| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0018/э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, түүний өмгөөлөгч Ц.Монгол /цахим/, шүүгдэгч Ч.Ц, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ургийн овогт Чийн Цид холбогдох эрүүгийн 2035001370002 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М ургийн овогт Чийн Ц, 1967 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Малчин сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ОЖ67082012.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ч.Ц нь Увс аймгийн Малчин сумын нутагт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 63-86 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас мотоциклийн ард ганзагалан авч явсан савтай бензин асгарч гал гарч, ард нь сууж явсан эхнэр С.У түлэгдэж, улмаар эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Ч.Цийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаарх нотлох баримтын агуулга:
1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай төрсөн аав Цийнх болон манай гэр тус аймгийн Малчин сумын 1-р багийн нутаг “Онгорхойн хөвч” гэх нэртэй газарт айл хошой байсан юм. Тэр өдөр манай аав Ч.Ц, ээж С.У нар үд болж байхад цаг хугацааг тодорхой мэдэхгүй байна, Малчин сумын төв орчхоод ирье гээд аав өөрийн улаан өнгийн мотоциклтой ээжийг хойд талын хэсэгт суулгаад явсан. Түүний дараа Малчин сумын төв орчихсон байна гэж ярьсан, түүний дараа 17 цагийн үед ямаа саах гээд холбочхоод буцаад гэртээ ороход манай гар утсанд дуудлага ирсэн байсан бөгөөд ээж С.У өөрийнхөө 98976808 дугаараас залгасан байсан. Би буцаагаад залгахад ээж С.У авч ярьсан бөгөөд “бид хоёр Хошуут гэх газар луу мотоциклтой өгсөж яваад гэнэт мотоцикл шатаад түлэгдлээ” гэсэн. Би аавыг асуухад “аав чинь зүгээр, би түлэгдлээ” гэж хэлсэн ба “бид нар яваад очих уу?” гэхэд “хэрэггүй ээ, эмнэлгийн машин дуудчихсан” гээд утсаа тасалсан. Сумын эмнэлэг дээр очсны дараа аав Ч.Ц ярьсан бөгөөд “эмч нар наалдсан зүйлийг нь аваад боолт хийж байна, оройхон тийшээ эмнэлгийн машинтай аймаг руу оруулна” гэж ярьсан. Түүний дараа аймаг руу орж ирээд ээж ярьсан. “Аймаг руу ирчихсэн байна, эмнэлэгт байна” гэж. Би ээжтэйгээ уулзаж амжаагүй, аймагт байхад нь ч уулзаж чадаагүй. Ээж Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өглөө 7 цагт онгоцоор явсан. Тэгээд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Ээж онгоцоор явсны дараагаар манай төрсөн дүү Маамуу нь автобусаар яваад ээжийг асарч байсан юм. Би төрсөн ээж Урианхайгийн биед ямар гэмтэл, хэрхэн, яаж учирсан болохыг мэдэхгүй байгаа. Ээж над руу Хошуут гэх газраас ярихдаа “Хошуут руу өгсөж байхад гэнэт мотоцикл шатсан” гэж хэлсэн. Манай аав Ч.Ц хэлэхдээ “Хошуут гэх газар луу мотоциклтой өгсөж байхад ээж С.У нь шатлаа гэж орилохоор нь мотоциклоо нэгдүгээр араанд хийгээд замын хажуу руу унагаагаад зулсан” гэж хэлсэн. Тэгээд ээжийг түлэгдсэн байсан учраас эмнэлэгт дуудлага өгч сумын төв рүү орсон гэж хэлсэн. Анх сумын төв рүү явахдаа манай аав бензин авч ирнэ гээд 4-5 литрийн цайвар өнгийн хуванцар сав аваад явж байсан юм. Тухайн үед мотоциклдоо бензинтэй явсан талаараа аав Ц хэлсэн. Яагаад гал гарсан талаар аав ямар нэгэн зүйл хэлээгүй. Манай ээж талийгаач С.Угийн биед ямар нэг архаг хууч өвчин байгаагүй. Бензин авахаар авч явсан сав нь гал гарах үед түлэгдээд дуусчихсан гэж аав Ц хэлсэн. Тухайн сав нь таглаатай сав байсан. Манай аав Ц нь мотоцикл жолоодож чаддаг. Мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Манай ээж С.У нь айлын ганц хүүхэд байсан бөгөөд ах дүү нар байхгүй, манай нагац өвөө, нагац эмээ нар ээжийг хүүхэд байхад нь нас барсан талаар манай ээж хэлдэг байсан. Нагац өвөө, нагац эмээгийн хамаатны хүмүүс нь Дархан-Уул аймагт байдаг, өөр ямар нэг хүн байхгүй, манай талийгаач ээж нь 1968 онд төрсөн 52 настай хүн байсан, хөдөө аав 2 дүүгийн хамт мал маллаж амьдардаг байсан. Ямар нэг муу зуршилгүй, ажилсаг, тусархуу, төлөв даруухан, бусадтай эелдэг боловсон харилцдаг хүн байсан юм. Одоо манай аав Ц 2 дүүгийн хамт амьдарч байгаа бөгөөд 2 дүү болох Маамуу нь эмэгтэй, Улаангом сумын ахлах 4-р сургуулийн 12-р ангид суралцдаг, дараагийн дүү Ёлк эмэгтэй, тус аймгийн Улаангом сумын ахлах 4-р сургуульд 8-р ангид суралцдаг, одоо айлд байгаа, манай аав Ц нь хөдөө ганцаараа мал маллаж амьдардаг. Надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй, болгоомжгүй, золгүй явдлын улмаас гал гарч улмаар ээж маань түлэгдэж энэ шалтгааны улмаас нас барсан. Энэ нь манай гэр бүлд ялангуяа аав Цид хүндээр тусч байгаа. Миний болон манай ах дүү нарын зүгээс ямар нэг гомдол санал байхгүй. Хэргийг хурдан шуурхай шийдвэрлэмээр байна” /хх-ийн 76-77-р хуудас/ гэх мэдүүлэг,
2. Гэрч М.С /колонкийн түгээгч/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сард цаг хугацааг тодорхой мэдэхгүй байна. Тус аймгийн Малчин сумын иргэн Ч.Ц, эхнэрийнхээ хамтаар өөрийн улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклтой ирж зогсоод бензин авсан. Ч.Ц нь тухайн үед өөрийн мотоциклд бензин хийлгэсэн бөгөөд мөн 10 литрийн орчим хэмжээтэй байх хуванцар саванд бензин хийлгэж авсан. Тэгэхээр нь би яндангүй талд нь ганзагалж яваарай, савны таглааг сайн таглаарай гэж Ч.Ц, түүний эхнэрт хэлчхээд тооцоогоо хийж авчхаад баримт бичихээр дотогшоо орсон. НӨАТ-ын баримт хэвлээд гараад ирэхэд Ц болон түүний эхнэр нар явчихсан байсан. Би тухайн савтай бензинийг яг хаана нь хэрхэн ганзагалсан талаар хараагүй, түрүүлээд ажлын байр луу орчхоод гараад ирэхэд явчихсан байсан. Уг савыг Ц нь ганзагалах гэж байсан юм. Ч.Ц нь 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр бензин авсан байх, тэр мотоциклтой яваад шатсан гэх өдөр бензин авсан юм. Хуванцар материалаар хийсэн 10 литр орчим хэмжээтэй саванд авсан, уг сав хоёр давхар таглаатай байсан. Би тухайн савны өнгийг мэдэхгүй байна, хуучин сав байсан. Ц талийгаач эхнэрийнхээ хамтаар явсан. Миний хажууд хэн нэгэн байгаагүй, ганцаараа ажиллаж байсан юм. Зориулалтын төмөр саванд хийж өгөхийг зөвшөөрдөг, хөдөө орон нутгийн хүмүүс хуванцар саваар авдаг, би өгөхгүй гэхээр дайрч доромжилдог, хэрүүл маргаан үүсгэдэг, хөдөө орон нутгийн хүмүүс нүүдэл суудлын үеэр саванд бензин заавал авдаг, би одоо Петровис колонкийн түгээгчээр ажиллаад 5 жил болж байгаа бөгөөд саванд бензин авч байгаа хүмүүст савны таглааг сайн таглах, яндангүй талд нь уяж бэхлэх, мөн гал гарч болзошгүй орчинд тээвэрлэж явахгүй байх талаар байнга зөвлөдөг. Надад нэмж ярих зүйл байхгүй” /хх-ийн 90-91р хуудас/ гэх мэдүүлэг,
3. Гэрч Ө.Б /Эрүүл мэндийн төвд эмч/-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би эмнэлгийн машинтай хөдөө дуудлагаар яваад орой ирсэн юм. Тухайн үед дуудлагад яваад ирсний дараа эмнэлэгт түлэгдсэн хүн ирлээ гэхээр нь би ирж үзсэн юм. Тухайн үед ирэхэд манай сумын иргэн Сайнжаргал овогтой Урианхай гэх хүн нөхрийн хамт байсан. Ерөнхийдөө биеийн байдал хүнд, хоёр бүдүүн гуянаас доош хөлийн өсгий хүртэл түлэгдсэн байсан. Тухайн түлэгдэлтийг би 3 дугаар зэргийн түлэгдэлт гэж үзсэн болохоор яаралтай аймаг руу явах хэрэгтэй гэж үзсэн. Тухайн үед би шархыг цэвэрлэж, түлэнхийн тос түрхэж, боолт хийсэн. Мөн өвчин намдаах лаа хийсэн. Тэгээд яаралтай аймаг явах шаардлагатай байсан тул сумын эмнэлгийн жолооч Д.С, сувилагч Б.Ц, өвчтөний нөхөр Д нарын хамтаар шөнө 00 цагийн үед сумаас гараад аймгийн нэгдсэн эмнэлэгт оруулж тухайн өдөр ээлжтэй байсан эмч Б гэх эмчид хүлээлгэж өгсөн. Мотоцикл дээр бензин ганзагалж явсан чинь тухайн бензин нь яндан дээр дусаад гал гараад түлэгдчихлээ гэж байсан. Нөхөр Цийн биед ямар нэгэн түлэгдсэн зүйл байгаагүй. Өвчтөний бие замдаа хэвийн орсон ямар нэгэн тариа хийлгэхгүй орсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” /хх-ийн 82-83-р хуудас/ гэх мэдүүлэг,
4. Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байтал манай сумын иргэн Д гэх хүн над руу залгаад хаана байгаа талаар асууж, “эхнэр бид хоёр мотоциклтой явж байгаад “Хошуут” гэх газар ганзагалж явсан бензинээс гал гараад мотоцикл шатаад, эхнэрийн хоёр хөл нь нэлээн түлэгдчихлээ, чи яаралтай эмнэлгийн машин аваад гараад ир” гэхээр нь би эмнэлгийн машинаар явах гэсэн боловч тухайн үед эмнэлгийн машин дуудлагаар хөдөө явсан байсан. Тэгээд би манай сумын 3-р багийн дарга Ш.Цын хамтаар очоод эмнэлэгт авч ирээд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Очиход тухайн мотоцикл шатаад дууссан байсан. Тухайн үед хоёр хөл нь нилээд түлэгдээд устсан, дээл нөмөрсөн байдалтай байсан. Биеийн байдал нь гайгүй байсан. Бид нартай замдаа юм яриад гайгүй түлэгдлээ жаахан хорсоод байна гэж байсан. Яагаад гал гарав гэж асуухад гал түрүүлж араас гарсан, тухайн үед салхины чиглэл өөдөөс байсан учраас зугтааж амжсан. Харин талийгаач ард нь суусан байсан болохоор галын дөл талийгаач руу чиглэсэн гэж байсан. Ойрд сум руу орж амжихгүй болохоор нэмж 5 литр бензин авсан гэж ярьсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” /хх-ийн 84-85-р хуудас/ гэх мэдүүлэг,
5. Гэрч Б.Ц /сумын эмнэлгийн сувилагч/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрт байхад Ө.Б эмч над руу яриад түлэгдсэн хүн авч аймаг явах шаардлагатай байна гэхээр нь би ажил дээр ирсэн юм. Тухайн үед ирэхэд манай сумын иргэн С.У гэх хүн нөхрийн хамт байсан. Тэгээд орой 00 цагийн үед Ө.Б эмч, жолооч Д.С, С.У, түүний нөхөр Ц нарын хамт аймаг явсан. Тэгээд аймагт шөнө 02 цагийн үед ирээд эмнэлэгт оруулж өгөөд Ө.Б, жолооч Д.С, бид гурав гарч ирсэн. С.У ухаан санаа зүгээр, хоёр бүдүүн гуянаас доош хөлийн өсгий хүртэл түлэгдсэн байсан. Тухайн үед Ө.Б эмч шархыг цэвэрлэж, тосон түрхэц түрхэж, боолт хийсэн байсан. Мөн өвчин намдаах лаа хийсэн гэж байсан би эмчилгээ хийсний дараа ирсэн. Тухайн үед мотоцикл дээр бензин ганзагалж явсан чинь тухайн бензин нь яндан дээр дусаад гал гараад түлэгдчихлээ гэж байсан. Өвчтөний биеийн байдал гайгүй байсан, замдаа ямар нэгэн биед өөрчлөлт ороогүй. Эм тариа хийлгэхгүй орсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” /хх-ийн 86-р хуудас/ гэх мэдүүлэг,
6. Гэрч Ш.Ц /3-р багийн Засаг дарга/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байхад манай сумын иргэн Ц гэх хүн над руу залгаад машин хэрэгтэй байна, манай сумын Д эхнэртэйгээ явж байгаад Хошуут гэх газарт мотоцикл шатаад эхнэр нь түлэгдсэн байна, эмнэлэгт мэдэгдэж эмнэлгийн машинаар явах гэсэн боловч дуудлагаар хөдөө явсан байна, чи яваад өгөөч гэхээр нь би тухайн Хошуут гэх газарт очсон. Тухайн үед очиход тэр хоёр мотоциклийнхоо хажууд байсан. Тэгээд машинд суулгаад бид нар сумын эмнэлэгт тээвэрлэж ирээд талийгаач, түүний нөхөр Д, Ц гурав эмнэлэг рүү аваад орсон” /хх-ийн 87-88-р хуудас/ гэх мэдүүлэг,
7. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 7 дугаар сард С.У гэгч нь нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт ирсэн. Ирэх үедээ биеийн байдал хүндэвтэр, хоёр хөлийн шилбэ гуя хамарсан түлэгдэлтийн шархтай ирсэн. Ирэхдээ нөхрийнхөө хамтаар мотоциклд бензин ганзагалж яваад гал гараад түлэгдсэн гэж хэлсэн. Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт 3 хоног эмчлүүлээд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 3 дугаар шатлалын эмнэлэг буюу Улаанбаатар хот руу явсан. Талийгаачийн түлэгдэлтийн талбай нь том, гүн шархтай байсан учраас Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явуулсан” /хх-ийн 94-р хуудас/ гэх мэдүүлэг,
8. Гэрч О.М /Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч/-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...амь хохирогч С.У нь бүх биеийн 25 хувийн III б зэргийн гүн түлэгдэлттэй ирээд хоёр удаагийн мэс засалд ороод 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн. ...Энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 5 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрчимт эмчилгээний тасаг руу шилжиж ирсэн. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан” /хх-ийн 95-96-р хуудас/ гэх мэдүүлэг,
9. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1733 дугаартай “1.2. С.Ун цогцост хоёр гуя, өвдөг, шилбийг хамарсан биеийн нийт гадаргуугийн 20-25 хувийн хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. 3.4.5. Талийгаачид дээрх түлэгдэлт гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх түлэгдэлтийн улмаас түлэнхийн өвчин хүндэрч үжил, олон эрхтний дутагдалд орж нас баржээ” /хх-ийн 104-115-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт,
10. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай “1. С.Угийн биед баруун, зүүн гуя, өвдөг, шилбэнд биеийн нийт гадаргуугийн 20-25 хувийн талбайг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт гэмтэл учирсан байна. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.17-д /биеийн нийт гадаргуугийн 15 хувиас дээш талбайг хамарсан III Б, IY зэргийн, 20 хувиас дээш талбайг хамарсан III А зэргийн түлэгдэлт/ зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх /хх-ийн 129-130-р хуудас/ гэх шинжээчийн дүгнэлт,
11. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/,
12. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-22-р хуудас/,
13. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 28-32-р хуудас/,
14. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 35-73-р хуудас/,
15. Шүүгдэгч Ч.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр би тус аймгийн Малчин сумын 1-р багийн нутаг “Онгорхойн хөвч” гэх нэртэй газраас ойролцоогоор 14-15 цагийн үед өөрийн эзэмшлийн 63-68 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын улаан өнгийн мотоциклтой талийгаач эхнэр С.Угийн хамт Малчин сумын төв ороод Гомбо гэх айлд очоод тэднийхээс гараад дэлгүүр ороод, дэлгүүрээс хүнсний хэрэглээ, чихэр авсан. Түүний дараа эхнэр бид хоёр тус аймгийн Малчин сумын төвд байрлах Сын ажиллуулдаг колонкоос мотоциклийн бензин хадгалах сав буюу банкийг дүүргээд хөдөө амьдардаг хүмүүс дахиад орж ирж чадахгүй, мотоциклийн нөөц бензин авах гээд өөрийн хөдөөнөөс авчирсан цагаан өнгийн 5 литрийн хуванцар таглаатай саванд Саар бензин хийлгүүлж аваад явсан. С нь тухайн савтай бензиний тагийг сайн таглаарай, мотоциклийн яндангүй талд нь ганзагалаад яваарай гэж хэлчхээд колонк руугаа орчихсон. Би тухайн цагаан өнгийн савтай бензинийг мотоциклийн баруун хойд талын ачааны даруулганы хөндлөн төмрөөс цагаан өнгийн уяагаар савны бариулаас татаж уясан. Тэгээд хөдлөх үед шалгахад бензиний таг нь таглаатай байсан. Талийгаач эхнэр С.У бид хоёр буцаад гэр лүүгээ ойролцоогоор 18-19 цагийн үед байх цаг хугацааг тодорхой хэлж мэдэхгүй байна, мотоциклийг би бариад Малчин сумын 3-р багийн нутагт байрлах Хошуут гэх нэртэй газар уулын өөдөө өгсөж явахад талийгаач С.У “гал гарлаа” гэж хэлсэн ба мотоциклийг баруун талаараа хажуу тийш нь унагахад мотоциклийн хажууд эхнэр Урианхай байхаар нь би салгаад хувцасанд нь асаж байсан галыг унтраагаад Малчин сумын төв рүү Цэднээ гэх эмэгтэй рүү яриад гал гарч С.У түлэгдчихлээ наанаасаа эмнэлгийн автомашин аваад ир гэж ярьсан. Тэр үед ямар дугаараас Цэднээгийн ямар дугаар луу ярьсан талаар би санахгүй байна. Эмнэлгийн машин дуудлагад явчихсан байна гэж хэлэхээр нь тэгвэл наанаасаа өөр машин аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Цогт-Очир гэх залуу, Цэднээ гэх эмэгтэй нар ирсэн. Бид нар талийгаачийг Малчин сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн. Эмч, сувилагч нар талийгаачийн биед боолт хийсэн ба Улаангом сум руу явахгүй бол болохгүй гээд 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагаас 00 цагийн үед Малчин сумаас Улаангом сум руу хөдлөөд Улаангом сумын Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн. Талийгаач нь Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт ойролцоогоор 3 хоног эмчилгээ хийлгэсэн бөгөөд 3 хоногийн дараа Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Би Улаангом суманд үлдээд эмчилгээнд шаардагдах мөнгийг араас нь явуулж байсан. Улаанбаатар хотод очоод хэрхэн эмчилгээ хийлгэсэн талаар би мэдэхгүй байна, сүүлд ээжийгээ очиж асар гээд охин Маамууг Улаанбаатар хот руу явуулсан. Манай төрсөн охин Маамуу нь над руу Улаанбаатар хотоос 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр яриад эхнэр С.Уг нас барсан талаар хэлсэн бөгөөд би маргааш нь автобусаар яваад очиход эхнэр маань нас барчихсан байдалтай байсан. Талийгаачийг эмнэлгээс гаргаад нутагтаа авч ирж, оршуулах ёслолын ажиллагааг нь хийсэн. ...Би гал яагаад гарсан талаар сайн мэдэхгүй байна. Миний бодлоор халуун янданд бензин хүрээд гарсан байх гэж бодож байгаа. Малчин сумаас Хошуут хүртэл 20 км зайтай, замдаа би зогсохгүйгээр явж байсан. Уулын өөд өгсөж байхад гал гарсан. Уг нь яндангийн дээд хэсэгт ганзалчихсан янданд хүрэх боломжгүй байдлаар ганзагалчихсан байсан. Би гал гарсны дараа эхнэртээ тусалж байгаад мотоцикл руу харахад шатаж байсан би ойртоогүй...” /хх-ийн 144-146-р хуудас/ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ц нь “мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Энэ талаар ярихад надад маш их хүнд байна” гэх мэдүүлэг зэрэг баримтууд болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.Ц нь Увс аймгийн Малчин сумын нутагт 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 63-86 УВЗ улсын дугаартай Мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас мотоциклийн ард ганзагалан авч явсан савтай бензин асгарч, гал гаран ард нь сууж явсан эхнэр С.У түлэгдэж, улмаар эмчилгээ хийлгэж байгаад 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нас барсан гэх хэргийн үйл баримт болжээ.
Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Дээр дурдсанаар болгоомжгүй гэмт хэргийг хууль зүйн хувьд мэдсэн /ухамсарласан/ болон мэдээгүй /мэдэх ёстой, мэдэх боломжтой/ гэж ангилан авч үздэг бөгөөд дээрх тохиолдолд шүүгдэгч нь хууль бус шинжтэй үйлдэл гэж ухамсарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдлын хувьд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой /үүрэг хүлээсэн эсвэл тусгай мэдлэг, чадвартай байх/ үүрэг хүлээсэн этгээд гэж үзэх боломжгүй юм.
Харин шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой буюу ердийн өдөр тутмын амьдралын туршлагын явцад хүн болгоны тооцоолж, мэдэх боломжтой /бензин нь халуун орчин уурших, дэлбэрч, тэсрэх, мотоциклийн халсан яндангийн дээр зориулалтын биш хуванцар савтай бензин байрлуулан авч явахад сав хайлах, үүний улмаас бензин асгарч гал гарах аюултай гэдгийг/ байхад анхаарал болгоомжтой байгаагүй, хэт хайхрамжгүй хандсаны улмаас тухайн осол гарч хүний амь нас хохирсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Цийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан /амь хохирогчийн биед баруун, зүүн гуя, өвдөг, шилбэнд биеийн нийт гадаргуугийн 20-25 хувийн талбайг хамарсан III А, Б зэргийн түлэгдэлт гэмтэл учирсан/ үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Цийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар шүүх хуралдаанд маргаагүй болно.
Хохирол төлбөр хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон хор уршиг арилахгүй боловч шүүгдэгч Ч.Ц нь амь хохирогч С.Ун гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр нь байсан, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ц.Наранцэцэг нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч Ч.Ц нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Ч.Цид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Цийг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг, талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл ...хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Цийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч Ч.Цийн болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, амь хохирогч нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр нь байсан ба амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй, мөн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байх тул мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овогт Чийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Цийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Цид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.Цид мэдэгдэж, хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН