Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/09

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч М.Мэндбаяр

            Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М.Ц-д холбогдох 2140000000013 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 сарын 27-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах ялаар шийтгүүлж байсан, Бовогт М.Ц

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Ц нь 2021 оны 01 сарын 22-ны орой 20 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг “Зулбаяр-2” хүнсний дэлгүүрийн урд талд хохирогч Ж.С-н нүүрэн тус газар өшиглөж улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, духны баруун хэсэг, баруун, зүүн нүдний зовхины хэсэг, зүүн нүдний дотор булан хэсэг болон зүүн хацар хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг болон доод уруул орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.               

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Ц нь 2021 оны 01 сарын 22-ны орой 20 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг “Зулбаяр-2” хүнсний дэлгүүрийн урд талд хохирогч Ж.С-н нүүрэн тус газар өшиглөж улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, духны баруун хэсэг, баруун, зүүн нүдний зовхины хэсэг, зүүн нүдний дотор булан хэсэг болон зүүн хацар хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг болон доод уруул орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

-Хохирогч Ж.С-н 2021 оны 02 сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 сарын 22-ны өдөр найз У-тай найз Д-ын гэрт уулзахаар болсон. Замаараа “Морьтон” хүнсний дэлгүүрээс 2.5 литрийн савалгаатай Боргио гэх пиво 3 ширхэгийг аваад Д-той уулзаад тэдний хажуу өрөөнд хувааж ууцгаасан. Бид нарыг пиво ууж байхад Мөнхмандах ганцаараа ирсэн. Ингээд пивоо ууж дуусаад орой 20 цагийн үед Уу, М бид 3 Д-ын гэрээс хамт гараад явсан. Тэндээс гараад “Зулбаяр-2” хүнсний дэлгүүрийн урд талд зогсож байхад нэг залуу ирээд Ууганбаяртай мэндэлсэн. Тэгэхээр нь би хажуунаас нь харж зогсож байгаад “чи хэн бэ, маскаа ав, танихгүй байна” гэж хэлэхэд тэр залуу маскаа аваад, царайгаа гэрэлд харуулсан. Маскаа авахаар нь Ц байна гэж таниад “юу байна ахын дүү” гэж асуухад “Чи бид 2 хэзээ ахын дүү болсон юм, би өөрийнхөө төрсөн ахыг ах гэдэг болохоос надад өөр ах байхгүй” гэж томрохоор нь би Ц-ын зүүн хацар луу нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Ц намайг татаж унагаад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. У, М 2 Ц-ыг надаас салгаад явуулсан. Миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед Ц-ыг над руу томроод хэг ёг хийгээд байхаар нь зүүн хацар дээр нь цохисон чинь намайг татаж унагаад нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Бид 2 хоорондоо хэрэлдэж, маргалдаагүй, их хурдан хугацаанд болсон. Би тухайн үед гайгүй байсан, юу болж байгааг мэдэж байсан, Ц архи уугаагүй, эрүүл байсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, хамрын нуруу хэсэгт халцарсан байсан. Өөр учирсан гэмтэл шарх, байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг Ц төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 3-4, 5-6, 37 дугаар хуудас/

-Гэрч Б.У-ын 2021 оны 01 сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2021 оны 01 сарын 22-ны өдөр С бид 2 хороолол орж онжий Д-оор очихоор болж замаараа Бор-Өндөр сумын 3-р баг Морьтон хүнсний дэлгүүр орж 2.5 литрийн Боргио 3 ширхэгийг аваад найз Д-ынд очтол Д аав, ээжтэйгээ хамт байхаар нь гадаа дуудаж гаргаж ирээд пиво уух уу гэтэл тэгье гээд хажуу өрөөнд нь орж уусан. Ууж дуусаад орой 20 цагийн алдад Бор-Өндөр сумын 3-р баг Зулбаяр-2 дэлгүүрийн урд найз С, М нарын хамтаар явж байхад онжи Ц-ийн дүү Ц таарснаа “сайн уу ах юу байна” гэхээр нь тайван гэж хэлээд байж байхад С дундуур орж “чи хэн бэ, маск ав” гэж томроод дайраад байхаар нь за болио гээд С цааш нь түлхээд дэлгүүрийн үүдэнд очоод эргээд хартал С, Ц хоёр зодолдож байхаар нь буцаж очоод С-ыг салгаж аваад харих гээд гэр лүүгээ явж байтал ургүүлийн цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

-Гэрч О.М-ын 2021 оны 01 сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2021 оны 01 сарын 22-ны орой 19 цаг 10 минутанд найз Д-ын гэрт очтол С-, У- нар Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво дундаа тависан ууж сууцгааж байсан. Тэгээд би тэр хэдтэй нийлж 4 ширхэг нийслэл пиво уучихаад 20 цаг 10 минутанд найз Д-аас У, С бид 3 гарсан. Гараад “Зулбаяр-2” хүнсний дэлгүүрийн урд талд нь явж байтал найз Ц-ийн дүү Ц- таарч У-тай мэндлээд байхад С-хажуунаас орж ирээд ахын дүү маскаа ав гэж хэлж байхыг нь би сонсож байсан. Тэгээд би тэр хэдийг юм ярьж байх хооронд жаахан холдож бие засаад зогсож байгаад эргээд хартал С, Ц 2 хоорондоо зодолдож байсан. Намайг очих хооронд Ууганаа салгасан. Тэгээд бид хэд тарцгаасан .” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын          27-ны өдрийн 21 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Ж.С-ын биед зүүн нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, духны баруун хэсэг, баруун, зүүн нүдний зовхины хэсэг, зүүн нүдний дотор булан хэсэг болон зүүн хацар хэсгүүдийн зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, хамрын нуруу хэсэг болон доод уруул орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

-Иргэний согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 20 дугаар хуудас/

-Шүүгдэгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, .......... тоотод амьдардаг бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны орой гэртээ байж байхад манай төрсөн ах намайг хүнсний дэлгүүр рүү хэрчсэн гуриланд явуулсан. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан. Би гэрээсээ ганцаараа гараад Бор-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зулбаяр-2” хүнсний дэлгүүр рүү орох гээд явж байтал “Зулбаяр-2” хүнсний дэлгүүрийн урд талд гудамжны үзүүрт У, С, М нар хамт зогсож байхаар нь У-тай уулзаж мэнд мэдэхээр очсон. У нь миний найз, цэргийн он жав байгаа юм. Намайг тэд нартай уулзахад архи уучихсан бололтой үнэртэж байсан. У-тай уулзаад зогсож байхад хамт явж байсан Сү нь над руу ирээд “Чи хэн бэ” гэж хэлээд “Нүүрэндээ зүүсэн маскаа ав” гэж хэлэхээр нь би маскаа аваад царайгаа гэрэлд гаргаж харуулсан. Тэгэхэд С намайг таниад Цээгий байна гэж хэлээд миний зүүн хацар дээр гараараа нэг удаа цохьсон.Тэгэхээр нь миний уур хүрээд С-ыг өөр рүүгээ татсан чинь газар уначихсан. Газар уначихаар нь нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл У ирээд намайг салгаж холдуулсан. ...С бид хоёр өмнө нь маргалзаж байгаагүй. Бид 2-ын дунд өс хонзон, өр авлага байгаагүй. ...Би архи уугаагүй эрүүл байсан. Харин У, С, М 3 архи уучихсан байсан, гэхдээ согтолт нь гайгүй байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. С-ын нүд хавдчихсан байхыг харсан. Хамраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:

-Шүүгдэгч Б овогт М.Ц-ын “Иргэний мэдээлэл” /хх-ийн  22 дугаар хуудас/

-Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 сарын 05-ны өдрийн 52 дугаартай “Б овогт М. Ц нь ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Уурхайчин 3 дугаар  багийн ....... тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон” тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/

-Шүүгдэгч Боовогт М.Ц-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн  47 дугаар хуудас/

-Шүүгдэгч Б овогт М.Ц-ын  урьд ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48, 51-55 дугаар хуудас/,

Гэрч Н.Н-ийн “Манай хүү бага байхаасаа над дээр өссөн. Манай нөхөр М.Ц-ыг 5 настай байхад нь нас барсан. Тэрээр Бор-Өндөр цогцолбор сургуульд сурч 9 дүгээр анги төгсөөд Говьсүмбэр аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн хүнд механизм операторын ангид сурч төгссөн. Зан байдлын хувьд томоотой, үг дуу цөөтэй. Хичээл сурлагандаа давгүй, дундаж сурлагатай байсан. Манай хүү сагсан бөмбөг тоглодог. Улсаас авсан гавъяа шагнал байхгүй. Хамаатан садан, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, согтууруулах ундаа хэрэглэдэггүй, тамхи татдаггүй. М.Ц-ыг бага байхад нь унагааж байснаас болоод ээрч гацаж ярьдаг. Мөн баруун чих нь хэнгэрэг цоорхой, муу сонсдог. Өөр архаг хууч өвчин гэх юм байхгүй, сэтгэцийн өвчин эмгэг байхгүй, ухаан санаа эрүүл саруул хүүхэд. Өмнө нь нэг удаа  гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Б.А-ийн “Би 2005 онд цэцэрлэгт байхаасаа эхэлж найзалсан. ...Сургуульд байх хугацаандаа даруухан, элдвийн зан аашгүй байсан. ...Халх голын 0198 дугаар хилийн цэргийн ангид 1 жилийн цэргийн алба хааж, 2020 оны 10 сарын 15-нд цуг халагдаж ирсэн. ...Зан аашийн хувьд даруухан, хүний өөдөөс юм хэлээд байдаггүй, согтууруулах ундааны зүйл баяр ёслолын үеэр жилийн хугацаанд ганц нэг удаа л хэрэглэдэг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь би таарч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/ хэрэгт авагдсан бусад баримт болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэлэв. 

            Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, М.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль, журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, мөн хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг шалтгаан нөхцлүүд нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон, шүүгдэгч М.Ц нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 60-р хуудас/ байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Ц нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоход татгалзах зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Хохирогч Ж.Снь “...өөрийн буруугаас болж Ц-тэй маргалдсаны улмаас зодоон үүсгэж зодуулсан. Миний бие өөрт учирсан хохирлоо буюу эмчилгээний зардал болох 500.000 төгрөгийг 2021 оны 01 сарын 26-ны өдөр авсан. Одоо миний бие эмчилгээний зардалд дахин нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй болно” гэсэн өргөдлийг нотариатаар гэрчлүүлэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтэст хандан гаргасан нь  хэргийн материалын 43 дугаар хуудсанд авагджээ.

Иймд шүүгдэгч М.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж шүүх үзэж, түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.   

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Ц-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Цэ-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч М.Ц-д ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Цэ-ын эрхэлсэн тодорхой ажилгүй байдал, орлого олох боломж зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний төлбөр 500.000 төгрөгийг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:          

1.Шүүгдэгч Б овогт М.Ц-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бовогт М.Ц-ыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь торгох ялыг шүүхээс үүрэг болгосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч М.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгч М.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

7.Шүүгдэгч М.Цэ нь хохирогч Ж.С-д 500.000 төгрөг төлснөөр бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгө, орлого байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БОЛОР-ЭРДЭНЭ