Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 788

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Б.О.А.Ж.С.

           Нэхэмжлэлийн шаардлага: Б.О.А.Ж.С-ын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг болох улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Т******* аманд 19.3 га газрыг ашиглах ******* тоот гэрчилгээ олгох гэсэн хэсэг, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05-р сарын 07-ны едрийн А/121 тоот тушаалын “Г” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор учирсан хохирол болох 109,400,000 /нэг зуун есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Улаанбаатар хотыг олон улсын арга хэмжээний нэг төв болгох зорилгоор дэлхийн жишигт нийцсэн олон улсын хурлын цогцолборыг барьж байгуулах төслийг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 317 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулсан бөгөөд “Г” ХХК нь тус төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхпүүлэн энэхүү төслийг Улаанбаатар хотын Х дүүргийн нутаг дэвсгэр, Б Уулын Д Ц Газрын хязгаарлалтын бүсэд хэрэгжүүлэх хүсэлтээ Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам /одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам/- нд гаргасны дагуу Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А-386 тоот тушаалаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах ******* тоот гзрчилгээгээр Т******* аманд 19.3 га газрыг олгосон.

Гэвч энэхүү газар нь бусдын эзэмших, ашиглах эрх бүхий газар болохыг нэхэмжлэгч тал 2015 оны 9 дүгээр сард мэдсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Х дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн 09/603 тоот бүхий албан бичгзэр, Т******* аманд байрлах 19.3 га газар нь Б уулын д ц газрын хязгаарлалтын бүсийн гадна талд буюу Нийслэлийн эзэмшлийн нутаг дэвсгэрт хамаарагдах газарт давхардуулан олгосон болохыг албан ёсоор бидэнд мэдэгдсэн. Иймд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт хандахад тухайн газартай дүйцэхүйц газрыг 2016 оны 06 сарын 03- ны өдрийн А/179 тоот тушаалаар Б уулын д ц газар Н******* задгайд 2.5 га, А*******анд 13 га болон 4 га газрыгтус тус олгосон.

Гэвч Арцатын аманд олгосон 4 га газартай холбоотой шүүхийн маргааныг тус газрын өмнөх эзэмшигч болох “*******” ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газрын эрхэз сэргээлгэхээр 2017 оны 3-р сард Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гомдол гарган, улмаар 2018 оны 2-р сард шүүх эцэслэн шийдвэрлэгдэж, “*******” ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газраа сэргээлгэхээр болсон.

Энэхүү шүүхийн маргаантай байх хугацаанд Арцатын аманд олгосон 13 га газрын ашиглах эрхийг манай компанид мэдэгдэлгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар цуцалж өмнөх эзэмшигч компанид олгосон болохыг бид саяхан мэдсэнээс гадна Н******* задгайд олгосон 2.5 га газрыг ямар ч үндэслэлгүйгээр 2018 оны 03-р сарын 16-ны өдрийн А/66 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байдаг.

Өөрөөр хэлбэл анх олгосон газруудтай нь дүйцэхүйц дахин олгосон газрууд нь манай компанийн үйл ажиллагаанаас үл хамааран цуцлагдаад байна. Улмаар знэхүү асуудлуудаа бүрэн шийдөэрлэж дуусаагүй байж анх олгосон газар болох Б уулын д ц газрын хязгаарлалтын бүсийн гадна талд буюу Нийслэлийн эзэмшлийн нутаг дэвсгэрт хамаарагдах газарт давхардуулан олгосон Т******* аманд байрлах 19.3 га газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар цуцалсан болохыг 2018 оны 5 дугаар сарын 24-ны өдөр бидэнд мэдэгдээд байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь анхнаасаа алдаатай шийдвэр гаргаж манай компанид газар олгосон бөгөөд энэхүү алдаагаа засаж залруулахын оронд ашиглах боломжгүй бусдын газарт давхардуулан олгосон газрын ашиглах эрхийг цуцалж байгаад бид үнэхээр харамсаж байна.

Бидний зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан аливаа шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэйгээр хандаж ирсэн бөгөөд дээрхи газруудтай холбоотой маш их цаг хугацааг ихээхэн хэмжээний зардал мөнгийг гаргаад байна. Тухайлбал Т******* аманд олгосон 19.3 га газрын улсын тэмдэгтийн хураамжинд 96,500,000/ерэн зургаан сая таван зуун мянга/ төгрөг, тус газрын байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээнд 4,400,000/дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөг, Богд хан уулын д ц газрын хамгаалалтын захиргаанд нөхөн сэргээлтэнд дэмжлэг үзүүлж 1,000,000/нэг сая/ төгрөг, Н******* задгайд олгосон 2.5 га, Арцатын аманд олгосон 13 га болон 4 га газрын байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээнд 7,500,000/долоон сая таван зуун мянга/ төгрөг нийт 109,400,000/нэг зуун есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн зардал гараад байна.

Энэхүү асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад 2018 оны 5 дугаар сарын 28 болон 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрүүдэд хандсан ч өнөөдрийг хүртэл албан ёсны хариу өгөөгүй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалын “Г” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж “Г” ХХК-нд учирсан хохирол болох 109,400,000/ нэг зуун есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гаргуулж манай компанийн эрх ашгийг хамгаалж хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Бид өнөөдрийн шүүх хуралдан дээр нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг болох улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Т******* аманд 19.3 га газрыг ашиглах ******* тоот гэрчилгээ олгох гэсэн хэсэг илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж тус яамны сайдын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор учирсан 109400000 төгрөгийг гаргуулах шаардлага хэвээрээ байгаа гэж тодруулж байна. 

А/386 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох ёстой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа хэлсэн. Өөрөөр хэлбэл илт хууль бус гэдгийг сүүлд нэмж бичсэн энэ нэхэмжлэлийн нэмсэн, өөрчилсөн шаардлагаа одоо шүүхэд гаргаж өгч байна. Сүүлд манай компанид дүйцүүлж 3 газарт газар олгосон боловч бид эзэмшээгүй. Гэхдээ бид сүүлд Нүхтэд олгосон 2.5 га, Арцатын аманд олгосон 13 га, 4 га газруудтай маргаагүй, харин эдгээр газрыг олгоход зарцуулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээий хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч А/121 дүгээр тушаалаа хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч хууль бус гэдгийг шүүхээр тогтоолгосны дараа хохиролыг гаргуулах нь зөв гэж бид үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Хариуцагчийн А/386 дугаар тушаал Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт байсан. Мөн  “...Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий газар нь Байгаль орчин, аялал жуучлалын яамны эзэмшлийн газар биш харин нийслэлийн эзэмшилд бүртгэлтэй байсан. Өөрөөр хэлбэл “Г” ХХК нь уг газрыг ямар нэг байдлаар ашиглах, газрын төлбөрийг төлөх боломжгүй тул А/121 дүгээр тушаал нь хууль зөрчсөн. Тухайн захиргааны байгууллагын чиг үүрэгт үл хамааарах асуудлаар тухайн захиргааны байгууллага захиргааны акт гаргасан байдаг. 

Учир нь дээрх газар Байгаль орчин, аялал жуучлалын яамны эзэмшлийнх биш байхад тушаал гаргаж ашиглуулаад дараа нь  “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох”, мөн Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна”, Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Тус шүүхэд “Г” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасаныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Тазар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1 ,б-д”...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

Иймд Б.О.А.Ж-н сайд Б уулын д ц газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй 78 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Тус компани нь дээрх шалтгааны улмаас 2014 онд авсан газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь Х дүүргийн газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Б уулын д ц газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байсан.

Б уулын д ц газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиололд холбогдох арга хэмжээ авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээнийг хэрэгжилтийг хангах, тайлагнах, уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй, мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа байгууллага юм.

Бид бүхэн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн игэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайдад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан.

Гэвч зарим газар ашиглагч нар хуулийн дагуу тавьсан анхуурлгыг үл ойшоож газрын төлбөрөө төлөхгүй, газраа зориулалтын дагуу ашиглахгүй байсаар байсан учраас холбогдох байгууллагын санал, дүгнэлт зэргийг үндэслэн дээрх тушаалыг гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд “14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан.

Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль ОРЧИН аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан ГЭЖ байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 06-р сарын эхээр шүүхэд гаргах байсан.

Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд хандсан нь нзхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шуүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8.-Д “энэ хуулийн 14.1-14.4-т зазсан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.

Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 тоот тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр  “Г” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан байдаг. Богд хан уулын д ц газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/455 тоот албан бичгээр “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр 78 аж ахуй, нэгжийн газар эзэмших эрхийг нь цуцалсан тухай албан бичгийг хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Байгаль орчин, аялал жуучлалын яамны цахим хаягт байршуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасны дагуу Богд хан уулын д ц газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/602 тоот албан бичгээр “Г” ХХК-д захиргааны актын талаар мэдэгдсэн. Байгаль орчин, аялал жуучлалын яам болон сайдад дээд шатны албан тушаалтан байхгүй тул гомдлоо шүүхэд гаргах ёстой”.

Нөгөө талаар нэхэмжлэгч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстой. Гэтэл хууль зөрчиж гарсан тушаалаа цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэл гаргасан байна. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

“Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б******* Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, тус яамны сайдын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор учирсан хохирол 109400000 /нэг зуун есөн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг болох улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт Т******* аманд 19.3 га газрыг ашиглах ******* тоот гэрчилгээ олгох гэсэн хэсэг илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлэн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилж тус яамны сайдын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор учирсан 109400000 төгрөгийг гаргуулах шаардлага хэвээрээ байгаа гэж тодруулжээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

1.Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалаар “Г” ХХК-д Х дүүргийн газар нутаг Т******* аманд аялал жуулчлалын зориулалтаар 19.3 га газрыг 5 жилийн хугацаатай олгож, ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгожээ.

Гэвч нэхэмжлэгч компанид ашиглуулахаар олгосон Т******* аманд байрлах  19.3 га газрын солбицлын цэг, байршил нь Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор тогтоосон Б уулын д ц газрын хилийн цэсийн гадна талд, Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах газарт олгосон болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 2/2101 дугаар албан бичиг болон түүний хавралт зургууд, Хан-уул дүүргийн өмч газрын харилцааны албаны 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 09/603 дугаар албан бичгээр тус тус тогтоогдсон байна.

Ийнхүү Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд улсын тусгай хамгаалалттай газар нутагт бус Нийслэлийн газар нутагт хамаарах газарт газар ашиглах эрх олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараахь тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.”, 47.4-д “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно.” гэж тус тус зохицуулснаар маргаан бүхий А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус байна.  

Түүнчлэн нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн бөгөөд хэргийн оролцогчид маргаан бүхий А-386 дугаар тушаалыг хэрэгт нотлох баримтаар авахуулах хүсэлт гаргаагүй, уг тушаал авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчид 19.3 га газар ашиглах эрх олгосон ******* дугаар  гэрчилгээний хавсралтад энэхүү тушаалыг үндэслэн бичилт хийсэн нь уг тушаал гарсныг нотлож байна. 

Нэгэнт хэргийн оролцогчид нотлох баримттай холбоотой хүсэлт гаргаагүй, марган бүхий А-386 дугаар тушаалаар нэхэмжлэгчид 19.3 га газрыг ашиглуулж ******* дугаар гэрчилгээ олгосон нь нотлогдсон тул зөвхөн А-386 дугаар тушаалыг авахаар шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-386 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй бөгөөд харин эвлэрэх эрх олгогдоогүй тухай тайлбарласан болно.

Нөгөө талаар хариуцагчаас А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг хууль зөрчсөн илт хууль бус акт гэж үзэж хүчингүй болгосон шийдвэр гараагүй байгаа нь уг тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэл болно.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч концессийн зүйлийн жагсаалтад орж, төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ өгсний дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/386 дугаар тушаалаар 19.3 га газар ашиглах гэрчилгээг олгосон хэдий  ч энэ газар нь Нийслэлийн Засаг даргын захирамж бүхий “Х*******” ХХК, “Ц*******” ХХК, “Ш*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай болох нь тогтоогджээ.

Ийнхүү хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-386 дугаар тушаалыг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасныг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн тул энэ хуулийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг мөн гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй хууль бус болох нь тодорхой байна.

Мөн Б уулын д ц газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт д ц газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан газрын төлбар төлөөгүй, газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй гэх 79 аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн байх бөгөөд энэ жагсаалтад “Г” ХХК-ийн А-386 дугаар тушаалаар ашиглах эрх олгосон 19.3 га газар хамаарсан  бөгөөд хариуцагч дээрх Б уулын д ц газрын хамгаалалтын захиргааны ирүүлсэн үндэслэлээр А/121 дүгээр тушаалыг гаргажээ.

Ингэж Нийслэлийн Засаг даргын захирамж бүхий хэд хэдэн компанийн эзэмшил газартай давхцуулан өөрт олгогдоогүй эрх хэмжээгээр 19.3 га газрыг “Г” ХХК-д ашиглууласан атлаа газрын төлбар төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй  Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж цуцалсан хариуцагчийн А/121 дүгээр тушаалын4 үндэслэл хууль бус байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанид 19.3 га газрыг бодитой ашиглах нөхцөл бүрдээгүй, хариуцагчийн гаргасан шийдвэр илт хууль бус байсан, нэхэмжлэгч дээрх газартай дүйцэхүйц газар олгохыг удаа дараа хүсэлт гаргаж байсан зэрэг үйл баримтууд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хариуцагчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн А/121 дүгээр тушаал үндэслэл муутай болжээ. 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Г” ХХК-д 19.3 га газрыг ашиглах хууль ёсны эрх үүсээгүй байхад газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг төлөөгүй гэх шаардлага үндэслэлгүй бөгөөд харин хариуцагч илт хууль бус захиргааны акт гаргаж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн төдийгүй хуулийг буруу хэрэглэн гаргасан А/121 дүгээр тушаалыг зөвтгөх үндэслэлгүй. 

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор учирсан хохирол болох 109.400.000 / нэг зуун есөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Г” ХХК Т******* аманд олгосон 19.3 га газрын улсын тэмдэгтийн хураамжид 96500000 (ерэн зургаан сая таван зуун мянган) төгрөг, тус газрын байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээнд 4400000 (дөрвөн сая төрвөн зуун мянган) төгрөг, Б уулын д ц газрын хамгаалалтын захиргаанд нөхөн сэргээлтийн дэмжлэг үзүүлж, 1000000 (нэг сая) төгрөг, Н******* задгайд олгосон 2.5 га, Арцатын аманд олгосон 13 га болон 4 га газрын байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээнд 7500000 (долоон сая таван зуун мянган) төгрөг нийт 109400000 (нэг зуун есөн сая дөрвөн зуун мянан) төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохиролыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж хуульчилсан байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын “Г” ХХК-д 19.3 га газрыг ашиглуулахаар олгосон 2014 оны А-386 дугаар тушаалыг шүүх илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн учир үүнээс үүдсэн тэмдэгтийн хураамж 96500000 төгрөг байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээний төлбөр 4400000 төгрөг нийт 100900000 (нэг зуун сая дөрвөн зуун мянган) төгрөгийн хохиролыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Харин Б уулын д ц газрын хамгаалалтын захиргаанд нөхөн сэргээлтийн дэмжлэг үзүүлж, 1000000 (нэг сая) төгрөг, Нүхдийн задгайд олгосон 2.5 га, Арцатын аманд олгосон 13 га болон 4 га газрын байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээнд 7500000 (долоон сая таван зуун мянган) төгрөг бүгд 8500000 (найман сая таван зуун мянган) төгрөгийн хохиролыг шүүхээс илт хууль бус гэж дүгнэсэн А-386 дугаар тушаалын шууд үр дагавар гэж үзэх үндэслэлгүй тул хасч шийдвэрлэв.

Учир нь дээрх хохиролоос нөхөн сэргээлтийн дэмжлэг үзүүлсэн гэх нэг сая төгрөгийн тухайд нэхэмжлэгч компани тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах хүсэлт гаргасан хуулийн этгээдийн хувьд нийгмийн хариуцлагаа хүлээж захиргааны байгууллагын гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч сайн дураараа төлсөн мөнгөн дүн байх бөгөөд, харин Б уулын д ц газрын Нүхт болон Арцатын амны 3 байршил бүхий газарт олгосон газруудын байгаль орчны төлөв байдлын нарийвчилсан үнэлгээнд төлсөн үлдэх 7500000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч энэхүү 3 байршилд (Нүхдийн задгайд олгосон 2.5 га, Арцатын аманд олгосон 13 га болон 4 га) газар олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/179 дүгээр тушаалтай маргаагүй байх тул захиргааны байгууллагын хууль бус ажиллагаанаас үүссэн хохирол гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн хохиролын хэмжээг өөрчлөн тогтоож шийдвэрлэв.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус, мөн сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг хууль бус болохыг тус тус тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 100900000 (нэг зуун сая есөн зуун мянган) төгрөгийн хохиролыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж, хохиролыг зарим хэсэг болох 8500000 (Найман сая таван зуун мянган) төгрөгийн хохиролыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тушаал гаргаж газар ашиглах эрх олгосон нь тодорхой болсон тул “Г” ХХК-иас 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 23/2015, 2016 оны 02 дугаар сарын 24-ний 3/2016 дугаар албан бичгээр тус тус Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандаж Т******* аманд олгосон 19.3 га газар нь Б уулын д ц газрын хязгаарлалтын бүсийн гадна талд буюу Нийслэлийн эзэмшлийн нутаг дэвсгэрт хамаарах газартай давхцуулан олгосон асуудлыг шийдвэрлүүлэх, дүйцэхүйц газар олгохыг хүссэн хүсэлтийг хүргүүлж ,улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутгийн Арцатын аманд 13 га талбайг ашиглах 2016/216, 4.0 га талбайг ашиглах 2016/217, Н******* задгайд 2.5 га талбайг ашиглах 2016/218 дугаар гэрчилгээг таван жилийн хугацаагаар тус тус олгосон бөгөөд нэхэмжлэгч энэ талар маргаагүй болохыг тэмдэглэж байна.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.2, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус баримтлан ТОГТООХ нь;;

 

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2, 47.4, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг баримтлан  Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн А-386 дугаар тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсэг илт хууль бус, мөн сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсэг хууль бус болохыг тус тус тогтоож, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан 100900000 (нэг зуун сая есөн зуун мянган) төгрөгийн хохиролыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргуулж нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож хохиролыг зарим хэсэг болох 8500000 (Найман сая таван зуун мянган) төгрөгийн хохиролыг хэрэгсэхгүй болгсугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР