| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2016/01558/и |
| Дугаар | 182/ШШ2017/00152 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2017/00152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.А-од холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганбат, хариуцагч А.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.А- шүүхэд болон түүний төлөөлөгч Б.Ганбат шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.А-од 2014 оны 01 сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 03 сарын 10-ны өдөр 250.000 төгрөг нийт 1.250.000 төгрөгийг зээлсэн. Энэ тухай дансны хуулга хэргийн материалд авагдсан. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 зааснаар хариуцагчаас 1.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Би 1.250.000 төгрөгийг авсан. 2014 оны 3 сард 300.000 төгрөг төлсөн гэхдээ надад баримт байхгүй. Надтай ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй. Манай эхнэр зээлийг шүүхийн шийдвэрээр хамтад нь төлсөн тул 1.250.000 төгрөгийг төлөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.А- хариуцагч А.А-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч А.А- надад зээлдүүлсэн 1.250.000 төгрөгийг эхнэр А.Баярцэнгэлээс шүүхийн шийдвэрээр төлүүлсэн гэж маргажээ.
Нэхэмжлэгч С.А- хариуцагч А.А-од 2014 оны 01 сарын 07-ны өдөр 1.000.000 төгрөг, 2014 оны 03 сарын 10-ны өдөр 250.000 төгрөг нийт 1.250.000 төгрөгийг хүүгүй, 3 сарын хугацаатайгаар 1.250.000 төгрөгийг зээлж авсан болох нь А.А-ын ХААН банкны 14** тоот дансанд шилжүүлсэн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5 талд/, Мемориалын баримт /хх-ийн 14 талд/, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох үндэстэй байна.
Хариуцагч А.А- 2014 оны 3 сард зээлийн гэрээний үүрэгт 300.000 төгрөг төлсөн гэх боловч түүнийгээ нотолсон баримтгүй бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/07213 дугаартай шүүхийн шийдвэрээр “...Уг зээлийн гэрээгээр зээлдэгч Л.Б- зээлдүүлэгч С.А-аас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан болох нь нотлогдож байна. Иймд хариуцагч Л.Б-ээс үндсэн зээл 6.000.000 төгрөг, зээлийн хүү 1.200.000 төгрөг, алданги 294.000 төгрөг гаргуулж нэхэмлэгч С.А-т олгож” шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 12 сарын 20-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 40 талд/, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн шийдвэрээр зээлдэгч А.А-ын 2014 оны 01 сарын 07-ны өдөр, 2014 оны 03 сарын 10-ны өдөр нийт 1.250.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хамтад нь шийдвэрлэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүний эхнэр А.Баярцэнгэлээс шүүхийн шийдвэрээр төлүүлсэн гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Зээлдүүлэгч С.А- зээлдэгч А.А-оос зээлийн гэрээний үүргийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул зээлийг Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт зааснаар нэн даруй буцаан шаардах эрхтэй байх тул хариуцагч А.А-оос 1.250.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгох үндэстэй.
Нэхэмжлэгч С.А-ын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 35,650 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар Төрийн сангаас буцаан гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.А-оос 1.250.000 /нэг сая хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.А-оос 34,550 төгрөгийг, Төрийн сангаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 35,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.А-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ