Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0732

 

 

 

 

Б.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Удирдах албан тушаалтны хамгийн өндөр оноо авсан Б.Б-н нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгах, Н.Т-г нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн ямны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0693 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.А

Гуравдагч этгээд Н.Т ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0126/З          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Б  нь Удирдах албан тушаалтны хамгийн өндөр оноо авсан Б.Б-н  нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгах, Н.Т ыг нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн ямны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0693 дугаар шийдвэрээр: “... нэхэмжлэгч Б.Б эс Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Удирдах албан тушаалтны хамгийн өндөр оноо авсан Б.Б-н  нэрийг дэвшүүлж, санал болгоогүй Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн Сангийн яамны дэргэдэх Салбар зөвлөлд даалгах, Н.Т ыг нэр дэвшүүлж, санал болгосон Сангийн ямны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. ...Б.Б  нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоосоо татгалзах хүсэл зоригоо нэр дэвшүүлэх эрх бүхий этгээдэд гаргасан тул Н.Т ыг уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан, үүний дараа Б.Б эс өмнө гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаагаа илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд сүүлд илэрхийлсэн хүсэл зоригт үндэслэж, цаг хугацааны хувьд өмнө болсон бөгөөд журмаар тогтоосон процессын дагуу гарсан 72 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм ...” гэсэн нь бодит байдалд нийцээгүй.

3.2. Б.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоосоо татгалзах хүсэлтийг Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан. Харин Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл Б.Б-н  энэхүү хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу өгөөгүй. Б.Б  нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаа болохоо мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахыг хүссэн. Энэ үед буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтээ гаргаж байхдаа Б.Б  нь Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоол гарсныг мэдээгүй байсан.

3.3. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр бүлэгт зааснаар Төрийн албаны төв байгууллага түүний салбар зөвлөл нь Төрийн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага биш юм. Төрийн албаны тухай хуульд үндэслэсэн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журамд ч төрийн албан хаагчийг томилох эрх хэмжээ, чиг үүрэг байхгүй. Харин тус журмын 3.5-д зааснаар Төрийн албаны шалгалт зохион байгуулах хүрээнд албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх чиг үүрэгтэй. Энэ нь албан тушаалд томилогдох хүсэлтийг шийдвэрлэх, энэ талаар аливаа ямар нэгэн асуудал шийдвэрлэх эрхгүй.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журмын 1.2-т “Шалгалтын зорилго нь төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд оршино” гэж заасан. Мөн журмын 3.2-т заасан шалгалтын комиссын чиг үүрэг нь шалгалттай холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан. Б.Б-н  албан тушаалд томилогдохоос татгалзах хүсэлт нь шалгалт дуусч, шалгалтын дүн гарсны дараах асуудал болоод шалгалттай холбоотой асуудал биш юм. Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл нь Б.Б-н  хүсэлтийг шалгалттай холбоотой асуудал гэж авч үзэж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн, илт хууль бус шийдвэр болсон.

            3.4. Хамгийн өндөр оноог Б.Б  авсан, энэхүү шалгалтын дүн хүчинтэй байх үед Салбар зөвлөл нь зөвхөн Б.Б-н  нэрийг дэвшүүлэх үүрэгтэй. Б.Б  нь албан тушаалд томилогдохоос татгалзах хүсэлт гаргасан нь түүний хамгийн өндөр оноог бурууруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            3.5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч тал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч болон өмгөөлөгч бид хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж маргааны үйл баримтын талаар асууж тодруулах, хариуцагчийн тайлбар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэхэд ач холбогдолтой байгаа талаар тайлбарлаж, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг гаргасан ч шүүх үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй. Хэрэгт авагдсан хариуцагчийн хариу тайлбар нь болсон үйл явдлыг он цагын дарааллаар бичсэн байгаа болохоос ямар учир шалтгаанаар Н.Т ыг хамгийн өндөр оноо авсан гэж үзсэн талаар, Б.Б-н  хүсэлтэд хариу өгсөн эсэх, өгсөн бол хэзээ өгсөн, Б.Б-н  хүсэлтийг ямар эрх зүйн баримтад үндэслэн шийдвэрлэсэн эсэх, Б.Б-н  шалгалтын оноо хэрхэх эсэх талаар огт тайлбар өгөөгүй. Анхан шатны шүүх үүнийг мэдсээр байж хэргийг шийдвэрлэсэн нь буруу мэтгэлцэх зарчмыг хангаагүйгээс гадна хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох эрхийн хаасан гэж үзэж байна.

3.6 Иймд нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0693 дугаар шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэжээ.

4. Гуравдагч этгээдээс давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр гаргасан тайлбартаа ...Тус хэргийн тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч л шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч зөвхөн давж заалдах гомдол гаргасан, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан гомдол байхгүй байна.

4.1. Удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалт зохион байгуулагдсаны дараа хариуцагч Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам’’-ын 7.2-т зааснаар Б.Б-г  Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргад нэр дэвшүүлэх гэсэн боловч нэхэмжлэгч Б.Б  нь тухайн албан тушаалд ажиллахаас татгалзаж, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн хүсэл зоригоо илэрхийлсэн өргөдлийг бичгээр ирүүлсэн тул хариуцагч Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс энэхүү журмын 3.2.1, 3.3, 7.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 59 дүгэ       эр тогтоолоор баталсан “Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажиллах журам”-ын 3.5.4, 4.2.3, 5.1, 5.7, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д тус тус заасны дагуу холбогдох асуудлыг зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22- ны өдрийн 6 дугаар хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, тэмдэглэл гаргасан.

4.2. Улмаар онооны дарааллыг баримтлан миний бие Н.Т ын нэрийг дэвшүүлж, санал болгохоор тус зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоолыг баталсан байдаг. Хариуцагч нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилох эрх бүхий этгээд биш гэдэгт хэн ч маргаагүй, харин хариуцагч холбогдох хууль, журмаараа асуудлыг шийдвэрлэж, Н.Т ын нэрийг л томилох эрх бүхий этгээдэд дэвшүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн зүгээс “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар “Илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гарган огт маргаагүй мөртлөө давж заалдах гомдолдоо энэхүү үндэслэлийг дурдсан байна. ... Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар хуралдааны тэмдэглэлтэй нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар огт маргаагүй, энэхүү хуралдааны тэмдэглэл одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа болохыг шүүх анхаарч үзнэ үү.

            4.3 ...Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 72 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Б.Б-н  өөрийнх нь 2021 оны 12 сарын 03 өдөр гаргасан өргөдөл буюу өөрийнх нь гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Иймд уг 72 дугаар тогтоолыг Б.Б д мэдэгдэх шаардлагагүй болно.

            4.4. Анхан шатны шүүхээс тус 72 дугаар тогтоол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн хэрвээ уг 72 дугаар тогтоолыг гарсан даруйд нь мэдэгдсэнээр нэхэмжлэгчийн яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх байсан нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өргөдлийг Төрийн албаны салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 6 дугаар хуралдаанаар шийдвэрлэж, 72 дугаар тогтоол гарснаас хойш 15 хоногийн дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 06 өдөр өмнө нь гаргасан өргөдлөөсөө татгалзсан бичгээ хариуцагчид хүргүүлсэн болох нь Сангийн яамны бичиг хэрэгт бүртгэгдсэн нотлох баримтаар тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

            4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасан. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан болно. Тодруулбал, хэргийн хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд хурлын тов мэдсэн болохыг баталгаажуулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсгээ тов мэдэгдсэн баримтад зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Мөн шүүхийн нарийн бичгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү удаа дараа утсаар залгасан боловч утсаа аваагүй. Шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбарыг сонсоод ирцтэй холбоотой асуудлыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан. Ингэхдээ хэргийн нөхцөл байдал, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон зэрэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг харгалзан үзэж шүүх хуралдаанд хариуцагчийн хариу тайлбарыг уншиж танилцуулсан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.

4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах  гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Б эс Сангийн яамны Төрийн албаны салбар зөвлөлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Миний бие Б.Б  нь 2008 оноос Татварын албанд Татварын улсын байцаагчаар ажиллаж ирсэн. Татварын улсын байцаагчаар 9 жил, Татварын улсын ахлах байцаагчаар 3 жил, 2019 оноос одоог хүртэл Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад нийт 76 албан тушаалтан оролцсоноос 123.75 оноогоор хоёр дугаарт, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаал дээр нэгдүгээрт жагссан. Цаашид энэ албан тушаалаас татгалзаж Татварын ерөнхий газарт дэвшин ажиллах хүсэлтэй байна” гэх хүсэлтийг бичгээр гаргажээ[1].

2.2. Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөл Б.Б-н  гаргасан дээрх өргөдлийг 19 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн  хуралдаанаар хэлэлцэн “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” 72 дугаар тогтоолоор Татварын ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалд хоёрт орсон Н-н Т-г томилуулахаар нэр дэвшүүлж Татварын ерөнхий газрын даргад санал болгожээ.

2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4-д “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасны дагуу хаана ямар ажил, албан тушаалд нэрээ дэвшүүлж “ажил мэргэжлээ сонгох” нь зөвхөн тухайн иргэний субьектив эрх бөгөөд “ажиллах боломжгүй” гэх хүсэлтийг хүлээн авалгүйгээр албадан томилуулахаар нэр дэвшүүлэх эрх хариуцагч байгууллагад хуулиар олгогдоогүй байна.

2.4. Нэхэмжлэгч Б.Б  нь шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхтэй хэдий ч иргэн хүний хувьд “ажил мэргэжлээ чөлөөтэй” сонгох эрх чөлөөгөө эдэлсэнтэйгээр үүсэн бий болох үр дагаварыг тухайн иргэн буюу Б.Б  өөрөө хариуцах ёстой бөгөөд өөрийн хүслээр сайн дурын үндсэн дээр хуульд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгож” Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын албан тушаалаас татгалзсан татгалзлаа бичгээр гаргаж байгаа нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн ухамсарлан ойлгож гаргасан өргөдөл гэж үзнэ.

2.5. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.3-д “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасаны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс” томилохоор зохицуулсан байна.

2.6. Мөн Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ын хавсралтын 3 дахь хэсгийн 3.5.4-т “албан тушаалын сул орон тоонд зохих журмын дагуу нэр дэвшүүлэх гэж, 4 дэх хэсгийн 4.2.3-д “Салбар зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангах, хуралдааны шийдвэр, тэмдэглэлийг зохих журмын дагуу албажуулах, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх гэж, 5 дахь хэсгийн 5.7-д “Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, тэмдэглэл гарна гэж, Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 7.2-д “Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтаар хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ” гэж тус тус заасны дагуу хоёрдугаарт жагссан Н.Т ыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар санал хүргүүлсэн нь хуульд нийцсэн бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.7 Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Б.Б-н  2021 оны 12 дугаар 03-ны өдөр Сангийн яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан ...Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн албан тушаалд нэгдүгээрт жагссан, цаашид энэ албан тушаалаас татгалзаж, Татварын ерөнхий газарт дэвшин ажиллах хүсэлтэй байна гэх өргөдлийг хэлэлцэн гаргасан Сангийн яамны дэргэдэх, төрийн албаны зөвлөлийн хоёрдугаарт жагссан Н.Т ыг нэр дэвшүүлж, санал болгох тухай 72 дугаар тогтоол нь нэхэмжлэгч Б.Б-н  цаашид хөдөлмөрлөх эрхийг хязгаарлаагүй байна.

2.8 Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

        ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА

 

 

        ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ

 

[1] 1 дүгээр хавтас хэргийн 25 дугаар тал