| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2016/01514/и |
| Дугаар | 182/ШШ2017/00236 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2017/00236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Т ХХК-д холбогдох
Урьд эрхлэж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн төлөөлөгч Б.Амарсанаа, Н.Батгэрэл, Э.Идэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б нь 2016 оны 02 сарын 24-ний өдрийн Тны Гүйцэтгэх захирлын Б/244 тоот тушаалаар Тны Хуулийн газрын захирлаар томилогдон, хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилласан. 2016 оны 10 сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулан өгч комисс ажил хүлээлцэж, 2016 оны 11 сарын 03-ны өдөр тус банкны Гүйцэтгэх захирлын Б/1349 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлжээ. 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1349 тоот тушаалд 2016 оны 09 дугээр сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан Тны зохион байгуулалтын бүтцэд Хуулийн газрын захирал гэх албан тушаал байхгүй болсон гэсэн үндэслэл зааж Э.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн атлаа 2016 оны 10 сарын 03-ны өдрийн Тны хуулийн газрын захирлын ажил хүлээлцсэн тухай тайландаа шинээр томилогдсон Хууль, эрх зүйн газрын захирап Б.Амарсанаад хүлээлцүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. "Хуулийн газрын захирал” гэх албан тушаал “байхгүй болсон” гэж Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн боловч бодит байдал дээр Хуулийн газрын захирал гэх албан тушаал нь зөвхөн “эрх зүйн” гэсэн нэмэлт орж “Хууль, эрх зүйн газрын захирал” болж өөрчлөгдсөн бөгөөд уг ажпын байр үгүй болоогүй байна. Харин ч тус хуулийн гэх газрын орон тоо нэмэгдэж, улмаар шинээр “Хууль, эрх зүй хариуцсан захирал”-ыг бүтэц орон тоогоор нэмсэн болох нь Тны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолын хавсралтаас харагдаж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны /2016 оны 11 сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 сарын 27-ний өдөр/ цалинтай тэнцэх олговорт 14,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Б.Амарсанаа, Н.Батгэрэл, Э.Идэрчулуун нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК нь Монгол Улсын Сангийн яам, Хадгаламж даатгалын корпораци ХХК нарын хувь нийлүүлсэн, Төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Тны эрх барих байгууллагын бүрэн эрхийг Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлж ажилладаг. Хувь нийлүүлэгч Сангийн яам Т ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 7-1/5765 тоот албан бичгийг манай банкинд 2016 оны 09 сарын 20-ны өдөр ирүүлж Бүтцийн өөрчөлөлтийг хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, цалингийн шатлалыг оновчтой боловсруулан дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоож, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх” тухай заасан. Т 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 тоот тогтоолоор банкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталсан. Түүнчлэн “Тны дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.3.17 дахь заалтын дагуу банкны бүтэц зохион байгуулалт шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор өмнөх банкны зохион байгуулалтын бүтцэд Хуулийн газрын захирлын албан тушаалд ажиллаж байсан Э.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрлийг банкны ТУЗ-ийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 125 тоот тогтоолоор банкны гүйцэтгэх захиралд олгосон. Э.Бт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасны дагуу “Мэдэгдэх хуудас”-ыг нэг сарын өмнө буюу 2016 оны 10 сарын 03-ны өдөр гардуулсан. Гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 1349 дүгээр тушаалаар Э.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 ажил олгогчийн санаачилгаар “Орон тоо хасагдсан” үндэслэлийг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон. Тны зүгээс ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтуудыг мөрдлөг болгож, бүхий л үйл ажиллагаа хуулийн хүрээнд хийгдсэн тул Э.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14.700.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны орон тоо хасагдсан гэж маргажээ.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1.,Тны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.16.1, 5.26, 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтууд, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118, 125 дугаар тогтоолууд, Хүний нөөцийн хорооны 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 68 тоот хурлын шийдвэрийг үндэслэн Тны зохион байгуулалтын бүтцийн дагуу Хуулийн газрын захирал гэх албан тушаал хашиж байсан Э.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн болох нь Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1349 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн /хх-ийн 9 талд/ байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Ажилтан Э.Б-ийг Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 12 сарын 09-ний өдрийн Б/1540 дугаартай тушаалаар Хуулийн газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр туршилтын 5 сарын хугацаатай томилж, 2016 оны 02 сарын 24-ний өдрийн Б/244 дугаартай тушаалаар 2016 оны 02 сарын 24-ний өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж /хх-ийн 40, 44 талд/ байжээ.
Сангийн яамны 2016 оны 09 сарын 20-ны өдөр 7-1/5765 тоот албан бичгээр “...Т ХХК-ийн хэвийн үйл ажиллагаа зохистой засаглал, харилцагч, үйлчлүүлэгч, ажиллагсдын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор банкинд бүтцийн өөрчлөлтийг хийж, боловсон хүчний зардлыг бууруулж, цалингийн шатлалыг оновчтой боловсруулан дээд түвшингээс хэтрүүлэхгүйгээр шинэчлэн тогтоож, 2017 оны эцэс гэхэд нийт зардалд эзлэх боловсон хүчний зардлыг 15 хувиас хэтрүүлэхгүй байх” /хх-ийн 87 талд/ чиглэл хүргүүлжээ.
Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор Тны зохион байгуулалтын бүтцийг хавсралт ёсоор баталж, 125 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захиралд Тны зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэр бүхий захирлуудыг үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах зөвшөөрөл олгосон байна.
Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Тны зохион байгуулалтын бүтцийг Хуулийн газар нь банкны Комплаенсийн хэлтсийг шууд харьяалж, Хуулийн газрын захирал нь ажлаа үйл ажиллагаа хариуцсан дэд захиралд тайлагнаж босоо удирдлагаар шууд гүйцэтгэх захирлын харьяанд байсныг Т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн 118 дугаар тогтоолоор Тны зохион байгуулалтын бүтцийг Хууль, эрх зүйн газар нэршилтэйгээр шинээр байгуулж, тусдаа бие даасан газар, шууд харьяалах хэлтэсгүйгээр Хууль, эрх зүй хариуцсан захирал, Гүйцэтгэх захирлын Орлогч захиралд ажлаа тайлагнаж үйл ажиллагаа нь шат дараалсан байдлаар зурагдаж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэн /хх-ийн 32, 33, 54,55 талд/ байна.
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч талын Хуулийн газрын захирлын эрхлэж байсан ажил, албан тушаалын чиг үүргийг одоогийн шинэ бүтцэд байгаа Хууль, эрх зүйн газрын захирал гүйцэтгэж, албан тушаалын нэршилд “Эрх зүй” гэж нэмснээр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн гэж үзэхгүй гэж мэтгэлцэж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Ажил олгогчийн Хуулийн газрын захирал Э.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хууль, эрх зүй хариуцсан захирал, Хууль, эрх зүйн газрын захирлын ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, Тны зохион байгуулалтын бүтэц зэргээс Хуулийн газрын захирлын эрхлэж байсан ажлын байр, албан тушаал байхгүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Э.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/1349 тоот тушаал үндэслэлгүй байна.
Иймд Э.Б-ийг урьд эрхэлж байсан Т ХХК-ийн хуулийн газрын захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 сарын 27-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэстэй.
Хариуцагч нь Т ХХК-ийн хуулийн газрын захирлын орон тоо бүтэцээс хасагдсан тул Э.Б-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн ажиллуулах боломжгүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт заасан үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Э.Б-ийн Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 95 талд/ тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б-ийг Т ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,700,000 /арван дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг Т ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Э.Бт олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Т ХХК-д даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 231,450 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ