас 15.435.270 төгрөгийн баримтууд нь хэрэгт авагдсан байхад шүүх ямар үндэслэлээр хохирогч А.Бт 14.598.953 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч М.Гт учирсан хүнд гэмтлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгахад гарсан нийт 3.420.180 төгрөгийн зардал гарснаас хагалгааны зардалд зарцуулсан 2.800.000 төгрөгийн баримтыг гарган өгөөгүй, үлдэх 620.180 төгрөгийн баримтыг мөрдөн байцаалтын шатанд өгсөн. Хохирогч М.Г нь гэмт хэргийн улмаас хүний биеийн чухал эрхтэн болох дэлүүгээ авахуулан, насан туршдаа эд эрхтэн дутуу амьдрах болсон. Дэлүү гэдэг эрхтэн нь дахин төлждөггүй бөгөөд хүний биеийн хортой бодисыг шүүн цэвэршүүлдэг чухал эрхтэн тул цаашид байнгын хараа хяналтан дор амьдрах юм. Өнөөдөр Монгол улсад эд эрхтэнг үнэлсэн зохицуулалт үгүй боловч гэмт хэргийн улмаас хохирогч М.Г чухал эрхтнээсээ салаад байхад хохирол гэж 432.780 төгрөгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ямар үндэслэлээр түүний эмнэлгийн хяналтад байх хугацаанд дахь хоол, ундны зардлыг хасав?

Д.Цын буруутай үйлдлийн улмаас М.Оюу-Эрдэнийн толгойны зураг авахуулсан зардал болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн нийт 143.300 төгрөгийн төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргасан  боловч анхан шатны шүүх хянан шийдвэрлээгүй байна.

Дээрх нэг гэр бүлийн нотлох баримтаар нотлогдож буй хохирол, хор уршгийг арилгахад зарцуулсан төлбөр нь нийт 17.715.060 төгрөг бөгөөд шүүгдэгч Д.Цын эмчилгээний зардалд төлсөн 4.800.000 төгрөгийг хасахад 12.915.060 төгрөг юм. Иймд баримтаар тогтоогдож байгаа бодит хохирол болох 12.915.060 төгрөгийг шүүгдэгч Д.Цаас гаргуулж өгнө үү.

2. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шүүгдэгч Д.Цын буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Б нь өнөөдрийг хүртэл ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болж, хөдөлмөрийн чадвараа алдан 12 сарын хугацаагаар группт орсон. Хөдөлмөрийн чадвараа алдсан эхнэрээ асарч буй Б.М нь “Виз зууч сэтгүүл” ХМХ-ийн захирлын албан тушаалтай бөгөөд нэг сарын 800.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Энэхүү баримтыг ч шүүхэд гарган өгсөн байгаа. Хохирогч А.Б нь эрүүл мэндээрээ хохирохоос өмнө “Онлайн хүрээ” ХХК-д нэг сарын 500.000 төгрөгийн цалинтай нягтлан бодогчоор ажилладаг байсан. Анхан шатны шүүхэд А.Б, Б.М нарын ажлын газрын тодорхойлолт болон нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, лавлагаа бүхий баримтуудыг хуулийн шаардлага ханган гаргаж өгсөн бөгөөд А.Бийн ажилгүй байсан хугацааны цалин буюу 12 сарын цалин болох 6.000.000 төгрөг, Б.Мийн 12 сарын цалин 9.600.000 төгрөг, нийт 15.600.000 төгрөгийг нотлох баримтын шаардлагыг ханган хавсаргасан байгаа. Иймд хохирогч А.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нарын ажилгүй байх хугацааны цалин болох 15.600.000 төгрөгийг хангаж өгнө үү.

Шийтгэх тогтоолд хохирогч А.Бийн групп тогтоолгож тэтгэвэр авдаг тул зөрүүг тооцон нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн боловч А.Б нь нийгмийн даатгалын сангаас олгож буй дээрх тэтгэвэр нь А.Бийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө шүүгдэгч Д.Цаас нэхэмжлэх эрхэд ямар нэгэн байдлаар хязгаарлалт болох үндэслэлгүй юм. Мөн ажилгүй байсан хугацааны нийт цалинг бүхэлд нь хангах үндэслэлгүй гэж үзэж байгаа тохиолдолд шүүх нь 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны авах ёстой байсан цалинг буюу 6 сарын хугацааны цалинг ханган шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Учир нь энэ хугацаанд хохирогч А.Б, Б.М нар нь ажил  хөдөлмөрөө эрхлээгүй, цалин хөлсөө огт аваагүй болно.

3. Тус эрүүгийн хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хариуцагчаар Н.Батжаргалыг хохирогч А.Б, М.Г нарын эрүүл мэндэд учруулсан хохирлыг хариуцвал зохих этгээд гэж “Lexus-470” загварын 01-29 УНЧ улсын дугаартай автомашины эзэмшигч Н.Батжаргалыг татсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Батжаргал нь шүүгдэгч Д.Цт тухайн автомашинаа худалдсан гэх боловч үүнийг нотолсон нотлох баримт байхгүйгээс гадна Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар автомашин эзэмшигч нь Н.Батжаргал болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “...бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй...” гэж зохицуулсан тул иргэний хариуцагч Н.Батжаргал нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх иргэний хариуцагчийн талаар дүгнэлт өгөөгүй нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан бөгөөд хор уршгийг шүүх тодорхойлж, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох ёстой бөгөөд хохирогч А.Б, М.Гын хууль ёсны төлөөлөгч Б.М нар нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар болох хор уршиг буюу цаашид гарах бүхий л эмчилгээний зардлыг 30.000.000 төгрөгөөр тооцсон бөгөөд энэ нь хохирогч нарын санхүүгийн боломжгүй болж цаашид хийлгэх эмчилгээг түргэвчлэх зорилгоор тогтоосон. ...Анхан шатны шүүх хохирогч нарыг иргэний журмаар цаашид гарсан эмчилгээний зардлаа нэхэмжил гэсэн нь хохирогч нарын эрхийг зөрчсөн үйлдэл юм. Өнөөдрийн байдлаар осол болсноос хойш нийт 20.000.000 гаруй төгрөгөөр бодитоор хохироод байгаа хүмүүс цаашид өөрийн орон байраа зараад эмчилгээ хийлгээд дараа нь хэзээ Б.Д.Цыг хор уршгийг арилгахыг хүлээгээд байх вэ. Хохирсон дээрээ дахин орох оронгүй болж амьдралаараа хохироно Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй. Иймд шүүгдэгч Б.Д.Цаас цаашид гарах эмчилгээний зардал буюу хохирлын улмаас үүссэн хор уршгийг арилгахад гарах зардлыг нийт 30.000.000 төгрөгөөр тогтоож өгнө үү.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн өмгөөлөгчид төлөх зардал нь багтах бөгөөд тус хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Цаас дээрх зардлыг гаргуулах ёстой юм. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг буруу тайлбарлан шийдвэрлэсэн тул хохирогч нараас өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү.

6. Д.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал согтуурсан үедээ бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэрнээ тухайн зүйлийн хамгийн бага ялаар шийтгэгдэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Гэм буруутай этгээд нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах үндэслэл болохгүй тул шүүгдэгч Д.Цын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хүндрүүлэх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Гын хууль ёсны төлөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Ц нэг ч удаа уулзаагүй. Түүний эхнэр нь ирж уулзаж байсан. Үүнд манай эхнэр маш их гомдолтой байгаа. Анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө шүүгдэгчийн эхнэр нь ирж уулзаад “бид нар гарсан хохирлыг маргаашнаас эхэлж төлнө” гэж хэлсэн. Тэгээд шүүх хуралдаанд болсноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа холбоо бариагүй. Өчигдөр эхнэрийгээ эмнэлэгт үзүүлэхэд 2 хөл нь бороолоогүй байна, 3-6 сарын хугацаанд хараад эдгээгүй байвал дахин хагалгаанд орно гэсэн. Хүүгийн минь хажуу талд ивэрхийтэй байна гэсэн. Манай талаас баримтаар гарсан зардлын баримтаа өгсөн. Зарим эм, тариа гэх зүйл нь баримтгүй байгаа. Цаашид гарах зардал нь 30.000.000 төгрөг биш, гарсан зардал юм. 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд 470.800 төгрөгийн зардал гарсан байна. Иймд өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна ...” гэв.

Шүүгдэгч Д.Цын өмгөөлөгч Г.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгчийн өмнөх өмгөөлөгч түүний ялыг тэнсүүлэх талаар ойлголттой болгосон байсан. Хэргийн материалтай танилцахад шүүх дүгнэлт хийхдээ хэрэгт байгаа ач холбогдолтой баримтууд нь хоорондоо зөрүүтэй байхад ямар нэгэн байдлаар үнэлээгүй. Өөрөөр хэлбэл үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хэрэгт Б.Мийн мэдүүлгийг А.Б, И.Гомбосүрэн нар нотолдог. А.Б “юу болсныг мэдэхгүй”, И.Гомбосүрэн “тормос гишгэх шиг болсон” гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан фото зургаас харахад зам тээврийн осол болсон гэх А цэг дээр Б.Мийн автомашины тормосны мөр байдаг. Тэгэхээр өөдөө өгсөж явсан автомашин ямар хурдтай явсан бэ гэдгийг шинжээч нар дүгнэлт огт өгөөгүй. Харин Б.М “би өгсөж явсан. Автомашин дайвалзаад ороод ирэхээр нь би баруун гар тал руу шахаад зогсох гэж байтал намайг мөргөсөн” гэдэг. Гэтэл зогсох гэж байсан автомашины мөр ингэж харагдах уу. Тухайн үед үзэгдэх орчин хязгаарлагдмал бөгөөд хурдны хязгаар тавьсан байсан. Энэхүү хурдны хязгаарыг Б.М ямар байдлаар зөрчсөн бэ гэдэг талаар дүгнэлт огт хийгээгүй. Эсрэг урсгалд орсныг үгүйсгээгүй. Эсрэг урсгалаас автомашин орж ирэхэд Б.М тормосоо гишгээд гулсаад энэ автомашинтай мөргөлдсөн. Өөдөөс нь автомашин ирэхээр шүүгдэгч осол гаргахаас зугтааж өөрийн үндсэн урсгал руу орсон мөр хэрэгт байгаа. Гэтэл үүнд ямар ч дүгнэлт өгөөгүй. Би энэ хэрэгтэй холбогдуулаад “Ар гүнтийн осол” гээд интернетээс хайлт хийхэд 10 гаруй бичлэг гарч ирсэн. Тэр үед хүмүүс маш олон бичлэг хийсэн байсан. Тэдгээр хүмүүсээс цагдаа ямар ч мэдүүлэг аваагүй. Зам тээврийн ослын дараа эрүүл байгаа Б.Мөөс мэдүүлэг авах ёстой байтал мэдүүлэг аваагүй. Харин 11 хоногийн дараа мэдүүлэг авахад хэрэгт байгаа зүйлийн талаар мэдүүлдэг. Б.Мийг зогсож байхад мөргөсөн үү, эсхүл эсрэг урсгалд явж автомашиныг Б.М мөргөсөн үү гэдгийг тогтоогоогүй. Хохирогчийн амь хохирсон үйлдэл нь зам тээврийн ослоос болсон уу, эсхүл автомашинд байсан газар хэмжигч багажаас болсон уу гэдгийг тогтоогоогүй. И.Гомбосүрэн “газар хэмжигч багажийг автомашины голд авч орж суусан” гэж хэлдэг. Тэгэхээр автомашин хурдтай явж байгаад өөдөөс ирж байсан автомашинтай мөргөлдөхөд амь хохирогч хажууд байсан багажийг мөргөөд хуйх нь хуулагдаад тэнд байсан төмрийг мөргөсөн. Хэрвээ ард сууж байсан хүн хүчээрээ сандлыг мөргөхөд тэр хүний хуйх хуулагдахгүй, духны яс цөмрөхгүй. Энэ мэт нөхцөл байдал байхад үүнийг шалгаж тогтоогоогүй. Ийм учраас шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий гарч чадаагүй учраас нөхцөл байдлыг шалгаж тодруулах зорилгоор хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргаангүй. Гэмт хэрэг бүрэн нотлогдсон. Шүүгдэгчийн зүгээс амь хохирогчийн 12.939.400 төгрөгийн хохирлоос 10.000.000 төгрөгийг, А.Б, М.Г нарт 11.800.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч И.Гомбосүрэнд 2.345.150 төгрөгийг нийт 22.000.000 төгрөгийн хохирлыг шүүх хуралдаан болоход төлж барагдуулсан байсан. Шүүх хуралдаанд гэмт хэргийн талаар маргаагүй. Яллагдагч хэргээ эхнээс нь хүлээсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол, нэхэмжлэлийн талаарх нотлох баримтуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн. Хохирогчийн өмгөөлөгч хоолны зардал, цалин хөлс гэж яриад байна. Энэ бүх зардлыг баримтуудаар тулгаж хэлэлцэж, маргалдсаны үндсэн дээр шүүхээс үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон. Д.Цаас 13.660.593 төгрөгийг гаргуулж, 11.891.343 төгрөгийн хохирлыг А.Б, М.Г нарт гаргуулахаар шийдвэрлэсэн. Тэдгээрийн цаашид гарах хохирол, хор уршгийн баримт, А.Б, Б.М нарын ажилгүй байсан хугацааны цалингийн баримтыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь дурдсан. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Цалингийн зардлын баримт нь нотариатын баталгаагүй хувийг өгсөн байсан. Энэ талаар шүүгч анхааруулсан. Нэгэнт нэхэмжлэлийн шаардлага хангаагүй баримт өгсөн учраас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхисон. Эмч нараас зөвлөгөө авсан талаарх баримт гарч ирэх боломжгүй. А.Бийн хувьд баримттай зардал нь 15.356.770 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин буюу 12 сарын цалин 6.000.000 төгрөгийг нэмээд 21.356.770 төгрөг гэж яриад байна. Шүүхийн шинэчилсэн байцаалтаар нэг бүрчлэн хохирлын тооцоог хийсэн. Иргэний журмаар нэхэмжлэх эрх нь байгаа. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд эхнээсээ өмгөөлөгч аваад оролцсон. Ямар нэгэн алдаа зөрчил гараагүй. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. Өмгөөлөгч нь ямар дүгнэлт хийснийг ойлгохгүй байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Учир нь анхан шатны шүүхээс Д.Цыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Д.Цыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй, илт хөнгөдсөн байна гэж үзлээ.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялын төрөлтэй.

Гэтэл Д.Ц нь 2.6 промилли буюу хүнд зэргийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, урсгал сөрж замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчснөөс “Toyota crown” загварын, 89-75 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Уламбаярын амь нас хохирч, зорчигч А.Б, М.Г нарын биед хүнд хохирол, И.Гомбосүрэн, Б.М нарын биед хөнгөн хохирол тус тус учирсан, хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, нэг гэр бүлийн 4 гишүүний биед хүнд, хөнгөн зэргийн гэмтлүүд учирч, улмаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа, цаашид эмчилгээ сувилгаа шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй, мөн хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруу, хор уршигт бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн дагуу гэм буруутай, хохирол төлбөл зохих этгээдээс бүрэн гаргуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч А.Б, М.Г нарын өмгөөлөгч Т.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Д.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                          Б.ЗОРИГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН