Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0720

 

 

 

 

 

 

О ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Д.Б

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд байдаг “Зуслан” зориулалттай эзэмшлийн газар дээрээ ногоон бүсийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох, 60.628.165 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын БОГУУХХ-ийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтан Д.Б ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг зөрчин, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусаад 12 хоносон байхад шийтгэл оногдуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хуульд заасан журам, үндэслэлийг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлийн харьяаллыг өөрчилж явуулсан хэрэг бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгох, шийтгэлийн хуудсаар хохирлын нөхөн төлбөр болох 60.628.165 төгрөг төлүүлэх үндэслэл болсон Байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий Н ХХК-ийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1/71 тоот дүгнэлт нь БОАЖяамны сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг үндэслэл болгож хийсэн бөгөөд уг аргачлалаар байгалийн нөөц баялгийг ашиглах аливаа үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг тооцоход ашигладаг бөгөөд манай компани нь ямарваа нэг байдлаар байгалийн нөөц баялгийг ашиглах үйл ажиллагаа явуулаагүй, харин Зуслан зориулалтын газар дээрээ зуслангийн сууц барих үйл ажиллагаа эрхэлж байсан тул буруу аргачлал ашиглаж гаргасан хохирлын үнэлгээ, шинжээчийн дүгнэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0734 дүгээр шийдвэр

Гомдол гаргагч: “О ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Б ,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч О ” ХХК-ийн өмгөөлөгч Ш.Ас, Ө.Э,

Хариуцагч Д.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2022/0362/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “О ” ХХК нь “Сүхбаатар дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд байдаг зуслангийн зориулалттай эзэмшлийн газар дээрээ ногоон бүсийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох, 60.628.165 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын БОГУУХХ-ийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, зөрчлийн хэргийн эрх бүхий албан тушаалтан Д.Б ийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийг зөрчин, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дуусаад 12 хоносон байхад шийтгэл оногдуулсан байх тул шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хуульд заасан журам, үндэслэлийг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлийн харьяаллыг өөрчилж явуулсан хэрэг бүртгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.    

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0734 дүгээр шийдвэрээр О ” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Б ийн гаргасан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

3.1. О ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ойн сан бүхий Хандгайтын ам гэх 2.89 га газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 14 өдрийн 399 тоот шийдвэртэй “Зуслан, ой хамгаалах, нөхөн сэргээх” зориулалтаар авч улмаар эзэмших эрхийн хугацааг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27 өдрийн А/422 тоот шийдвэрээр “Зуслан” зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр олгосон. Экологийн цагдаагийн алба 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг нээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн байдаг.

3.2. Хэрэгт Байгаль орчны газрын даргын тушаалаар томилогдсон хохирогч С.Ү, гэрч Г.Г, Э.Э, С.Х, Д.О, П.Б, Н.Ч, Э.Э нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, баримтжуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд болон Экологийн цагдаагийн албанаас Байгань орчин аялал жуулчлалын яаманд “лавлагаа авах тухай”, Байгаль орчин аялап жуулчлапын яамны ой судалгаа хөгжлийн төвд “шинжээч томилуулах тухай, “лавлагаа авах тухай”, Нийслэлийн Байгаль орчны газарт “ ... солбилцолд үйл ажиллагаа явуулж болох тухай”, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “ажлын байрны тодорхойлолтын тухай”, Нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгал төлдөг эсэх”, Татварын ерөнхий газарт “Татвар төлөлт”-ийн мэдээллийн тухай, шинжээч томилох тогтоол зэрэг холбогдох газруудад хандаж мэдээлэл, хохирол тооцуулж шинжээч ажиллуулсан тухай Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Сүхбаатар дүүргийн газрын албанаас Сухбаатас дүүргийн Засаг даргад Ойн тухай хууль зөрчин олгосон газар, цуцлуулах тухай санал, арга хэмжээ авч ажиллах талаар явуулсан албан бичгүүд тэдгээрийн хариу, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бусад баримт материал гэрэл зургууд авагдсан. Хэрэг бүртгэлтийн 21090083 дугаартай хэрэг, Сүхбаатар дүүргийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1739 дугаартай прокурорын тогтоол зэрэг хуулбар хувиуд ирсэн болно.

3.3. “О ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ойн сан бүхий Хандгайтын ам гэх 2.89 га газарт 2021 оны 03 дугаар сарын 23-ний өдөр Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.5.1, 8.6 дахь заалтуудыг зөрчин торлог, бут сүйтгэсэн үйлдэлд Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хянаптын улсын байцаагч С.Х нь хэрэг бүртгэлтийн 47-04-001/03 тоот зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар 3000 нэгжийн торгууль, 2.989.481 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл ногдуулж үйл ажиллагааг зогсоож ажилласан байдаг.

3.4. “О ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ойн сан бүхий Хандгайтын ам гэх 2.89 га газартаа Монгол Улсын Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, 8.6 дахь хэсэг, Ойн заагийг тогтоох тухай, нийслэлийн эргэн тойрны ногоон бүсэд хамаарах ойн заагийг хавсралтаар гэсэн заалтуудыг 2021 оны 06 дугаар сараас дахин зөрчиж зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж газрын хэвлийн хөндөж газар шорооны ажил явуулж тухайн орчны хөрс, ургамал, нөмрөгийг гэмтээж усны голдирол өөрчлөн, мод бут унагаж сүйтгэсэн үйл ажиллагаа явуулсан.

3.5. “О ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ойн сан бүхий Хандгайтын ам гэх 2.89 га газартаа барилгын суурь ухаж хөрс хуулж газар шорооны ажил явуулсан үйлдэлд нь Байгаль орчин аялал жуулчлапын яамнаас “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх” авсан “Н ” ХХК /2013/17 мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаар “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал” тушаалаар баталсан байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ тооцуулахад эдэлбэр газарт учруулсан хохирлын хэмжээ 21.953 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирлын хэмжээ 33.057.937 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын хэмжээ 25.399.539 төгрөг, ойн санд учруулсан хохирлын хэмжээ 26.006 төгрөг нийт 60.628.165 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан байна гэж тогтоосон байдаг.

3.6. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ойн сүдалгаа, хөгжлийн төвөөс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/368 тоот албан бичгээр 9 хуудас бүхий дүгнэлт ирүүлсэн байна. Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 46 дугаар хэсэглэлийн 23, 25 дугаар ялгарал, 48 дугаар хэсэглэлийн 15 дугаар ялгарал, 69 дүгээр хэсэглэлийн 9 ялгаралд тус тус хамаарч байна. Нийт ойн санд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 667.345 төгрөг болсон байдаг.

3.7. “О ” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ойн сан бүхий Хандгайтын ам гэх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 шийдвэртэй нэгж талбарын 1462100129  дугаартай 2.89 га газарт 2021 оны хавар барилгын ажил явуулахдаа экологи эдийн засгийн үнэлгээгээр эдэлбэр газарт учруулсан хохирол байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан үйлдэл болсон байна.

3.8. Дээрх экологийн тогтолцоог алдагдуулсан үйлдлийг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ойн сан бүхий Хандгайтын ам гэх газарт 2021 оны хавар барилгын ажил явуулахдаа Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын хэвлийн тухай, Ойн тухай, Усны тухай хуулиуд зөрчин ойн сан бүхий газарт хориглосон үйл ажиллагаа явуулж ургамлын зүйлийг зөвшөөрөлгүй гэмтээсэн, устгасан бусад хэлбэрээр экологийн тогтолцоог алдагдуулсан, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Ойн судалгаа, хөгжлийн төвөөс 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/368 тоот албан бичгээр 9 хуудас бүхий дүгнэлт, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх” авсан “Н ” ХХК мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ, хэмжээг тогтоосон дүгнэлт оролцогч нарын мэдүүлэг зэрэг ажилпагааг хийсэн болон бусад баримтуудаар нотлогдож улсад 60.628.165 төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан нь Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн 2209000038 дугаартай гомдол /мэдээлэл/-г харьяаллын дагуу Нийслэлийн Цагдаагийн газарт /хэлтэс, тасаг/-т шилжүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолоор үндэслэлгүй гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоогоогүй, хэргийн ажиллагаа дутуу байх тул гэж үзэн саналыг хүлээн авахаас татгалзсан.

3.9. “О ” ХХК нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,1. 5.2, 8 дугаар зүйлийн 8,1, 8.5.1, 8.6, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус зөрчин үйл ажиллагаа явуулж болохгүй талаар мэдэгдэж шийтгэл ногдуулсан байхад дахин зөрчил гаргасан байдаг.

3.10. Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох Х.Цогоо нь эрх бүхий албан тушаалтан О.Ц-н ар гэрт гачигдал гарсан тул хэрэг бүртгэлтийн ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс тус газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.4-т /шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулах эрх бүхий албан тушаалтныг өөрчлөх/ заасны дагуу байгууллага дотроо шилжүүлсэн нь байгууллагын харьяалал өөрчлөгдөөгүй гэж үзэж байна.

3.11. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1739 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн 210900831 дугаартай хэргийг хааж, хуулбарласан материалыг Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр тогтоосон байдаг. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт /Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно./ гэж заасан байна.

3.12. “О ” ХХК нь байгаль орчинд хохирол учруулж ургамлын зүйлийг зөвшөөрөлгүй гэмтээж, устгаж бусад хэлбэрээр хөрс хуулж, газрын хэвлий хөндөж, ургамлан бүрхэвч сүйтгэсэн нь экологийн тогтолцоог алдагдуулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдож байна үзэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон зөрчлийн 2209000038 дугаартай гомдол /мэдээлэл/-г харьяаллын дагуу Нийслэлийн Цагдаагийн газарт /хэлтэс, тасаг/-г шилжүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн 58 хоногийн хугацаанд буюу 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Прокурорын байгууллагын хяналтын дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэж дуусган прокурорт танилцуулахаар хүргуүлсэн, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 7 тоот тогтоолоор Зөрчлийн тухай хуульд зааснаар шийдвэрлэх шаардлагатай тул харьяаллын дагуу шилжүүлэх саналыг хүлээн авахаас татгалзсан учир 0034240 дугаартай шийтгэлийн хуудсыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргаж “О ” ХХК-д хүргүүлсэн болно.

3.13. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор байгаль орчинд хортой нөлөөлөхөөс болон байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлэн хамгаалах, байгалийн нөөц, баялгийн халдашгүй байдлыг хангах байгаль орчныг хамгаалах талаарх төрийн чиг үүрэг, зарчмыг баримтлан Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн, 7.9 дүгээр зүйлийн 5 дахь заалтуудыг зөрчсөн нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “О ” ХХК-д 3.000.000 тегрөгийн торгох шийтгэл ногдуулж, байгаль орчинд учруулсан хохирол. нөхөн төлбөр болох 60.628.165 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн улсын ахлах байцаагчийн гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү... гэжээ.

4. Гомдол гаргагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Эрх бүхий албан тушаалтан болох Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б  нь “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудсаар “О ” ХХК-ийг Сүхбаатар Дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын аманд байдаг “Зуслан” зориулалттай эзэмшлийн газар дээрээ ногоон бүсийн ойд хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох, 60.628.165 /жаран сая зургаан зуун хорин найман мянга нэг зуун жаран таван/ төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2.1. Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ”, мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Ойн сан бүхий газарт хоиглосон үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байна.

2.2. Анхан шатны шүүхээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Д.Б  нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж эрх бүхий албан тушаалтан болох Д.Б оос гаргасан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0034240 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1-д заасантай нийцсэн үндэслэл бүхий болжээ.

3. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, №2209000038 дугаартай Зөрчлийн хэргийн материалаас үзвэл, дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

3.1. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Байгаль орчин, геологи, уул, уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б  нь зөрчлийг үйлдсэн этгээдийг зөв тодорхойлоогүй байна.

3.2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухай жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоол болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 117 дугаар захирамжийн дагуу “О ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Хандгайтын аманд 2.8963 га газрыг “Ой хамгаалж нөхөн сэргээх” зориулалтаар ашиглаж байгаад газрын хугацааг сунгуулах хүсэлтээ гаргаснаар  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/422 дугаар Захирамжаар 15 жилийн хугацаатайгаар дээрх газрын зориулалтыг “Зуслан” болгож өөрчлөн Сүхбаатар дүүргийн газрын албатай гэрээ байгуулан зориулалтын дагуу эзэмшиж байжээ.

3.3. “О ” ХХК нь гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсан байна.

3.4. Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Ой бүхий газар, таримал ой, бут сөөг, мод бэлтгэсэн, ой, хээрийн түймэр, хөнөөлт шавьж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, ойн цоорхой, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна” мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэж компанид хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

3.5. Өөрөөр хэлбэл “зуслангийн зориулалттай эзэмшил газрын талбайд 3, талбайн гадна 1 нийт 4 мод устгаж, шороо чулуу овоолж асгасан газарт буюу талбайн гадна мод сүйтгэгдсэн бөгөөд хөрс, ургамлын нөмрөгт хохирол учирсан” байна гэж “О ” ХХК-ыг буруутган тус компанийн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 2.77 га талбайн эдэлбэр газарт хохирол учруулсан гэж хариуцагч үзсэн нь тогтоогдохгүй Зөрчлийн тухай хуульд заасантай нийцэхгүй байна.

3.6. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл хариуцагч хуульд заасан хориглосон үйл ажиллгааг хэрхэн яаж явуулсанаас болж орчны хөрс, ургамал нөмөргийг гэмтээж усны голдирол өөрчлөгдөн мод бут унагаж сүйтгэсэн гэх үндэслэлийг нарийн шалгаж тогтоолгүйгээр өмнө нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.5.1, 8.6 дахь заалтуудыг зөрчин торлог бут сүйтгэсэн үйлдэлд Нийслэлийн Байгаль орчны газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х нь хэрэг бүртгэлтийн 47-04-001/03 тоот зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгууль, 2.989.481 төгрөгийн нөхөн төлбөрийн шийтгэл ногдуулж үйл ажиллагааг нь зогсоож ажилласан үйл баримтад тулгуурлан дахин энэ үйлдлээ гаргаж Ойн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан гэж дүгнэн тус компанид хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй байна.

3.7. Зөрчлийн хэрэгт авагдсан матриалуудаас үзвэл  зөрчлийн хэргийг хуульд заасны дагуу нарийн шалгаж тогтоогоогүй хэрнээ өмнө гаргасан зөрчилийг дахин гаргасан мэтээр хариуцагч дүгнэж “О ” ХХК-ийг шууд буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.  

3.8. Мөн дээрх зөрчлийн хэргийг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б  хянаж шалгах явцдаа дараах хууль тогтоомжуудыг зөрчсөн байна.

3.9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдсэн нутаг дэвсгэр хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, мөн зүйлийн 2 дахь заалтад “Энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр харьяалах нутаг дэвсгэрээс гадна явуулж болно”, мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад  “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорт танилцуулж шийдвэрлүүлэх”, гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

3.10. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр гаргасан гэх зөрчлийг Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны улсын ахлах байцаагч О.Ц шалгаж байхад Сүхбаатар дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга бөгөөд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болох Х.Ц нь О.Ц-с Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Геологи, Уул уурхайн хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Б т шилжүүлэхдээ прокурорын зөвшөөрөлгүй буюу танилцуулж бүртгүүлэхгүйгээр шилжүүлсэн нь хууль бус болжээ.

3.11. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн гол зорилго нь зөрчил гаргасан этгээдийн зөрчлийг шалгаж хор хохирлыг тогтоохоод оршидог  гэтэл хариуцагч бодит байдал дээр “О ” ХХК-ийн гаргасан гэх зөрчилд шийтгэл ногдуулахдаа ямар зөрчлийг хэзээ, хаана гаргасан, өөр дээрээ шилжиж ирсэн тухай хэргийн оролцогчид мэдэгдээгүй, тус компанийн эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлэг, тодруулга авалгүй хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг огт хийлгүйгээр зөвхөн Экологийн Цагдаагийн албанаас шалгасан хэрэг бүртгэлтийн шатанд авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад баримтанд тулгуурлан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.

3.12. Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх, нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул улсын байцаагчийн тавьсан шийтгэлийг хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0734 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ШҮҮГЧ                                                                Т.ЭНХМАА

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ