| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/17 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/17
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Цы Эд холбогдох 2117000000027 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Цы Э /РД:УШ/, Улаанбаатар хотод 1980 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын .... дугаар баг, .... тоотод оршин суух, “....” цэвэр усны газарт түгээгч ажилтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүд, хадам эхийн хамт амьдардаг, урьд 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өршөөн хэлтрүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Ц.Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 147 тоот хашаанд байх өөрийн гэртээ 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед төрсөн хүү болох насанд хүрээгүй Б.Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Мөнхийн 147 тоот хашаанд байх өөрийн гэртээ төрсөн хүү болох насанд хүрээгүй Б.Хтэй /15 настай/ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хоолойг боож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр гэртээ ирээд гаднаас хөлдүү мах оруулаад манай хүү Хгийн хөдөөний найз нь мах эвддэг болохоор нь маргааш мах гэсэхээр нь найзтайгаа хамт чанаад идэхэд аятайхан эвдээрэй гэхэд Х утсаараа тоглоод миний үгийг тоохгүй мэдэж байна гэж төвөгшөөсөн байдалтай хэлсэн. Би чи яагаад аавынхаа өөдөөс ингээд байгаа юм бэ? гэхэд Х цаашаа орон дээр суусан. Би яваад очиход та яах гэж ингэж байдаг юм бэ? гээд миний хөл рүү өшиглөхөөр нь би уурлаад хоолойг нь боосон. Хгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Би уурлаад ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Одоо хүү бид хоёрын харилцаа гайгүй болсон. Дахиж ийм асуудал гаргахгүй. Шилжилтийн насан дээрээ байхад нь анхаарч, эвтэй байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Насанд хүрээгүй хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэжээ. /х.х-ийн 52 хуудас/
1.3. Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр Э хүү болох Хг аяга тавгаа угаа гэхэд аяга тавгаа угаахад нь мах эвдчих гэж Хд хэлж байсан. Тэгээд нэг харсан хоёулаа барилцчихсан байхад нь Баасандолгор хүүе чи наад хүүхэд гээд салгасан. Э Хгийн хүзүүг нь боосон байсан. Өөрөөр цохиж зодоогүй. Э нь урьд нь эхнэр хүүхдэдээ гар хүрсэн зүйл байхгүй. Э Х нарын хоорондын харьцаа тааруухан байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 54-55 хуудас/
1.4. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 02 дугаар сарын 04-нд Хгийн биед үзлэг хийсэн. Тухайн үед Х нь Б гэсэн овогтой байсан тул аавыг чинь хэн гэдэг вэ, чиний төрсөн аав мөн үү гэж асуухад Э гэдэг. Миний төрсөн аав мөн гэж байсан. Мөн аавыгаа хааяа ширүүн загнаж зандардаг, энэ удаа миний хоолойг боогоод хана руу шахсан. Би өөрөө цагдаад дуудлага өгсөн гэж ярьж байсан. Шинжээч эмч нар үзлэг хийхдээ тухайн хүний сэтгэцийн байдлыг үнэлэх, хүүхдийн орчноо мэдрэх хөгжлийг мэдэх зорилгоор болсон хэргийн талаар өөрөөр нь яриулж мэдээллийг авдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/
1.5. Шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 59 дүгээр дүгнэлтэнд: “Б.Хгийн биед хүзүүнд, өвчүүний дээд хэсгээр цус хуралт гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 11 хуудас/
1.6. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягтын хуулбарууд, хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 16-18, 19-24 хуудас/
1.7. Насанд хүрээгүй хохирогч Б.Хгийн төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тухай тэмдэглэл /х.х-ийн 94-95 хуудас/
1.8. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 101,102-103 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Ц.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь зан байдлын хувьд түргэн цочмог ууртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байж байгаад гарчихсан, дураараа өөрийнхөөрөө байх дуртай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 55 хуудас/
2.2. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь зан байдлын хувьд түргэн ууртай, хүний үг сонсоно, тусархуу, ажилдаа үнэнч тууштай зантай хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 57 хуудас/
2.3 Ц.Эы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 84, 87-90 хуудас/
2.4. Ц.Эы гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /х.х-ийн 76, 92 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Эд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ц.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цы Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Эд нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА