Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01869

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/00043 дугаар шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 216/МА2018/00010 дугаар магадлалтай,

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

Гэрээ цуцалж, зээлийн төлбөрт 2.340.124.775 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ундармаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1.250.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийн зээл, мөн 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 1.035.180.000 төгрөгийг 26 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй жижиг дунд бизнесийн зээлийг тус тус авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Баянгол дүүргийн 17-р хороонд байршилтай 2192 м2, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 00048823, соёл урлаг үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17-р хороо Амарсанаагийн гудамж-20 дугаар бүхий /хуучнаар Од кино театрын барилга/, 1320 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн 1-р хороо Рапид харш 1 дүгээр байрны 61 тоот, 37.6 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай эзэмших эрхтэй газар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай 4.2 га газар 15 жилийн хугацаатай хаягдал далан барих зориулалттай эзэмших эрхтэй газруудыг тус тус баталгаа болгосон. М ХХК нь 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээний төлбөрт зээлийн хүү 194.971.019 төгрөг 86 мөнгө, үндсэн зээл 608.513.363 төгрөг, 24 мөнгө, нийт 803.484.383,10 төгрөг төлсөн.

2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны зээлийн төлбөрт 224.787.415,20 төгрөг , үндсэн зээл 82.817.646,30 төгрөг, нийт 307.605.061,50 төгрөг төлсөн. Нийт хоёр зээлийн төлбөрт 1.111.089.444,60 төгрөгийг төлсөн боловч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй.

Иймд 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот зээлийн болон барьцааны гэрээнд нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 641.486.336,76 төгрөг, зээлийн хүү 139.939.201,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27.987.840,30 төгрөг, нийт 809.413.678 төгрөг 56 мөнгө,

2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн болон барьцааны гэрээг нэг талын санаачлагаар цуцлан, үндсэн зээл 952.362.353,70 төгрөг, зээлийн хүү 481.957.285,91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96.391.457,18 төгрөг, нийт 1.530.711.096,80 төгрөг нийт 2.340.124.775,36 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс тус тус гаргуулж өгнө үү гэжээ.                                                

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот гэрээнд заасан санхүүжилт цаг хугацаандаа орж ирээгүйн улмаас үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирч хугацаандаа зээлийн төлбөрөө хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бямба шүүхэд гаргасан тайлбартаа: Бид анх К ХХК-тай хоёр тэрбум төгрөгийн төслийн зээлийн гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй. Энэ хооронд хугацаа алдаж, Монголиан флюор спар ХХК үйлдвэрээ ашиглалтад оруулж чадахгүй маш их удсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монголиан флюор спар ХХК болон Кны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцаанд хувь хүний өмчийг барьцаалсан нь /Хан-Уул дүүрэг, 1 дугаар хороо, Рапид харш, 1 дүгээр байр, 61 тоот/ хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: 2.000.000.000 төгрөгийн гэрээ хийгдсэн байгаа учраас банк зээл олгоод төсөл хэрэгжүүлэгч нь төслөө амжилттай хэрэгжүүлээд зээлээ төлөөд явна гэсэн итгэлийн хүрээнд  хөрөнгөө барьцаалуулсан. К ХХК нь Монголиан флюор спар ХХК-тай 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 484 тоот зээлийн гэрээ байгуулаад 8 удаагийн үйлдлээр 1.250.000.000 төгрөг шилжүүлсэн. 750.000.000 төгрөгийг дутуу олгосон. Дутуу олгосон санхүүжилтээс болж төсөл хэрэгжүүлэгч компани төслөө хэрэгжүүлэх боломжгүй болоод хугацаа алдаад өөрт байсан хөрөнгөө барьцаалсан болохоор нэмэлт санхүүжилт авахад хүндрэлтэй болсон. К ХХК-ийн буруу гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан байна. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 484 тоот барьцааны гэрээний нийтлэг үндэслэлийн 1.4-т нэг талаас К ХХК барьцаалагч, нөгөө талаас Монголиан флюор спар ХХК хуулийн этгээдийг төлөөлж ерөнхий захирал Д.Бямба, хамтад нь талууд гээд доор дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү барьцааны гэрээг байгуулав гэсэн.  Барьцааны гэрээний 1.4 дэх заалтаас харахад хоёр хуулийн этгээдийн хооронд байгуулсан. Энэ нь тухайн хоёр компанид үүргийн эрх зүйн харилцаа үүсгэж байгаа болохоос биш иргэн Л.Батболд болон К ХХК-ийн хооронд ямар нэгэн барьцааны эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаанаас харахад тухайн  зээлийн гэрээг К ХХК-тай байгуулахад М ХХК нь Л.Батболд, Д.Бямба, Ж.Пүрэвдорж гэсэн хувьцаа эзэмшигч нар байсан. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж заасан. Хоёр буюу түүнээс хувьцаа эзэмшигчтэй болбол өөрөө хэрэгжүүлэх боломжгүй болно. Монголиан флюор спар ХХК-ийн зүгээс 484 тоот гэрээнээс татгалзаж байна гэснийг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байгаа. 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ яригдаж байгаа учраас нэмэлт хугацаа тогтоох шаардлага байхгүй. Гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдаж байна.  346 тоот гэрээ хүчин төгөлдөр бус болбол барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно. Гэрээнээс татгалзсан гэж үзвэл өгсөн авсан зүйлээ буцааж өгөх харилцаа үүсэх тул  барьцааны гэрээ дуусгавар болно. Тиймээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна гэжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/00043 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Монголиан Флюор Спар” ХХК-иас үндсэн зээл 1.590.437.190.46 /нэг тэрбум таван зуун ерэн сая дөрвөн зуун гучин долоон мянга нэг зуун ерэн төгрөг, дөчин зургаан мөнгө/ төгрөг, зээлийн хүү 395.632.776.86 /гурван зуун ерэн таван сая зургаан зуун гучин хоёр мянга долоон зуун далан зургаан төгрөг, наян зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211.381.8 /хоёр зуун арван нэгэн мянга гурван зуун наян нэгэн төгрөг, найман мөнгө/ төгрөг, бүгд 1.986.281.348.34 /нэг тэрбум есөн зуун наян зургаан сая хоёр зуун наян нэгэн мянга гурван зуун дөчин найман төгрөг, гучин дөрвөн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Капитал” банк” ХХК-д олгож, Нэхэмжлэлээс 353.834.427.02 /гурван зуун тавин гурван сая найман зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 484 болон 484/01, 346 болон 346/01 тоот зээлийн гэрээ, барьцааны 346, 484 тоот гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байршилтай, нэгж талбарын 1618/013218641311243488 дугаартай, 2192 м.кв, 10 жилийн хугацаатай, гэрчилгээний дугаар 000548823, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж-20 /хуучнаар "Од” кино театрын барилга/, гэрчилгээний дугаар 000142155, Улсын бүргэлийн дугаар Ү-2205022497, 1320 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдпөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 1 дүгээр байрны 61 тоот, гэрчилгээний дугаар 000120233, улсын бүртгэлийн дугаар Ү-2206015279, 37.6 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байршилтай 10 га газар, 15 жилийн хугацаатай, Жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай, эзэмших эрхтэй газар, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай, гэрчилгээний дугаар 000298191, 4.2 га газар, 15 жилийн хугацаатай, хаягдлын далан /усан сан/ зориулалттай, эзэмших эрхтэй газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11.858.574 /арван нэгэн сая найман зуун тавин найман мянга таван зуун далан дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10.089.357 /арван сая наян есөн мянга гурван зуун тавин долоон/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн томилолт, унаа, хоол, байрны зардал нийт 467.600 /дөрвөн зуун жаран долоон мянга зургаан зуун/ төгрөгийг хуульд зааснаар хуваарилж, нэхэмжлэгчээс 402.136 /дөрвөн зуун хоёр мянга нэг зуун гучин зургаан/ төгрөг, хариуцагчаас 65.464 /жаран таван мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөгийг тус тус гаргуулж, Дундговь аймаг дахь Монголбанкны салбарын хянан шалгагч, улсын байцаагч Д.Сарантуяад олгож шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 216/МА2018/00010 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 134/ШШ2018/00043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хоёр зээлийн үүрэгт үндсэн зээл 1,252,668,990,46 төгрөг, зээлийн хүү 428,559,740,11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,917,703,39 төгрөг, нийт 1,708,146,433,96 төгрөгийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 56.5-д зааснаар 337,768,100 төгрөгийг, бүгд 2,045,914,533,96 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 294,210,241,40 төгрөг, ЗГ-484 болон 484/01, ЗГ-346 болон 346/01 тоот зээлийн, 484, 346 тоот барьцааны гэрээг цуцлуулах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, ... гэснийг 56 дугаар зүйлийн 56.2,...гэж, ... хариуцагчаас 10,089,357 гэснийг ...10,387,522,66 төгрөгийг ... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К ХХК-с төлсөн 1.927.122.00 төгрөг, хариуцагч Монголиан флюор спар ХХК-с төлсөн 2,760,000 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Л.Энхбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Говьсүмбэр аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 23-ны 134/ШШ2018/43 дугаар шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 2016/МА2018/00010 дугаар магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах хүсэлт  гаргаж байна.

“М" ХХК-ийн зүгээс Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Жонш боловсруулах үйлдвэр барих төслөө “К” ХХК-д өгч, 2.000.000.000 төгрөгийн зээл хүссэн,   “Капитап банк” ХХК-ийн зүгээс тухайн төсөлд шаардлагатай байгаа 2 тэрбум төгрөг өгөхөөр харилцан тохирч, 2012 оны 07 сарын 25-ны өдөр 484 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2.000.000.000 төгрөгөөс 1.250.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж 750.000.000 төгрөгийг дутуу олгосон. Гэрээгээр тохирсон хэмжээнээс дутуу санхүүжилт олгосноос манай компаний төсөл төлөвлөсөн хугацаандаа хэрэгжих боломжгүй болж, дэлхийн зах зээл дээрх боловсруулсан жоншны үнэ хэд дахин унаж алдагдалд орсон. 2012 оны 07 сарын 25-ны 484 дугаартай зээлийн гэрээний 3.1-т олгох зээлийн хэмжээ  2.000.000.000 төгрөг, сарын 0.58 хувь, жилийн 7 хувийн хүүтэйгээр 2012 оны 07 сарын 25-ны өдрөөс 2017 оны 07 сарын 17-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, гэрээний 5.2.1-т “зээл олголт, зээлийн хөрөнгөөр гүйцэтгэх төлбөр тооцоог бүрэн, түргэн шуурхай гүйцэтгэх” мөн энэ гэрээний 5.2.3-т зааснаар “зориулалтын дагуу зээлийн хөрөнгийг шилжүүлэх зэрэг үүргийг К хүлээсэн.  Гэрээний үүргээ зөрчсөн, зээлийн гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргээ биелүүлэх хангалттай хугацаа байсан болно.  Хариуцагч үүргээ биелүүлээгүй тул арга буюу манай компани 2013 оны 08 сарын 21-ний өдөр 346 дугаартай хоёр дахь зээлийн гэрээ байгуулсан. 2018 оны 03 сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд 341.180.00 төгрөгийн зээлийн эхний зээлийн гэрээ буюу 484 тоот зээлийн гэрээний тооцоололд оруулан бодож гаргасан байхад Давж заалдах шатны шүүх давхардуулан  бодож тооцооллыг  алдаатай гаргасан тул магадлал  үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл 484 дүгээр гэрээний дагуу төлөх ёстой 801.724.566,29 төгрөг, 346 дугаар гэрээний дагуу төлөх 906.421.867,67 төгрөг  буюу нийт 1.708.146.433,96 төгрөгийг хариуцагч “Монголиан флюор спар” ХХК төлөх нь шинжээчийн дүгнэлт болон эдийн засгийн тооцооллоор харагдаж байна.

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 59 633 185,62 төгрөг илүү төлөхөөр шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож 2016/МА2018/00010 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагаас гуравдагч этгээд Л.Батболдын өмчлөлийн дараах үл хөдлөх хөрөнгөөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Гуравдагч этгээдийн зүгээс хэлбэрийг зөрчсөн талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн буюу Хувьцаа эзэмшигчдийн хурлаас   их хэмжээний хэлцэл хийх  зөвшөөрөл олгоогүй,  Компанийн тухай хуульд заасан этгээдээс зөвшөөрөл аваагүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл  гэдэг  агуулгаар тайлбар, гомдол гаргаж байсан. Энэ асуудалд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй байдаг. Зээлийн болон барьцааны гэрээ нь Компанийн тухай хуульд зааснаар “Хувьцаа эзэмшигчдийн хурал”-аас их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөлгүйгээр хийгдсэн Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болно.   Тус компанийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тухайн үед Лхамсүрэнгийн Батболд, Дуламжавын Бямба, Жамсрангийн Пүрэвдорж гэх 3 хүн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан. Тиймээс Компанийн тухай хуулийн 59-р зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан “Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэсэн заалт маргаан бүхий харилцаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тус компанийн хувьд 3 гишүүнтэй тул хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлэх боломжгүй буюу хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлэх юм. “К” ХХК-ийн хувьд “Монголиан Флюор Спар” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээг байгуулахдаа тус компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурлаас зөвшөөрөл аваагүй бөгөөд гэрээнд зээлдэгч болон түүний төлөөлсөн байдлаар Д.Бямба, Л.Батболд, Ж.Пүрэвдорж нар гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэрээнд дээрх хүмүүс гарын үсэг зурсан байх боловч тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу зарлан хуралдуулж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хэлбэрээр гараагүй, Компанийг төлөөлөн их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрлийг гүйцэтгэх удирдлагад олгоогүй байна.

Иймд “Монголиан флюор спар” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас олонхын саналаар зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй, албан ёсоор зөвшөөрөл олгоогүй байхад буюу хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

2017 оны 07-р сарын 25-ны өдрийн 484 дугаартай Барьцааны  гэрээний Нийтлэг үндэслэл 1.4 дэх хэсэгт тус гэрээг нэг талаас “К” ХХК /Барьцаалагч, нөгөө талаас “Монголиан Флюор спар” ХХК хуулийн этгээдийг төлөөлөн Ерөнхий захирал ажилтай, Дуламжав овогтой Бямба /Барьцаалуулагч гэх/, хамтад нь талууд гэх нар харилцан тохиролцож, дор дурдсан нөхцөлөөр энэхүү барьцааны гэрээг байгуулсан болно гээд гэрээний оролцогч талуудыг тодорхой  заасан байна. Иргэний хуулийн 41-р зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.”, мөн энэ хуулийн 198-р зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.” гэж тус тус заасан байдаг. Тиймээс дээрх барьцааны гэрээг нэг талаас “К” ХХК, нөгөө талаас “Монголиан Флюор спар” ХХК-ийн хооронд байгуулсан байна гэж хүсэл зоригийн агуулга болон гэрээг тайлбарлах тухай Иргэний хуулийн холбогдох зүйлүүдэд заасны дагуу шууд харагдаж байна.

Иймээс дээрх барьцааны гэрээнээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү “К” ХХК болон “Монголиан Флюор спар” ХХК-иудад бий болно. өөрөөр хэлбэл бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өөр хэн нэгэн хуулийн этгээд өмнөөс нь барьцаанд тавьж, барьцааны гэрээг хийсэн байна. “К” ХХК-аас 2017 оны 06-р сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай” хуулийн 62-р зүйлийн 62.1 дэх заалт нь орон сууц худалдан авч байгаа иргэн орон сууцаа барьцаалуулж зээл авч байгаа эсвэл төсөөтэй харилцаанд хамаарах заалт боловч өөр бусад зээлийн барьцааны харилцаанд хамаарах заалт биш юм гэж тайлбар ирүүлсэн байдаг. Мөн барьцаалуулагчид бичгээр мэдээлэл өгөөгүй гэдгээ ч хүлээн зөвшөөрдөг. Дээрх тайлбар нь үндэслэлгүй  бөгөөд “Монголиан Флюор спар” ХХК-ийн хувьд тухайн зээлийг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Жонш боловсруулах Үйлдвэрийн барилга барих, тоног төхөөрөмж авах зорилгоор зээлийн гэрээнд барьцаалсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1 болон Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид мэдээлэл өгөх журмын 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар барилга байгууламж барих зорилгод хамаарч байна. Тиймээс иргэн Л.Батболдод “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай” хуулийн 62-р зүйлийн 62.1 болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид мэдээлэл өгөх журмын 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан мэдэгдлийг бичгээр өгөх үүргийг “К” ХХК хүлээх юм. Мөн  гэрээг цуцалж байгаа юм бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” бол барьцааны эрх дуусгавар болохоор заасан байна. Давж заалдах шатны шүүхээс 341,180,000 төгрөгийн зээлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул анхнаасаа нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. Тиймээс барьцаагаар хангагдах шаардлага ч мөн адил үүсээгүй байсан гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэх Зээлийн болон барьцааны гэрээнүүд  анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул анхан болон давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээд Л.Батболдын өмчлөлийн Баянгол дүүргийн 17-р хороонд байршилтай, гэрчилгээний 000548823 дугаартай, 2192 м.кв, соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар, Баянгол дүүргийн 17-р хороо, Амарсанаагийн гудамж 20, /хуучнаар Од кинотеатрын барилга/, гэрчилгээний 000142155 дугаартай, Ү-2205022497, 1320 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийг гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож магадлалын зарим хэсгийг өөрчлөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч “К” ХХК  нь хариуцагч “Монголиан флюор спар” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 2.340.124.775 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад үйл ажиллагааны орлого, хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа ...зээлийг хугацаанд нь бүрэн өгөөгүй, ...гэрээ хүчин төгөлдөр бус” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

1.“Монголиан флюор спар” ХХК нь “К” ХХК-тай 2012.07.25-ны өдөр 484 тоот зээлийн гэрээ байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар  нийт 2.000.000.000  төгрөгийг сарын 0.58 хувь буюу жилийн 7 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлэх, эхний 12 сард зээлийн хүүг, 13 дахь  сараас зээл, хүүг төлөх, хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний  нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон ба нэхэмжлэгч нийт 1.250.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлжээ.           

Талууд 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулсан 484/01 тоот гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 1.250.000.000 төгрөг болгож,  энэ дүнгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирчээ /хэргийн 1 дүгээр хавтас 8-16 дугаар тал/.

Уг зээлийн төлбөрт хариуцагч 803.484.383 төгрөг төлсөн ба нэхэмжлэгч үндсэн зээл 641.486.636 төгрөг, зээлийн хүү 133.531.607 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.706.321 төгрөг нийт 801.724.566 төгрөг шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

2. К нь “Монголиан флюор спар” ХХК-ийн “...2.733.000 юаны хэмжээнд зээл олгох” хүсэлтийг хүлээн авч,  2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 346 тоот зээлийн гэрээ байгуулж, хайлуур жонш боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зориулалтаар 694.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаагаар зээлдүүлэх, ерөнхий болон хэсэгчилсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон,  2015 оны 1 дүгээр сарын 6-ний өдрийн 346/01 тоот гэрээгээр хугацааг 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 20 сараар сунгажээ /хэргийн 1 дүгээр хавтас 17-26 дугаар тал/.

Хариуцагч гэрээний зүйлийг хүлээн авч, уг зээлийн төлбөрт 307.605.061 төгрөг төлсөн, энэ талаар маргаагүй байна.  

Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 611.182.353 төгрөг, зээлийн хүү 295.028.132 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211.381 төгрөг нийт 906.421.867 төгрөг төлөх  үүрэгтэй  талаарх  шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж чадаагүй байна /хэргийн 2 дугаар хавтас 215-224 дүгээр тал/.

3. 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ЗГ-346/01 тоот гэрээгээр талууд өмнөх зээлийг 341.180.000 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хэмжээг 1.035.180.000 төгрөг болгожээ.

К нь уг гэрээгээр нэмж олгосон гэх 341.180.000 төгрөгөөс 3.411.800 төгрөгийг шимтгэлд суутган, үлдэх 337.768.100 төгрөгийг “Монголиан флюор спар” ХХК–ийн дансанд 2014.12.30-ны өдөр шилжүүлсэн боловч мөн өдөр зээл, зээлийн хүү төлөв гэсэн утгаар зарлага гаргаж зээлдэгчийн өмнөх зээлд суутган тооцсон нь хэргийн баримтаар тогтоогджээ.

4. Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээнүүдийн  үүргийг хангуулах зорилгоор 2012 оны 7 дугаар сарын 25-ний өдөр 484 , 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 346 дугаар барьцааны гэрээнүүдийг  тус тус байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 2192 м.кв талбайтай соёл урлаг, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар,  1320 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Рапид харш /17011/, 1 дүгээр байрны 61 тоотын 37,6 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутаг дэвсгэрт байрлах 10 га газар, жонш баяжуулах үйлдвэр барих зориулалттай эзэмших эрхтэй газар, 4,2 га газар эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан байна.

Барьцааны зүйл болох дээрх эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт авагджээ /хэргийн 1 дүгээр хавтас 27-31 дүгээр тал/.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль  буюу гэрээнд заасны дагуу   гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

Түүнчлэн мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох ба эд хөрөнгөө бусдын үүрэгт барьцаалуулах эсэхийг өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх шаардлагатай.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Бямба, Л.Батболд нар барьцааны гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж гарын үсэг зурсанаас үзвэл өмчлөгч нар өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд  хөрөнгөө “Монголиан флюор спар” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаалахыг зөвшөөрчээ.  

Барьцааны гэрээнд зээлдэгчээс гадна эд хөрөнгийн өмчлөгч нар гарын үсэг зурснаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэлээс “...гэрээ цуцлах, бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлого, хөрөнгөөс гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс хариуцагчийн төлөх үүргийн хэмжээг үндэслэл бүхий тогтоож чадаагүй байна.

Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэжээ.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул 484, 346 дугаар зээлийн гэрээний үүрэгт /801.724.566 +906.421.867/ нийт 1.708.146.433 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг банк гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн шаардаж буй 337.768.100 төгрөгийг хариуцагч ашиглаагүй, харин түүний өмнөх зээлд суутган тооцсон нь тогтоогдсон, банкны энэхүү үйлдэл хуульд нийцээгүй тул уг зээлийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9.-т заасан хүчин төгөлдөр бус байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлээс 2.045.914.533 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

“Монголиан флюор спар” ХХК нь 2007 онд нэг гишүүнтэй үүсгэн байгуулагдсан боловч 2012.11.29-ний өдөр үүсгэн байгуулагч гурав болж улсын бүртгэлд бүртгэгджээ /хэргийн 2 дугаар хавтас 155-156, 3 дугаар хавтас 58  дугаар тал/.

Хувьцаа эзэмшигчид зээлийн гэрээ байгуулах шийдвэр гаргаагүй нь 346, 484 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-г зөрчөөгүй тул энэ талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 346 тоот зээлийн гэрээний үүргийг 906.421.867 төгрөгөөр тооцсоныг буруутгах боломжгүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар төлбөрийг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч  болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 216/МА2018/00010 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Л.Энхбат, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 482.950 төгрөг, гуравдагч этгээд 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ