Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/33

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Ц.О, шүүгдэгч М.О, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ц О, Ш ургийн овогт М Т, Ш ургийн овогт Нгийн О нарт холбогдох 2135000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 010 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т ургийн овогт Ц О. /Регистрийн дугаар: ОЮ90103031/

Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 11-32 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш ургийн овогт М Т. /Регистрийн дугаар: ОЮ86051515/

Монгол Улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хүдрийн уурхайд туслах ажилтан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 010 тоотод оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ш ургийн овогт Нгийн О. /Регистрийн дугаар: ОЮ86082939/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө хохирогч Н.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө хохирогч Н.Оын баруун гарын дунд хурууг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.О нь Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө насанд хүрээгүй хохирогч С.Игийн гарыг хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/, хохирогч Н.Оын мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, гэрч С.Цгийн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/, гэрч Ж.Аын мэдүүлэг /хх-ийн 23-24, 30-31-р хуудас/, шинжээч эмч Н.Одбаярын мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/, насанд хүрээгүй хохирогч С.Игийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/, согтуурал шалгах багаж ашигласан дүгнэлт /хх-ийн 146-р хуудас/, Ц.Оын яллагдагчаар мэдүүлэг өгсөн тэмдэглэл /хх-ийн 89-90-р хуудас/, Н.Оын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Н.Оын өмгөөлөгчөөс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэрч Ж.Аын мэдүүлэг /хх-ийн 23-24, 30-31 хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 48-49-р хуудас/, Улаангом сумын  дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 138-р хуудас/, Авто тээврийн төвийн албан тоот /хх-ийн 129-р хуудас/, шинжээч эмч Н.Одбаярын мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан бол шүүгдэгч М.О, Ц.О нар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлуулаагүй.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга:

1. Шүүгдэгч Ц.Оыг хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:

1.1. Хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр орой харанхуй болсон байтал хажуу айлд хүмүүс ирээд архи, пиво уугаад эхэлсэн. Урьд нь тэднийд байнга архидалт болдог байсан. ...И машинаас пиво аваад гэр лүүгээ орж байхаар нь “танайд хүн ирсэн юм уу” гэж асуухад “манай ах, эгч нарын хуурай дүү нар нь ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгтэл Ц гэх тэр айлын эзэгтэй гарч ирээд гэрт орооч гэж хэлсэн. ...Тэгж байтал О согтсон бололтой орон дээрээ хэвтээд унтаад өгсөн. Эхнэр Ц нь түүнийг татаад “хүн ирчихсэн байхад босооч” гэж хэлэхээр нь би эхнэрт нь “түрүү нь зөндөө юм уусан байлгүй, унтаг, унтаг” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь буруугаар ойлгоод “чи урьд нь архи уусан гээд түрүүний асуудлыг сөхөж яриад байгаа юм уу” гээд аашлаад уурлаад эхэлсэн. Би “тэр асуудал бишээ, юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд эхнэр нь нөхрийгөө дуудаад сэрээсэн. О нь босож ирээд суусан. Би түүнд “та нарт урьдын асуудал ярьсангүй, намайг орж ирэхээс өмнө архи уучихсан байлгүй гэж бодоод хэлсэн. Гэхдээ та нар байнга архи ууж амгалан тайван байдал алдагдуулж байна” гэдгийг нь хэлсэн. Түүнээс болж О бид хоёр маргалдсан. Тэгж байтал Оын гар миний урдуур сарвалзсан. Би цохиж байгаа юм байх гэж бодоод гэдийж өнгөрөөгөөд эргүүлээд түүний гарыг зайлуулахаар гараа урагш нь явуулсан. Тэгтэл О миний нүүр лүү цохисон бөгөөд нүднээс гал манараад юу ч харагдахгүй харанхуйлаад явчихсан. Тэгээд би хойшоо унасан. Дээрээс хүн цохиод байсан. Би унасан байхад дээрээс Цгийн дуу гараад “чи гэрт орж ирж томордог пизда хэн бэ?, чиний хашаа юм уу” гээд орилоод намайг маажаад байсан. О намайг цохиж байсан. Ц нүүр лүү маажаад зулгаагаад цээж, хэвлий рүү цохиод байсан тул би гараараа хаах гэтэл гарыг нэг нь бариад хөдөлгөхгүй байсан. Би сүүлдээ болохоо байгаад “гэрээс гаръя” гэхэд намайг чирж гаргасан. О над дээрээс нүүр нүдгүй цохиод байсан. Би хамгаалахаас өөр үйлдэл хийж чадахгүй байсан. Ц бас гарч ирээд намайг нүүр, нүдгүй маажсан. Бас наадахаа ал гээд гуя руу өшиглөсөн. Тэгээд зодоон намсаад намайг орхисон. Би сэхээ ороод харахад Оын гэрийн үүд орчимд машины хажууд хэвтэж байсан. Би босоод харахад нэг нэгнээ дарсан хоёр хүн байсан, ойртоод очиж харахад миний эхнэр Амаржаргалыг Ц үсдээд дарчихсан байсан. Би түүнд “хөөш, чи юу болж байгаа юм бэ?” гэж хашгирахад Ц нь босоод зугатаад гэр лүүгээ орчихсон. Эхнэр босож ирсэн тул би эхнэрийн хамт гэртээ орсон. Би толинд харахад нүүр авах юмгүй сорви, цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

1.2. Насанд хүрээгүй хохирогч С.Игийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хашаанд амьдардаг О гэх ах халамцуу орж ирсэн. О гэрт орж ирээд архи, пиво уугаад сууж байснаа “хашааны гуйлгачин, архи уудаг” гэх мэтээр Отай ам муруйгаад хоорондоо маргалдсан. О тэр үед “адилхан хүний хашаанд амьдарч байж хэрүүл маргаанаар яах гэсэн юм” гэж хэлээд эвийг нь олох гээд байсан. О, О хоёр маргалдаад О нь О ахын толгой руу нэг удаа цохисон. О зөрүүлээд түүнийг цохисон. Тэгээд тэр хоёр барьцалдаж аваад нэг нэгнээ 2-3 удаа цохилцсон. Тоо, Ц, бид нар салгах гэж оролдоход тэр хоёр улайраад дийлдэхгүй байсан. Ц Оыг салгах гээд салахгүй болохоор нь нүүрийг нь маажиж байгаа харагдсан. Би хүүхэд айгаад байна гэж хэлэхэд О ах Оыг чирээд гэрээс гаргасан. Араас нь бусад хүмүүс бөөндөө гэрээс гарсан. Тэд нар гэрээс гараад гадна зодолдоод байгаа бололтой дуу шуугиан гараад байсан тул би гэрээс гарч харахад гэрийн зүүн талд О, О хоёр газарт уначихсан дээр доороо ороод барьцалдаад нэг нэгнээ цохиод байсан. Тоо, Ц хоёр салгах гэж оролдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

1.3. Гэрч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 11-ний орой ...23 цаг 30 минутын орчимд манай хашаанд байдаг О согтуу орж ирсэн. Би “хүн ороод ирчихсэн байхад та нар утсаа боль” гэж хэлээд нөхрийгөө гар утас тоглохыг нь болиулсан. Тэгээд хөзөр тоглоод пиво уугаад сууж байхад О манай нөхөр лүү агсраад “хашааны гуйлгачин байж их зантай” гэх зэргээр хэлээд байсан. Нөхөр маань “чи согтуу байна, чи айл амьтанд орж ирчихээд ингэж болохгүй” гэх зэргээр хэлсэн. Гэтэл О “чи миний үгийг сонсохгүй байна” гээд хэрүүл өдөөд байсан тул нөхөр маань “за чи хэлэх үгээ гүйцэт хэлчих, би дараа нь хэлье” гэж хэлсэн. Тэгээд О бүх үгээ эхнээс нь эхэлж ярьж байхдаа нөхрийг маань энгэрээс нь татаж чангаагаад заамдаад байсан. Нөхөр маань “чи цохих гээд байгаа бол хэлэх үгээ хэлээд цохичих” гэтэл О манай нөхрийг орон дээр дарж байгаад шанаа руу нь цохисон. Тэгэхэд нь бид нар салгасан боловч О агсраад дайраад байсан. Нөхөр маань босож ирээд Отай дээр доороо ороод пийшингийн дээд талд ноцолдож зодолдсон. Тэгэхэд И “хүүхэд айгаад байна” гэж хэлэхэд тэр хоёр барьцалдаад гэрээс гарсан. Бид нар араас нь гарцгаасан. Гэтэл тэд нар гэрийн зүүн талд овоолсон тайрдас дээр дээр доороо ороод зууралдаад байсан. Оын эхнэр бас гарч ирээд бид нар нийлж тэднийг салгаад О бид хоёр гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

1.4. Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр орой Оын гэрт хүмүүс ирсэн бололтой дуу дуулцгаагаад архи дарс ууж байгаа бололтой хөл хөдөлгөөнтэй байсан тул нөхөр маань “энэ айл дандаа ингэж байх юм, нэг хэлсэн нь дээр” гэж хэлсэн юм. Тэгээд тэднийх рүү орсон. ...Тэднийд хүмүүс маргах чимээ гарсан. Би хувцсаа өмсөөд тэдний гэрт ороход пийшингийн баруун талд О газарт дээшээ хараад уначихсан, О дээр нь гарчихсан зодож байсан. Ц хажууд нь зогсож байсан бөгөөд манай нөхрийн цээжин тус газарт дэвсээд нөхрийн нүүр лүү самардаад байсан. Би “та нар болиоч, наад хүнээ яаж байгаа юм бэ” гээд салгах гэхэд Тоо намайг тохойгоороо түлхээд ойртуулахгүй байсан. Нөхөр маань “гэрээс гаръя” гэж орилоход И, О нар Оыг чирж гаргаад машины хажуу тал руу шидсэн. Энэ хооронд О орилж хашгираад “чамайг алаад хаясан ч яадаг юм, би яахав архичин, миний ах дүү хоёр гудамжны архичин, яасан ч яадаг юм” гэх маягын зүйл яриад байсан. Би очиж нөхрийгөө авах гэхэд Тоо намайг түлхээд хувцаснаас заамдаж бариад хашаанд тулгаад бариад түлхээд унагасан. Би ёолоод гэр лүүгээ гүйж ороод гар утсаа авч ирээд “та нар наад хүнээ аллаа шүү дээ” гэхэд огт тоохгүй зодоод байсан. Би гар утсаараа цагдаад дуудлага өгч байтал Ц араас хүрч ирээд үснээс базаж гэдрэг татаж унагасан. Тэгээд миний утсыг булааж авч шидээд “чи муу цагдаа дууддаг хэн бэ” хоёуланг чинь алчихна шүү” гээд намайг дараад байсан. Тэгж байгаад босоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,

  1.5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар  сарын 17-ны өдрийн 04 дугаартай “1. Үзүүлэгч Н.О-н биед гэмтэл учирсан байна. 2. Баруун гарын дунд хурууны угт язарсан шарх, хамар ясны хугарал, зүүн нүдний эргэн тойронд, баруун нүдний дотор булан, хүзүүнд цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, зүүн чамархайн хөхлөг сэртэнд, хүзүү, өвчүүний дээд хэсэгт зулгаралт гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. 5. Баруун гарын дунд хурууны угт язарсан шарх, хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байна. 6. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 53-55-р хуудас/,

1.6. Шинжээч эмч Н.Одбаяраас мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шинжээчийн 04 дугаартай дүгнэлтэд дурдсан Н.Оын баруун гарын дунд хурууны угт язарсан шарх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хамар ясны хугарал гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

1.7. Шүүгдэгч Ц.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгж байтал О хэрүүл өдөөд хашааны гуйлгачин, архичин гэх зэргээр хэлээд байсан. ...Гэтэл О шууд миний зүүн шанаанд нэг удаа цохисон. Би орон дээр хойш унаад босож ирээд уур хүрээд Оыг орон дээр дарж унагаагаад хэд цохисон. О ч намайг цохиж байсан. Нэг харахад түүний нүүр цус болчихсон байсан. Хүмүүс бид хоёрыг салгасан ба манай хүүхэд айгаад уйлсан тул би түүнийг чирж гадагш гаргаад гэрийн зүүн талд хураалгаатай байсан модон дээр бид хоёр дээр доороо ороод ноцолдсон. Тэр үед хүмүүс биднийг салгасан ба би гэртээ ороод унтаад өгчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,  

2. Шүүгдэгч М.Оын хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:

2.1. Хохирогч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би “цагдаа дууд” гэж хэлээд дуудлага өгөх гэхэд миний утас байгаагүй. Ц газраас шүүрч аваад гэр лүүгээ орчихсон байсан. Би гэрт нь орох гэтэл хаалгаа түгжчихсэн онгойлгохгүй байсан. “Утсаа авъя” гэхэд “утсыг чинь эвдэж хаясан ч яадаг юм” гэж Ц хэлсэн. Би буцаж гэртээ ороод байж байтал тэдний хаалга онгойх дуу гарсан тул би гэрээс гарахдаа шүүгээн дээр байсан улаан өнгийн иштэй хутгыг тэд нарыг айлгах, биеэ хамгаалах зорилгоор авч Оын гэрийн үүдэнд очиход И гэрийн гадаа зогсож байсан бөгөөд оруулахгүй хориглоод байсан. Би “утсаа авмаар байна, би та нараас бүр айж байна, ямар аймаар зоддог юм бэ?” гээд гэрт ороход О баруун талын орон дээр унтаж байсан. Ц зүүн талын орон дээр байсан. Тоо орны хөлд сууж байсан. Ц “чи яасан аймаар амьтан бэ?, бүр хутгатай орж ирж байгаа юм уу” гэсэн. Би “утсаа авъя” гэж хэлээд Оын унтаж байсан орны урд талд газарт миний утас байсан тул очоод авахаар тонгойход И араас тэврээд хутгатай гараас зууралдсан. Тоо намайг мушгиж, дэгээдэж газарт унагаад дарсан. Би газарт унахаас өмнө тонгойсон байхдаа урд угаалтуур харагдахаар нь хутгаа угаалтуурын доогуур шидсэн. Би доошоо хараад гараа алдалчихсан байтал Тоо миний баруун гарын дунд хуруунаас татаад хүчээр намайг эргүүлсэн. Тэр үед хуруу маш их өвдсөн, бүр арьс язраад цус гарсан. Би “болиоч” гэж хэлсэн боловч хүчээр татаад дунд хурууг гэмтээсэн. Тэгж байтал эхнэр орж ирээд салгаад намайг авсан тул хамтдаа гэртээ орсон. Удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,

2.2. Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаа дуудах гээд утсаа хайгаад олоогүй. Ц гэр лүүгээ аваад орчихсон байсан. Нөхөр маань гар утсаа авах гэж очоод чадаагүй. Нөхөр маань хутга гэрээс авч гараад нөгөө айл руу орсон ба би араас нь орсон. Нөхөр маань утсаа аваад эргэх завдалгүй Тоо дэгээдээд И араас нь тэврээд өвдөг сөхрүүлсэн. Хутга гоожуур доогуур шидэгдэж орсон. Тоо нөхрийн дунд хурууг гэдрэг дараад татаж эргүүлж хурууг нь мулталсан. ...Би араас нь ороход О гэрийн баруун урд талд явган суусан байдалтай байсан. Мөн хутгаа гартаа барьсан байсан. Араас нь И тэврээд дарах маягтай байсан. Тоо баруун талд орны доод хөл хэсэгт сууж байснаа намайг орж ирэхтэй зэрэгцээд О руу очсон. Тэгээд тэр хоёр нийлж нөхрийг маань газарт дарж хэвтүүлсэн. Тэр үед нөхөр маань газарт унасан хойноо тэд нарт хутгаа булаалгахгүй гэсэн бололтой хутгаа угаалгын машины доогуур шидсэн. Тоо гэх залуу Оын гарын хурууг нь гэдрэг дарчихсан байсан. Би тэдэнд хандаж “та нар наад хүнээ тавилдаа Яаж зодуулсаныг нь хараа биз дээ...” гэж хэлсэн. О хуруу хугарчихлаа гэж орилоход Оыг тавьсан. Би Оыг аваад гар утас, хутгыг мөн аваад гэрээс гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 30-31-р хуудас/,

2.3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар  сарын 17-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-55-р хуудас/ дээр дурдагдсанаар,

2.4. Шинжээч эмч Н.Одбаяраас мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шинжээчийн 04 дугаартай дүгнэлтэд дурдсан Н.Оын баруун гарын дунд хурууны угт язарсан шарх гэмтэл нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Учир нь эдгээр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд юм. ...Харин зүүн нүдний эргэн тойронд, баруун нүдний дотор булан, хүзүүнд цус хуралт, дух, зүүн хацар, шанаа, зүүн чамархайн хөхлөгт сэртэнд, хүзүү, өвчүүний дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд алганы дүрмээр биеийн гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/ зэрэг нотлох баримтууд,

3. Шүүгдэгч Н.Оын насанд хүрээгүй хохирогч С.Игийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:

3.1. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6-р хуудас/,

3.2. Насанд хүрээгүй хохирогч С.Игийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гэрийн үүдэнд зогсож байтал О хүрч ирээд гэрт орох гэхэд нь “та ороод яах гээд байгаа юм бэ?” гэхэд тэр хүн уурлаад гэр лүү орсон. Тухайн үед О гартаа улаан өнгийн хутга барьчихсан байсан. Би согтуу хүмүүс нэг нэгнээ хутгалчихна гэж эмээгээд араас нь ороход О Тоо дээр очоод хутгаа тулгаад байсан. Тэгснээ О руу хутгатай явахаар нь араас нь тэвэрч аваад гарнаас нь бариад хутгыг нь тавиулах гэхэд тавихгүй байсан. Бт хутганы ишнээс нь барьж автал О хутгатай гараа угзарч татсан. Тэгэхэд миний баруун гарын эрхий болон долоовор хурууны дунд хэсэгт зүсэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

3.3. Гэрч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О унтаад өгсөн. Би гэр орноо цэвэрлэж, хүүхдээ харж байтал гаднаас О орилоод ороод ирсэн. Араас нь эхнэр нь зууралдаад хүч хүрэхгүй ороод ирсэн. О гартаа хутга барьчихсан байсан бөгөөд унтаж байгаа нөхөр лүү маань дайрсан. И ухасхийгээд гарыг нь барьж хутгыг нь салгах гэж байгаад гараа зүсүүлсэн. ...Тэгээд эхнэр нь Оыг аваад хутгыг нь ч бас аваад гарсан. Эргээд харахад Игийн гарнаас цус гарч байсан тул би цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

3.4. Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цагдаа дуудах гээд утсаа хайгаад олоогүй. Ц гэр лүүгээ аваад орчихсон байсан. Нөхөр маань гар утсаа авах гэж очоод чадаагүй. ...Би араас нь ороход О гэрийн баруун урд талд явган суусан байдалтай байсан. Мөн хутгаа гартаа барьсан байсан. Араас нь И тэврээд дарах маягтай байсан. Тоо баруун талд орны доод хөл хэсэгт сууж байснаа намайг орж ирэхтэй зэрэгцээд О руу очсон. Тэгээд тэр хоёр нийлж нөхрийг маань газарт дарж хэвтүүлсэн. Тэр үед нөхөр маань газарт унасан хойноо тэд нарт хутгаа булаалгахгүй гэсэн бололтой хутгаа угаалгын машины доогуур шидсэн. Тоо гэх залуу Оын гарын хурууг нь гэдрэг дарчихсан байсан. Би тэдэнд хандаж “та нар наад хүнээ тавилдаа Яаж зодуулсныг нь хараа биз дээ...” гэж хэлсэн. О хуруу хугарчихлаа гэж орилоход Оыг тавьсан. Би Оыг аваад гар утас, хутгыг мөн аваад гэрээс гарсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 30-31-р хуудас/,

3.5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаартай “1. Үзүүлэгч С.Игийн биед гэмтэл учирсан байна. 2. Баруун гарын 1, 2 дугаар хурууны салаа, гарын алганы хэсгийг хамарсан шарх гэмтэл учирсан байна. 3. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. 5. Баруун гарын 1, 2 дугаар хурууны салаа, гарын алганы хэсгийг хамарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. 6. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,

3.6. Шинжээч эмч Н.Одбаяраас мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Игийн биед үзлэг хийхэд түүний баруун гарын 1, 2 дугаар хурууны салаа, гарын алганы хэсгийг хамарсан шарх гэмтэл учирсан байсан бөгөөд уг гэмтэл хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

3.7. Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би эхнэрээс “утас яасан бэ?” гэхэд “цагдаа дуудах гэж байтал Ц ирээд утас булааж аваад гэр лүүгээ орчихсон гэж хэлсэн. Тэгээд би утас авах гэж Оын гэрт очиход хаалгаа дотроос нь түгжээд онгойлгохгүй байсан. Би “утсаа авъя” гэхэд өгөхгүй байсан. Тэгээд гэртээ ороод байж байтал тэдний гэрийн хаалга онгойх шиг болохоор нь гар утсаа авахаар тэднийх рүү орсон. Орохдоо өөрийгөө хамгаалах зорилгоор хутга авч орсон. Гэрийн үүдэнд И байсан  бөгөөд оруулахгүй гэж хориглоход нь утсаа авна гэж хэлээд гэрт орсон. Би гэрт ороход О баруун талын орон дээр хэвтэж байсан. Тоо баруун орны хөлд сууж байсан. Эхнэр Ц нь гэрийн зүүн талд байсан. Миний утас баруун орны урд газарт хэвтэж байсан. Би баруун гартаа хутгаа барьчихсан байсан тул очоод гар утсаа авахаар тонгойх агшинд И ирж тэвэрч дарсан. Нэг гар нь хутгатай гар луу тэмүүлж байсан. Би хутгаа өгөхгүй гээд тэнцвэр алдаад унахдаа хутгаа угаалгын машин, угаалтуур хоёрын дундуур шалан дээр шидээд унасан. Тоо бас намайг унагалцаад дарж байгаад миний гарын дунд хурууг гэдрэг нь дараад байсан. ...Би Игийн гарыг зүссэнээ мэдээгүй. Намайг хутга барьсан байхад хутга авах гэж булаалдаж байгаад зүсэгдсэн байх. Санаатайгаар хутгална гэсэн бодол байгаагүй. Би унахдаа хутгаа шидээд унасан. Намайг хутгаа хаячихсан байхад миний хурууг гэдрэг нь дарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч М. Т, шүүгдэгч Ц.О нар нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу тэдний хүсэлтийг хүлээн авсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” заавал өмгөөлөгчтэй байхаар хуульчилжээ.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч нар нь нэг гэмт хэргийг хамтран, бүлэглэн үйлдээгүй, тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжтэй, тус тусдаа үйлдлээр үйлдэгдсэн байх тул харилцан эсрэг сонирхолтой этгээдүүд гэж үзэхгүй юм.

Тодруулбал: Шүүдэгч Ц.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө хохирогч Н.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас түүний хамрын ясыг хугалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Харин шүүгдэгч М.О нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Ц.Оын гэрт түүний унтаж байсан орны урд газарт байсан өөрийн гар утсыг авахаар очиход нь хохирогч Н.Отай зууралдаж баруун гарын дунд хурууг гэмтээж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч, хохирогч Н.О нь гар утсаа авах зорилгоор шүүгдэгч Ц.Оын гэрт орохдоо өөрийн гэртээ байсан улаан иштэй хутгыг гартаа барьж явсан. Тухайн хутгыг насанд хүрээгүй хохирогч С.И нь Н.Оын гараас булааж авах гэж байх үед гар нь исгэгдэж зүсэгдэн улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тус тус болжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч Н.О нь насанд хүрээгүй хохирогч С.Игийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа, шүүгдэгч Ц.О нь Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа тус тус хүлээн зөвшөөрсөн, харин шүүгдэгч М.О нь хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулаагүй гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч М.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь “...Би “утсаа авмаар байна, би та нараас бүр айж байна, ямар аймаар зоддог юм бэ?” гээд гэрт ороход О баруун талын орон дээр унтаж байсан. Ц зүүн талын орон дээр байсан. Тоо орны хөлд сууж байсан. Ц “чи яасан аймаар амьтан бэ?, бүр хутгатай орж ирж байгаа юм уу” гэсэн. Би “утсаа авъя” гэж хэлээд Оын унтаж байсан орны урд талд газарт миний утас байсан тул очоод авахаар тонгойход И араас тэврээд хутгатай гарнаас зууралдсан. Тоо намайг мушгиж, дэгээдэж газарт унагаад дарсан. Би газарт унахаас өмнө тонгойсон байхдаа урд угаалтуур харагдахаар нь хутгаа угаалтуурын доогуур шидсэн. Би доошоо хараад гараа алдалчихсан байтал Тоо миний баруун гарын дунд хуруунаас татаад хүчээр намайг эргүүлсэн. Тэр үед хуруу маш их өвдсөн, бүр арьс язраад цус гарсан. Би “болиоч” гэж хэлсэн боловч хүчээр татаад дунд хурууг гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, гэрч Ж.Аын “...Би араас нь ороход О гэрийн баруун урд талд явган суусан байдалтай байсан. Мөн хутгаа гартаа барьсан байсан. Араас нь И тэврээд дарах маягтай байсан. Тоо баруун талд орны доод хөл хэсэгт сууж байснаа намайг орж ирэхтэй зэрэгцээд О руу очсон. Тэгээд тэр хоёр нийлж нөхрийг маань газарт дарж хэвтүүлсэн. Тэр үед нөхөр маань газарт унасан хойноо тэд нарт хутгаа булаалгахгүй гэсэн бололтой хутгаа угаалгын машины доогуур шидсэн. Тоо гэх залуу Оын гарын хурууг нь гэдрэг дарчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 30-31-р хуудас/-үүдээр няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх”, үүргийг хүлээлгэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ...худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байх тул    хохирогч Н.Оын мэдүүлгийг худал мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй юм.

Хэдийгээр насанд хүрээгүй хохирогч С.И, гэрч С.Ц нар нь дээрх хуульд заасны дагуу үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээдүүд боловч шүүгдэгч Ц.Отай гэр бүлийн хамаарал бүхий харилцаа холбоотой, шүүгдэгч М.Отой садан төрлийн харилцаатай тул тухайн хэрэгт нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд юм. Тиймээс шүүгдэгч М.Оын үйлдлийн улмаас хохирогч Н.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт насанд хүрээгүй хохирогч С.И, гэрч С.Ц нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.     

Шүүгдэгч М.О нь хохирогч Н.Оын гараас хутга булааж авах гэж хуруунаас нь татсан гэж байгааг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй юм.  

Аргагүй хамгаалалт нь гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд хохирогч Н.О нь шүүгдэгч Ц.Оын унтаж байсан орны урд талд газарт байсан гар утсаа авахаар тонгойх үед гартаа хутгатай байсныг насанд хүрээгүй хохирогч С.И нь Ц.О руу довтлон дайрч байна гэж бодон Н.Оын араас нь тэврэн авч, хутгыг булаах үйлдэл хийсэн. /Энэ үед нэгэнт Н.Оыг хохирогч С.И араас нь тэвэрч аван хутгыг салгах гэж зууралдсан/.

Нөгөөтээгүүр хэрэв хохирогч Н.Оын энэхүү үйлдлийг хууль бус шинжтэй, аюултай довтолгоон гэж үзвэл энэхүү довтолгооны С.И таслан зогсоосон буюу довтолгоо төгссөн хойно шүүгдэгч М.О нь хохирогч Н.Оын хурууг гэмтээж хөнгөн хохирол учруулсан байх тул аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч Ц.О, шүүгдэгч М.О, шүүгдэгч, хохирогч Н.О нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй юм.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Оын биед хамар ясны хугарал гэмтэл, баруун гарын дунд хурууны угт язарсан шарх гэмтэл, насанд хүрээгүй хохирогч С.Игийн биед баруун гарын 1, 2 дугаар хурууны салаа, гарын алганы хэсгийг хамарсан шарх гэмтэл учирсан бөгөөд хохирогч нар нь хохирол, хор уршигтай холбогдуулан шүүгдэгч нараас төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болох нь тогтоогдож байна. 

Иймд шүүдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.О, шүүгдэгч М.О, шүүгдэгч, хохирогч Н.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.О, шүүгдэгч М.О нар урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, шүүгдэгч Н.О урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” биш тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа ...учруулсан хохирлыг төлсөн” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Насанд хүрээгүй хохирогч С.И, хохирогч Н.О нар нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэсэн нь учруулсан хохирлыг төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ц.Оын хувийн байдлыг тогтоосон гэрч О.Лын “...Ц.О бид хоёр нэг хороололд төрж өссөн найз нөхөд хүмүүс тул нэг нэгнээ сайн танина. О тодорхой эрхэлсэн ажилгүй, гар аргаар алт олборлож амьдрал ахуйдаа нэмэр болдог, эхнэр нь үсчин мэргэжилтэй түүгээрээ ажилладаг. Өрхийн тогтсон орлого байхгүй. Зан араншингийн хувьд муу зуршилгүй, сэргэлэн цовоо, төлөв зантай, найз нөхөд олонтой, хүмүүстэй нийцтэй, хүнтэй харьцах харьцаа сайтай, сэтгэлээсээ ханддаг, хүн чанар сайтай хүн юм. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/, гэрч Ц.Б “Эцэг эхээс 4-үүлээ бөгөөд О хамгийн бага дүү юм. Улаангом коллежийг барилгын өргөн мэргэжлээр төгссөн. Өнгөрсөн намраас хүний хашаанд амьдрах болсон. Өөрийн гэртэй, Хондо Фит загварын автомшинтай, 2 хүүхэдтэй, том нь 3-р анги, бага хүүхэд гэрээр хүмүүждэг. О одоо эрхэлсэн ажилгүй байгаа. О сэргэлэн цовоо, хүнтэй илэн далангүй нийцтэй чөлөөтэй харьцдаг хүнтэй амархан танилцаж найз нөхөд болдог, найз нөхдийн дунд нэр хүндтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгч М.Оын хувийн байдлыг тогтоосон гэрч Ж.Оы “Улаангом коллеж төгссөн аграномич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Эрдэм шинжилгээний станцид эрдэмтний туслахаар ажиллаж байсан. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг, архи уудаггүй, тамхи татдаггүй, хүний үгнээс гардаггүй, олон охинтой айлын ганц залуу юм. Одоогоор ажилгүй, зуны улиралд газар тариалангийн ажил хийдэг” мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, гэрч М.Лын “Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй. Т нь зан араншин сайтай, тайван дөлгөөн, уян зөөлөн зантай, хүний үгэнд итгэмтгий, цайлган зан араншинтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

Шүүгдэгч, хохирогч Н.Оын хувийн байдлыг тогтоосон Ж.Аын “...О нь даруу төлөв зантай, амар уурлаад байдаггүй тэвчээртэй, хүлээцтэй ханддаг, гэр бүлийн бидэнд анхаарал халамж сайн тавьдаг. Өнгөрсөн жилээс хойш ажилгүй байгаа тул хүүхдээ хараад гэртээ байгаа. Одоо айлын хашаанд, өөрийн гэр оронтой, “Верна аксент” маркийн машин байдаг, хөдөө хамаатны айлуудад эцэг эхээс тасалж өгсөн бод 11, бог 70-80 орчим малтай бөгөөд манай аавынх малладаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, гэрч Н.Сгийн “...О сургуульд сураагүй, бичиг үсэг муу мэддэг. Одоо 2 болон 6 насны хоёр хүүхэдтэй. О нь зан араншин сайтай, буурь суурьтай, хэр барагтай түрүүлж дуугараад байдаггүй, дотно танил найз нөхөдтэйгээ чөлөөтэй харьцдаг тоглоом шоглоом хийгээд явж байдаг, ер нь алиа шогч тал руугаа юм ярьдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нарт учруулсан гэмтэл зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч, хохирогч Н.Од 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан.

Шүүгдэгч, хохирогч Н.Оын өмгөөлөгчөөс “шүүгдэгч Н.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөргүй, торгох ял шийтгэл оногдуулах санал гаргасан болно.

Харин шүүгдэгч Ц.О, шүүгдэгч М.О нар нь өөрсдийгөө өмгөөлж “улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрч байна. Харин уг торгох ялыг төлөх хугацааг хойшлуулж өгнө үү” гэх саналыг гаргажээ.

Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, шүүгдэгч М.О, Н.О нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.О, шүүгдэгч М.О нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан торгох ялыг төлөх хугацааг хойшлуулах тухай саналыг гаргасан тул энэхүү саналыг хүлээн авч шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул дээрх хэсэгчлэн төлөхөөр тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэйг сануулах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.

Бусад хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Ц О, Ш ургийн овогт М Т, Ш ургийн овогт Нгийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр, шүүгдэгч М.О, Н.О нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.О, М.О, Н.О нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлөхөөр тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэйг сануулсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.О, М.О, Н.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.МӨНХСАЙХАН