| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2021/00007/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/08 |
| Огноо | 2021-02-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн 2140000000010 дугаартай хэргийг 2021 оны 02 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, яс үндэс халх, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд эксковаторын туслах машинист ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл
-Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 01 сарын 17-ны өдрийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж байсан Б.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 сарын 25-ны шөнө 24 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 байрны 35 тоотод оршин суух Б.А 38 дугаар байрны гадаа зогсоол дээр тавьсан “Хариер” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги болох 2 ширхэг том толь, жижиг толь 1 ширхэг, шил арчигчийг хугалж, тээврийн хэрэгслийн хаалгыг хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлийн тухай:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Г нь 2020 оны 12 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 37 байрны 35 тоотод оршин суух Б.А 38 дугаар байрны гадаа зогсоол дээр тавьсан “Хариер” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд анги болох 2 ширхэг том толь, 1 ширхэг жижиг толь, шил арчигч зэргийг хугалж, тээврийн хэрэгслийн хаалгыг хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.Гнь шүүх хуралдааны мэдүүлэг өгөхгүй гэсэн ба “...Хохирогч Б.А зүгээр л таньдаг, хамт ажилладаг юм. Би Б.Алтангэрэлийнд очихдоо өдөр нь пиво уусан байсан. Очоод мөн л пиво уусан. Намайг гэрээсээ хөөхөөр нь уур хүрсэн. Өөрөөр маргалдсан зүйлгүй. Б.А гэрээс гараад гэрлүүгээ явах замдаа уурандаа машиныг нь эвдсэн. Машины толинуудыг гараараа хугалсан. Машины жижиг толийг 38 дугаар байрны тийшээ шидэж, 2 том толийг 42 дугаар байрны буюу өөрийн байрны гадаа хаясан. Шил арчигчийг хугалж байснаа бол санахгүй байгаа юм. Хохирол төлсөн. Хохирогч гомдол саналгүй гэсэн. Би үйлдсэн хэрэгтээ, хүний машиныг эвдэлж, гэмтээсэндээ харамсаж байна.” гэх асуултанд хариулсан хариулт,
-Хохирогч Б.А 2020 оны 12 сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн хариер маркийн ........ улсын дугаартай автомашиныг 2020 оны 12 сарын 23-ны орой 21 цагийн үед 38-р байрны гадна автомашины ил зогсоол дээр тавиад гэртээ орсон. Тэрнээс хойш машинаа унаагүй байж байгаад 12 сарын 25-ны орой 23 цагийн үед машиныхаа хажуугаар яваад гэр рүүгээ орохдоо машинаа харахад машин ямар нэг эвдрэл гэмтэлгүй, хэвийн байсан. Тэгээд өнөөдөр буюу 12 сарын 26-ны өглөө гараад машинаа харахад гадна том 2 толь нь байхгүй, урд хэсэгт гадна талд нь байдаг 1 жижиг толь байхгүй, арын шилний шил арчигч байхгүй байсан. Тэгээд цагдаа ирж үзлэг хийж 38-р байрны урд талын орцны хойд талын айлын цонхны дороос автомашины урд байдаг жижиг 1 ширхэг толийг хугалаад хаясан байхыг олсон. Том 2 ширхэг хаалганы дээд талд байдаг толийг олоогүй. Автомашины толины суурийг хагалаад хаясан байсан учраас ашиглах боломжгүй шинээр суурьтай нь авч хийхээс өөр аргагүй болсон. Автомашин цоожтой байсан учраас дотор талаас нь эд зүйл алдагдаагүй. ... Би 2020 оны 12 сарын 25-ны орой 23 цагийн үед гэртээ байж байхад Б.Гманайд орж ирээд манай гэрт байсан пиво хамт уугаад Б.Г гэрээс 00 цаг өнгөрч байхад гараад явсан. Өглөө машинаа харсан. Миний машины буруу талын хаалган дээр толины доод хэсэгт 5 см орчим хонхойсон байсан. Толийг маань хугалж авахдаа хонхойлгосон байсан. Би автомашинаа 2019 оны 9 сард Улаанбаатар хотоос 30.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би өөрийн автомашины 2 ширхэг дохиотой том толийг 1 ширхэгийг нь 450.000 төгрөгөөр, автомашины урд хамар дээр байдаг эвэр толийг 250.000 төгрөгөөр, арын шил арчигчийг 150.000 төгрөгөөр, хаалган дээр гарсан 5 см хонхойсон эвдрэлийг 300.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 09-13 дугаар хуудас/
-Гэрч М.М 2020 оны 12 сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх 2019 онд 9 сард хариер маркийн ........ улсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн, Монголд 2019 оны 1 сард орж ирсэн автомашиныг 30.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай нөхөр Б.А сүүлд 2020 оны 12 сарын 24-ний өдөр унаж байгаад орой 38 дугаар байрны баруун талын ил зогсоол дээр байрлуулаад орхисон. Түүнээс хойш машинаа хөдөлгөөгүй байж байгаад 12 сарын 25-ны 07 цаг 05 минутанд ажилдаа явах гээд гэрээсээ гараад явж байхдаа машинаа харахад бүрэн бүтэн байсан. Тэгээд 12 сарын 26-ны 08 цаг 45 минутанд ажлаа тараад гэр рүүгээ орох гээд явж байгаад машинаа харахад машины 2 том толь, 1 жижиг толь байхгүй, сууриар нь хугалаад авчихсан байсан. Тэгэхээр нь нөхөртөө хэлээд цагдаа дуудсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад 25-ны орой 22-23 цагийн үед гэртээ ирэхдээ машинаа харахад зүгээр байсан гэж хэлсэн. Мөн манай нөхөр 25-ны орой хамт ажилладаг Б.Г гэх хүнтэй гэртээ пиво ууж суусан гэж хэлсэн. Цагдаа ирж үзлэг хийж байхдаа машины жижиг толийг 38-р байрны хамгийн урд талын орцны хажуугаас олсон. Манай машины толинуудын суурийг нь хугалаад авчихсан байсан болохоор дахин ашиглах боломжгүй болсон. Шинээр суурьтай нь авч хийхээс өөр аргагүй болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 2020/ШД453 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийн 4.3-т
“Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зэх зээлийн үнэ, жиших ажил үйлчилгээний аргаар хйиж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд автомашины сэлбэг зах зээлийн үнэлгээг 1.200.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна” гэх” дүгнэлт /хх-ийн 31-33 дугаар хуудас/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:
-Шүүгдэгч Боржигин овогт Балжиннямын Б.Г /РД:ЕА85090215/-ийн “Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл” /хх-ийн 54 дүгээр хуудас/
-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 сарын 21-ний өдрийн 38 дугаартай “Боржигин овогт Балжиннямын Б.Г нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Уурхайчин 4 дүгээр багийн Геологийн 2-214 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хх-ийн 56 дугаар хуудас/
-Шүүгдэгч Боржигин овогт Балжиннямын Б.Г ийн урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 62-65 дугаар хуудас/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2011 онд Бор-Өндөр сумын Жинтайхэ ХХК-д машинистаар ажиллаж байх үедээ анх танилцаж байсан. Тэр үеэс хойш найзалж, нөхөрлөж байгаа. Одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Зан байдлын хувьд даруу төлөв, хүнтэй мууддаггүй, хүн шоолоод л инээгээд л явж байдаг. Тамхи огт хэрэглэдэггүй, архи дарсыг хамт олонтойгоо баяр ёслолын үеэр л бага зэрэг хэрэглэдэг. Хэрэглэсэн үедээ ч элдвийн зан гаргадаггүй, их тохьтой хүн байгаа юм. Одоо бид 2 Баргилт цехэд хамт ажилладаг. Хамт олон дундаа нэр хүнд сайтай, сайн залуу байгаа юм. Найзалж нөхөрлөж байх үедээ хүнтэй муудаж байгаагүй, миний хажууд хүнтэй муудсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэлэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, Б.Г т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувийн зан байдал, хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон, шүүгдэгч Б.Гнь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 80-р хуудас/ байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Гнь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 2020/ШД453 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр “Harrier” маркийн автомашины 2 том толь, нэг бүрийн үнэ 400.000 төгрөг, нийт 800.000 төгрөг, автомашины хамар дээрх эвэр толь 1 ширхэг 100.000 төгрөг, шил арчигч 1 ширхэг 80.000 төгрөг, хаалган дээрх хонхойлгосон засварын ажлын хөлс 200.000 төгрөг буюу эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг нийт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэсэн байна.
Хохирогч Б.А нь “...эд хөрөнгийн үнэлгээгээр гарсан 1.200.000 төгрөгийг Б.Гнь Б.А миний дансанд шилжүүлж хохирол барагдуулсан нь үнэн болно” гэсэн өргөдлийг нотариатаар гэрчлүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэст хандан гаргасан нь хэргийн материалын 73 дугаар хуудсанд авагджээ.
Иймд шүүгдэгч Б.Гнь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж шүүх үзэж, түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Б.Гнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа ба улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Б.Гнь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Б.Г т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г ийн ажил эрхлэлт, цалингийн хэмжээ, торгох ялын хэмжээ болон цар тахлын үеийн эдийн засгийн байдал зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.200.000 төгрөгийг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жижиг эвэр толийг хохирогчийн хүсэлтээр мөрдөгчийн тогтоолоор хохирогч Б.Алтангэрэлд буцаан өгсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г- т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1.200.000 төгрөгийг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жижиг эвэр толийг хохирогчийн хүсэлтээр мөрдөгчийн тогтоолоор хохирогч Б.Алтангэрэлд буцаан өгсөн болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч Б.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ