Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2017/00154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А ХХК-д холбогдох

 

4,807,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагчийн төлөөлөгч Г.Олзбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Х ХХК-ийн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК 2015 оны хавар араб адуу худалдаж аваад 18,000,000 төгрөгийн өглөгтэй болсон. 2015 оны 11 сард  Япон улсаас оруулж ирсэн Прадо-120 маркийн авто машиныг 40,000,000 төгрөгт бодож ав, гэхдээ уг авто машин “Сайн” ломбарданд 25,200,000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа уг мөнгийг төлөөд машинаа авчих гэсэн санал тавьж саналыг хүлээж авснаар талуудын хооронд 2015 оны 11 сарын 26-нд хөдлөх эд хөрөнгийн Арилжааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр худалдагч тал Тоёота Прадо маркийн авто машиныг худалдах, хоорондын авлага, өглөгийг зохицуулах зорилготой гэрээний 2.1-д гэрээний зүйл болох Тоёота прадо маркийн автомашины үнийг 40,000,000 төгрөг байхаар талууд хэлэлцэн тохирч, уг автомашиныг зээлийн 25,200,000 төгрөгийг худалдан авагч тал бүрэн төлж машиныг чөлөөлнө гэж тохирч гэрээ байгуулсан.

          Х ХХК нь Тоёота прадо маркийн автомашиныг “Сайн”ломбардаас  25,200,000 төгрөгийг төлж машиныг барьцаанаас чөлөөлж авсан. А ХХК, Х ХХК-ийн хооронд байгуулсан Арилжааны гэрээгээр машины үнэ болох 40,000,000 төгрөгнөөс худалдагч талаас авах ёстой 18,000,000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 22,000,000 төгрөгийг автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөх үнийн дүнд оруулан тооцож, мөн нэмж худалдан авагч тал нь 3,200,000 төгрөгийг худалдан авагчийн өмнөөс төлсөн тул тус 3,200,000 төгрөгийг худалдагч талаас 2015 оны 12 сарын 15-ны дотор авахаар тохирсон. Гэрээнд заасан 3,200,000 төгрөгийг төлөхийг шаардсан. Иймд А ХХК-с зөрүү төлбөр 3,200,000 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн алданги 1,600,000 төгрөгийг нарнжжлах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,000,000 төгрөгөөр  бууруулж, 600,000 төгрөг, нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардалд 7,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч А ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Олзбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээс 3,200,000 төгрөг, нотариатын зардалд 7,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж  алданги төлөх боломжгүй гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

   Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

   Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан 3,200,000 төгрөг, алданги 1,600,000 төгрөг, нотриатын зардалд 7,000 төгрөг нийт 4,807,000 төгрөгг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч 3,200,000 төгрөг, нотариатын зардалд 7,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж  алданги төлөх боломжгүй гэж  маргажээ.

Хариуцагч А ХХК нь 2015 оны 3 сард  Х ХХК-иас араб адуу 18,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан '”Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч А ХХК нь 2015 оны 11 сарын 26-ны өдөр Прадо-120 маркийн автомашиныг Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 18,000,000 төгрөгийн өрөндөө шилжүүлэх мөн уг автомашиныг 25,200,000 төгрөгийн барьцаанаас чөлөөлж авах хүсэлт гаргасныг Х ХХК зөвшөөрч талууд 2015 оны 11 сарын 26-ны өдөр Тоёота ланд крузер прадо маркийн автомашины үнийг 40,000,000 төгрөгөөр тохиролцож, Автомашин худалдах-худалдан авах гэрээ, Арилжааны гэрээг тус тус  байгуулж гэрээний 2.4.”Гэрээний нийт үнийн дүн 40,000,000 төгрөгөөс худалдагч талаас авах авлага 18,000,000 төгрөгийг суутган үлдэгдэл 22,000,000 төгрөгийг автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлөх үнийн дүнд оруулан тооцов. Мөн нэмж худалдан авагч тал нь 3,200,000 төгрөгийг  худалдагч талын  нэрийн өмнөөс төлсөн ба тус 3,200,000 төгрөгийг худалдагч талаас 2015 оны 12 сарын 15-ны дотор нэхэмжлэн авах эрхтэйгээр тохиров. Гэрээний 3.5. Худалдагч тал нь гэрээнд заасан хугацаанд 3,200,000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд худалдан авагч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон болох нь Автомашин худалдах-худалдан авах гэрээ, Арилжааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд хөдлөх эд хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр Арилжааны гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч 3,200,000 төгрөг, нотариатын зардалд 7,000 төгрөг төлөхийг зөвшөөрч маргахгүй байна.

 

Худалдагч тал нь гэрээнд заасан хугацаанд 3,200,000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги 1,600,000 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж  алданги төлөхгүй гэж мэтгэлцэж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байх ба гэрээний үүрэг алдангиас чөлөөлөгдөх, бууруулах үндэслэл болохгүй юм.

 

Харин нэхэмжлэгч Х ХХК шүүх хуралдааны үед алданги 600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000 төгрөгөөр багасаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд алданги гаргуулж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагч А ХХК-иас 3,200,000 төгрөг, нотариатын зардалд 7,000 төгрөг, алданги 600,000 төгрөг нийт 3,807,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 228 дугаар зүйлийн 228,1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 3,807,000 /гурван сая найман зуун долоон мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 75,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ