| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0028/э |
| Дугаар | 2021/ШЦТ/35 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б ургийн овогт Х-ын Б-д холбогдох эрүүгийн 2135000000025 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Х-ын Б, 1995 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 8-14 тоотод оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 02 дугаар сарын 07-ны шөнө хохирогч Э.Д-ийг толгойн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000000025 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Э.Д-ий “...Би 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байтал 22:00 цагийн үед манай найз Б.Б нь над руу фейсбүүкийн видео чатаар холбогдож “Б.Ө, н.Т, Ц.Г, Б.Б бид нар уулзаад З ахын гэр лүү явж байна хүрээд ирээч” гэж хэлсэн. ...З гэгчийн гэрт ороход тэдний гэрт манай найз болох н.Т, Ц.Г, Б.Б, Б.Б, Б.Ө болон гэрийн эзэн гэх З буюу Х.Б нар сууж байсан. Мөн гэрийн зүүн талын орон дээр Х.Б-ийн бага насны хүүхэд унтаж байсан. ...Би орой 00:10 цагийн орчимд унтсан бөгөөд гэр дотор унтаж байгаад сэрэхэд Х.Б нь Ц.Г-д “ах нь чамайг нэг цохино, тэгвэл яах ч үгүй” гэхэд Ц.Г нь Х.Б-д “уучлаарай ах, миний буруу” гэхэд хажуунаас нь манай найз Б.Ө “ах манай найзыг нэг удаа уучилчих, дэмий юм дэмийш дээ” гэж хэлж байсан. Тэгтэл Х.Б нь Ц.Г-д “ах нь чамайг нэг л цохино, чи зүгээр эр хүн шиг зогсож байгаад нэг удаа цохиулчих тэгвэл ах нь яах ч үгүй, өөдөөс хялаагаад янз бүрийн үйлдэл гаргаад байвал, чамайг будаа болтол зодно шүү” гэж хэлсэн. Ц.Г нь Х.Бд “за за тэгвэл ах намайг нэг удаа цохичих, тэгээд эвлэрье” гэж хэлээд тэр хоёр гэрээс гарсан... Тэгээд удалгүй Х.Б, Ц.Г хоёрын араас манай найз Б.Б гарсан, хэсэг хугацааны дараа Б.Б, Ц.Г хоёр гэр лүү гүйгээд орж ирээд Ц.Г нь хөл нүцгэн байсан учраас гутлаа хайгаад өмсөж байтал араас нь Х.Б гэр лүү орж ирээд Ц.Г-ыг барьж аваад газарт унагаад дээр нь гараад цохиж эхэлсэн. Тэгэхэд нь Б.Б бид хоёр салгах гээд очиход Х.Б нь Ц.Г-ын дээрээс босохгүйгээр гараараа цохиод байсан, би Х.Б-ийн гарыг бариад авахад Х.Б нь Ц.Г-ын гэдсийг хазаж авчхаад тавихгүй байсан. Тэр үед Ц.Г нь орилж уйлсан. ...тэгээд Б.Б очиж татаж салгасан. Тэр үед Ц.Г босоод куртикээ өмсөөд гэрээс гараад зугтсан... Х.Б нь гэрээсээ гараад Ц.Г-ыг хашаан дотор хөөгөөд барьж авч чадахгүй болохоороо “нөгөө муу Б.Б хаана байна” гэж хэлээд Б.Б-г барьж аваад түүнийг газарт унагаж дээр нь гараад гараараа цохиж эхэлсэн. Тэгэхэд Б.Б надад “Э.Д-өө намайг аваач, ирээд туслаач” гэж орилохоор нь Б.Ө бид хоёр гүйж очоод Х.Б-ийн хоёр гарыг бариад авсан. Тэгээд Б.Ө нь Х.Б-д “ах та манай найзыг зүгээр орхичхолдоо” гэхэд “за тэгвэл намайг зүгээр тавьчих тэгвэл би цохихгүй” гэж хэлсэн. Б.Ө бид хоёр гарыг нь тавихад Х.Б босоод Б.Ө руу дайраад түүнийг хашаан дотор хөөсөн тэгж байгаад барихгүй болохоороо Ц.Г-ыг барьж аваад газарт унагаж дээр нь гараад түүнийг цохиод байсан. Тэгэхээр нь н.Т бид хоёр очоод Х.Бийн гарыг нь бариад толгойноос нь татаад байж байтал Х.Бийн дүү гэх эрэгтэй хүүхэд гүйж ирээд “манай ахыг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд н.Т луу дайрсан. ...Х.Бийн аав, дүү хоёр н.Т-ыг барьж аваад газар унагаагаад цохиод байсан. Тэр үед би Х.Бийн ар талаас нь гарын бариад татаж чангаахад надад хандаж “хэн намайг бариад байна” гээд орилохоор нь би Э.Д байна гэхэд Х.Б надад “ална шүү пизда минь, миний гар тавь” гэж хэлээд толгойгоороо хойшоо хүчтэй савж намайг мөргөсөн. Тэр үед миний үүдэн урд талын 2 шүд хугарч унасан бөгөөд миний амнаас цус гарсан... ” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч Б.Б-н “...Х.Б миний араас гарч ирээд намайг барьж аваад газарт унагаад миний дээр гараад суусан. Тэгэхээр нь би намайг аваарай гэж хэлээд орилоход Э.Д, Б.Ө хоёр гарч ирээд салгасан. Тэгээд би босоод тэр хашаанаас зугтаад ойролцоо байх Д.Т-ын гэрт очоод унтсан. Намайг унтаж байтал Б.Ө ирээд “цагдаа дуудчихсан байгаа, чи очоо андаа” гэж хэлээд бид гурав Х.Б-ийн гэрт очиход Э.Д-ий 2 шүдийг Х.Б толгойгоороо мөргөөд унагачихсан байсан. ...тэр өдөр Х.Б нь Ц.Г-ыг зодож байхад Э.Д очоод салгах гээд гарыг нь бариад авах үед Х.Б нь Э.Дийг мөргөөд 2 шүдийг нь хугалчихсан юм байна лээ...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч Д.Т-ын “...Х.Б нь намайг түлхэж босоод газарт унагачхаад гэрээс гараад Ц.Г руу дайраад түүнийг гэрийн ойролцоо хашаан дотор дараад авчихсан өөрөө дээр нь гарчихсан байсан ба Э.Д очоод салгах гээд Х.Б-ийг ар талаас нь тэврээд авчихсан байхад Х.Б ах аймаар уурлаад толгойгоороо хойшоо хүчтэй савж Э.Д-ий ам, хамар, нүүрний орчимд нэг удаа хүчтэй мөргөсөн. Тэр үед Э.Д нүүрээ дараад цаашаа явсан...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Ц.Г-ын “...би Х.Бийг дагаад гэрээс гарсан. Х.Б ах хашаанаас гараад намайг дагуулаад хашаанаасаа доошоо байх нарийн гудамжны өнцөгт аваачаад “ахын дүү яагаад томроод байгаан” гэж хэлээд, юм ярьж байгаад намайг шууд хавирч газарт унагасан, тэгчхээд миний нүүр, гэдэс, нуруу руу зөндөө өшиглөсөн бөгөөд би өшиглүүлж байхдаа гараараа нүүр, толгойгоо хаагаад хэвтчихсэн. Х.Б ах миний дээр гараад суучхаад “больё оо ах” гэхээр намайг цохиод байсан тэгэхээр нь би найзуудыгаа нэрээр нь дуудаад орилоход Б.Б гүйж ирээд Х.Б-ийг түлхэж унагасан. Тэгээд Б.Б бид хоёр Х.Бийн гэр лүү гүйж орж ирээд ах чинь намайг зодчихлоо гэж хэлээд бид хоёр хувцсаа өмсөж байтал Х.Б араас гэрт орж ирээд над руу дайраад байхаар нь манай найзууд салгаад авахад дахин над руу дайраад намайг үсдээд хөргөгчийн урд талаар газарт унагасан. ...Намайг газарт унах үед Х.Б нь миний гэдэснээс хазаад тавьж өгөхгүй байсан тэр үед манай найзууд Х.Бийг татаад намайг босгосон. Тэгээд би босоод манай найзууд гэрээс бүгдээрээ гарсан. Тэгээд Х.Б нь араас гарч ирээд миний куртикний малгайнаас татаад намайг унагаасан. Тэгчхээд Х.Б миний дээр гараад намайг цохиод байхаар нь орилоход эхлээд Э.Д хүрч ирсэн бөгөөд бусад нь зугтаад явчихсан байсан. Тэгээд Э.Д хүрч ирээд Х.Б-ийг ар талаас нь тэврээд гарыг нь барьчихсан байхад Х.Б ах гар тавь пизда минь гээд уурлахад Э.Д түүнийг гарыг тавиагүй. Тэгтэл Х.Б нь толгойгоороо хойшоо хүчтэй саваад Э.Д-ийг мөргөсөн. Тэр үед Э.Д-ий шүд нь цохигдсон бөгөөд Э.Д амаа дараад босоод шүд хугарчихлаа гэж хэлээд цаашаа явсан...” гэх мэдүүлэг[4],
5. Насанд хүрээгүй гэрч Х.Н-н “...Тухайн үед манай ах Х.Б нь Ц.Г-ын дээр гараад суучихсан байхад Э.Д ирээд Х.Б ахын ар талаас гарыг нь тэврээд бариад авчихсан юм. Тэгээд Х.Б ах Э.Д-ийг тавь гэж хэлээд толгойгоороо хойшоо мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг[5],
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай “...Э.Д-н биед гэмтэл учирсан байна. Үүдэн дээд баруун 1, зүүн 1-р шүдний мултрал, үүдэн дээд баруун 2, зүүн 2-р шүднүүд хөдөлсөн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ... заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Үүдэн дээд баруун 1, зүүн 1-р шүдний мултрал, үүдэн дээд баруун 2, зүүн 2-р шүднүүд хөдөлсөн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх дүгнэлт[6],
7. Шүүгдэгч Х.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Ц.Г тэр үед гэрээс гараад гүйсэн. Тэгээд би гэрээс гараад Ц.Г-ыг барьж аваад доороо оруулаад дээр нь гараад түүнийг цохиж байтал гэнэт нэг нь ирээд миний ар талаас намайг тэврээд 2 гарыг маань бариад авсан тэр үед би хэн бэ? тавилдаа гэхэд “би Э.Д байна” гэж хэлчхээд гарыг маань тавихгүй байсан. Тэр үед Э.Д нь миний гарыг тавихгүй байсан учраас би толгойгоо хойшоо хүчтэй савж Э.Д-ий нүүр, толгой орчимд нэг удаа мөргөсөн. Тэгээд Э.Д миний 2 гарыг тавиад миний шүд уначихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг[7] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутагт 2021 оны 02 дугаар сарын 07-ны шөнө шүүгдэгч Х.Б гэрч Ц.Г, Б.Б нарын биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон байна. Шүүгдэгчийн дээрх үйлдлийг таслан зогсоохоор хохирогч Э.Д шүүгдэгчийн араас хоёр гарыг нь бариад татаж салгах явцад шүүгдэгч түүний нүүрэн тус газарт нэг удаа мөргөж, хохирогчийн биед үүдэн дээд баруун 1, зүүн 1-р шүдний мултрал, үүдэн дээд баруун 2, зүүн 2-р шүднүүд хөдөлсөн /сулрал/ гэмтлүүд учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогчийн биед учирсан үүдэн дээд баруун 1, зүүн 1-р шүдний мултрал, үүдэн дээд баруун 2, зүүн 2-р шүднүүд хөдөлсөн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Х.Б-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Х.Б нөхөн төлсөн болох нь хохирогч Э.Д-ий “...Надад учирсан хохирлыг Х.Б нь төлж барагдуулсан бөгөөд Х.Б эхлээд шүдээ үзүүлж эмчлүүлэх зардалд 130’000 төгрөг шилжүүлсэн. Цаашид миний шүдийг эмчлүүлэх зардал болох 2’700’000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Х.Б надаас уучлалт гуйж хохиролд нийт 2’830’000 төгрөгийг төлж миний хохирлыг бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй болно” гэх мэдүүлгээр[8] тогтоогдож байна. Иймд шүүдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Б.Х “...Х.Б нь цэргээс халагдаж ирээд хувиараа барилга дээр хар бор биеийн хүчний ажил хийж байгаад 2020 оны 11 дүгээр сард таван толгойд ачааны хүнд даацын машин барьж байгаад түр ирчихсэн байгаа. ...Х.Б нь одоогоос 5 жилийн өмнө Х.Энхбаяр гэх охинтой гэр бүл болсон ба одоо ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг...”[9] гэж, гэрч Х.Энхбаяр “...Х.Б нь зан аашийн хувьд ер нь тийм зөөлөн зантай, эелдэг, олон таван үггүй, даруу төлөв ааштай, хүнд тусархуу, хүн өөрөөс нь юм гуйвал боломжоороо туслаад өгдөг, цагаан цайлган сэтгэлтэй хүн юм. Х.Б нь хааяадаа тэмдэглэлт баяр ёслол, найз нөхөд нь дуудсан үед хааяа л архи уудаг, үгүй бол өөрөө архи уугаад байдаггүй...”[10] гэж тус тус мэдүүлсэн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт[12] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б нь эхнэр, гурав хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн 8-14 тоотод оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Х-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийг 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 4-5 дугаар хуудас
[2] хх-ийн 9-10 дугаар хуудас
[3] хх-ийн 12-13 дугаар хуудас
[4] хх-ийн 15-16 дугаар хуудас
[5] хх-ийн 22 дугаар хуудас
[6] хх-ийн 34-35 дугаар хуудас
[7] хх-ийн 76-79 дүгээр хуудас
[8] хх-ийн 7 дугаар хуудас
[9] хх-ийн 18 дугаар хуудас
[10] хх-ийн 30 дугаар хуудас
[11] хх-ийн 103 дугаар хуудас
[12] хх-ийн 124 дүгээр хуудас