Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 359

 

    Г.Ө, Ч.Б, М.Т нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Цолмон,

шүүгдэгч Г.Өийн өмгөөлөгч Б.О,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Өийн өмгөөлөгч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Ө, Ч.Б, М.Т нарт холбогдох 201726011080 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овогт  Г.Ө, 1989 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Сүмбэр цамхаг” ХХК-д ажилладаг, ам бүл 2, охины хамт .............................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Б овогт  М.Т, 1987 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

Б овогт  Ч.Б, 1987 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ....................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Г.Ө, М.Т, Ч.Б нар нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй караокед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэмт хэрэгт,

Г.Ө нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй караокед иргэн Б.Ог шатны уруу тийрэн унагаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар: Г.Өийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, М.Т, Ч.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.       

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Ө, М.Т, Ч.Б нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн,

          Г.Өийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Өийн эдлэх 3 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Өийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Ч.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Т, Ч.Б нарт оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэж, М.Т 14 хоног цагдан хоригдсон, Ч.Б цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “Сиди”-г хэрэгт нь, уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, шүүгдэгч Г.Өийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Өийн өмгөөлөгч Б.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Өийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж, түүнд 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Анхан шатны шүүх Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Т, Ч.Б нартай бүлэглэн танхайрах буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гэмт хэргийн хувьд нэгдмэл байдлаар Б.Галмандахад хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ингэхдээ олон нийтийн газарт бусдыг илтэд үл хүндэтгэн бүдүүлэг, ичгүүргүй, догшин авирласан гэмт санааны агуулга, чиглэл үйлдэл хэрэглэсэн нөхцлөөрөө ч нийгмийн хэв журмыг зөрчсөн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэл муутай байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байсан учир Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруугүйд тооцож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж давж заалдах гаргасан.

Одоо гомдлийн энэ хэсгээс татгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан үзээд 1 жилийн хорих ялыг, 6 сар болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Ө, М.Т, Ч.Б нар нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй караокед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг, Г.Ө нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө “Х” нэртэй караокед иргэн Б.Ог шатны уруу тийрэн унагаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Ө, М.Т, Ч.Б нар нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй караокед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэмт хэрэг,

Г.Ө нь 2017 оны 6 дугаар сарын 7-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй караокед иргэн Б.Ог шатны уруу тийрэн унагаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Огийн “... 2017 оны 9 дүгээр сард 10 гаруй хоног эмнэлэгт хэвтээд   гарсан. Одоо хүртэл гэртээ эмчилгээ хийлгэж байна. Дахин эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх хүсэлттэй байна. Одоо миний биеийн байдал босоод явахаар толгой эргээд алхаж гишгэхээр уначих гээд, бүх бие ирвэгнээд байгаа. Гэр дотроо босч явж байгаа, явахдаа юм тулж түшиж явж байна. Ухаан санааны хувьд мартамхай уймраа болсон. Заримдаа босоод явж байхдаа яах гэж боссоноо мартаад байна. Хамгийн анх хүнд байдалтай байснаа бодоход одоо арай л гайгүй байна, гэхдээ сайжрахгүй байна...” /2хх 76-78/,

гэрч Б.Х-ын “... 2017 оны 6 дугаар сарын 6-ны орой 23 цагийн үед найз М.Т, Базараа, Г.Ө нартай Цэргийн хотхоны орчимд байдаг нэрийг нь мэдэхгүй, хоёр давхар караоке бааранд орсон. Бид нар тус бүр 1 шил пиво захиалж суусан. Тэгтэл нэг танихгүй банди ирээд М.Тээс хэрүүл гуйгаад, хэл амаар доромжлоод байсан. Тэр залуу М.Тийг таньдаг, “чи юу юм бэ, чамайг санахгүй юм байна” гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Бид нар дундуур нь орж салгасан. Тэр банди 4 билүү 5 найзтайгаа хамт явж байсан. Тэгээд баарнаас гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө хэрүүл өдөөд байсан банди нэг найзтайгаа буцаж орж ирээд М.Тийг “уулзъя” гээд дагуулж гарсан. М.Т “би найз нартайгаа явж байна, бодсон санасан юм байгаа бол дараа болохгүй юу” гээд татгалзаж байснаа нөгөө бандитай хамт гарсан. Базраа, Г.Ө бид гурав араас нь гарахад коридиорт, хоёр давхарт, шатан дээр М.Т нөгөө бандитай барьцалдаад авсан байсан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Тэгтэл Г.Ө хэрүүл өдөөд байсан пагдгар залуутай хамт явсан найзыг нь өшиглөсөн. Энэ үед нөгөө өшиглүүлсэн залуу нь шат руу унасан. Би араас нь бууж очиход өшиглүүлсэн залуу ухаангүй хэвтэж байсан. Толгойноос нь цус гарсан байсан санагдаж байна. Удалгүй цагдаа нар ирээд М.Т, Базраа бид гурвыг аваад явсан. Г.Ө алга болчихсон байсан, хаашаа явсныг нь мэдээгүй...” /1хх-42-43/,

гэрч С.Л-ын “... Би 2017 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 23 цаг 40 минутын үед Галаа гэж урьд нь манайхаар үйлчлүүлж байсан залуу гурван залуугийн хамтаар орж ирсэн. Тэгээд манайхаас 0.5 литрийн 7 ширхэг пиво авч уугаад байж байтал 02 цагийн үед М.Т гэх залуу гурван залуугийн хамтаар 4-үүлээ манай караокед орж ирсэн. Орж ирэхдээ “би танай хажуу талын “Цахлай” дэлгүүрийг ажилуулдаг, М.Т гэдэг залуу байна, танилцъя” гээд нэрээ хэлсэн. М.Ттэй Галаа гэх залуу танимхайраад очоод гар бариад юу хийж яваа юм гэх зэргээр юм яриад ширээн дээр нь байн, байн очоод байсан. Галаагийн нэг найз нь Галааг болиулаад ширээн дээр нь суулгаж байсан. Тэгээд тэд нар уух юмаа ууж дуусгаад тооцоогоо хийгээд гараад явсан. М.Т найзуудтайгаа үлдээд ширээгээ солиод, дуу дуулаад сууж байсан чинь гаднаас Галаа Б.Отэй хамт орж ирээд тэдний ширээн дээр очоод хэрүүл эхлүүлсэн... Тэгснээ Галаа дээгүүр хувцсаа тайлаад зодолдох гэж дайраад барьцалдаж авахаар нь би гүйж очоод, тэвэрч аваад “чи одоо боль, харь” гэж хэлээд гаргасан чинь буцаж дайраад байсан. ...Тэгээд би Галааг гаргасан чинь Галаа, М.Ттэй юм ярина гээд хамт гараад урд урдаасаа тулж зогсоод, хэрүүлийн маягтай зүйл яриад би хажууд нь хараад зогсож байтал М.Ттэй хамт явж байсан гурван залуу нь караокенээс гарч ирсэн. Энэ үед Галаа нилээн агсраад байсан чинь М.Ттэй хамт явсан, USA гэсэн бичигтэй хар цамц өмссөн, саравчтай малгайтай залуу Галааг гараараа хальт цохиж аваад зодоон эхэлсэн. Тэгээд М.Ттэй хамт явсан гурван залуу М.Ттэй нийлээд, 4-үүлээ Галаа руу дайрсан, Б.О бид хоёр тэд нарыг салгасан. Галаа эргэж тэд нар луу дайраад байсан болохоор Галаагийн найз бид хоёр салгаж дийлээгүй. Би “та нар ингээд салахгүй бол би цагдаа дуудъя” гэж хэлээд тек рүү очиж гар утсаа аваад буцаад ирсэн чинь Галаатай хамт явсан найз нь шатны доор хэвтэж байсан ба цус их гарсан, шатан дээр цус болсон, ухаан алдсан бололтой хэвтэж байсан... Тэр залууг шат руу унаснаас хойш Галаа М.Ттэй хамт залуучууд руу дайрахад нөгөө 3 залуу нь Галааг нэг, нэг цохихоор нь би салгасан. Тэд нар хоорондоо хэрэлдэж муудалцаад байж байтал цагдаа 30 минутын дараа ирсэн. Цагдаа нар камерын бичлэг шүүж үзээд Галаагийн найзыг М.Ттэй хамт “USA” гэсэн бичигтэй хар цамцтай, саравчтай малгайтай залуу жийж шат руу унагаасан болохыг мэдээд явсан ...” /1хх-44-46/,

гэрч Б.Г-ын “... 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байтал Б.О залгаад “уулзъя” гэж хэлсэн. Би “завгүй” гэтэл Б.О манай гэрт ирсэн. Тэгээд бид хоёр хадам ах О-ын гэрт нь очиж 0.75 литрийн “Соёрхол” архи хувааж уусан. Б.О анх манайд ирэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас   архи их өгөөгүй. Отгонбаатар ахынд ойролцоогоор 5 цаг орчим болоод 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01 цагийн үед Отгонбаатар ахын гэрээс Б.О бид хоёр гэр рүүгээ харихаар гарсан. Явж байх замдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй караокед 1, 1 шил “Нийслэл” нэртэй пиво уусан. Караокенээс гарахын үед М.Т болон Ч.Б нартай караокед таарсан. Тэд   танихгүй хоёр залуутай 4-үүлээ явж байсан. Би М.Тийг таньдаг болохоор хэсэг юм ярьж байтал хажуунаас хамт явж байсан үл таних хоёр залуу нь над руу хандаж “хэн юм” гэх мэтээр асуулт асуусан. Би тэр хоёр үл таних залууд хандаж та хоёрт хамаагүй гэж хэлсэн. Би тэр хоёр танихгүй залуутай маргалдтал хажуунаас М.Т орж ирээд хэрүүл маргаан үүсгээд намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Мөн миний ээжийг хэрүүл маргаандаа оролцуулаад доромжлоод байсан. Тэгээд караокенээс гараад шатны дэргэд зогсоод тэд нартай маргалдсан. М.Ттэй маргалдаж байтал хажуунаас нэг залуу гараараа намайг цохих үйлдэл хийсэн боловч намайг оноогүй, тэр залууг хэн байсныг нь санахгүй байна. Тэгээд би нэрийг нь мэдэхгүй, нэг залуутай барьцалдаад автал тал талаас намайг цохиж эхэлсэн. Хэн, хэдэн удаа намайг яаж цохиж зодсныг санахгүй байна. Би өөрийгөө хамгаалж хариу үйлдэл хийсэн гэтэл шатнаас Б.О өгсөөд гараад ирсэн. Би босоод яаж байна гэх мэтээр ярилцаж байтал хажууд байсан найз Б.Ог нэг хөл орж ирээд өшиглөөд унагасан. Өшиглөсөн залууг Г.Ө гэдэг. Б.О өшиглүүлээд шат руу унасан ба толгой, хамар, амнаас нь цус гараад байсан. Тэгээд түргэн тусламж цагдаа дуудсан...” /1хх-50-52/,

гэрч Ж.Б-ийн “... 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр ГССҮТөвд Б.О гэх хүн ухаангүй, гүн комын байдалтай тархины хүнд гэмтэлтэй, суурь ясны шугаман хугаралтай, 10:6.6 мм хэмжээтэй цус хуралттай, зүүн талын чамархай хэсэгтээ хуучин мэс заслын сорвитой, архины гүн хордлоготой, ирээд эмчилгээ оношилгоо хийгдэж байгаад 12 хоног эмчлэгдэж, биеийн байдал нь сайжраад тархины тасагт шилжсэн. Эмчлүүлж байх явцдаа компьютер томографийн гурван удаагийн зураг авахуулж бусад туслах шинжилгээнүүд хийгдсэн. Биеийн байдал нь сайжирсан тул 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тархины тасагт шилжүүлсэн. Мэс заслын хагалгаа хийгдээгүй, эрчимт эмчилгээ хийгдсэн. Уг гэмтэл нь хүнд гэмтэл байсан боловч эмчилгээний үр дүнд биеийн байдал сайжирсан...” /2хх-79-80/,

шинжээч эмч М.З-ын “... Б.Од учирсан гэх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлийг авсан хүн олон цаг, хоногоор явах боломжгүй ба хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд юм. Б.Огийн зүүн чамархайд хийсэн мэс засал нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй болно. Б.Огийн биед учирсан суурь яс, дагз яс хамарсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа зэрэг гэмтлүүд хүнд гэмтэлд хамаарна. Тархи доргилт, уруулд шарх, уруул, зүүн хацарт зулгаралт, зүүн нүдний дотор булан цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх-56-57/,

Г.Өийн сэжигтнээр өгсөн “... 2017 оны 6 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө найз Хадбаатар, М.Т, Базараа гуравтай дөрвүүлээ 01 цагийн үед Цэргийн хотхонд байдаг хоёр давхар байшинтай караокед орсон. Тэгээд  сууж байтал нэг залуу ирээд дээрэлхээд эхэлсэн. М.Т тэр залууг таньдаг гээд тэр залуутай уулзаад аваад гарсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа М.Т орж ирсэн, нөгөө залуу явсан гэсэн. Тэгсэн нөгөө залуу хэсэг хугацааны дараа дахин ирээд дээрлэхэж эхэлсэн. М.Т тэр хоёр маргалдаад барилцаж аваад байхаар нь би салгаад нөгөө залууд пиво авч өгье гээд аргадсан. Тэгсэн нөгөө залуу намайг зодох гээд дайр байснаа манай найз Хадбаатар руу дайрахад нь би болиулаад бид нарыг дээрлэхээд байсан залуутай хамт явж байсан залууд хандаж найзыгаа аваад яв гэж хэлсэн. Тэр залуу найзыгаа аваад явах гэж байсан чинь бид нарыг дээрлэхээд байсан залуу намайг хэл амаар доромжлоод бид нар караокений үүдний хэсэгт шатан дээр маргалдсан. Тэгээд намайг өмхий үтрээнээс гарсан гөлөг гээд доромжлоод байхаар нь миний уур хүрээд тэр залууг жийх гэж байсан чинь андуураад найзыг нь жийгээд шатнаас унагачихсан уг нь тэр унадаг залуу бол ямар нэгэн зодоон цохион, хэрүүл маргаан хийгээгүй зүгээр байсан. Тэгээд тэр залуу шатны уруу унасан хойноо сэргэхгүй ухаан алдсан байсан. Тэгэхээр нь Базраа бид хоёр гараад түргэн дуудсан. Эргээд ортол ухаан алдсан залуу босоод ирсэн. Тэгээд богино шатаар өөрөө буугаад тэндээ дахин ухаан алдаад унасан. Тэгэхээр нь би гараад явчихсан. Тэгээд түргэн иртэл караокений гадаа хүлээж байгаад түргэн ирээд нөгөө залууг аваад явсны дараа такси бариад гэр рүүгээ харьсан...” /1хх124-125/,

Ч.Б-ийн сэжигтнээр өгсөн “... 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр би найз М.Тийн хамт Баруун салаанд зуслангийн байшинд засвар хийж байгаад орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхонд байрлах гэрт нь ирсэн. Бид хоёр машинаа гараашт тавьчихаад М.Тий гэр рүү нь ороод байж байхад М.Тий хамаатны Хадбаатар ирсэн бид гурав хоёр ширхэг 2.5 литрийн пиво уугаад караоке орж дуулахаар М.Тий гэрээс гарсан. Тэгээд Цэргийн хотхоны замын хойд талд байрлах “Х” караокед орох гээд алхаж  байтал араас нэг залуу ирээд Х-тай юм ярьж байснаа бид гуравтай хамт “Х” караоке орсон. Бид нарыг караокед ороод сууж байхад зүс таних Галаа ирээд М.Ттэй юм яриад байсан. Би Цэргийн хотхонд ирээд 10 жил амьдарчихлаа гээд М.Т рүү томроод байсан. Тэгтэл Галаатай хамт явж байсан найзууд нь Галааг аваад караокенээс гараад явсан. Удалгүй Галаа нэг залуутай хамт буцаж орж ирээд М.Т рүү томроод Галаа, М.Т хоёр хоорондоо зууралдаад шатан дээр очихоор нь би очиж салгасан. Тэр үед Галаатай хамт явж байсан Б.О бас салгалцаад байсан. Тэгсэн Галаагийн найз туранхай залуу болох Б.О шатан доор унасан байсан. Тэгээд харсан чинь шат цус болсон байхаар нь би түргэн тусламж дуудсан. Намайг түргэн тусламж дуудчихаад байж байхад караокений залуу цагдаад дуудлага өгсөн. Эхлээд цагдаа, дараа нь түргэн ирсэн...” /1хх-129-130/,

Н.М.Тийн сэжигтнээр өгсөн “... 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 19 цаг өнгөрч байхад Ч.Б, Хадбаатар гэдэг хоёр найзтайг хоёр шил 2.5 литрийн Боргио пиво баруун салаанд манай зуслангийн байшинд хувааж уусан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхонд манайд ирээд 2.5 литрийн хоёр том Боргио пиво авч уусан. Тэгээд шөнө 02 цаг өнгөрч байх үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” бааранд 3-уулаа дуулахаар орсон. Уг бааранд ороход манай Цэргийн хотхонд урьд нь байдаг байсан Галаа гэх залуутай таараад маргалдсан. Яг юунаас болж маргалдснаа сайн мэдэхгүй байна, нэг мэдэхэд хоорондоо муудалцаад Галаа над руу дайраад байсан. Тэгээд цагдаагийн алаг тэрэг ирээд намайг авч явсан. Цагдаа ирэхэд Галаа алга болсон байсан би эрүүлжүүлэхэд хоносон...” /1хх126-127/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Огийн биед суурь яс, дагз яс хамарсан шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи доргилт, уруулд шарх, уруул, зүүн хацарт зулгарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэх 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 7529 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-55/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-7/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-31/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-32/, хохирлын баримт /1хх-186-189, 229-247, 2хх-21-23/, Б.Огийн өвчний түүх /1хх-193/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-248-250/, камерын бичлэгт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-1, 58-59/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-5-10/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Ө, Ч.Б, М.Т нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди бичлэгт гэрч Б.Галмандах М.Т нар нь маргалдаж, барьцалдаж бие бие рүүгээ дайрахад нь караокег ажиллуулдаг С.Л очиж салгах үед шүүгдэгч Г.Ө нь Б.Г-ыг 2-3 удаа цохиж зодооныг эхлүүлсэн, мөн бусад хүмүүс рүү дайрч  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа хохирогч Б.Ог тийрч шатны уруу унагаснаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйл баримт бүрэн бичигдсэн бөгөөд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан байх тул шүүгдэгч Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх буюу эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлын талаар зөв дүгнэжээ.   

            Иймд анхан шатны шүүхээс Г.Ө, М.Т, Ч.Б нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, Г.Өийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хуулийн үндэслэлтэй байна.

           Шүүгдэгч Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар түүнд оногдуулсан  хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сар хорих ялаар тогтоосон нь болон М.Т, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан  тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ шүүгдэгч нарын хувийн байдал гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

          Дээрхи гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн  үйлчлэлийн үед үйлдэгдсэн байх боловч  гэм буруутай этгээдүүдэд аль ашигтай үндэслэлээр буюу шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийг зүйлчлэн  шийдвэрлэсэн нь зөв байна.  

          Өөрөөр хэлбэл 2002 оны Эрүүгийн хуулийн дагуу энэ хэргийг зүйлчилж ял шийтгэл оногдуулах бол 7-10 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчлэгдэж шийдвэрлэгдэх байсан ба анхан шатны шүүх ялыг багасгасан 2-8 жилийн хорих ялтай зүйл заалтаар хэргийг  зүйлчилж шийдвэрлэсэн зөв байна гэж үзлээ.

          Энэ үндэслэлээр шүүгдэгч Г.Өийн өмгөөлөгч Б.Оийн гаргасан“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, 6 сар болгож, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

          Харин шүүх хууль буцаан хэрэглэсэн атлаа 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн заалтыг  журамлаагүй нь хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

          Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Өийн өмгөөлөгч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Г.Өийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг,

“Г.Өийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэсэн,

- 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Ч.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэснийг,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т, Ч.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн өөрчлөлт тус тус  оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Өийн өмгөөлөгч Б.Оийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН