Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч С.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Мгийн Эд холбогдох 2017001170011 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Д овогт Мгийн Э /РД:ЗН/, Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд 1978 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын .... дүгээр баг, .....тоотод оршин суух, Улаанбаатар Төмөр замын Чойр өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай, бүрэн дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч М.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 436/237 дугаартай километрийн шонгийн орчимд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн өмчлөлийн 76-93 ГСА улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Н.Мын жолоодон явсан иргэн Д.Бы өмчлөлийн 32-09 ГСА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас Н.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Нын эрүүл мэндэд хүнд хохирол, Ө.Оын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Д.Бы тээврийн хэрэгсэлд 8 656 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч М.Э нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замын 436/237 дугаартай километрийн шонгийн орчимд өөрийн өмчлөлийн 76-93 ГСА улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7.а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...эсхүл согтууруулах ундаа...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж Д.Бы өмчлөлийн 32-09 ГСА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж Н.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Эийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Д.Нын эрүүл мэндэд хүнд хохирол, Ө.Оын эрүүл мэндэд хүнд хохирол, Д.Бы тээврийн хэрэгсэлд 8 656 000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Чандмань дэлгүүр орж тамхи, жижиг жүүс аваад машиндаа сууж байтал О дэлгүүрээс гарч ирээд нэг газар очоод зогсчих гэхээр нь би хөдлөөд Хас дэлгүүрээс зүүн эргэхдээ О, Н хоёрт 4 дүгээр сард эрхээ хасуулсан учир хамаагүй явж болохгүй, цагдаад баригдахад 200 000 төгрөгөөр торгуулна гэж хэлээд Оын хадмынх нь хажууд нэг байшингийн ард зогссон. Тэгсэн О Над амралтын юм гээд нэг шил архи гаргаж өгсөн. Би тэр архинаас 2 удаа татсан. О надад бид нарыг чи хүргээд өгчих гэхээр нь би архи уучихсан, жолооны үнэмлэхгүй явж чадахгүй гэхэд хүргээд өгчих гээд гуйгаад байхаар нь хүргэж өгөхөөр болсон. 21 дүгээр зөрлөг лүү хөдлөхдөө От хандан бүсээ зүүчих гэхэд яахын бэ гээд зүүгээгүй. Чойроос гараад явж байтал эргэлт дээр өөдөөс ирж байсан улаан өнгийн том Хово маркийн машины араас хар өнгийн машин гараад ирэхээр нь сандраад баруун гар тийшээ дараад хашлага мөргөсөн чинь О миний цонх мөргөөд хагалсан учраас харагдах орчин хязгаарлагдмал болсон. Би машинаасаа буугаад харахад миний машин баруун тал руугаа хараад, нөгөө машин хашлага тулаад зогссон. Би хүмүүсээ буулгах гэтэл Эийн хаалга онгойхгүй байхаар нь Оыг  машинаас гаргаад байж байтал цагдаа нар ирсэн. Хохирогч нар хамт явсан учраас надаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн. Д.Бы тээврийн хэрэгслийн төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор амьдарч байгаа байраа зараад төлж барагдуулна гэж ярилцаж тохиролцсон. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2. Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Этой уулзаад машинтай нь дээшээ гараад машиныхаа дугуйг хийлүүлж байхад нь манай нөхөр О Н ахад амралтын нэг юм авч өгье гэхэд Н зөвшөөрөөд Чандмань дэлгүүр орж 0,5 граммын Соёрхол нэртэй архи аваад Н О хоёр хувааж уусан. Эд хийж өгсөн чинь уугаагүй буцааж өгч байгаа харагдсан. Ууж байсан архи дуусаад бид нар 21 дүгээр зөрлөг рүү буцахаар болсон чинь буцах унаа байгаагүй тул нөхөр хүү бид гурвыг хүргээд өгөөч гэж Эыг гуйсан. Тэгээд Э машинаа бариад хажуу суудал дээр нь О суугаад би хүүхдээ өвөр дээрээ аваад Н ахын хамт арын суудал дээр нь суугаад Чойроос гараад явсан. Нэг мэдэхэд машинтай мөргөлдөөд осол гарчихсан байсан. Би арын суудалд суугаатай миний хөл урд суудалд хавчуулагдсан байсан. Н ах миний хажууд ёолоод сууж байсан. Цагдаа эмнэлэг ирж хаалга хөшиж онгойлгоод Н ах бид хоёрыг гаргаж авсан. Юунаас болж осол болсныг болон машин хэр хурдан явж байсан эсэхийг мэдэхгүй байна. Чойроос гарахад Э бид нарыг хамгаалах бүсээ зүүгээрэй гэж хэлээд өөрөө бүсээ зүүсэн байсан. Миний зүүн хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, баруун мөр жаахан хөндүүртэй байсан. Зүүн хөлөнд хоёр хугаралтай гээд хагалгаанд орсон. Одоо хагалдаанд орсон учир таягтай явж байгаа. Манай хүү Мгийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй зүгээр байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 25-27 хуудас/

1.3. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 02-ны өглөө Э бид хоёр Хонхорын Хас банк ороод явж байтал манай ажлын залуу О эхнэр хүүхэдтэйгээ 21 дүгээр зөрлөгөөс сая ирлээ гээд зогсож байсан. Бид хоёртой О эхнэр хүүхэдтэйгээ хамт дээшээ гарсан. О намайг хэзээ ажилдаа орох бэ, амралтын нэг юм авч өгье гээд Чандмань дэлгүүрээс 0,5 граммын Соёрхол архи ундаатай аваад Хас дэлгүүрийн урд байрлах урт цагаан байшингийн сүүдэрт зогсоод хувааж уусан. Эд хоёр удаа хийж өгсөн чинь өглөө ажлаас буусан, машин барьж байна гээд архи уугаагүй. О болон эхнэр Э нар 21 дүгээр зөрлөг орох унаа байхгүй байна, та хүүхэд бид гурвыг хүргээд өгчих гээд Эыг гуйгаад байсан. Э машинаа бариад хажуу суудал дээр нь О, арын суудал дээр нь Э хүүхэдтэйгээ бид гурав суусан. Машин хөдлөхөд Э суудлын бүсээ зүүгээрэй гэж хэлж байсан. Би лав зүүгээгүй, бусад нь яасныг мэдэхгүй байна. Чойроос хөдлөөд явж байгаад гэнэт машин хоёр тийшээ гуйваад өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Би тухайн үед жаахан зүүрмэглээд явж байсан болохоор яг юунаас болж мөргөлдсөнийг нь мэдээгүй. Э бид хоёр машины арын суудалд хавчуулагдсан байсан. Машин хэдэн километр цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Миний зүүн сүүжний дээд хэсэг хугарсан. Зүүн түнхний мултралтай байна гэсэн. Хагалгаанд ороод одоо гайгүй байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 30-31 хуудас/

1.4. Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Бы эзэмшлийн 32-09 ГСА улсын дугаартай Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг жолоодоод Говьсүмбэр аймаг орохоор Шивээговь сумаас ганцаараа хөдөлсөн. Тэгээд замд хоёр ачааны том машины дунд нь ороод явж байгаад гүйцэж түрүүлэх гэхээр өгсүүр газар харагдаад орчин муутай байсан болохоор нь гүйцэж түрүүлээгүй явж байсан. Тэгээд өгсөөд уруудаж байхад замын эргэлттэй хэсэгт нүдний буланд эсрэг урсгалд өөдөөс саарал өнгийн автомашин ирж яваа харагдсан. Тэгсэн чинь гэнэт л зүүн талаас орж ирээд мөргөсөн. Би тухайн үед ойролцоогоор 30 орчим километр цагийн хурдтай явж байсан. Гэнэт л зүүн гар талаас эсрэг урсгалаас хойноос урагшаа чиглэлд явж байсан мөнгөлөг саарал суудлын тэрэг огцом өөдөөс дараад миний урсгалд орж ирээд зүүн урд хэсэгт мөргөөд зогссон. Машинд мөргүүлээд миний машин хүчтэй зүүн хажуу тийм болж зогссон. Миний нуруу эвгүй болоод машинаас хамгаалах бүсээ тайлж буугаад замын хажуугийн элсэн дээр хэвтсэн. Анх машиныг эсрэг урсгалаас орж ирэхэд нь зайлуулах гэж баруун гар тал руугаа дарахад хашлага тээгэлсэн. Тэр машинд явсан хүмүүсээс архи үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 34-36 хуудас/

1.5. Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 02-нд Шивээговь сумын 21 дүгээр зөрлөг дээрээс эхнэр Э, хүү М нарын хамт 11 цагийн үед Чойрт ирээд Хас банкны үүдэнд Э, Н хоёр саарал өнгийн машинтай зогсож байхад нь таарсан. Тэгээд эхнэр, хүү бид гурав Эын машинд суугаад дээшээ гарсан. Н ахад би амралтын нэг шил архи авч өгье гээд Чандмань дэлгүүрээс 1 шил 0,5 граммын Соёрхол нэртэй архи аваад Хас дэлгүүрийн урд байх урт цагаан байшингийн сүүдэрт зогсоод Н бид хоёр авсан архиа уусан. Эд хийж өгсөн чинь би өглөө ажлаас буусан амраагүй байгаа гээд уугаагүй. Тэгээд архиа ууж дуусаад 21 дүгээр зөрлөг рүү буцах гэсэн боловч унаа байхгүй байсан учир Э би хүргэж өгье гээд  машинаа бариад хажуу суудал дээр нь би суугаад арын суудал дээр манай эхнэр Э, хүү М, Н нар суугаад явсан. Тэгээд Чойроос гараад явж байгаад өглөө ажлаас буусан байсан учир би унтаад өгсөн. Юу болсныг нь мэдээгүй нэг мэдсэн чинь машинтай мөргөлдчихсөн байсан. Машинаас гарах гэсэн чинь гарч чадахгүй Э намайг машинаас гаргасан. Э манай хүү Мг машинаас гаргаж надад өгсөн. Эхнэр Э хөл нь юманд хавчуулсан байна гарахгүй байна гэсэн. Миний зүүн хөл шагайн хэсгээрээ хугарсан, зүүн талын 2 хавирга баруун талын 4 хавирга хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 39-40 хуудас/

1.6. Иргэний нэхэмжлэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “32-09 ГСА улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний машин. Би энэ машиныг 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос 14 500 000 төгрөгөөр орж ирсэн машин худалдаж аваад одоог хүртэл унаж байна. Би 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос 13 цагийн үед Говьсүмбэр аймаг орох таксигаар хөдлөхдөө хамт ажилладаг дүү М руу яриад миний машиныг бариад Чойрт ирээд намайг тосоод авчих, шууд Шивээ орох унаа олдохгүй байх гэж хэлсэн. Би 18 дугаар зөрлөгийн орчимд явж байхдаа М руу залгахад утас нь дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь дахин дахин залгаад байтал утсыг нь манай сумын хэсгийн төлөөлөгч Зориг-Эрдэнэ аваад М Чойрын эмнэлэг дээр байгаа, тэнд очиж уулз гэж хэлсэн. Эмнэлэг орж Мтой уулзахад миний машиныг унаж яваад Чойр орох замдаа осолд орсон байсан. Мын хэлснээр эсрэг урсгалаас машин ирээд мөргөчихсөн гэж хэлсэн. Миний машин авах юмгүй болсон байна. Буруутай этгээдээр машинаа төлүүлж хохиролгүй болмоор байна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 42-44, 2-р х.х-ийн 26 хуудас/

1.7. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3819 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн “М.Э 42 эр” гэсэн хаягтай цусанд 1,6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.

Дүгнэлт гаргасан: Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч Б.Энхмандах гэжээ. /1-р х.х-ийн 70-72 хуудас/

1.8. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7906 дугаар дүгнэлтэнд: Д.Эийн биед баруун дунд чөмөгний дунд хэсгийн хоёролсон зөрөөтэй далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /1-р х.х-ийн 80-81 хуудас/

1.9. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 7905 дугаар дүгнэлтэнд: Д.Нын биед зүүн сүүжний дэлбээ яс, ацетабуллын их бие дайрсан далд хугарал, зүүн түнхний үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Г.Ханхүү гэжээ. /1-р х.х-ийн 85-86 хуудас/

1.10. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 207 дугаар дүгнэлтэнд: М.Эын биед бүсэлхийн L3 нугалмын их биеийн бяцарсан хугарал, L3.L4 нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 89-90 хуудас/

1.11. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 201 дүгээр дүгнэлтэнд: Н.Мын биед бүсэлхийн 4/5-р нугалмын арын анулар цагиргийн урагдал, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р х.х-ийн 93-94 хуудас/

1.12. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 213 дугаар дүгнэлтэнд: Ө.Оын биед цээжинд зүүн талын 4,5,6,7,12 дугаар хавирганы, баруун талын 6,8,9,11,12 дугаар хавирганы хугарал, зүүн хөлийн хавчаар ясны далд хугарал, тархи доргилт, нүүрэнд зулгаралт, 2 талын өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Цээжинд зүүн талын 4,5,6,7,12 дугаар хавирганы, баруун талын 6,8,9,11,12 дугаар хавирганы хугарал гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.10-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөлийн хавчаар ясны далд хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 2 талын өвдөгний шарх “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүүрний зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 98 хуудас/

1.13. Техникийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14/09 дүгээр дүгнэлтэнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6. “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг дурдсан утгаар ойлгоно” гэснээс авч үзэхэд 76-93 ГСА улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгсэл болон 32-09 ГСА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн байх үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд 76-93 ГСА улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “3.7. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...,эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн,...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 32-09 ГСА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. 76-93 ГСА улсын дугаартай Тоёота Камри маркийн тээврийн хэрэгслийн жолооч М.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол хэрэг гарсан байх үндэслэлтэй гэж үзэж байна.

Дүгнэлт гаргасан: Ж.Хашбат, А.Эрдэнэтуяа, Б.Бадрах гэжээ. /1-р х.х-ийн 116-117 хуудас/

1.14. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /х.х-ийн 9-20 хуудас/

1.15. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэв загвар дээж авсан тэмдэглэл /х.х-ийн 51, 57- 68 хуудас/

1.16. “Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайлан /1-р х.х-ийн 106 хуудас/

1.17. Жолоочийн лавлагаа, мэдээлэл /1-р х.х-ийн 128 хуудас/

1.18. Хохирогч Ө.О, Д.Э, Д.Н нарын гэмтэл согон судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарууд, яаралтай тусламжийн хуудасны хуулбарууд /1-р х.х-ийн 157-177, 180-188 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч М.Эыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна гэж үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Т.Э, түүний өмгөөлөгч С.Ганбат нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр ямар нэгэн маргаангүй гэснийг болон шүүгдэгч Т.Э нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.

ХОЁР. Шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрөө 21 дүгээр зөрлөг хүргээд өгөөч гээд гуйгаад авч яваад осолд орсон учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 25-27 хуудас/

2.2. Хохирогч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Э намайг хүчээр авч яваагүй, би өөрөө машинд нь суугаад явсан, надад буугаад үлдэх боломж байсан” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 80-81 хуудас/

2.3. Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний бие зүгээр байгаа, эмчилгээнд гарсан зардал байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 34-36 хуудас/

2.4. Хохирогч Ө.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрөө гуйгаад 21 дүгээр зөрлөг рүү эхнэр хүү бид гурвыг хүргэж өгөх гэж яваад ийм асуудалд орсон учир надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 39-40 хуудас/

2.5. Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Миний 32-09 ГСА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь зах зээлийн ханш нь 13 000 000 төгрөг байгаа. Миний мөргөлдсөн машиныг Э 4 344 000 төгрөгөнд бодож худалдаж аваад надад машины мөнгө болох 13 000 000 төгрөг өгөхөөр тохирсон юм. Тээврийн хэрэгслийн шилжүүлэг хийх гэсэн боловч оношилгоонд ороогүй гээд шилжүүлэг хийгээгүй байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 42-44, 2-р х.х-ийн 26 хуудас/

2.6. Гэрч Ч.Р мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Э нь айлын ганц хүүхэд. Төмөр замын байгууллагад тогтвор суурьшилтай 20 гаран жил ажиллаж байна. Ажил төрөлдөө сайн, байгууллагын аварга, зангилааны аварга ажилчин болж байсан. Хамт олондоо нэр хүнд сайтай, бүтээлч хүн. 2013 оноос хойш огт архи уухгүй байж байгаад 2020 он гарснаас хойш ганц нэг удаа архи уух гээд байдаг болсон. Нэг их уух гээд байдаггүй, өөртөө тохируулаад уудаг. Нөхөр бид хоёрын нэр дээр Сүмбэр сумын 1 дүгээр баг, 63 дугаар байрны зүүн талд 116-1 тоотод 2 өрөө байр байгаа ба тэр байраа зарж Бы хохирлыг барагдуулах гэж байгаа. Чойрын зарын группэд зар байрлуулсан байгаа” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 49-50, 2-р х.х-ийн 24 хуудас/

2.7. М.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /1-р х.х-ийн 126, 130, 132-137 хуудас/

2.8. Улаанбаатар Төмөр замын Чойр өртөө, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд, эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Чойр зарын группэд зар байрлуулсан баримт /1-р х.х-ийн 141-142, 145-147, 2-р х.х-ийн 28 хуудас/

2.9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлтүүд, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоолууд /2-р х.х-ийн 37-39 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, прокуророос шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч М.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Э нь архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, албадлагын арга хэмжээг давхардуулан авах шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Д.Э, Д.Н, Н.М, Ө.О нар мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Эоос гэм хорын хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо илэрхийлж мэдүүлэг өгсөн учир шүүгдэгчийг хохирогч нарт төлөх төлбөргүй, мөн шүүгдэгч М.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч М.Э нь иргэний нэхэмжлэгч Д.Бы автомашинд учруулсан хохирлоо өөрийн өмчлөлийн орон сууцыг зарж борлуулан төлөхөө илэрхийлсэн ба энэхүү илэрхийлэл нь эд хөрөнгийн эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Чойр зарын группэд зар байрлуулсан баримт, гэрч Ч.Ренчинмядагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд иргэний нэхэмжлэгч Д.Бы 32-09 ГСА улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд “Ашид билгүүн” ХХК-ний техникийн үнэлгээний тайланд нийт 8 656 000 төгрөг хохирол учирсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч М.Э нь иргэний нэхэмжлэгч Д.Бы эвдэрсэн автомашиныг 4 344 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон нь иргэд хоорондын худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэний хуулиар зохицуулагдана. Өөрөөр хэлбэл уг худалдан авах тохиролцоо нь гэм хорын хохиролд хамаарахгүйг дурдлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Мгийн Эыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Эын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Эд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдоогүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар шүүгдэгч М.Эоос 8 656 000 /найман сая зургаан зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 14 дүгээр байрны 5-66 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА